Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 113/ШШ2020/0006

 

 Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Мэргэн цорс овогт Батсүхийн Очирхүү (РД:ЕЙ89070416), Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 9-р байр, 6 тоотод оршин суух;

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга;

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, албан тушаалын цалингаас суутгасан зөрүүг тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Очирхүү, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хатантөмөр, гэрч Н.Мөнхбат, Л.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Говьсүмбэр Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт 2 дугаар багийн Засаг даргаар 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр томилогдон 7 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд уг албан тушаалд ажиллаж байх хугацаандаа өөрийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргийн дагуу сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ буюу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг.

2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүмбэр сумын Засаг даргын захирамжаар Арга хэмжээ тооцох тухай Б/14 дүгээр захирамж гарсан байсан. Уг захиргааны актыг гаргахдаа Б.Очирхүү надад мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа хийгээгүй. Мөн тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу дээрх захирамж нь илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан эрх зөрчигдсөн гэж үзэж байна.

Иймд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, албан тушаалын цалингаас суутгасан зөрүүг тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сумын Засаг даргын Тамгын газрын хамт олны шуурхай хурлыг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зарлан, нийт албан хаагчид 4 дүгээр сарын 25, 26 буюу хагас, бүтэн сайн өдрүүдэд ажиллахаар болсон. Учир нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум нь Улсын тэргүүний сум шалгаруулах уралдаанд бүсээсээ шалгаран Улсын тэргүүний сумын болзол шалгуурыг ханган Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг 4 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолын дагуу 19 шалгуур үзүүлэлтийг ханган ажиллаж байгаа эсэх дээр газар дээр нь шалгалт хийхээр байсан. Уг өдрүүдэд багуудын дарга нарт цэвэрлэгээ, үйчилгээтэй холбоотой үүрэг даалгавар өгөгдсөн. Б.Очирхүү нь мөн өдөр ажил дээрээ ирээгүй ба чөлөө аваагүй. Сумын Засаг дарга миний бие Улаанбаатар хотод томилолтоор явж байсан. 4 дүгээр сарын 25-ны өдөр 4-р багийн сахиул нэр бүхий албан хаагчдыг багийн төв дээр бөөгнөрөл үүсгэн явж байгаа талаар Засаг даргын орлогчид мэдэгдсэнээр Тамгын газарын дарга Б.Хатантөмөр нь Б.Очирхүүтэй ярьсан боловч дэнжийн гудамжаар цэвэрлэгээ хийж байна гэж хэлсэн. Цэвэрлэгээний явцыг харахаар байгаа газарт нь очих гэтэл айлд явж байна гэх мэтээр худал хэлсэн. Мөн нийгмийн ажилтан руугаа ярьж намайг цэвэрлэгээнд явж байгаа гэж хэлээрэй гээд тухайн өдөр ажиллаагүй ба 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр сууж явсан автомашин нь мөргөлдөж зам тээврийн осол гаргасан.

Түүнд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/258 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн. Б.Очирхүүгээс 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн. Ингээд хариу тайлбартай танилцан биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан ажлаас чөлөөлөхгүйгээр, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар арга хэмжээ тооцсон. Сумын Засаг даргын Тамын газар нь мэргэжлийн анги байгуулах тухай Шадар сайдын 2017 оны тушаалын дагуу сумын Засаг даргын захирамжаар мэргэжлийн анги байгуулагдан өндөржүүлсэн байдал, гамшиг ослын нөхцөл байдал үүссэн үед мэргэжлийн ангийн дарга болон холбогдох удирдах албан тушаалтны шийдвэрээр бие бүрэлдэхүүнийг Яаралтай цуглахар дохио-оор байнгын бэлэн байдалд ажиллуулж байсан.

Б.Очирхүү нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээг зөрчин, улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын үед архидан согтуурч байгууллагын удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг үл ойшоон биелүүлээгүй нь багийн Засаг даргын албан тушаалын тодорхойлолтын 3-р зорилтын 3 дахь чиг үүрэг болох Төрийн албаны стандартыг мөрдөн ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах, 4 дэх чиг үүрэг Удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг, даалгаврыг биелүүлэх гэсэн чиг үүргүүдээ зөрчсөн. Уг албан хаагч нь аймгийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдлын захирамжаар арга хэмжээ авах заалт байхгүй гэж байгаа боловч Гамшгаас хамгаалах тухай хуулийг биелүүлээгүй албан хаагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээхээр заасан байдаг. Иймд Б.Очирхүүгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Энэ хэрэгт төрийн улс төрийн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой маргаан хэлэлцэгдсэн бөгөөд хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, Гамшгийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2, Засгийн газрын 2020 оны 102 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2020 оны А/105 дугаар захирамжийг тус тус баримтлан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын үед удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүй гэх үндэслэлээр багийн Засаг дарга Б.Очирхүүд албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч нь уг захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж захиргааны актыг гаргахдаа мэдэгдээгүй, эрхэд халдах үндэслэл байгаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 болон 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчсөн гэж маргасан.

Б.Очирхүү нь Сүмбэр сумын Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаар захирамжаар /түр орлон гүйцэтгэгчээр/ томилогдож, II багийн Засаг даргаар ажиллаж, тухайн албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлж, зохих цалин хөлсийг авч ирсэн улс төрийн албан тушаалтан гэдэгтэй хэргийн оролцогчдын хэн аль маргаагүй болно[1].

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж заасан тул төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн уг зохицуулалтын үйлчлэлд улс төрийн албан тушаалтан болох багийн Засаг дарга хамаарахгүй.

Учир нь улс төрийн албан тушаалын ангилалд хамаардаг[2] бүх шатны Засаг даргын эрх зүйн байдал, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчмыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тусгайлан тогтоосон.

Багийн Засаг дарга нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, үүрэг даалгавар биелүүлэгүй, хууль зөрчсөн зэрэг асуудал нь түүнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 32 дугаар зүйлийн 32.2, 32.4-д заасны дагуу албан тушаалаас нь огцруулах үндэслэл болж, тус хуульд заасан журмаар улс төрийн хариуцлага хүлээлгэх учиртай.

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалтыг улс төрийн албан тушаалтанд адилтган хэрэглэж, дээд шатны Засаг дарга нь доод шатны Засаг даргад төрийн албаны сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.

Тодруулбал, багийн Засаг дарга нь дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүй гэдгээр түүнд сахилгын шийтгэл ногдуулах эрх, хэмжээ аливаа хуулиар[3] сумын Засаг даргад олгоогүй байна.

Захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргаж байгаа аливаа шийдвэр нь хуулиар олгосон эрхийн хүрээнд, тогтоосон шаардлагын дагуу байх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргаанаас хууль зөрчсөн ямарваа үйлдэл хийхийг хориглох, хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхийг хориглох агуулга бүхий хуульд үндэслэх зарчимд нийцнэ.

Дээрх зарчмыг зөрчиж, хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, төрийн жинхэнэ албан хаагчид ногдуулахаар Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг улс төрийн албан тушаалтанд ногдуулсан сумын Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болох ба гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байна.

Иймд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дүгээр захирамжийн дагуу Б.Очирхүүгийн 2020 оны 7, 8 дугаар сарын цалин хөлснөөс суутгасан 278956 төгрөгийг нэхэмжлэгчид олгуулж, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн учир Сүмбэр сумын Засаг даргын 2020 оны Б/14 дүгээр захирамжид тодорхойлсон Б.Очирхүүд холбогдох зөрчил шалгаж тогтоогдсон эсэх асуудлаар шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх, энэ талаар гаргасан хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан Б.Очирхүүгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, түүний албан тушаалын цалингаас суутгасан 278956 /хоёр зуун далан найман мянга есөн зуун тавин зургаан/ төгрөгийг олгохдоо эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж Б.Очирхүүд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ г З.ГАНЗОРИГ

 

 


[1] Хэргийн 9 дэх талд Сүмбэр сумын Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаар захиармж, 60-61 дэх талд Б.Очирхүүгийн цалингийн дэлгэрэнгүй карт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар авагдсан. Мөн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ талаар мэдүүлсэн.

[2] Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.9 дэх заалт

[3] Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг