Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 130/ШШ2017/00566

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Н-ы нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ө.Х-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-, хариуцагч Ө.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үлдэгдэл 3300000 төгрөг, алданги 1650000 төгрөг нийт 4950000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ж.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ө.Х- нь надаас 10300000 /арван сая гурван зуун мянга/ төгрөгийг 3 сар 15 хоногийн хугацаатайгаар хүүгүй, хугацаатай зээлийн гэрээг бичгээр байгуулж, хэрэв хэлэлцэн тохирсон хугацаанд зээлээ эгүүлэн төлөхгүй бол хоногт нь 0,5 хувийн алданги тооцохоор хэлэлцэн тохирсон билээ. Гэрээнд заасан хугацаа өнгөрсөн ч Ө.Х- нь зээлийг бүрэн төлж барагдуулаагүй ба 3300000 төгрөгийг удаа дараа шаардсан боловч өгөөгүй тул Баян-Өлгий аймаг дахь шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж байсан боловч амжилт гараагүй. Өөрөөр хэлбэл Ө.Х- нь зээлийг буцаан төлөхөөс татгалзсан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон юм. 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлээ төлж барагдуулах ёстой байтал бүрэн төлөөгүй тул үүнээс өнөөдрийг хүртэлх 6 сарын хугацаанд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцоход 1650000 төгрөг болж байна. Иймд Ө.Х-аас зээлийн үлдэгдэл 3300000 төгрөг, 1650000 төгрөгийн алданги нийтдээ 4950000 /дөрвөн сая есөн зуун тавин мянган/ төгрөг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Н- шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Хариуцагч Ө.Х- нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр надаас 10300000 төгрөгийн зээл авахдаа машины урьдчилгаа мөнгийг төлөхийн тулд хүнээс авсан мөнгөө буцааж өгөхөөр авч байна гэж хэлээд авсан, тэр үед машин чиргүүлийн талаар ямар ч зүйл яриагүй. Дээрх чиргүүл нь Орос, Хятадын хилээр гарч тээвэрт явж байсан юм. Би өгсөн мөнгөө Х-аас нэхэх үеэр надад өндөр үнээр машины дугуй чихэхэд аргагүй эрхэнд түүнийг нь авсан. Чиргүүлийн тэнхлэгийг С гэдэг хүнээс авсан ба харин оронд нь түүнд тэнхлэг авч ирж өгөхөөр тохиролцож авсан юм. Би Х-аас мөнгөө нэхэх үед тэрээр 2667БЧ дугаартай чиргүүлийн бичиг баримтыг олж өг гэсэн юм. Тэр бичиг баримт надад байгаа гэсэн чинь “чамд бичиг баримт байхгүй” гэж хэлээд, надад итгээгүй яваад өгсөн юмаа. Иймд миний Ө.Х-д зээлсэн мөнгөний үлдэгдэл болох 3300000 төгрөгийг, мөн түүний хүү 1650000 төгрөгийн хүүгийн хамт нийт 4950000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б- шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад:  Би энэ хүнд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр чиргүүлтэй бенз машинаа зарсан. Тэгээд энэ хүн ХААН банкнаас хөрөнгө оруулалтын зээл гаргаж өгөхөөр тохирсон. Уг зээлийг гаргаж өгөхдөө машины мөнгө гээд Х.Н-ы дансанд 45 сая төгрөг орсон. Энэ бол 10 дугаар сарын 07-ны өдөр байсан. Тэр үед машины чиргүүлийн талаар ямар ч маргаан гараагүй байсан. Тухайн үед С гэдэг хүний гадаа байсан чиргүүлийг бид нар өөрсдөө босгож авсан. Энэ чиргүүлтэйгээ хилээр гарахад ямар ч асуудал гардаггүй байсан. Тэгээд энэ хүн бид нарт хөрөнгө оруулалтын зээл авахдаа урьдчилгааны мөнгийг хүнээс зээлж авсан. Та нар надад 10.3 сая төгрөгийг зээлээр өгөөч. Би 1 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж өгнө гэсэн. Тэгээд бид нар уг мөнгийг машин авахдаа нэхсэн. Тэгэхэд боломж байхгүй гээд бид нарт эндээс өндөр үнээр дугуй авч өгсөн. Тэгээд за яах уу, болох байлгүй дээ гэж бодсон. Дараа нь би удаа дараа үлдэгдэл мөнгөө өгөөч гээд шаардсан. Гэтэл тэр бичиг баримтыг олж өг, танд бичиг баримт байхгүй юм байна гэсэн. Хуучин гэрчилгээ чинь хүчингүй байна. Энэ машины рамын дугаартай гэрчилгээ олж өг гэсэн. Тэгээд би энэ гэрчилгээг өөрөө олж авсан. Надад байсан гэхэд ерөөсөө итгээгүй. Хамгийн сүүлд арга ядаад 500000 төгрөг өгөөч, би тэр гэрчилгээг олсон гэхэд ерөөсөө миний үгийг тоогоогүй. Тэрнээс болж маргаан гарсан. Одоо тэр гэрчилгээ бүх юм нь надад байна. Одоо бол алданги тооцож мөнгө авмаар байна. Өөр надад хэлэх зүйл байхгүй гэв.

Хариуцагч Ө.Х- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Өлгий сумын иргэн Ж.Н- гэх хүнээс 2016 оны 9 дүгээр сард БЕНЗ /ВЕЙВЕН/ маркийн автомашиныг чиргүүлийн хамт, 45.0 сая төгрөгөөр үнэлэн худалдаж авсан ба тухайн үед 10.300 төгрөгийг зээлээр үлдээж 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл төлж өгөхөөр тохиролцож зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулж гарын үсгээ зуралцсан юм. Дээрх 10300000 төгрөгөөс 7 сая төгрөгийг хугацаандаа багтааж төлсөн болно. Одоо 3300000 төгрөг үлдэж байгаа нь үнэн юм. Би уг машины чиргүүлийг 10 сая төгрөгөөр үнэлж авсан бөгөөд уг чиргүүлийн бичиг баримт гэж худал хуурамч бичиг баримт өгсөн тул одоо хүртэл миний нэр дээр бүртгэгдээгүй байна. Чиргүүлийн бичиг баримтыг бүрдүүлж өгөөд үлдсэн мөнгөө аваарай гэж би удаа дараа хүссэн боловч Ж.Н- нь одоо хүртэл бүрдүүлж өгөөгүй намайг чирэгдүүлсээр байна. Мөн С гэх хүн “уг чиргүүлийн бичиг баримт надад байгаа мөн чиргүүлийн тэнхлэг нь минийх тул би авна" гэж надаас байнга нэхэж байгаа болно. Харин Ж.Н-ы надад өгсөн чиргүүлийн гэх бичиг баримтыг тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгүүлэх гэсэн чинь уг чиргүүл өөр хүний нэр дээр гарч байна. Энэ нь эхнээсээ намайг хууран мэхэлж машинаа худалдаж мөнгө гаргуулж авах гэсэн буруу санаа агуулж байсны илэрхийлэл мөн гэж үзэж байна. Иймд Ж.Н- нь надад худалдсан чиргүүлийн бичиг баримтаа одоо хүртэл өгөөгүй байгаа ба тэр байтугай үүнээс гадна өөр хүн надаас чиргүүлийн эд ангийг нэхэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч Ө.Х- шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Н- нь шүүхэд өгсөн тайлбартаа “Би Х-д бэлэн мөнгө өгсөн” гэж бичсэн байна. Би түүнээс бэлэн мөнгө зээлж аваагүй ба харин чиргүүлтэй машины үнийн үлдэгдэл болох 3190000 төгрөгийг өгөх ёстой. Харин тэр мөнгийг чиргүүлийн бичиг баримтыг болон надад дараа өгнө гэж өөрийн гараар баримт бичиж өгсөн халуун тогооны үнэ болох 600000 төгрөгийг, мөн чиргүүлийн тэнхлэгийн барьцаанд авч үлдсэн юм. Уг чиргүүлийн тэнхлэгийг Х.Сейл гэх хүн “минийх би авна” гэж хэлж байгаа юм. Дээрх чиргүүлийн бичиг баримт нь одоо хүртэл миний нэр дээр байхгүй, мөн 2016 оны татвар нь төлөгдөөгүй гэж Завханы Тосонцэнгэл рүү тээвэрт явж байхдаа удаа дараа цагдаа нарт журамлагдан торгуулж байсан. Шүүхэд сүүлд гаргаж өгсөн чиргүүлийн бичиг баримтыг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өөрийн ээж болох Б-ийн нэр дээр шинээр буулгасан байсан. Уг санаа нь надад үлдсэн мөнгөндөө хүү төлүүлэхийн тулд хийсэн үйлдэл мөн гэж ойлгож байна. Надад худалдсан чиргүүлийг өөрийн нэр дээр шилжүүлэх гээд аймгийн Тээврийн газарт удаа дараа очиход энэ чиргүүл Х компанийн нэр дээр байсан. Тэгэхээр чиргүүлийг чиний нэр дээр шилжүүлэх боломжгүй гэж хэлсэн ба энэ талаар тус газрын дарга Т.Сайдол 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр тодорхойлолт гаргаж өгсөн юм. Урьд 3 сарын өмнө тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид Н- өргөдөл гаргаснаар бид хоёр очих үед би түүнд “чиргүүлийн бичиг баримтыг миний нэр дээр болгож өг, тэнхлэгийн маргааныг шийдэж өг, мөн халуун тогоог авч ирж өг, эс тэгвэл мөнгийг нь хасаж тооцно" гэж хэлэхэд Ж.Н-ы ээж Б- нь “чиргүүлийн бичиг баримтыг янзал өгье, халуун тогоог Хятадаас авч ирж өгье”гэж амласан юм. Иймд би Ж.Н- нь чиргүүлийг миний нэр дээр шилжүүлэн өгч, халуун тогоог авч ирж өгч, чиргүүлийн тэнхлэгийн маргааныг нэг мөр шийдэж өгсөн үед үлдсэн 3190000 төгрөгийг өгөх болно. Харин үлдсэн мөнгөний хүүг би төлөх ёсгүй яагаад гэвэл Н- нь дутуу зүйлээ гүйцээж өгөлгүй хугацаа алдсанаас болж би өгөх мөнгөө барьцаалснаас болж хугацаа хэтрэлийн хүү яригдах болж байна. Үлдсэн бүх юмаа хугацаандаа бүрэн гүйцээж өгсөн бол ийм юм яригдахгүй байх байсан гэжээ.

Хариуцагч Ө.Х- шүүх хуралдаанд тайлбарлахад: Би энэ хүнээс 2016 оны 9 дүгээр сард машин авсан маань үнэн. Машины толгой хэсгийн 30 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Чиргүүлийн 10.3 сая төгрөгийг бид нар Тосонцэнгэл рүү тээвэрт явж энэ мөнгийг хааж өгнө гэсэн. Тэгээд тэр машины халуун тогоог бид нар Эрээн хот руу гараад авчирч өгнө гэсэн. Үнэ нь 600000 төгрөг байдаг. Мөн турбин нь муудсан болохоор хэдэн хоногийн дараа авч өгнө гэсэн. Тэгээд 30 сая төгрөгийг бэлнээр өгөөд чиргүүлийн 10.3 сая төгрөгийг тээвэрт явж хааж өгөхөөр болж тохироод байж байтал энэ хүний хүүхэд нь хүрээд ирсэн. Бид нар дахиад нэг машин авахаар болсон. Та 10 сая төгрөгийг нотариатаар батлуулаад өгөөч, бид нарт танаас авах 10.3 сая төгрөг байна. 1 дүгээр сард юм уу, 2 дугаар сард авна. Бид нар дахиад зээл авахад хэрэгтэй болж байна гээд нотариатаар батлуулж авсан. Тэр үед миний буруудсан зүйл гэвэл би чиргүүлээс үлдсэн үнэ, тэгж хааж өгөхөөр болсон гэдэг зүйлийг бичилгүйгээр зүгээр л 10.3 сая төгрөгийг 1 дүгээр сард юм уу, 1 дүгээр сарын 15-нд өгнө гээд нотариатаар батлуулчихсан. Тэгээд энэ машины бичиг баримт нь бүрэн байна уу гэхэд бүрэн байгаа, хилээр гарч байгаа гээд 8950 гэсэн дугаартай чиргүүлийн бичиг баримт өгсөн. Тэгээд тээвэр зохицуулалтын газар дээр очсон чинь энэ чиргүүлийн баримт нь Хишиг нүүдэлчин ХК-ийн нэр дээр байгаа юм байна. Энэ асуудлыг дараа нь мэдээд машины бичиг баримт нь дутуу байна, миний нэр дээр буулгах боломжгүй байна, та нар сүлжээнд орсон гэсэн чинь яасан бэ гэдгийг хэлсэн. Тэр бичиг баримтын доор нь Жанарыс, Н- гэж бичээд татварыг төлөөд явж байсан юм байна. Харин сүлжээнд өөр хүний нэр дээр явж байсан. Тэгээд энэ чинь болохгүй юм байна гэсэн чинь бид нар зөндөө хилээр гараад явж байсан, болно гэсэн. Та нарын ТЕК паспорт чинь худлаа юм байна. Энийг миний нэр дээр буулгаж өг, мөн халуун тогоог авчирч өг. Харин тэр турбог би өөрөө худалдаж авъя гээд С гэдэг хүнээс 600000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгж явж байтал Сейл гэдэг хүн над руу Чиний авсан