Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/100

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн даргаар         Ч.Энхцэцэг      

           Улсын яллагч                           А.Энхтуяа,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч           М.Гансүх

            Шүүгдэгч                                      У.Ням-Очир нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатарбэйл овогт Уянгын Ням-Очирт холбогдох 2131000970078 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал, зочид буудлын менежер мэргэжилтэй, хил хамгаалаг 0101 дүгээр ангийн хилчин байлдагч, ам бүл 5, ээж, ах, бэр эгч нарын хамт Улаанбаатар хот Хан Уул дүүрэг, 15-р хороо, 79-р байр, 11 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Баатарбэйл овогт Уянгын Ням-Очир, РД:/УП94101672/;

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч У.Ням-Очир нь 2018 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалатад хамаарах делта-9 тетрагнидроканнабинролын агууламж бүхий 0,0389гр, 0.00431гр, 0.0258гр, 0.0321гр, 0.0303гр, 0.0193гр, 0.0230гр, 0.0199гр, найман ширхэг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, улмаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн 0101 дүгээр ангийн хилчин байлдагчаар алба хааж байхдаа өөрийн найз М.Анужингаар өөртөө 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Монгол Шуудан илгээмжээр ирүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч У.Ням-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Ням-Очирын өгсөн: “...2018 онд Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад шавар гэдэг зүйл илэрсэн гэж хэлсэн. Тэгэхэд шавар гэж ийм зүйл байдаг юм байна гэж мэдэж авсан. Миний өгсөн мэдүүлгийг Эрка гэж байцаагч авсан. Надад энэ мэдүүлэг чинь чамайг яланд унагаж байгаа шүү гэж тайлбарлаж өгөөгүй. Тухайн үед дарга хажуунаас үнэнээ хэл гэсэн. Намайг үнэнээ хэл гээд тулгаад доромжилсон тэгээд би үнэнээ хэлсэн...” гэжээ,

2.Шүүгдэгч У.Ням-Очирын  2021 оны 05 дугаар сарын 04-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар  өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хилийн цэргийн 0101 дүгээр хилчин байлдагчаар алба хаахаар ирсэн. Тэгээд 2021 оны 03 дугаар 22-ны өдөр шуудан ирсэн юм. Тэгээд заставын дарга ахлах дэслэгч Э.Адьяа дуудсан “шуудан ирлээ” гээд дуудсан. Тэгээд би очиход “чиний нэрээр ирсэн шуудангаас ийм үл мэдэгдэх зүйл ирлээ, энэ юу юм бэ” гэж асуухад “би мэдэхгүй байна” гэсэн тухайн үед Э.Адьяа. Г Төмөр, Цогжавхлан, Бямбасүрэн нар байсан. Тэгээд нэг нь “шавар байна” гэж хэлсэн. Тэгээд л цагдаагийн газарт шалгагдсан байгаа. Манай хуучин найз охин М.Анужингаас салаад цэрэгт татагдаад ирсэн юм. Тэгээд 2020 оны 11 дүгээр сард М.Анужинтай дэслэгч Цэнгүүний утсаар холбогдож ярьсан. Сүүлд бас 2021 оны 03 дугаар 14, 15 -ны өдөр Анужинтай холбогдоход Анужин “манай гэрт байгаа чиний хувцаснуудыг яах вэ” гэхээр би “карманд нь байгаа юмнуудыг явуулчих, хувцсыг нь бол хэрэггүй, шүдний оо шоколад зэрэг явуулчих” гэсэн. Тэгтэл 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр миний нэрээр шуудан ирсэн. Тэр шууданд Шүдний оо, захиа, Анужин бид 2-н хамт авхуулсан зураг, Киткат, сникерс. шүдний утас, шүдний оо doublement нэртэй бохины хайрцагны хажуу талд жижиг цаасан дээр байсан. ...2018 онд Энхтүвшин, Баярсайхан, Энх-Уужим, би бас 2 охин бид хэд манай эгч Урангоогийн гэрт архи ууж байсан. Тэгтэл манай эгчийн хадам аав, ээж нь гэрт нь орж ирээд “эзэнгүй айлд архи дарс уулаа” гэж хэлээд цагдаа дуудаад “наадуул чинь хар тамхи татсан байж магадгүй” гэж хэлээд Хан-уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очоод бүгдээс нь хар тамхины шинжилгээ авсан тэгтэл. Энх-Уужимаас хар тамхи хэрэглэсэн гэж авч үлдээгээд бид нарыг явуулсан.  ...Цаашид мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 81 дүгээр хуудас/,

