Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 110/ШШ2020/0025

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: Ш.М, С.Тк нарын  нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох ;

             “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хуучны Ахуйн үйлчилгээний төвийн 2 давхар барилгын  өмчлөгчөөр Ш.М, С.Т нарыг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль  бус болохыг тогтоож, тухайн барилгын 173,5 м.кв талбай бүхий хэсгийн өмчлөгчөөр  Ш.М, 186,34 м.кв талбай бүхий хэсгийн  өмчлөгчөөр  С.Тийг   бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен, хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Амангүл,  шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ш.М, С.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баяннуур сумын иргэн Ш.М, С.Т бид социалист нийгмийн үед тус сумын Ахуйн үйлчилгээний төвд ажиллаж байсан бөгөөд тус төв нь зах зээлийн нийгмийн харилцаанд шилжих болсонтой холбоотойгоор 1991 онд аймгийн Өмч хувьчлалын комиссын шийдвэрээр бага хувьчлалаар 828.0 мянган төгрөгийн хөрөнгөтэй “Өнер” хоршоо болон зохион байгуулагдсан. Хамт олны 1991 оны 12 дугаар  сарын 07-ны өдрийн 31 дугаартай хурлаар 831.0 мянган төгрөгийн дүрмийн сантай, 39 гишүүнтэй хоршоо байхаар тогтоож, 1992 оны 01 дүгээр  сарын 16-ны өдөр “Өнер” БХ хоршоо болгон улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид ахуйн үйлчилгээний бусад ажилтнуудын нэгэн адил хоршооны гишүүнээр элсэн ажиллаж байсан ба 1990-ээд оны сүүлчээс хоршоо нь төлбөрийн чадваргүй болж үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон ба хоршооны бүх гишүүдийн 1999 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаар энэ асуудлыг хэлэлцээд Ш.М, С.Т /хоч нэр нь С.Тилек/, Жахсылых нарын бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулж, хоршооны бүх хөрөнгийг тоолохоор шийдвэрлэсэн. Дараа нь 1999 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар хоршоог тараах, татан буулгах комисс байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцээд татан буулгах комиссыг Ш.М, С.Т, Жахсылых, Марзия нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ комисс нь хоршооны бүх хөрөнгийг тоолж гишүүдийн оруулсан хувьцааны тооны дагуу хоршооны бүх эд хөрөнгө, барилгын өрөөнүүдийг хуваарилж гишүүдэд тарааж өгсөн. Дараа нь тус хоршоо нь 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүртгэлээс хасагдсан. Бид тэрнээс хойш тус хоршооны байранд амьдарч байгаа ба барилгыг буулган хувааж авах боломжгүй учир хоршооны бусад гишүүд хувьцаанд ногдох өөрсдийн авсан өрөөнүүдийг бидэнд худалдах, бэлэглэх, хоорондын тооцоогоор шилжүүлэх зэргээр шилжүүлж эхэлсэн ба 2017 оны эцэс гэхэд бид барилгын бүх өрөөнүүдийг авч дууссан. Бид одоо тухайн байранд амьдарч байна. Газрын тухай хуульд заасны дагуу тухайн барилга байгаа 1877 м.кв газрыг С.Т би, 1897 м.кв газрыг Ш.М би өмчилж авч гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байна. Бид тухайн барилгыг өөрсдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахаар бүртгэлийн байгууллагад хандахад та нарын нэр дээр шилжүүлсэн эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй, эрх бүхий байгууллага болох хоршоо нь татан буугдсан учир бүртгэхээс татгалзаж энэ асуудлыг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн. Бид тэрний дагуу 2018 оны 03 дугаар сард Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШЗ2019/00945 дугаартай захирамжаар иргэний хэргийн анхан шатны шүүх нь эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн, хоёр талын өмчийн /өмчлөлийн/ маргаантай асуудлыг хянан шийдвэрлэдэг ба та нарын хооронд ямар нэгэн маргаантай асуудал байхгүй учир шийдвэрлэх боломжгүй гэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Бид тэгэхээр нь Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхээр 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дахин хандсан. Тус хэлтсийн улсын бүртгэгч нар мөн бүртгэхээс татгалзсан. Бид тэгэхээр нь дээд шатны албан тушаалтан болох Улсын бүртгэлийн хэлтсийн даргад хандахад, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/1172, 01/1173 дугаартай албан бичгүүдээр “... үл хөдлөх хөрөнгийн холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн шүүхэд өмчлөгчийг, өмчлөх эрхийг тогтоох шаардлагатай байна... “ гэсэн хариу өгсөн. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн, хоёр талын өмчийн /өмчлөлийн/ маргаантай асуудлыг хянан шийдвэрлэдэг ба ямар нэгэн маргаантай асуудал байхгүй учир шийдвэрлэх боломжгүй гэж хүсэлтийг  хүлээн авахаас татгалзсан байхад дахин шүүхээр өмчлөгч, өмчлөх эрхийг тогтоолго гэж байгаа Улсын бүртгэлийн хэлтсийн шаардлага хууль бус байна. Тухайн байр нь төрөөс хувьчилсан орон сууц биш бөгөөд Баяннуур сумын хуучин Ахуйн үйлчилгээний зориулалттай барилга байсан. Баяннуур сумын Ахуйн үйлчилгээний төв нь аймгийн хэмжээнд бага хувьчлалаар “Өнер” хоршоо болон хувьчлагдсан нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гаргаж өгсөн судалгааны хуулбараар, “Өнер” хоршоо нь 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүртгэлээс хасагдсан нь Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 213 дугаар албан бичгээр нотлогддог. Нэгэнт “Өнер” хоршоо нь татан буугдаж, 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүртгэлээс хасагдсан учир тус хоршоотой холбоотой ямар нэгэн шийдвэр, эрхийг актыг гаргуулах ямар ч боломжгүй байна. Бид тухайн барилгад 2001 оноос хойш 19 дэх жилдээ амьдарч байгаа ба энэ талаарх сум, багийн холбогдох албан тушаалтнуудын албан бичиг, тодорхойлолтууд нь бий. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс  дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч нь уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна” гэж заасан. Улсын бүртгэлийн хэлтэс хуулийн дээрх заалт, холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн бидний өмчлөх эрхийг бүртгэх бүрэн боломжтой байхад бүртгэхгүй байгаа нь хууль бус байна. Бид үүнээс болж тухайн барилгыг өөрсдийн нэр дээр бүртгүүлж өмчлөгчийн гэрчилгээ аваагүй учир эдийн баялаг болох барилгыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ  хэрэгжүүлж чадахгүй байна. Иймд бидний нэхэмжлэлийг зохих хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэж Баяннуур сумын хуучин Ахуйн үйлчилгээний төвийн 2 давхар барилгын 173.5 м.кв талбайтай барилгын өмчлөгчөөр Ш.М, 186.34 м.кв талбайтай барилгын өмчлөгчөөр С.Т нарыг бүртгэхгүй байгаа Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх объектуудыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