чиргүүл чинь миний гэрийн гадаа байсан чиргүүл юм, тэрний хойд тэнхлэг нь минийх, би хэрэгтээ цагтаа очиж тайлж авна. Тэр хүмүүсээс би 5,6 сая төгрөг авах ёстой боловч одоо хүртэл авч чадахгүй байна гэж утастсан. С гэдэг хүн өнөөдөр Тосонцэнгэлд явж байгаа юм байна. Хэрвээ хэрэгтэй гэвэл шүүх хуралдаан дээр хэлж өгнө гэсэн. Тэгээд би алданги төлөхгүй, та нар чиргүүлээ бүрэн бүтэн өгсөн бол 3.3 сая төгрөгийг цаг хугацаанд нь өгөх байсан. Та нарын өгсөн зүйл дутуу байгаа болохоор 3.3 сая төгрөгийг барьцаалж байгаа гэдгийг хэлсэн. Мөн үүнээс нэлээн хоногийн өмнө эвлэрүүлэн зуучлал дээр ирэхэд Энэ бичиг баримтыг миний нэр дээр буулгаж өгвөл энэ хүмүүст мөнгийг нь бэлнээр өгнө, халуун тогоог авчирч өг, эсвэл хасаж өг гэдгийг хэлсэн. Тэгэхэд бичиг баримтыг олж өгнө гэсэн. Тэгээд би энэ хүний гэрт удаа дараа очсон. Тэгж байтал энэ хүн одоо янзалж өгнө, би хүүтэйгээ уулзаж байгаад чамд хариуг нь өгье гэсэн. Мөн хүүгийн явж байсан машин нь осолд орсон байна, тэнд саатаж байгаа юм. Ирэхээр нь хариуг хэлье гэсэн. Тэгж байтал хугацаа алдаад алданги тооцож байгаа юм байна. Энэ бичиг баримт бүрэн гэж байгаа нь энэ 9 дүгээр сарын 01-ний өдөр ямар бичиг баримт гэдгийг мэдэхгүй, чиргүүлийн шинхэнэ бичиг баримтыг бүтээж авсан байсан. Татварыг нь 8 дугаар сарын 31-ний өдөр төлсөн баримтыг бүрдүүлсэн байсан. Аль түрүүн тэгж арлын дугаартай таарсан бичиг баримтыг надад өгсөн бол аль хэдийн өгөх байсан. Мөн халуун тогоог авчирч өгөх, эсвэл 600000 төгрөгийг хасаж өгөхөөр тохирвол мөнгийг нь одоо ч өгч болно. Энэ хүн бол надаас алданги авмаар байна гэсэн. Энэ хүн бүрэн бүтэн өгсөн бол аль хэдийн өгөх байсан гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч Ж.Н-, хариуцагч Ө.Х- нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн “Зээлийн гэрээ”-ний 1-д зээлдүүлэгч Ж.Н- нь зээлдэгч Ө.Х-д 10300000 /арван сая гурван зуун мянган/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хүүгүй зээлдүүлж, зээлдэгч Ө.Х- нь тогтоосон хугацаанд зээлсэн мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээсэн байна.

Мөн энэ “Зээлийн гэрээ”-ний 3-т заасны дагуу зээлдэгч зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр нэхэмжлэгч Ж.Н-, хариуцагч Ө.Х- нар харилцан тохиролцсон болох нь нотлогдож байна.

Хариуцагч Ө.Х- нь ”Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн дагуу 10300000 төгрөгөөс 700000 төгрөгийг төлж, үлдэгдэл 3300000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх 184 хоногт зээлийн үлдэгдэл 3300000 төгрөгөөс 0.5 хувиар алданги тооцоход 3036000 төгрөг гарч байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг үндэслэн 3300000 төгрөгийн тавин хувь буюу 1650000 төгрөгийн алданги тооцсон нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Ө.Х- нь 2016 оны 9 дүгээр сард БЕНЗ /ВЕЙВЕН/ маркийн автомашиныг чиргүүлийн хамт, 45.0 сая төгрөгөөр үнэлэн Ж.Н-аас худалдаж авсан, уг машины чиргүүлийн бичиг баримт зөрчилтэй, халуун тогоо нь байхгүй, мөн чиргүүлийн тэнхлэг бусдын өмч байсан зэрэг асуудлаас болоод 45.0 сая төгрөгнөөс 10300000 төгрөгийг зээлд авч үлдсэн гэж тайлбарладаг боловч талуудын байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Зээлийн гэрээ”-нд энэ асуудал огт дурдагдаагүй харин бэлэн мөнгө авсан болох нь нотлогдож байна.

Мөн хариуцагч Ө.Х- нь машины үнэ 31184800 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, мөн 13500000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус тус нэхэмжлэгч Ж.Н-ы ХААН банкны харилцах дансанд шилжүүлсэн нь Хаан банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-гаар нотлогдож байна.

Иймд хариуцагч Ө.Х- нь 2016 оны 9 дүгээр сард БЕНЗ /ВЕЙВЕН/ маркийн автомашиныг чиргүүлийн хамт, 45.0 сая төгрөгөөр үнэлэн Ж.Н-аас худалдаж авсан, уг машины чиргүүл, халуун тогоо болон чиргүүлийн тэнхлэгтэй холбоотой асуудал нь энэ хэрэгт хамааралгүй тул хариуцагч талаас бүрдүүлэн өгсөн Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Тодорхойлолт, нэхэмжлэгч Ж.Н-ы бичсэн гэх халуун тогоо тусдаа өгнө гэсэн гарын баримт, 89-50тч Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь тус тус энэ хэрэгт хамааралгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.  

Хавтаст хэрэгт авагдсан дээрх талуудын бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г үндэслэн хариуцагч Ө.Х-аас зээл 3300000 төгрөг, алданги 1650000 төгрөг нийт 4950000 /дөрвөн сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-д олгох нь зүйтэй байна.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Н-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч  Ө.Х-аас 94150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д  заасныг удирдлага болгон

                                                 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-ийг тус тус баримтлан хариуцагч Ө.Х-аас зээл, алдангийн хамт бүгд 4950000 /дөрвөн сая есөн зуун тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-д олгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Н-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч  Ө.Х-аас 94150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор  Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МАНГИЛИК