3.Гэрч Б.Уянга 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны зун би Сингапур улсад байхад манай хүү над руу залгаад “ээжээ хүүгээ уучлаарай, битгий санаа зовоорой.  Тань руу цагдаагаас залгаж магадгүй” гэж хэлсэн. Тэрний дараа “ХУД-н цагдаагаас ярьж байна” гээд надтай нэг мөрдөгч холбогдоод “та хаана байна ирж мэдүүлэг өгөх шаардлагатай” гэж хэлсэн. Тэгээд би монголд очиж уулзсан. ...Монголоос Солонгос яваад буцаж ирээд энэ хооронд сүрхий найзлаад байгаа зүйл байхгүй 10 жилийнх нь найзууд байгаа байх Орчлон сургуулийг төгссөн найзуудынх нь нэрийг сайн мэдэхгүй байна. Би өөрөө тусдаа амьдардаг учраас ...Сүүлийн үед цэрэгт явахаасаа өмнө Анужин гээд нэг охинтой үерхдэг байсан. Нэг 2 удаа харж байсан. Хөөрхөн охин байсан “миний хүү суу” гэж хэлж байсан. Хоёр хүүхэдтэй гэж надад хэлж байсан, хаана юу хийдэг талаар нь мэдэхгүй байна. Би ажилд ороод анхны цалингаараа бэлэг өгнө гэж байсан. ...Би Монгол шуудангаар 2 удаа илгээмж явуулсан. Надад ааруул, гутлын тос, сойтог, үдээс, шүдний утас, гар нүүрийн алчуур гэх зэрэг зүйлс явуулсан. Дараа нь цаг зүүх эрхээр шагнуулсан гээд би цаг явуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

4.Гэрч М.Анужин 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би яг хэзээ, манай гэрт орж үлдээсэн үү, эсхүл  машинд үлдээсэн үү, би өөрөө өмсөөд гарсан уу гэдгийг санахгүй, мэдэхгүй байна. Хар өнгийн малгатай урд тал нь битүү, 2 талаасаа нийлсэн халаастай цамц байсан. Халаасанд нь 2 боодол бохь, асаагуур, задгай 500 гаран төгрөг байсан. ...Цэрэгт явснаасаа хойш над руу 2021 оны 3 сарын ихээр нэг дугаараас залгаад “сайн уу” гээд ярьсан. Би тэгэхээр нь “манайд байгаа хувцсыг чинь яах юм” гээд асуусан “байлгаж бай хө” гээд “цамцан дотор байгаа юмнуудыг явуулчих” гээд надад хэлсэн. Нэмээд “00 зэрэг хийчих, надтай хамт авхуулсан зургаа бас явуулчих” гээд би “за” гээд орхисон. Би 2021 оны 03 сарын дундуур У.Ням-Очирт захиа бичээд 2 зураг хавсаргаад амттан шоколаднууд, шүдний 00, шүдний утас, ченж эссэ 5-6 хайрцаг явуулсан. Асаагуур мөн явуулсан. Цамцных нь халаасанд байсан бохийг нь явуулсан өөр зүйл явуулаагүй  ...Цэрэгт яваад тангараг өргөхөөсөө өмнө хаад нэг удаа утсаар ярьдаг байсан. Хэний утсаар ярьж байгаа юм гээд би асуудаггүй байсан. Дугаарыг нь мэдэхгүй 1 минут хүрэхгүй л ярьдаг байсан.  Тэрнээс хойш яриагүй байж байгаад 2021 оны 03 сард нэг удаа ярьсан. Тэрнээс хойш яриагүй. ...Би найзуудыг нь мэднэ. Найзууд дунд нь Энх-Уужим гээд бармен хийдэг залуу байдаг. Одоо хаана юу хийдэг талаар нь мэдэхгүй. Ням-Очиртой дотно найз биш, зүгээр танил байх салснаасаа хойш найз нөхөдтэй нь ч харьцахаа байсан өмнө нь ч нээх их харьцаж байгаагүй. Утасны дугаарыг мэдэхгүй ....хар тамхи хэрэглэдэг гэдгийг мэдэхгүй байна хэрэглэдэггүй гэж бодож байна миний нүдэн дээр хэрэглэж байгаагүй нүднээс далд яадаг гэдгийг мэдэхгүй байна.Хар тамхи хэрэглэдэггүй байх гэж бодож байна архийг бол их уудаг байсан. Архи уухгүй бол их сайн залуу байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас/,

5.Гэрч Б.Энх-Уужимын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 онд бааранд танилцаж байсан ба 2019 онийг хүртэл найзалж байгаад харьцахаа больсон. ...Анужинг танихгүй, харин У.Ням-Очиртой 2019 оны өвөл шиг санаж байна манай ажил дээр ирээд хоол идэж байсан. Би Хан-Уул дүүргийн 11-р хороо Рома таунд байрлах Хинт лоужинд бартендер хийж байсан одоог хүртэл ажлаа хийж байна. ..Би У.Ням-Очирт хар тамхи худалдаж, өгч байгаагүй. 2018 оны хэдэн сарыг сайн санахгүй байна, ажлаа тараад гадуур байж байх үед шөнийн 2 цагийн үед У.Ням-Очир залгаад “хоол захиалсан захиалгын хоол ирэхгүй байна, чи нүхтэд хоол авчраад өгөөч” гэж хэлээд Нүхтийн амны ойролцоо KFC үүдэнд нь аваачиж өгсөн. Тухайн үед намайг “ороод ир” гэж хэлэхээр нь үүднээс хоолыг нь өгөөд буцсан.  Хэн хэн байсан талаар би мэдэхгүй байна. Намайг хоол хүргэж өгөөд явах үед цагдаагаас хүн ирээгүй байсан...”  гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

6.Гэрч Ж.Санчирын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 10 цагт Монгол шуудангаар ирсэн илгээмжийг ангийн жижүүрт үүрэг гүйцэтгэж байсан Ц.Цогжавхлан хүлээн авч Хилийн 0101 дүгээр ангийн бэлтгэл заставын дарга Э.Адъяад хүлээлгэн өгсөн ба Адъяа тухайн илгээмжийг хүлээн авах ёстой 2020 оны 2 дугаар ээлжийн цэрэг У.Ням-Очирт өгөхөөр дуудуулж, байгууллагын дотоод журмын дагуу үзлэг шалгалт хийсэн. Үзлэгийн явцад ‘Duablemant’ гэх бохины хайрцагт 5 ширхэг бохь /мөнгөлөг цаасанд ороосон / байсан ба тус бохинуудыг хайрцагнаас нь гаргахад нэг нь бусдаасаа хэлбэр хэмжээний хувьд муу байсан ба бохинуудыг задалж үзэхэд бохины оронд хар өнгийн зүйл хийсэн байсан. Дээрх сэжигтэй зүйлийг надад мэдэгдсэнээр би харьяалах даргадаа мэдэгдэж улмаар Хил хамгаалах Ерөнхий газарт тус мэдээ очиж цагдаагийн байгууллагад шалгуулахаар болоод байна. ...Тодруулж асуусан 2018 оноос хойш манай гэрт тухайн зүйл байсан гэж байна. Ямар учиртай юм гэтэл тус хар тамхи сэтгэцэд нөлөөт бодисоос болж 2 найз нь ял авсан гэж байсан. Тэгээд салсан найз охин гэх Анужин нь тус цэрэгтэй утсаар ярихдаа ’”Гэрт байгаа чиний зүйлсийг гаргаж хаях гээд байна гэхэд нь над руу явуулчих’’ гэж хэлээд тухайн зүйлийг монгол шуудангийн илгээмжид хийлгэсэн байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38 дугаар хуудас/,

7.Гэрч Б.Бямбасүрэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 22 -ны өдөр Заставын дарга, ахлах дэслэгч Адьяа сургалт хугацаат цэргийн алба хаагч нарт сургалт орж байсан. Тэгтэл байлдагч Ням-Очирт Улаанбаатар хотоос Анужингаас илгээмж ирсэн гэж хэлсэн. Ангийн жижүүр, ахлах дэслэгч Цогжавхлан илгээмжийг заставын өрөөнд оруулж ирээд гарсан. Тухайн илгээмжийг заставын дарга, ахлах дэслэгч Адъяа, сэтгэл зүйч офицер ахлах дэслэгч Төмөр, байлдагч Ням-Очир миний бие 4 хамт задалсан. Дотоод журамд заасны дагуу гаднаас ирж байгаа илгээмж болон эргэлтийн эд зүйлсэд үзлэг хийж нэвтрүүлэх ёстой байдаг юм. Тухайн илгээмж нь бор шаргал цаасан өнгийн жижигхэн цаасан хайрцаг байсан .Тухайн илгээмжийг заставын дарга Адъяа задалтал сникерс , шүдний 00 , шүдний утас , кит кат , 4-5 хайрцаг Chenge Esse тамхи , мөн гадуураа ногоон өнгийн’’sperment’’ гэсэн бичигтэй хавтгай бохь байсан .Тухайн илгээмжинд байсан бохьг заставын дарга , ахлах дэслэгч Адъяа задалж үзхэд бохины цааснаас 5-6 ширхэг ойролцоогооор хумсны тольны 3-ны 1- тэй тэнцэх хэмжээтэй бор хүрэн өнгийн нимгэн сонин зүйл гарч ирсэн.Тухайн зүйл нь муухай үнэртэй зүйл байсан бөгөөд заставын дарга дээшээ штабд мэдэгдэхэд штабаас Цагдаагийн газарт мэдэгдэх чиглэл өгсөн . Тухайн зүйлийг асуухад байлдагч Ням-Очир “шавар” гэх зүйл гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40 дүгээр хуудас/,