Ахуйн үйлчилгээний төв нь 1991 онд аймгийн Өмч хувьчлалын комиссын тогтоолоор бага хувьчлалаар хувьчлагдан “Өнер” хоршоо болж зохион байгуулагдан, 1991 оны 12 дугаар сарын 07-ны өдөр анхны хурлаа хийж, 1992 оны 01 дүгээр  сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үед хуулийн этгээдийн улсын бүртгэл Татварын хэлтэст байсан. 1999 оны сүүлээр үйл ажиллагаа нь доголдож, 1999 оны 11 дүгээр сард гишүүдийн хурлаа хийж, хоршооны эд хөрөнгийг тоолох асуудлыг хийхээр комисс байгуулсан. Тооллого явуулсны дараа дахиж хурал хийж, татан буулгах комисс байгуулсан. Тухайн 1999 оны сүүлээр татан буулгах ажиллагаа хийхэд 20-оод гишүүд байсан ба гишүүдийн нэр дээр байгаа бүх хөрөнгөө хуваарилж тараах ажиллагааг хийж дуусгасан. Хоршооны гишүүд нь тухайн барилгаас хувьчилж авсан өрөө, тасалгааг Ш.М, С.Т нарт 2017 он хүртэл худалдсан. Ш.М, С.Т нар 2002 оноос эхлээд тухайн барилгад амьдарч байгаа. Мөн тухайн объект байгаа газрыг Газрын тухай хуульд зааснаар өмчилж авсан. Тухайн объектын бүх өрөө тасалгаануудыг өөрсдөдөө шилжүүлж авсан учраас улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандахад, өмчлөлийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүл гэсэн зөвлөгөө өгсөн байна. Үүний дагуу 2018 оны 3 дугаар сард Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Тус шүүхийн шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой ямар нэгэн маргаан, эрх нь зөрчигдсөн асуудал байхгүй байна. Нэгэнт маргаантай асуудал байхгүй учраас шийдвэрлэх боломжгүй гэсэн байдлаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Дараа нь Улсын бүртгэлийн хэлтэст дахиж материалаа бүрдүүлээд хандахад, улсын бүртгэгч Х.Имашхан холбогдох бичиг баримтыг хүлээн аваад буцаасан. Буцаахдаа С.Т, Ш.М нарт албан ёсоор өмчлүүлсэн ямар нэгэн шийдвэр байхгүй байна гэсэн үндэслэлээр буцаасан. Гэхдээ  бичгээр хариу өгөөгүй, амаар хариу өгч буцаасан. Үүний дараа тодорхой хэмжээний материалаа дахиж бүрдүүлж, Улсын бүртгэлийн хэлтэст 2019 оны сүүлээр дахиж хандсан. Улсын бүртгэлийн хэлтсийн дарга өмчлөгчийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн байдлаар хариу өгсөн. Тийм учраас Баяннуур сумын хуучин Ахуйн үйлчилгээний төвийн 2 давхар барилгын 173.5 м.кв талбайтай барилгын өмчлөгчөөр Ш.М, 186.34 м.кв талбайтай барилгын өмчлөгчөөр С.Тийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх объектуудыг улсын бүтгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Ахуйн үйлчилгээний төв нь “Өнер“ хоршооны нэр дээр хувьчлагдсан байх тул “Өнер” хоршоог татан буулгаж, улсын бүртгэлээс хасагдсаны дараа тухайн иргэний нэр дээр бүртгэх асуудлыг шийдвэрлэх болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Амангүл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баяннуур сумын иргэн Ш.М, С.Т нар 2018 онд Ахуйн үйлчилгээний төвийн барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандахад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан нотлох баримтын бүрдэл дутуу байсан. Төрийн өмчид байсан эд хөрөнгийг ямар журмаар хувийн өмч болгож авсан талаарх нотлох баримт нь дутуу байсан. Ингээд Баяннуур сумын бүртгэл хариуцсан улсын бүртгэгч маань бүртгэл хийхээс татгалзаж, амаар хариу өгч материалыг буцаасан  байна. Дараа нь 2019 оны сүүлээр дахиж бүртгэл хийлгэхээр хандахад, мөн адил нөгөө материал нь дутуу байсан. Гэхдээ хуульд заасан бусад материал нь бүрэн, гагцхүү төрийн өмчид байсан эд хөрөнгийг ямар журмаар хувийн өмч болгож авсан, төрөөс хувьд хувьчилсан талаарх шийдвэр байхгүй байсан. Энэ үндэслэлээр дахиж бүртгэхээс татгалзсан. Миний бие 2020 оны 02 дугаар сард эд хөрөнгийн эрхийн улсын ахлах бүртгэгчийн  ажлыг авснаас хойш уг хэрэгт байгууллагын  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон. Тухайн үед хэд хэдэн удаа тайлбар гаргаж өгч, хэргийн материалтай танилцсан. Ингээд 1991 онд Баяннуур сумын Ахуйн үйлчилгээний байрыг бага хувьчлалаар хувьчилсан гэх нотлох баримттай танилцаж, бүртгэх талаар Улсын бүртгэлийн хэлтсийн даргын өрөөнд  хяналтын улсын байцаагчтай дахиж ярилцаад, “бүртгэхээс өөр аргагүй юм байна, бүртгэе” гэж хэлэлцээд  шийдвэр гаргах шатан дээр тухайн материал дотор Ахуйн үйлчилгээний төвийн байр нь бага хувьчлалаар “Өнер” хоршоонд хувьчлагдсан гэх материал байсан. Тэгэхээр  нэгэнт Ахуйн үйлчилгээний төвийн  байр  “Өнер” хоршооны нэр дээр хувьчлагдсан учраас “Өнер” хоршооны  нэр дээр бүртгэхээр тохиролцож, шийдвэр гаргахаар байж байтал тухайн “Өнер” хоршоо нь 2002 онд Татварын хэлтсийн бүртгэлээс хасагдсан, гэхдээ Улсын бүртгэлийн хэлтсээс хасагдаагүй, 39 хүний үүсгэн байгуулагчтай “Өнер” хоршоо нь татан буугдаагүй гэсэн эрхийн актууд хуулийн этгээдийн бүртгэлээс  гарсан. Нэгэнт тухайн материал хувь хүний нэр дээр биш, хуулийн этгээдийн нэр дээр гарсан болохоор материал зөрүүтэй болсон. Иймээс эд хөрөнгийн улсын бүртгэгч  маань Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар үнэн зөв бүртгэл хийх зарчмыг баримталж, мэдээллийн санд оруулах үүрэгтэй байдаг. Тиймээс бид нар материал нь зөрүүтэй болохоор дахиж бүртгэл хийхээс татгалзсан  гэв.

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нарын “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хуучны Ахуйн үйлчилгээний төвийн 2 давхар барилгын  өмчлөгчөөр Ш.М, С.Т нарыг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль  бус болохыг тогтоож, тухайн барилгын 173,5 м.кв талбай бүхий хэсгийн өмчлөгчөөр  Ш.М, 186,34 м.кв талбай бүхий хэсгийн  өмчлөгчөөр  С.Тийг  бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг  аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийг дараах үндэслэлээр  хангаж шийдвэрлэлээ.

1991 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн БНМАУ-ын Өмч хувьчлах тухай хуулийн  Нэгдүгээр бүлгийн 1 дүгээр зүйлд Энэхүү хуулийн зорилт нь БНМАУ-ын төрийн өмчид байгаа эд хөрөнгийн тодорхой хэсгийг БНМАУ-ын иргэд болон энэ хуульд заасан хуулийн этгээдийн өмчид шилжүүлэх (цаашид "хувьчлах" гэх)-тэй холбогдсон харилцааг зохицуулах, түүнчлэн хөдөө аж ахуйн нэгдлийн өмчийг хувьчлах зарчмын онцлогийг тодорхойлоход оршино”,2 дугаар зүйлд “Өмч хувьчлахдаа ил тод, төр, олон нийтийн хяналттай байх, хувьчлагдаж байгаа үйлдвэрийн газар, байгууллагын ажилтан үйлдвэрийн газар, байгууллагынхаа хувьцаа, эд хөрөнгийг шилжүүлэн авах талаар давуу эрх эдлэх зарчмыг удирдлага болгоно”,3 дугаар зүйлд “1.Хувьчлалд улсын үйлдвэрийн газар, байгууллага (цаашид "үйлдвэрийн газар" гэх)-ын эд хөрөнгө хамаарна”,  5 дугаар зүйлийн 2-т “  Улс, орон нутгийн хэмжээнд өмч хувьчлах ажлыг БНМАУ-ын хууль тогтоомж, БНМАУ-ын Засгийн газар, орон нутгийн Хурал, түүний гүйцэтгэх захиргааны шийдвэрийн дагуу эрхлэн зохион байгуулж, аргачилсан удирдлагаар хангах, тодорхой эд хөрөнгө хувьчлах шийдвэр гаргах бүрэн эрх бүхий Өмч хувьчлалын комиссыг БНМАУ-ын Засгийн газар, орон нутгийн Хурлын гүйцэтгэх захиргаа тус тусын дэргэд байгуулж ажиллуулна”, Гуравдугаар бүлэг.Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувийн өмчид шилжүүлэх /Бага хувьчлал/, 13 дугаар зүйлд ”Бага хувьчлалд худалдаа, үйлчилгээний болон бусад салбарын жижиг үйлдвэрийн газар, түүнчлэн томоохон үйлдвэрийн газрын үйлдвэрлэлийн бие даасан салбар нэгжийн эд хөрөнгө хамрагдана” гэж тус тус зохицуулжээ.

Дээрх хуулийн дагуу  зохион байгуулагдсан бага хувьчлалаар, тодруулбал Баян-Өлгий аймгийн Ардын Хурлын Гүйцэтгэх захиргааны Өмч хувьчлалын комиссын шийдвэрээр тус аймгийн Баяннуур сумын Ахуйн үйлчилгээний төв /үйлдвэрийн газар/-ийг ажилтнууд нь давуу эрхээр  хувьчлан авсан буюу эд хөрөнгийг шилжүүлэн авснаар “Өнер” бүрэн хариуцлагатай хоршоо байгуулж, 39 гишүүнтэй, 831 000 төгрөгийн эд хөрөнгөтэй, ахуйн үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг гэж 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр  улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. “Өнер” хоршооны гишүүдийн 1999 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаар хоршоо нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэх асуудлын талаар хэлэлцээд  тооллогын комисс байгуулахаар шийдвэрлэн эд хөрөнгийн тооллого явуулсан, улмаар гишүүдийн 1999 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн  хурлаар  хоршоог тараах, татан буулгах  комисс байгуулах тухай асуудлыг хэлэлцээд татан буулгах комиссыг 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, татан буулгах комиссоос гишүүдэд хоршооны үл хөдлөх болон хөдлөх  хөрөнгийг хуваарилсан байх ба нэхэмжлэгч Ш.М, С.Т  нар нь  Ахуйн үйлчилгээний төвийн 2 давхар барилгын өрөөнүүдийг хуваарилагдсан гишүүдээс 2018 он хүртэлх хугацаанд шилжүүлэн авсан болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тогтоогдож байгаа ба хэргийн оролцогчид эдгээр үйл баримтын талаар маргахгүй байна.

Хариуцагчаас  анх  “... иргэн Ш.М, С.Т нарын бүртгүүлэхээр гаргасан  мэдүүлэг, холбогдох нотлох баримтыг хянахад бусад нотлох баримт нь хуулийн шаардлага хангаж байгаа боловч төрөөс хувьчилсан тухай эрх бүхий байгууллагын тогтоол эх хувь эсхүл гэрчилгээ буюу өмчлөгчөөр тогтоосон тухай эх нотлох баримт байхгүй байна. ...уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, өмчлөх эрхийг тогтоосон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэх боломжтой” гэсэн, харин хэргийн материалтай танилцсаны  дараа “Ахуйн үйлчилгээний төв нь “Өнер“ хоршооны нэр дээр хувьчлагдсан байх тул “Өнер” хоршоог татан буулгаж, улсын бүртгэлээс хасагдсаны дараа тухайн иргэний нэр дээр бүртгэх асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн  тайлбар  тус тус гаргасан. Өөрөөр хэлбэл хувьчлалаар сумын Ахуйн үйлчилгээний төвийн эд хөрөнгө нь “Өнер“ хоршоонд шилжсэн, дараа нь хоршооны эд хөрөнгө болох Ахуйн үйлчилгээний төвийн барилгыг нэхэмжлэгч нар шилжүүлэн  авсан үйл баримтын талаар маргаагүй, харин “Өнер” хоршоо нь улсын бүртгэлээс хасагдаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарласан.

Хоршооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хоршооны дүрэм баталснаас хойш 30 хоногийн дотор Тэргүүлэгчид харьяалах нутаг дэвсгэрийн бүртгэх байгууллагад хоршоог бүртгүүлэх өргөдөл гаргана” /2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулахаас өмнөх заалт/, 38 дугаар зүйлийн 38.1-д “Хоршоог бүх гишүүдийн хурлын шийдвэрээр татан буулгаж болно”, 38.3-т “Хоршоог татан буулгасан тухай шийдвэрийг  бүртгэх байгууллагад 7 хоногийн дотор мэдэгдэнэ,  Аж ахуйн нэгжийн тухай хуулийн /1991.05.17-ны өдрийн/ 11 дүгээр  зүйлийн 3-т “Гишүүд хоршоог бүртгүүлэх тухай  өргөдлөө татварын улсын албанд хамтран гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Өргөдөл хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хоршоог улсын бүртгэлд авна”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003.05.23-ны өдрийн/ 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуулийн этгээдийг дор дурдсан байгууллага бүртгэнэ: 7.1.1 нөхөрлөл, компани , хоршоо, төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг Үндэсний татварын ерөнхий газар болон  түүний орон нутаг дахь алба” /2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн  хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх заалт/, 26 дугаар зүйлийн 26.1-д “Хуулийн этгээд татан буугдсаныг  энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллага улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус зохицуулсан.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан эдгээр хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Хуулийн этгээдийн улсын  бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хуулийн этгээд байгуулсан,  татан буулгасныг улсын бүртгэлд бүртгэх  чиг үүргийг татварын байгууллага хэрэгжүүлж байжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2]Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тушаалаар татвар төлөгчийн хувийн хэргийн бүрдэлт, баяжилтыг хийж дуусгах ажлыг зохион байгуулах комиссыг байгуулж, тухайн комиссоос “БНМАУ улсын бүртгэл” гэсэн 14 дэвтэр, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэвтэр, ХК-1, ХХК-3, Хоршоо-2, ЗБН-1, ББН-1, ХЗХ-1, Төсөвт байгууллага-2, ОНӨААТҮГ-1 гэсэн нийт 12  дэвтэр,  мөн эдгээр 12 дэвтэрт  бүртгэгдсэн хуулийн этгээдүүдийн хувийн хэргийг  аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст жагсаалтаар хүлээлгэн өгсөн, уг  “БНМАУ улсын бүртгэл” гэсэн хаягтай 14 дэвтрийн “Сумуудын хоршоог бүртгэсэн дэвтэр”-т 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Өнер” БХХ-г  улсын бүртгэлд бүртгэсэн  талаар тусгагдсан байна. Харин Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэвтэр, Хоршоо-1, Хоршоо-2  гэсэн 2 дэвтэрт бүртгэлтэй хоршоодын хувийн хэргийг хүлээлгэн өгсөн жагсаалтад  “Өнер” хоршоо байхгүй, өөрөөр хэлбэл Хоршоо-1, Хоршоо-2 гэсэн 2 дэвтэрт “Өнер” хоршоо бүртгэлгүй, хүлээлгэн өгсөн хувийн хэргүүд дотор тус хоршооны хувийн хэрэг байхгүй, мөн улсын бүртгэлийн мэдээллийн санд “Өнер” хоршооны талаар ямар ч мэдээлэл байхгүй болох нь  тус тус нотлогдсон.

Мөн 2009 он хүртэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийг аймгийн Татварын  хэлтэс хариуцаж байсан, Засгийн газрын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.1, 12.5, 17.5 дахь хэсэгт заасныг үндэслэн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт хөтлөх журам”, “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний загвар”-ыг  тус тус баталснаар  2004 онд хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэл хийгдсэн, үүнээс өмнө  татан буугдсан хуулийн этгээдүүд уг шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, 2009 онд  аймгийн Татварын хэлтсээс  хуулийн этгээдийн бүртгэл, хувийн хэргийг  аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүлээлгэн өгөхдөө   шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, дээрх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэвтэр гэсэн 12 дэвтэрт бүртгэлтэй хуулийн этгээдүүдийн хувийн хэргийг хүлээлгэн өгсөн болох нь тус тус гэрч  нарын мэдүүлгээр[3] тогтоогдсон болно.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн  бүртгэлийн программд “Өнер” хоршоо нь гишүүдийн шийдвэрээр татан буугдсанаар 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр татвар төлөгчийн жагсаалтаас хасагдсан гэж бүртгэгдсэн[4] байх ба Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003.05.23-ны өдрийн/ 28 дугаар зүйлийн 28.2-т “Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлийн ажил хариуцаж  байсан байгууллагад хадгалагдаж байгаа, өмнө нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн хувийн хэрэг, бүртгэлтэй холбогдох бусад материал нь улсын мэдээллийн эх сурвалжийн бүрэлдэхүүн хэсэг болно” /2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орохоос өмнөх заалт/ гэж зохицуулжээ.

Иймээс 1992 онд “Өнер”  БХХ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, 1999 онд гишүүдийн хурлаас хоршоог татан буулгахаар шийдвэрлэснээр  комисс байгуулсан, улмаар уг комиссоос хоршооны эд хөрөнгийг гишүүдэд хуваарилж тараасан, 2004 оноос  өмнө татан буугдсан хуулийн этгээдүүд нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй  бөгөөд аймгийн Татварын хэлтсээс шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хуулийн этгээдүүдийн хувийн хэрэг, бүртгэлийг 2009 онд  аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүлээлгэн өгсөн, уг  шинэчилсэн бүртгэлд хамрагдсан  хуулийн этгээдүүдийн жагсаалт,  хувийн хэрэг дотор “Өнер” хоршооны нэр,  хувийн хэрэг байхгүй байгаагаас гадна  хоршооны талаар улсын бүртгэлийн мэдээллийн санд ямар ч мэдээлэл байхгүй. ХХарин Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн бүртгэлийн программд байгаа мэдээллээр “Өнер” хоршоо нь гишүүдийн шийдвэрээр татан буугдсанаар 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр татвар төлөгчийн жагсаалтаас хасагдсан байгаа, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл  хуулийн этгээдийн бүртгэлийг татварын байгууллага хариуцаж байсан зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудаас дүгнэхэд “Өнер” хоршоо нь 2002 онд татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсанаар  улсын бүртгэлээс хасагдсан гэж үзэх үндэслэлтэй  байна.  

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”, 5.3-т ”Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэхэд энэ хуулийн 4.4-т заасныг баримтлан бүртгэж, тус бүрд нь хувийн хэрэг нээнэ”, 10.5-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхэд холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ”, 10.6-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана: 10.6.1. өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг; 10.6.2. газар өмчлөх эрх олгосон шийдвэр; 10.6.3. газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг; 10.6.4. иргэнд өмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт; 10.6.5. барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг; 10.6.6. тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг; 10.6.7. улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт; 10.6.8. тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт” гэж тус тус заасан.

Дээрх байдлаар Баяннуур сумын  Ахуйн үйлчилгээний төв буюу үйлдвэрийн газрыг ажилтнууд нь давуу эрхээр хувьчлан авснаар үйлдвэрийн газрын эд хөрөнгө шинээр байгуулсан  “Өнер” хоршоонд шилжсэн, хоршооны гишүүдийн хурлын шийдвэрээр хоршоог татан буулгах комисс байгуулан, комиссоос эд хөрөнгийг хуваарилах үед Ахуйн үйлчилгээний төвийн 2 давхар барилгаас  гишүүдэд хуваарилагдсан өрөөнүүдийг  2018 он хүртэлх хугацаанд  нэхэмжлэгч Ш.М, С.Т нар шилжүүлэн авсан үйл баримт нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтогдсоноос  гадна хариуцагч  захиргааны байгууллага нь эдгээр үйл баримтын талаар маргаагүй. Мөн  тус хоршооны гишүүн байсан, одоо тус аймгийн Өлгий болон Баяннуур сумд амьдардаг гэрч Х.Шари, А.Ардах, С.Тотыгус, Х.Жагсалаг нараас дээрх үйл баримтын талаар тодруулахад “Ш.М, С.Т нарт хувьцаагаа шилжүүлсэн, уг 2 давхар барилгаас хуваарилагдсан өрөөг бэлэглэсэн, худалдсан, тухайн барилгын өмчлөлийн талаар маргахгүй” гэж мэдүүлсэн[5]. Түүнчлэн нэхэмжлэгч  Ш.М, С.Т нарын гаргасан “Баяннуур сумын хуучин ахуйн үйлчилгээний төвийн 2 давхар барилгын 173,5 м.кв талбайтай барилгын өмчлөгч нь  Ш.М, 186,34 м.кв талбайтай барилгын өмчлөгч нь  С.Т мөн болохыг  тогтоолгох тухай“  хүсэлтийг  Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШЗ2018/00945 дугаартай  захирамжаар “...Иргэний хэргийн анхан шатны шүүх нь  эдийн ба эдийн бус баялагтай холбоотой  эрх нь зөрчигдсөн, 2 талын өмчийн /өмчлөлийн/ маргаантай  асуудлыг хянан шийдвэрлэдэг...” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн[6] байна.

Үүнээс гадна  тухайн Ахуйн үйлчилгээний төвийн 2 давхар барилгын доорх  болон орчны нийт 3774 м.кв газрын 1877 м.кв талбайг   2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 000451094 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр  нэхэмжлэгч С.Т, 1897 м.кв талбайг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 000451095  дугаартай   газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Ш.М өмчилдөг, мөн нэхэмжлэгч  нар нь  уг барилгад 2001 оноос хойш амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[7] нотлогдсон болно.

Иймд нэхэмжлэгч нараас хуучны  Ахуйн үйлчилгээний төвийн 2 давхар барилгыг өмчлөх эрхийг бүртгүүлэхээр  аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст  дээрх хуульд заасан  холбогдох  нотлох баримтыг хавсаргаж мэдүүлэг гаргасан болох нь тогтоогдож байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Өнер” хоршоо нь улсын бүртгэлээс хасагдсан болох нь нотлогдсон тул хариуцагчийн  энэхүү үндэслэлээр тухайн  барилгын өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус  бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  байх тул  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай  хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 10 дугаар зүйлийн 10.2, 10.5, 10.6 дахь хэсэгт тус тус  зааснаар  нэхэмжлэгч Ш.М, С.Т нарыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмлөгчөөр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг  хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 10 дугаар зүйлийн 10.2, 10.5, 10.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хуучны Ахуйн үйлчилгээний төвийн 2 давхар барилгын өмчлөгчөөр Ш.М, С.Т нарыг  бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуучны Ахуйн үйлчилгээний төвийн 2 давхар барилгын 173,5 м.кв талбай бүхий хэсгийн өмчлөгчөөр Ш.М, 186,34 м.кв талбай бүхий хэсгийн өмчлөгчөөр С.Тийг  бүртгэж,  улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг  аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 33-137,153,155-160,185-198,221-223, 228-233-р хуудас,

10-11, 14-15, 31-р хуудас /2-р хавтас/

[2] Хэргийн 201, 207-209, 219-220, 224, 228-235, 240-241-р хуудас,

1-3-р хуудас /2 –р хавтас/

[3] Хэргийн 207-209, 219-220-р хуудас,

1-3-р хуудас /2-р хавтас/

[4] Хэргийн 200-201-р хуудас

[5]Хэргийн 6-7,10-11,14-15,31-р хуудас /2-р хавтас/

[6]Хэргийн 15-р хуудас

[7]Хэргийн 16-20,174-175,176-178,184-р хуудас

6-7, 10-11, 21-22-р хуудас /2-р хавтас/