| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаргарьдын Сүхгомбо |
| Хэргийн индекс | 226/2019/0011/Э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2019-04-17 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 11
А-д холбогдох эрүүгийн
хэргийн талаар
226/2019/0011/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Прокурор Т.Баярмаа,
Шүүгдэгч А нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А-н давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1839003030299 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 1986 онд төрсөн, эрэгтэй, 33 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 1-5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт А /РД:/ нь
Х-г 16 нас хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан атал 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Б-н гэрт, 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн төвөөс хойш, 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн төвөөс хойш хогийн цэгийн орчимд 00-74 ХЭА улсын дугаартай “Тоёото ланд круйзер” маркийн авто машинд бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овогт А-г арван зургаан нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-д 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул хэргийг хаалгах тухай хүсэлтээ удаа дараа гаргаж байсан. Мөн прокурор хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэгт хялбаршуулсан журмаар ажиллагаа явуулж, торгох ял оногдуулах санал гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Манайх бага насны 3 хүүхэдтэй, эхнэр маань оюутан юм. Миний бие урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд тус хэргийг үйлдэж амьдралдаа том алдаа гаргасандаа харамсаж байна. Мөн хохирогч болон хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзаж гэм буруугаа хүлээн уучлалт гуйсан. Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, ар гэрийн байдал, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 6 сарын хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж, хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч А нь насанд хүрээгүй Х-тэй 3 удаагийн үйлдлээр бэлгийн харьцаанд орсон гэх үндэслэлээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдал, мөн А-н торгох ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг харгалзан үзэж прокурорын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналыг шүүхэд оруулсан. Анхан шатны шүүхээс А-д хорих ял оногдуулсан. Шүүгдэгч А нь арван зургаан нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон учир анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэхгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхээс тохирсон ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна.
ТОДОРХОЙЛОХ нь
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А-д холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
А нь Х-г 16 нас хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан атал 2018 оны 4 дүгээр сарын 24, 28, 5 дугаар сарын 16-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд, Б-н гэрт болон аймгийн төвөөс хойш, хогийн цэгийн орчимд өөрийн 00-74 ХЭА улсын дугаартай “Тоёото ланд круйзер” маркийн авто машинд нийт 3 удаа бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манайх амьдралын боломжоор тааруу, үеийнхэн маань гоё хувцас өмсч, гар утас барьдаг. А ах надад гар утас авч өгнө гэж нэг удаа хэлсэн. Тэгээд л гар утас авахуулъя гэж бодоод тэр хүнтэй ийм юм болчихсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 хуудас/, насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай охиныг ятгасан, хэн нэг нь нөлөөлсөн асуудал байхгүй. Өөрөө л зөвшөөрч, А-тай унтсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 96 хуудас/, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Х-н охин хальс хуучин урагдалтай...” гэх дүгнэлт /хх-ийн 59 хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 86-87 хуудас/, гэрч Т-г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч А-н 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон үйлдлийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, гэм хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролгүй, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул А нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь А-н үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүгдэгчийн ялыг тэнсэж өгөхийг хүсч давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-н цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.СҮХГОМБО
ШҮҮГЧ О.БААТАРСҮХ
Я.АЛТАННАВЧ