8.Гэрч Г.Төмөрийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хилийн 0101 дүгээр цэргийн ангид 2019 оны 10 дугаар  сараас эхлэн томилогдон бэлтгэл заставын сэтгэл зүйч мэдээлэл соёл сурталчилгаа  эрхэлсэн орлогч албан тушаалд ажиллаж байна. 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10-11 цагийн орчим би хугацаат цэргийн алба хаагчдад сургалт явуулж байсан. Сургалт орж байтал сургалтын тасгийн ахлах, ахлах дэслэгч цолтой Цогжавхлан орж ирээд ‘’байлдагч Ням-Очирт илгээмж ирсэн байна’’ гэж хэлсэн.Тэгээд Ням-Очирт ирсэн илгээмжийг заставын дарга, ахлах дэслэгч Э.Адъяагийн өрөөнд Ням-Очирыг хажууд нь байцуулан задалсан. Тухайн хажууд нь миний бие болон заставын дарга ахлах дэслэгч Адъяа, жагсаалын дарга ахлах ахлагч Бямбасүрэн нарын хамт задалж үзлэг шалгалт хийсэн. Манай дотоод журамд заасны дагуу цэрэг нарт ирсэн илгээмжинд үзлэг хийх ёстой байдаг юм. Тэгээд Ням-Очирын илгээмж нь бор шаргал өнгийн жижиг цаасан хайрцаг байсан. Заставын дарга ахлах дэслэгч Адъяа илгээмжийг задапж үзхэд дотроос нь 4 орчим хайрцаг CHENGE ESSE  Тамхи,шүдний утас , шүдний 00, сникерс чихэр, кит кат, тэгээд ногоон өнгийн хавтгай байсан. Тухайн ногоон цаастай хавтгай бохийг заставын дарга Адъяа задалтал дотроос нь тугалган цаасан дотор бохины 2 талын үзүүрийн эрмэг дээр тавьж гадуурх тугалган цаасанд ороосон сонин зүйл гарч ирсэн. Тухайн зүйл нь хумсны толины 3-ны 1-тэй тэнцэх хэмжээний сонин зүйл байсан. Тэр зүйл нь 5-6 орчим ширхэгтэй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40 дүгээр хуудас/,

9.Гэрч Т.Бадрал 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн хоёр шуудан нь цаасан хайрцагтай жижиг хэмжээний илгээмж байсан. У.Ням-Очир, Ө.Бадрал гэсэн хоёр хүнд хаягтай шуудан байсан. У.Ням-Очир гэх хүнд хаяглагдсан шуудан нь 900 гр орчим байсан. Тухайн шууданг би 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 10 цаг 00 минутад ажлаасаа авч гараад 10 цаг 30 минутад хилийн цэргийн 0101 дүгээр энгийн ажилтан алба хаагч Цогжавхлан гэх хүнд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44 дүгээр хуудас/,

10.Гэрч Ц.Мөнхтөрийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид 2-н дунд хар тамхитай холбоотой ямар ч яриа гарч байгаагүй. Найз охин гээд нэг зураг харуулж байсан. Өөр зүйл ярьж байгаагүй. Надад 3 удаа илгээмж ирсэн. Алба хаагчдад ирсэн илгээмжийг цэргийн алба байгууллагын дарга удирдлагаас нэг бүрчлэн шалгаж оруулдаг байгаа. У.Ням-Очирт хэчнээн удаа ирсэн талаар бол сайн мэдэхгүй байна ямар ч байсан 1, 2 удаа ирж байсан. Яг юу, юу ирж байсан талаар бол мэдэхгүй байна. Ер нь бол алба хаагчид ирсэн зүйлсээ хуваагаад хэрэглэдэг байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 46 дугаар хуудас/,

11.Гэрч Б.Батзоригийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Зан ааш нь бол даруу төлөв зантай, хүнтэй бол их соёлтой харьцдаг. Дарга удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг бол цаг тухайд нь биелүүлдэг тийм л хүн байгаа. Урьд Солонгос улсад сурангаа ажиллаж байгаад ирсэн гэж ярьж байсан. У.Ням-Очир дээрээ нэг ахтай гэж ярьж байсан. Бид хоёрын дунд хар тамхитай холбоотой ямар ч яриа өрнөж байгаагүй. Анх цэргүүд цуглаад өөрсдийгөө танилцуулж байхад өөрийгөө найз охинтой гэж танилцуулж байсан. Надад 2 удаа илгээмж ирсэн. Алба хаагчдад ирсэн илгээмжийг цэргийн анги байгууллагын дарга удирдлагаас шалгаж оруулж байгаа. У.Ням-Очирт миний мэдэхээр 3 удаа илгээмж ирсэн “Ээжээс ирлээ” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48 дугаар хуудас/,

12. Монгол Улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1848 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.4.5.6. шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шавар мэт зүйл делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-н “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

3.4 Уг асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй... гэх дүгнэлт, /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

13. Монгол Улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1849 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. У.Ням-Очирын цусны дээж нь” гэж хаягласан цаасан дугтуйтай ЗК0353484 дугаартай хуруу шилтэй цуснаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй... гэх дүгнэлт, /хх-ийн 59 дүгээр хуудас/,

14.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 02 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 04 дүгээр хуудас/,   эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-09 дүгээр хуудас/, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 75-77 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 85 дугаар хуудас/, зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 86 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 108-110 дугаар хуудас/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн нөхцөл байдлын талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна  гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.Ням-Очир нь 2018 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалатад хамаарах делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 0,0389гр, 0.00431гр, 0.0258гр, 0.0321гр, 0.0303гр, 0.0193гр, 0.0230гр, 0.0199гр бүхий  найман ширхэг мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, улмаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн 0101 дүгээр ангийн хилчин байлдагчаар алба хааж байхдаа өөрийн найз М.Анужингаар 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Монгол Шуудан илгээмжээр өөртөө ирүүлсэн буюу хориглосон мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалахх зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Ням-Очирын өгсөн: “...2018 онд Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад шавар гэдэг зүйл илэрсэн гэж хэлсэн. Тэгэхэд шавар гэж ийм зүйл байдаг юм байна гэж мэдэж авсан. Миний өгсөн мэдүүлгийг Эрка гэж байцаагч авсан. Надад энэ мэдүүлэг чинь чамайг яланд унагаж байгаа шүү гэж тайлбарлаж өгөөгүй. Тухайн үед дарга хажуунаас үнэнээ хэл гэсэн. Намайг үнэнээ хэл гээд тулгаад доромжилсон тэгээд би үнэнээ хэлсэн...” гэснээр,

Шүүгдэгч У.Ням-Очирын  2021 оны 05 дугаар сарын 04-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар  өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хилийн цэргийн 0101 дүгээр хилчин байлдагчаар алба хаахаар ирсэн. 2021 оны 03 дугаар 22-ны өдөр шуудан ирсэн юм. Заставын дарга ахлах дэслэгч Э.Адьяа дуудсан “шуудан ирлээ” гээд дуудсан. Би очиход “чиний нэрээр ирсэн шуудангаас ийм үл мэдэгдэх зүйл ирлээ, энэ юу юм бэ” гэж асуухад “би мэдэхгүй байна” гэсэн тухайн үед Э.Адьяа. Г Төмөр, Цогжавхлан, Бямбасүрэн нар байсан. Тэгээд нэг нь “шавар байна” гэж хэлсэн. Тэгээд л цагдаагийн газарт шалгагдсан байгаа.  ...2020 оны 11 дүгээр сард М.Анужинтай дэслэгч Цэнгүүний утсаар холбогдож ярьсан. Сүүлд бас 2021 оны 03 дугаар 14, 15 -ны өдөр Анужинтай холбогдоход Анужин “манай гэрт байгаа чиний хувцаснуудыг яах вэ” гэхээр би “карманд нь байгаа юмнуудыг явуулчих, хувцсыг нь бол хэрэггүй, шүдний оо шоколад зэрэг явуулчих” гэсэн. Тэгтэл 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр миний нэрээр шуудан ирсэн. Тэр шууданд Шүдний оо, захиа, Анужин бид 2-н хамт авахуулсан зураг, Киткат, сникерс. шүдний утас, шүдний оо doublement нэртэй бохины хайрцагны хажуу талд жижиг цаасан дээр байсан. ...2018 онд Энхтүвшин, Баярсайхан, Энх-Уужим, би бас 2 охин бид хэд манай эгч Урангоогийн гэрт архи ууж байсан. Тэгтэл манай эгчийн хадам аав, ээж нь гэрт нь орж ирээд “эзэнгүй айлд архи дарс уулаа” гэж хэлээд цагдаа дуудаад “наадуул чинь хар тамхи татсан байж магадгүй” гэж хэлээд Хан-уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очоод бүгдээс нь хар тамхины шинжилгээ авсан тэгтэл. Энх-Уужимаас хар тамхи хэрэглэсэн гэж авч үлдээгээд бид нарыг явуулсан.  ...Цаашид мэдүүлэг өгөхгүй...” гэснээр,  

Гэрч Б.Уянга 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны зун би Сингапур улсад байхад манай хүү над руу залгаад “ээжээ хүүгээ уучлаарай, битгий санаа зовоорой.  Тань руу цагдаагаас залгаж магадгүй” гэж хэлсэн. Тэрний дараа “ХУД-н цагдаагаас ярьж байна” гээд надтай нэг мөрдөгч холбогдоод “та хаана байна ирж мэдүүлэг өгөх шаардлагатай” гэж хэлсэн. Тэгээд би монголд очиж уулзсан...” гэснээр,  

Гэрч М.Анужин 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хар өнгийн малгатай урд тал нь битүү, 2 талаасаа нийлсэн халаастай цамц байсан. Халаасанд нь 2 боодол бохь, асаагуур, задгай 500 гаран төгрөг байсан. ...Цэрэгт явснаасаа хойш над руу 2021 оны 3 сарын ихээр нэг дугаараас залгаад “сайн уу” гээд ярьсан. Би тэгэхээр нь “манайд байгаа хувцсыг чинь яах юм” гээд асуусан “байлгаж бай хө” гээд “цамцан дотор байгаа юмнуудыг явуулчих” гээд надад хэлсэн. Нэмээд “00-ын цаас зэрэг хийчих, надтай хамт авхуулсан зургаа бас явуулчих” гээд би “за” гээд орхисон. Би 2021 оны 03 сарын дундуур У.Ням-Очирт захиа бичээд 2 зураг хавсаргаад амттан шоколаднууд, шүдний 00, шүдний утас, ченж эссэ 5-6 хайрцаг явуулсан. Асаагуур мөн явуулсан. Цамцных нь халаасанд байсан бохийг нь явуулсан өөр зүйл явуулаагүй ...” гэснээр,

Гэрч Ж.Санчирын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...ирсэн илгээмжийн талаар Ням-Очироос тодруулж асуусан 2018 оноос хойш манай гэрт тухайн зүйл байсан гэж байна. Ямар учиртай юм гэтэл тус хар тамхи сэтгэцэд нөлөөт бодисоос болж 2 найз нь ял авсан гэж байсан. Тэгээд салсан найз охин гэх Анужин нь тус цэрэгтэй утсаар ярихдаа “Гэрт байгаа чиний зүйлсийг гаргаж хаях гээд байна гэхэд нь над руу явуулчих’’ гэж хэлээд тухайн зүйлийг монгол шуудангийн илгээмжид хийлгэсэн байгаа юм...” гэснээр,

Гэрч Б.Бямбасүрэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 22 -ны өдөр Заставын дарга, ахлах дэслэгч Адьяа сургалт хугацаат цэргийн алба хаагч нарт сургалт орж байсан. Тэгтэл байлдагч Ням-Очирт Улаанбаатар хотоос Анужингаас илгээмж ирсэн гэж хэлсэн. Ангийн жижүүр, ахлах дэслэгч Цогжавхлан илгээмжийг заставын өрөөнд оруулж ирээд гарсан. Тухайн илгээмжийг заставын дарга, ахлах дэслэгч Адъяа, сэтгэл зүйч офицер ахлах дэслэгч Төмөр, байлдагч Ням-Очир миний бие 4 хамт задалсан. Дотоод журамд заасны дагуу гаднаас ирж байгаа илгээмж болон эргэлтийн эд зүйлсэд үзлэг хийж нэвтрүүлэх ёстой байдаг юм. Тухайн илгээмж нь бор шаргал цаасан өнгийн жижигхэн цаасан хайрцаг байсан .Тухайн илгээмжийг заставын дарга Адъяа задалтал сникерс , шүдний 00 , шүдний утас, кит кат, 4-5 хайрцаг Chenge Esse тамхи , мөн гадуураа ногоон өнгийн “sperment’’ гэсэн бичигтэй хавтгай бохь байсан. Тухайн илгээмжид байсан бохийг заставын дарга , ахлах дэслэгч Адъяа задалж үзэхэд бохины цааснаас 5-6 ширхэг ойролцоогооор хумсны толины 3-ны 1- тэй тэнцэх хэмжээтэй бор хүрэн өнгийн нимгэн сонин зүйл гарч ирсэн.Тухайн зүйл нь муухай үнэртэй зүйл байсан бөгөөд заставын дарга дээшээ штабд мэдэгдэхэд штабаас Цагдаагийн газарт мэдэгдэх чиглэл өгсөн. Тухайн зүйлийг асуухад байлдагч Ням-Очир “шавар” гэх зүйл гэж хэлсэн...” гэснээр,

Гэрч Г.Төмөрийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хилийн 0101 дүгээр цэргийн ангид 2019 оны 10 дугаар  сараас эхлэн томилогдон бэлтгэл заставын сэтгэл зүйч мэдээлэл соёл сурталчилгаа  эрхэлсэн орлогч албан тушаалд ажиллаж байна. 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10-11 цагийн орчим би хугацаат цэргийн алба хаагчдад сургалт явуулж байсан. Сургалт орж байтал сургалтын тасгийн ахлах, ахлах дэслэгч цолтой Цогжавхлан орж ирээд ‘’байлдагч Ням-Очирт илгээмж ирсэн байна’’ гэж хэлсэн.Тэгээд Ням-Очирт ирсэн илгээмжийг заставын дарга, ахлах дэслэгч Э.Адъяагийн өрөөнд Ням-Очирыг хажууд нь байцуулан задалсан. Тухайн хажууд нь миний бие болон заставын дарга ахлах дэслэгч Адъяа, жагсаалын дарга ахлах ахлагч Бямбасүрэн нарын хамт задалж үзлэг шалгалт хийсэн. Манай дотоод журамд заасны дагуу цэрэг нарт ирсэн илгээмжинд үзлэг хийх ёстой байдаг юм. ... ногоон цаастай хавтгай бохийг заставын дарга Адъяа задалтал дотроос нь тугалган цаасан дотор бохины 2 талын үзүүрийн эрмэг дээр тавьж гадуурх тугалган цаасанд ороосон сонин зүйл гарч ирсэн. Тухайн зүйл нь хумсны толины 3-ны 1-тэй тэнцэх хэмжээний сонин зүйл байсан. Тэр зүйл нь 5-6 орчим ширхэгтэй байсан...” гэснээр,

Гэрч Т.Бадралын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Тухайн шууданг би 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 10 цаг 00 минутад ажлаасаа авч гараад 10 цаг 30 минутад хилийн цэргийн 0101 дүгээр энгийн ажилтан алба хаагч Цогжавхлан гэх хүнд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан...” гэснээр,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1848 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.4.5.6. шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шавар мэт зүйлээс  делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-н “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

3.4 Уг асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт, хэрэгт ач холбогдолтой 2018 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалатад хамаарах делта-9 тетрагнидроканнабинролын агууламж бүхий 0,0389гр, 0.00431гр, 0.0258гр, 0.0321гр, 0.0303гр, 0.0193гр, 0.0230гр, 0.0199гр  найман ширхэг зүйлийг хүлээн авч, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тухай мөрдөгчийн тогтоол зэрэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас энэ  хуулийн тусгай ангид заасан хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсны дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас У.Ням-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай агийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна

 Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.Ням-Очир нь 2018 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалатад хамаарах делта-9 тетрагнидроканнабинролын агууламж бүхий 0,0389гр, 0.00431гр, 0.0258гр, 0.0321гр, 0.0303гр, 0.0193гр, 0.0230гр, 0.0199гр  найман ширхэг хуулиар хориглосон, сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрийн өмсөж байсан хувцасныхаа халаасанд хадгалж,   хадгалж байсан мансууруулах бодисоо найз М.Анужинаар шуудангийн илгээмжээр явуулж өөртөө авахыг хүсэж, түүнд хэлээд өөрийн цэргийн алба хааж буй 0101 дугаар цэргийн ангийн хаягаар Монгол шуудангийн илгээмжээр хүргүүлсэн болох нь шүүгдэгч У.Ням-Очир шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн илгээмжээр ирсэн зүйлийг “Шавар байна” гэж сэтгэцэт нөлөөт бодисыг таньж хэлсэн, Энх-Уужимаас “Шавар” гэх зүйлийг авсан, түүнийгээ халаасандаа хадгалж байснаа М.Анужинтай утсаар яриад илгээмжээр явуулчих гэж хэлсэн тухай хэлж мэдүүлснээр, М.Анужин гэрчээр мэдүүлэг өгөхдөө У.Ням-Очир хувцасныхаа халаасанд байгаа зүйлийг илгээмжээр явуулчих гэж хэлсэн. Хувцасных нь халаасанд нь 2 боодол бохь, асаагуур, задгай 500 гаран төгрөг байсан дээр нэмж эд зүйл аваад хамт илгээмжээр У.Ням-Очирт явуулсан тухай хэлж мэдүүлснээр, илгээмжээр ирсэн зүйлийг У.Ням-Очирыг байлцуулан задалж үзэхэд сэтгэцэт нөлөөт бодис гарч ирсэн талаар мэдүүлсэн Ж.Санчир, Б.Бямбасүрэн, Г.Төмөр нарын мэдүүлэг, илгээмжийг хүргэж өгсөн Т.Бадралын мэдүүлэг, хориглосон сэтгэцэт нөлөөт мансууруулах бодис мөн болохыг тодорхойлсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1848 дугаартай дүгнэлт зэргээр үйл баримтыг хангалтай тогтоож чадсан, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлууд нотлогдсон гэж үзэж шүүгдэгч У.Ням-Очирыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэм буруутайд тооцож,  мөн зүйл хэсгээр Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.  

Шүүгдэгч У.Ням-Очир нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүйг дурьдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч У.Ням-Очир нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь Нийгмийн аюулын шинж чанар, хор хөнөөлтэй бөгөөд мансууруулах буюу сэтгэцэд  нөлөөт бодис нь олон нийтийн эрүүл мэнд, нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир тухайн төрлийн сэтгэцэд нөлөөт бодис, эм бэлдмэлийг хууль бусаар олж авч, хадгалахад чиглэсэн үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын гэмт хэргийн төрөлд хамаатуулан үндэсний хууль тогтоомж болон Олон улсын конвенц-д заасан байдаг.

Иймд шүүх тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн төрлийн бодисын хамрах хүрээ, хор уршиг, үр дагавар ихтэй байдал, хүүхэд залуучуудын дунд хэрэглээ ихэссэн, мөн удмын санд нөлөөлж, үндэстэн мөхөөх аюултай зэргийг харгалзан үзээд шүүгдэгч У.Ням-Очирт хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.   

2021 оны  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан........Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл/,  ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино”  гэж заажээ.

Мөн хуулийн 12.14 дүгээр зүйлд заасан “Энэ хуулийн ерөнхий ангийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна...” гэж заасан бөгөөд шүүгдэгч У.Ням-Очирын оршин суух тодорхой хаяг одоогоор тодорхойгүй байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч У.Ням-Очирын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, энэ өдрөөс эхлэн шүүгдэгч У.Ням-Очир цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр тогтов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн кит кат шоколад 3 ширхэг, эссэ тамхи 4 ширхэг, шүд цэвэрлэгч утас 2 хайрцаг, сникерс шоколад 1 ширхэг, захидал 1 ширхэг, фото зураг 2 ширхэг зэргийг У.Ням-Очирт олгож, гялгар уутанд боосон 0,0389гр, 0.00431гр, 0.0258гр, 0.0321гр, 0.0303гр, 0.0193гр, 0.0230гр, 0.0199гр  8 ширхэг НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарах дельта-9 тетрагидроканнабинол агууламж бүхий бодисыг устгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Баатарбэйл овогт Уянгын Ням-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг    худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Баатарбэйл овогт Уянгын Ням-Очирыг 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ням-Очирт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч У.Ням-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

5. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн кит кат шоколад 3 ширхэг, эссэ тамхи 4 ширхэг, шүд цэвэрлэгч утас 2 ширхэг, сникерс шоколад 1 ширхэг, захидал 1 ширхэг, фото зураг 2 ширхэг зэргийг У.Ням-Очирт буцаан олгож, гялгар уутанд боосон 0,0389гр, 0.00431гр, 0.0258гр, 0.0321гр, 0.0303гр, 0.0193гр, 0.0230гр, 0.0199гр  8 ширхэг НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарах дельта-9 тетрагидроканнабинолын  агууламж бүхий бодисыг устгасугай.

6.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч У.Ням-Очир нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