| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0117/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/319 |
| Огноо | 2018-09-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0117/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Хохирогч Б.П-,
Шүүгдэгч Б.У- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Б- овогт Б-ын У-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818001890118 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Ерөө сум, ....гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Б-ын У- //.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч Б.У- нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух иргэн ******* хар өнгийн савхин куртикийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 480,0000 төгрөгийн, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах “Дархан зах”-ын гадна зогсож байсан иргэн Б.П-ийн эзэмшлийн******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос Самсунг Жи-3, Самсунг-Эс 4, Эль Жи-4 лте загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм бүруугийн талаар:
Шүүгдэгч Б.У- нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн******* тоотод оршин суух иргэн ******* орон сууцны нэг өрөөг түрээслэн амьдарч байхдаа хар өнгийн савхин курткыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
Хохирогч А.Б-ны “...У- нь миний савхин курткыг хулгайлаад биржийн гадаа байдаг савхи буддаг газар аваачиж зарсан байсан, курткаа буцааж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/,
Гэрч Б.Н-ын “...2018 оны 1 сарын сүүлээр байхаа өдрөө санахгүй байна 16 цагийн ед танихгүй хүүхэн ирээд миний гутал засдаг Түц дээр гурвуулаа орж ирээд савхи авах уу гэхээр нь хуучин савхи худалдаж авнаа гэсэн. Тэгэхэд гурвуулаа эргэж гараад 1 цаг болоод иргэж ирээд эрэгтэй хүний богино савхи үзүүлэхээр нь би 20,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тэр савхиа 4 хоногийн дараа байхаа танихгүй хүнд
50.000 төгрөгөөр зарсан. Сүүлд савхиа алдсан гээд нэг залуу нөгөө 3 хүүхний нэгийг дагуулчихсан ирж уулзсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4/,
“Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн "... савхин куртка 480,000 төгрөг байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12/,
А.Бан, Б.У- нарын байгуулсан Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ /хавтаст хэргийн 19/,
Гэрч Д.Н-гийн “...У- нэг уутанд савхин куртка хийгээд хамт гарахаар болсон юм. Тэгээд ******* наадах чинь юу юм бэ гэж асуухад У- аав надад авч өгсөн юм” гэж хэлж байсан. Шинэ захын гадаа байдаг савхи буддаг газар руу У- ороод гарч ирээд 20,000 төгрөгөөр зарчихлаа гэж хэлээд салаад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27/,
Шүүгдэгч Б.У-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 1 сарын 18-ны өдөр Дархан сумын 4 дүгээр баг, 17 дугаар байрны 21 тоотод хажуу өрөө хөлсөлж сууж байхдаа байрны эзэн ******* ахын богино эрэгтэй хүний савхин курткыг хулгайлж авсан нь үнэн. Би ******* ы савхийг хавар дулаан орохоор өмсье гэж бодоод авсан. Зарсан хүнээсээ буцааж аваад буцаагаад өгсөн” гэж хэргээ хүлээсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.П-ийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах “Дархан зах”-ын гадна очин хохирогчийг захаас юм авахаар машинаас бууж явсан хойгуур иргэн Б.П-ийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос Самсунг Жи-3, Самсунг-Эс 4, Эль Жи-4 лти загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
Хохирогч Б.П-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би У-тэй 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр таксинд явж байгаад танилцсан. У- надад “Улаанбаатар хот руу явна. Би байр түрээсэлдэг. Танайд хоноё” гэж хэлсэн. Тэгээд манайд очиж хоносон. Маргааш нь би найзыгаа хөдөө хүргэж өгчхөөд У-тэй хамт зах орсон. Намайг хамт зах руу оръё гэж хэлэхэд У- “нүүрээ будаагүй. Машинд хүлээж байя” гэж хэлсэн. Намайг зах орчхоод гарч ирэхэд машинд байсан Самсунг Жи-3, Самсунг-Эс 4, Эль Жи-4 лти зэрэг гар утас алга болсон байсан. Тэгээд цагдаад хандсан, одоо 260,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа, үүнийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
Иргэнийн нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...У- гэх эмэгтэй манай байгууллагад тус гар утсыг 70,000 төгрөгний барьцаанд тавьж мөнгийг бэлнээр авч явсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 68/,
“Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн "... “3 Самсунг Жи-3, Самсунг-Эс 4, Эль Жи-4 лти утасны зах зээлийн үнэ 720,000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76/,
“Талст” барьцаалан зээлдүүлэх газрын барьцаат зээлийн гэрээ /хавтаст хэргийн 63/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Б.П- гэдэг хүний автомашин дотор сууж байхдаа тээврийн хэрэгсэл дотроос Самсунг Жи-3, Самсунг-Эс 4, Эль Жи-4 лти гэх утаснууд хулгайлан авснаа хүлээн зөвшөөрч байна, 2 утсыг буцаан өгсөн, нэг утсыг нь хотод явж байхдаа хулгайд алдчихсан, үнийг нь нөхөн төлнө, ахин хэрэг үйлдэхгүй байж чадна” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.У-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 1,200,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч Б.У- нь шүүх хуралдаан завсарласан хугацаанд иргэний нэхэмжлэгч ******* , хохирогч Б.П- нарт учирсан хохирлыг төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эруугийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-р зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн” хүндрүүлэх, 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн" хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Б.У- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.У- нь энэ хэрэгт 20 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааа дуустал хэрэгт үлдээж, ХААН банкны 9 дугаартай картыг хохирогч Б.П-ид буцааж олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Б-ын У******* бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар Б.У-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, ялтанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Энэ хэрэгт хэрэгт шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааа дуустал хэрэгт үлдээж, ХААН банкны дугаартай картыг хохирогч Б.П-ид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцааж олгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД