Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2100

 

2017 оны 07 сарын 26 өдөр

         Дугаар 102/ШШ2017/02100

                  Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Номин юнайтед оффисын 7 дугаар давхарт оршин байх, “Номин трейдинг” ХХК /РД:5213339/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Дунд гол-2 Гурвалжингийн гүүрний баруун талд өөрийн байранд байрлах, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” Төрийн өмчит ААТҮГ /РД:5011248/-т холбогдох,

 

7,281,810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Номин трейдинг” ХХК-ийн “Номин Энержи” салбар, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газартай 1 сарын хугацаатай байгуулсан TrEn/16/03 тоот бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч “Номин трейдинг” ХХК-ийн “Номин энержи” салбараас бараа материал /24В/4000Вт үзүүлэлттэй Инвертер-6 ширхэг, 24/30А үзүүлэлттэй хянах-6 ширхэг/-ыг худалдан авагч “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газарт нийлүүлж худалдан авагч нь төлбөрийг гэрээ хийгдсэнээс хойш 30 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч тал нь гэрээнд заасан төлбөрийн үүргээ бүрэн биелүүлэхгүй байсан тул манай компанийн зүгээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар удаа дараа бичгээр болон амаар мэдэгдэж байсан боловч өнөөг хүртэл гэрээнд заасан төлбөрийн үүргээ бүрэн биелүүлэхгүй, төлбөр төлөхөөс зайлсхийж байгаа тул бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 4,854,540 төгрөг, гэрээний 6.2-т Худалдан, авагч нь гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө гэж заасны дагуу 2,427,270 төгрөгийн алданги, нийт 7,281,810 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,459 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Энэхүү гэрээг нэг талаас “Номин трейдинг” ХХК, нөгөө талаас “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ дараах зүйлсийг харилцан тохиролцож байгуулав.

1. Талууд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа “Номин трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-аас ТrEn/16/03 тоот бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөр, үүргийн гүйцэтгэлд 7,281,810 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд сайн дурын үндсэн дээр эвлэрэхээр харилцан тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 4,854,540 төгрөгийг алдангийн төлбөрийн 50 хувийн төлбөр болох 1,213,635 төгрөг, нийт 6,068,175 төгрөгийг энэхүү эвлэрлийг шүүхээс баталгаажуулсан өдрөөс эхлэн 1 сарын дотор төлж барагдуулна

3. Нэхэмжлэгч нь алдангийн төлбөрийн 50 хувь болох 1,123,635 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                          

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Номин трейдинг” ХХК нь хариуцагч “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” Төрийн өмчит ААТҮГ-т холбогдуулж 7,281,810 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 7,281,810 төгрөгийн шаардлагын 1,213,635 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч үлдэх 6,068,175 төгрөгийг эвлэрлийн гэрээг шүүхээс баталгаажуулсан өдрөөс эхлэн 1 сарын дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

            

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч 7,281,810 төгрөгийн шаардлагын 1,213,635 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” Төрийн өмчит ААТҮГ нь үлдэх 6,068,175 төгрөгийг эвлэрлийг шүүхээс баталгаажуулсан өдрөөс эхлэн 1 сарын дотор нэхэмжлэгч “Номин трейдинг” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,459 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 56,020 төгрөгийг улсын орлогоос, 56,020 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                               Н.ХАНГАЛ