Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2285

 

2017 оны 08 сарын 23 өдөр

      Дугаар 102/ШШ2017/02285

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 13В-98 тоотод оршин суух, Тайж овогт Ренчиндаваагийн Эрхэмбаяр /РД:иц77080270/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 68 дугаар байр, 26 тоотод оршин суух, Боржигон овогт Батсайханы Аззаяа /РД:чк76050487/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,975,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Раднаабазар, хариуцагч Б.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Эрхэмбаяр миний бие нь УНЛ 18-93 улсын дугаартай “Мицубиши Делика” маркийн автомашин, УНВ 04-43 улсын дугаартай “Мицүбиши Делика” маркийн автомашиныг эзэмшдэг болно. 2013 оноос хойш “Тэди” дээр утас зардаг, өмнө нь эхнэрийн хөрш байсан н.Мөнгөн-Илд гэдэг залуугаас эхнэр бид 2 өөрсдийн хэрэглээнд гар утас худалдан авдаг байсан. 2016 оны 02 дугаар сарын эхээр н.Мөнгөн-Илдээс гар утас худалдан авах үед би танайх шиг гэр бүлийн машин худалдан авмаар байна танай машиныг үзэж болох уу гэж гэхээр нь машинаа үзүүлсэн. Орой нь түүний эхнэр болох Б.Аззаяа эхнэр рүү утсаар залгаж машиныг чинь үзмээр гэхээр нь эхнэр бид 2 Баянгол дүүргийн Богд Арын 1А байрны гадаа очиж машинаа дахин үзүүлсэн. Тэр үед Б.Аззаяа нь яагаад машинаа зарах гэж байгаа тухай асуухаар нь байрны лизинд хамрагдахын тулд хугацаатай хадгаламжинд мөнгөө хуримтлуулах гэж байгаагаа хэлсэн. Тэгтэл Б.Аззаяа би та хоёрыг “Голомт” банкинд ажилладаг таньдаг эдийн засагчтайгаа яриад байрны лизинд хамруулж өгье гэж хэлсэн. Мөн тэр үед Оросын Улан-Үдэ хотод Делика автомашины сэлбэг хямд байдаг тухай бидэнд ярьж хамт явахаар тохиролцож салсан. Б.Аззаяа түүний нөхөр н.Мөнгөн-Илд нар нь Оросын Улаан Үдэ хот руу хилээр автомашинаар нэвтрэхэд машин нь өөрийн эзэмшлийн нэр дээр байхгүй бол болдоггүй учир машинаа Б.Аззаяагийн нэр рүү шилжүүлэх хэрэгтэй байна гэхээр нь тэдэнд итгэн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр автотээврийн газар худалдан худалдан авах гэрээгүйгээр нэр дээр нь шилжүүлж 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр явахаар тохирсон. Тухайн өдөр залгахад нь утас нь холбогдохгүй байсан. Үүнээс хойш 2016 оны 02 дугаар сарын 23-нд холбогдож Улаан Үдэ явах боломжгүй болсон машинаа буцаан авмаар байна гэхэд нэгэнт шилжүүлчихсэн юм чинь би явдгаараа яваад ирье. Хэрвээ итгэхгүй байгаа бол зээлийн гэрээ хийе, би та хоёрыг байрны лизинд ч хамруулж өгнө хэмээн итгэл үнэмшил төрүүлэн өөрийн таньдаг нотриат дээрээ дагуулан очиж зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны маргааш нь Б.Аззаяа эхнэр рүү 4 дүгээр сард танай байрны лизинг чинь бүтээхээр боллоо 3,000,000 төгрөг хэрэгтэй болох юм байна гэж ярихаар нь би больё машинаа эргүүлэн авья гэсэн. Түүнээс хойш утас нь холбогдох боломжгүй болсон. Нөхрөөс нь тодруулахаар залгахад бид 2 тус тусдаа амьдрахаар болсон, тэр өөр хүнтэй болсон юм шиг байна лээ гэж хэлээд утсаа тасалсан. Б.Аззаяа нь бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар нөхөртэйгээ хамтран залилан авч хувийн хэрэгцээндээ ашиглаад зогсохгүй миний эхнэрийг гэрт нь очиж машинаа эргүүлэн авмаар байна гэж хэлсэний төлөө зодож танхайрсан болно. Иймд зээлийн гэрээнд заасан 13,000,000 төгрөгийг болон зээлийн хүү сарын 0.5 хувийн хүүтэй 845,000 төгрөг, мөн хугацаа хэтэрсэн 2 сарын хүү 0.5 хувийн хүүтэй 130,000 төгрөг нийт 13,975,000 төгрөгийг иргэн Б.Аззаяагаас нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Аззаяа шүүх хуралдаанд гаргасан хүсэлт  болон тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Хариуцагч Б.Аззаяа миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 13,975,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн сарын бүрийн 05-ны өдөр 600,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулна. Төлбөр төлөх графикийг шүүхээс гаргаж, эцсийн хугацааг тогтоож өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Раднаабазар шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Би хариуцагчийн гаргасан эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс төлбөр төлөх графикийг гаргаж, шүүгчийн захирамжид тусгаж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Эрхэмбаяр нь хариуцагч Б.Аззаяад холбогдуулж 13,975,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. 

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба “нэхэмжлэлийн шаардлага болох 13,975,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн сарын бүрийн 05-ны өдөр 600,000 төгрөг төлөх байдлаар барагдуулна” гэснийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрч байна.  

 

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй,  хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Аззаяа “нэхэмжлэлийн шаардлага болох 13,975,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн сарын бүрийн 05-ны өдөр 600,000 төгрөг төлөх байдлаар барагдуулна” гэснийг нэхэмжлэгч талаас зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аззаяагаас 227,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

                              

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