Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2017/00506/И |
Дугаар | 130/ШШ2017/00601 |
Огноо | 2017-10-03 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 130/ШШ2017/00601
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төрийн байгууллага/даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А/-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, С.Н, хариуцагч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Я.С, гэрч М.Е, Б.М, М.Е, нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.12 дахь хэсэг, Төрийн байгууллага-ын даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 5/36 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, Б.Б- намайг Төрийн байгууллага-ын жүжигчний ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 10 дугаар сард Төрийн байгууллага-т сонгон шалгаруулалтын үндсэн дээр ажилд орж байсан юм. 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А нь намайг үндэслэлгүйгээр хувийн таарамжгүй харьцааны улмаас өс хонзон санаж ажлаас халсанд нь гомдолтой байна. Өөрөөр хэлбэл 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Улсын их хурлын дарга Э Баян-Өлгий аймагт ажиллах хугацаанд ард иргэдтэй уулзалт хийх үеэр миний бие байгууллага-ынхаа ажилчдын өмнөөс даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А гэгч эрхмийн Хөдөлмөрийн тухайн хуулийг уландаа гишгэж, ажилтны эрх ашигт халддаг талаар болон төрийн албаны ёс зүйгүй байдлын талаар үг хэлсэн. Үнэн үг хэлснийхээ төлөө өдий болтол хавчигдан дарамтлуулж эцэст нь ажлаасаа халагдлаа. Миний бие нэг ч удаа ажлын хариуцлага алдаж байгаагүй, халсан гэх шалтгаан нь “Бүтэн сайны өдөр буюу ажлын бус өдөр 1 цагийн бүжгийн бэлтгэл тасалсан” явдал юм. Ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцох зөрчлийг тусгахдаа Хөдөлмөрийн тухай хууль болон Байгууллагын дотоод журмыг зөрчсөн юм. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.12-т “сургуулилт, тоглолт тасалсан” бол ноцтой зөрчилд тооцно гэж заасныг зөвшөөрөхгүй байна. Учир нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын гуравдугаар зүйлийн 3.8 дугаар зүйлийн “б”-д “Ажилтан концерт болон тоглолт тасалсан” бол ноцтой зөрчилд тооцохоор заасан байдаг. Үүнд “сургуулилт” тасалсан гэдгийг ноцтой зөрчилд тооцохоор заагаагүй байхад дотоод журмыг зөрчиж хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь тодорхой харагдаж байна. Нөгөөтээгүүр намайг Наадмын бүжгийн сургуулилалтаас тасалсан гэж ажлаас халсан нь Хөдөлмөрийн гэрээг зөрчиж байна. Яагаад гэвэл би бүжигчин биш мөн бүтэн сайны өдөр ажиллах ёсгүй. Иймээс ажил олгогч надаас хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөр ажлыг хийж гүйцэтгэхийг шаардах эрхгүйгээс гадна амралтын өдөр миний зөвшөөрөлгүй ажиллуулах эрх ч байхгүй юм. Иймд Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.12 дахь хэсэг, Төрийн байгууллага-ын даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 5/36 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Б- намайг Төрийн байгууллага-ын жүжигчний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би 2015 оны 02 дугаар сард Төрийн байгууллага-т шалгалт өгөөд тэнцэж дагалдан жүжигчнээр ажилд орсон. Тэрний дараа нэг жилийн дараа дахин шалгалт өгч үндсэн ажилтнаар орж жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд дуулж, бүжиглэж, хөтлөгч хийдэг хөрвөх чадвартай жүжигчин байсан. 2016 оны 10 дугаар сард Б.А нь тус байгууллага-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож ирсэн. Үүнээс хойш би энэ хүний үл ойлгогдох дарамт, шахалтад орж, ажлын хэвийн байдал алдагдаж эхэлсэн. Захирал Б.Аийн гол алдаа, уран бүтээлчдийн дургүйцлийг хүргэдэг зүйл нь юу вэ гэвэл захирал хүн байгууллага-ын санхүүд илүү анхаарал хандуулах ёстой боловч уран бүтээлчдийн уран бүтээлд оролцдог. 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар намайг Улсын Их баяр наадмын генералный прогон тасалсан учраас ажлын ноцтой зөрчил гаргасан гэж үзээд ажлаас халсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл Захиргааны зөвлөлийн хурал, Уран сайхны зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэн Улсын Их наадмын концертийн хөтөлбөрийг нотлох баримтаар хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн. Уг хөтөлбөрт 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр генералный прогон болно гэж тусгасан. Би 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр генералный прогон таслаагүй. Тухайн өдөр байгууллага-т генералный прогон явагдсан бөгөөд би эхнээсээ эхлээд дуусах хүртэл тэнд байсан. Гэтэл хариуцагчийн хувьд 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Б.Б- байсан байна, 7 дугаар сарын 09-ний өдөр тасалсан байна гээд өөрийнхөө гаргасан шийдвэрээ няцаасан тайлбар гаргаж өгсөн. Хэрвээ 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр генералный прогон тасалсан гэж үзэж байгаа бол наадмын концертийн хөтөлбөрт байх ёстой. 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 10 цагаас 14 цагийн хооронд 4 цагийн генералный прогон тасалсан гэж үзэж байгаа тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл генералный прогон гэдэг нь албан ёсны концерт шиг явагддаг. Өөрөөр хэлбэл хооронд ямар ч завсарлага байхгүй явагдах ёстой. 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 30 минутын л сургуулилт болсон. Генералный прогон гэдэг нь тоглолтын өмнө болох ёстой. Өөрөөр хэлбэл албан ёсны концерт явагдаж байгаа юм шиг явагдах зүйл бөгөөд давталт гэж ярьж болно. 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр генералный прогон болсон гэж үзэхгүй байна. Зөвхөн давталт маягийн зүйл болсон гэж үзэж байгаа. Хүмүүс өглөө 10 цагаас цугларсан мөртлөө 11:30 цаг хүртэл тайз бэлэн болоогүй байсан. Гэтэл хариуцагчийн хувьд намайг 4 цагийн буюу бүхэл бүтэн нэг өдрийн ажил тасалсан гэж үзэж байгаа тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр би ажил таслаагүй. Харин 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр албан ёсны генералный прогон болоогүй. Мөн 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр бүтэн сайн өдөр байсан гэв.
Хариуцагч Төрийн байгууллага-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
1.Тус байгууллага-ын даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ны Б/36 тоот тушаалаар ажилтан Б.Б- нь тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.8-ын б, хөдөлмөрийн гэрээний 6.2.12 дахь хэсэгт заасан ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Ингэхээр Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон хууль зүйн үндэслэл нь тэрээр 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Хүннү гүрэн байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадамд зохион байгуулах арга хэмжээнүүд”-ийн хүрээнд график ёсоор явагдаж байсан сургуулилтын ажлыг 1 өдөр хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан явдал юм. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.8-ын б хэсэгт “ажлын концерт болон тоглолт тасалсан” учраас хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан юм. Ажилтан Б.Б-тай 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцон байгуулж, талууд гарын үсгээ зурсан юм. Тухайн хөдөлмөрийн гэрээний 6.2.12-т “Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцална. Үүнд: Зургаа. Гэрээг дуусгавар болгох, цуцлах, 6.2.12. Хүндэтгэх шалтгаангүй сургуулилт, тоглолт тасалсан бол” гэжээ. Иймээс ажилтан Б.Б- нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтууд болон түүнчлэн хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Б.Б- нь аймгийн наадмын нээлтийн үйл ажиллагаа нь Төв цэнгэлдэх хүрээлэнд 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 08 цагаас 12 цагийн хооронд үргэлжлэх ёстой.
Энэхүү арга хэмжээг бэлтгэл ажлын хүрээнд 2017 оны 7 дугаар сарын 08-ний өдрийн 10 цагаас 14 цагийн хооронд генералный прогон арга хэмжээ явагдах ёстой. Гэтэл Б.Б- нь 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагаас 14 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдах генералный прогон арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй буюу тэр өдөр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан юм.
2.Ажилтан Б.Б- нь тус байгууллагад хөдөлмөрлөх явцад ажил тасалсан хэлбэрээр хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь байгууллагын даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан “Хүннү гүрэн байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, ардын хувьсгалын 96 жилийн баяр наадамд зохион байгуулах арга хэмжээнүүд" гэсэн бичиг баримтаар, тус байгууллага-ын уран сайхны зөвлөлийн 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, Төрийн байгууллага- захиргааны зөвлөлийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд Б.Б-ы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Төрийн байгууллага-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Хариуцагч Б.А би 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 104 тоотоор шүүхэд гаргасан тайлбарт дараах залруулгыг хийж байна.
1.Тус шүүхэд 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 104 тоотоор гаргасан тайлбартаа “...Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон хууль зүйн үндэслэл нь тэрээр 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хүннү гүрэн байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадам зохион байгуулах арга хэмжээнүүд”-ийн хүрээнд график ёсоор явагдаж байсан сургуулилтын ажлыг 1 өдөр хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан явдал юм” гэсэн юм. Дээр дурдсан тайлбарыг “...ажиллагаанд Б.Б- нь 2017 оны 07 дугаар сарын 09-ны өдөр явагдсан “Хүннү гүрэн байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадамд зохион байгуулах арга хэмжээнүүд”-ийн хүрээнд график ёсоор явагдаж байсан генералный прогон буюу сургуулилтын ажлыг 1 өдөр хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ажил таслан" гэж залруулж байна.
2.Тус шүүхэд 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн тайлбартаа “..Энэхүү арга хэмжээг бэлтгэл ажлын хүрээнд 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагаас 14 цагийн хооронд генералный прогон арга хэмжээ явагдах ёстой. Гэтэл Б.Б- нь 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагаас 14 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдах генералный прогон арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй буюу тэр өдөр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан юм” гэсэн юм. Дээр дурдсан тайлбарыг “Энэхүү арга хэмжээг бэлтгэл ажлын хүрээнд 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагаас 14 цагийн хооронд генералный прогон арга хэмжээ явагдах ёстой. Гэтэл Б.Б- нь 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагаас 14 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдах генералный прогон арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй буюу тэр өдөр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан юм” гэж залруулж байна. Ингэхээр ажил олгогчоос ажилтан Б.Б-д сахилгын арга хэмжээ ногдуулсан хууль зүйн үндэслэл нь тэрээр 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагаас 14 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдах генералный прогон арга хэмжээ буюу сургуулилтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан явдал юм. 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр явагдах наадмын бэлтгэл ажлын сургуулилт нь наадмын хүндэтгэлийн концертын бэлтгэл ерөнхий хяналтын арга хэмжээ байсан гэдгийг тодотгож байна. 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн арга хэмжээнд Б.Б- оролцсон юм. Энэхүү арга хэмжээ тус байгууллага-ын ерөнхий найруулагч Б.М найруулсан ба байгууллага-ын хамт олон бүгд очиж тухайн арга хэмжээнд оролцсон юм. Б.Б- тус шүүхэд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ “....Нөгөөтээгүүр ажлын бус амралтын өдөр 1 цагийн бүжгийн сургуулилалт тасалсан маань Хөдөлмөрийн гэрээнд сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохгүй" гэж дурджээ. Эндээс дүгнэж үзэхэд Б.Б- нь тухайн өдөр сургуулилт болно гэдгийг мэдэж байсан ба ажил тасалсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Төрийн байгууллага-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Уран сайны зөвлөл, Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэж нэхэмжлэгч Б.Б-ыг ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл тэдний 100 хувийн саналаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Генералный прогон гэдэг нь ерөнхий хяналт гэсэн үг. Өөрөөр хэлбэл бэлтгэл биш, давталт ч биш тоглолт юм. Үндсэн тоглолт чанартай явагддаг. Үүнийг байгууллага-ын хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд тусгайлан тусгасан байдаг.
Хөдөлмөрийн гэрээний 6.2.12 дахь заалт болон Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмын бусад заалтыг үндэслэж нэхэмжлэгч Б.Б-ыг ажлаас халсан. Хөдөлмөрийн гэрээ тухайн байгууллагын үйл ажиллагаа онцлогт тохирсон, ажилтан, ажил олгогчийн хоорондын харилцааг зохицуулсан чухал бичиг баримт. Миний гаргасан шийдвэр хууль ёсны шийдвэр болсон гэж үзэж байна. 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр, 7 дугаар сарын 09-ний өдрийн хоёуланд нь генералный прогон болсон. Нэхэмжлэгч Б.Б-ы хувьд 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн генералный прогон тасалсан. Би анх шүүхэд гаргасан тайлбартаа 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гэж бичсэнийг залруулсан. Нэхэмжлэгч Б.Б- 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн генералный прогон тасалсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 10-ны Захиргааны зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэн. Нэхэмжлэгч Б.Б- тасалсан гэдгээ өөрөө зөвшөөрч байгаа. Манай байгууллагын онцлог баяр ёслолын үеэр ажилладаг бөгөөд дараа нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нөхөж амардаг.
Тийм учраас манай байгууллага- наадмын дараа 7 дугаар сарын 12-ны өдрөөс эхлээд амарсан. 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ажлын өдөр эхэлж Б.Б-ы асуудлыг хурлаар авч хэлэлцээд хариуцлага тооцсон. Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар Улсын Их наадмын зохион байгуулагч нь байгууллага- байдаг. Уран сайхны удирдаач, ерөнхий найруулагч, ангийн дарга нарт үүрэг болгосон баталсан төлөвлөгөө байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч Б.Б-ы нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Төрийн байгууллага- даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Б.Б-тай Хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай бичгээр байгуулсан байна.
Хариуцагч Төрийн байгууллага- даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 5/36 дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 3.8-ын “б”, 9.5-ын “г” дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 6.2.12 дэх хэсэг, Захиргааны ба уран сайхны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн тус байгууллага-ын жүжигчин Б.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд дараах байдлаар хууль зөрчсөн байна. Үүнд:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасны дагуу Хөдөлмөрийн гэрээний талуудын ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх ёстой.
2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 6.2 хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцална 6.2.2-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр ажил олгогчийн санаачилгаар цуцална” гэсэн боловч гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоогоогүй, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй байна.
Хариуцагч Төрийн байгууллага- даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан “Хүннү гүрэн байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, ардын хувьсгалын 96 жилийн баяр наадамд зохион байгуулах арга хэмжээнүүд”-ийн 3 дугаар баганын тайлбар хэсгийн ерөнхий хяналт гэдэгт 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 10.00-14.00 цаг хүртэл бүх ажилчид хариуцлагатай ажиллах шаардлагатай гэж тусгасан болохоос 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 10.00 цагт бүх ажилчид ерөнхий хяналт /генералный прогон/ аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд болно гэснийг албан ёсоор баталгаажуулан тогтоосон эрхийн акт байхгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч М.Е, Б.М, М.Е нарын мэдүүлгээр 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 10.00 цагт аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд ерөнхий хяналт /генералный прогон/ явагдсан гэх боловч 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд ерөнхий хяналт /генералный прогон/ явагдах товыг нэхэмжлэгч Б.Б-д мэдэгдсэн эсэхийг нотлох баримтуудыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгч чадаагүй болно.
Мөн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 6.2.12-д зааснаар нэхэмжлэгч Б.Б- нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сургуулилалт, тоглолт тасалсан гэснийг, мөн тус байгууллага-ын Хөдөлмөрийн дотоод журмын 3.8-ын “б”-д зааснаар нэхэмжлэгч Б.Б- нь концерт болон тоглолт тасалсан гэснийг тус тус нотлох баримт байхгүй байна.
Төрийн байгууллага- хөдөлмөрийн дотоод журмын журмын 9.3-д “сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, энэ баримтыг үндэслэн зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулсан ба зөрчил гаргасан ажилтан уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасан байхад нэхэмжлэгч Б.Б-д энэ эрхийг нь эдлүүлээгүй, Б.Б-ы гаргасан гэх зөрчлийг шалгаж тогтоосон баримт материал байхгүй болно.
Хариуцагч талаас гаргаж өгсөн тус байгууллага-ын 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “УСЗөвлөлийн хурал”-ын тэмдэглэлд генералный прогон тасалсан Б.Б-д тус байгууллагын дотоод журмын дагуу арга хэмжээ авахаар шийдвэрлэв гэсэн боловч нэхэмжлэгч Б.Б-ы ямар генералый прогоныг хэзээ тасалсныг шалгаж тогтоосныг тэмдэглэлд тодорхой тусгаагүй ба нэхэмжлэгч Б.Б-ыг оролцуулаагүй явдал нь дээрх тус байгууллага-ын дотоод журмыг холбогдох зүйл заалт зөрчигдсөн болохыг нотолж байна.
Мөн тус шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн Ж.Сайгүлик нь 2017 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн “Захиргааны зөвлөлийн хурал”-ын тэмдэглэлийг гараар бичиж хөтөлсөн гэх боловч уг тэмдэглэлийг шүүхэд гаргаж өгөөгүй тул дүгнэлт хийх боломжгүй болно.
Хариуцагч талаас гаргаж өгсөн тус байгууллага-ын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Захиргааны зөвлөлийн хурал”-ын тэмдэглэлд хурлыг удирдсан болон тэмдэглэлийг хөтөлсөн эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зураагүй, тэмдэг дарж баталгаажуулаагүй нь эргэлзээтэй байгаа тул, мөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон генералный прогоны үеэр авахуулсан гэх 2ш гэрэл зураг нь хэн хэзээ бэхжүүлэн авсан эсэх тодорхойгүй эргэлзээтэй байгаа тул зохигч нараас гаргаж өгсөн эдгээр нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
Мөн нэхэмжлэгч Б.Б-ы хувийн байдлыг тодорхойлсон тус байгууллага-ын менежер С.Өлзийтунгалагын тайлбар болон тус байгууллага-ын үйл ажиллагааны талаар УИХ-ын даргын өмнө нэхэмжлэгч Б.Б-ы хэлсэн үгний талаарх СД бичлэг нь энэ хэрэгт хамааралгүй тул тус тус шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.
Иймд нэхэмжлэгч Б.Б- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хариуцагч эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон ноцтой зөрчил гаргасан эсэхийг, мөн нэхэмжлэгч Б.Б-ы хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл гаргаж ноцтой зөрчил гаргасан гэдгийг хариуцагч тал нотолж чадаагүй тул хариуцагчийн Төрийн байгууллага-ын захирлын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 5/36 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-ыг тус байгууллага-ын жүжигчний ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Хариуцагч Төрийн байгууллага- даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А, нэхэмжлэгч Б.Б- нарын байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.12-т заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сургуулилалт, тоглолт тасалсан бол” хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн нөхцөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж болон тус Байгууллага-ын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй, ажилтны эрхийг хязгаарласан, дордуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн гэрээний 6.2.12 дугаар заалтыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Төрийн байгууллага-ын санхүүгээс 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-г тус тус баримтлан Төрийн байгууллага-ын захирлын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 5/36 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал”-ыг хүчингүй болгож, Б.Б-ыг Төрийн байгууллага-ын жүжигчний ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-г баримтлан нэхэмжлэгч Б.Б-ы Хөдөлмөрийн гэрээний 6.2.12-ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Төрийн байгууллага-ын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК