Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 12

 

О, Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2019/0012/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,

Прокурор Д.Энхжаргал,

Шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс,

Шүүгдэгч Т, түүний өмгөөлөгч Д.Оюунцэцэг нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс нарын давж заалдах гомдлоор О, Т нарт холбогдох эрүүгийн 1839005750297 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Норовлин суманд 1987 онд төрсөн, эрэгтэй, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Т /РД:/

Хэнтий аймгийн Баян-Адарга суманд 1983 онд төрсөн, эрэгтэй, 36 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт О /РД:/ нь

О, Т нар нь хамтран 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр машин, механизм ашиглан Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1-р баг “Тариа” гэх газраас иргэн Г-н худгийн мотор, иргэн Л-н өвөлжөөний шургааг модыг нууцаар хууль бусаар авч 940000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт О, Б овогт Т нарыг бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-д 01 /нэг/ жил, шүүгдэгч О-д 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-д оногдуулсан 01 /нэг/ жил, О-д оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Т, О-д нарыг цагдан хорьж, шүүгдэгч Т, О нарт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан авто машины үнэ 6500000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг тэнцүү хуваан шүүгдэгч тус бүрээс 3250000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдоогүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс нар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч О нь Т-тэй нийлж машин механизм ашиглан хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл анх хэргийг санаачилж, зохион байгуулсан, гэртээ байгаа хүнийг машинтай ирж авч яваад хулгай хийлгэсэн Төмөрпүрэв нь О-н сул дорой байдлыг ашиглан бүх буруутай үйлдлээ О рүү хийсэн. Энэ талаар О-н эхнэр Б мэднэ. Хэрэг санаачилж, гардан зохион байгуулсан, машин техникийг хулгай хийхдээ авчирсан этгээдэд 1 жилийн хорих ял оногдуулж, цуг яваад хулгай хийсэн этгээдэд 1 жил 6 сарын хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

Машин, хохирлыг хувь тэнцүү хувааж төлүүлэх нь шударга бус байна. Хэрэг санаачилж, гардан зохион байгуулсан Төмөрпүрэвт илүү ял оногдуулах ёстой гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машиныг 6500000 төгрөгөөр үнэлүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь элэгдэл, хорогдлыг нарийн тооцож үнэлгээ гаргах ёстой байсан. О үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрснөөс гадна хохирол, төлбөрөө бүрэн барагдуулсан. Ар гэрийн хувьд эхнэр нь ажилгүй, 4 хүүхдийн хамт амьдардаг, өрхийн тодорхой орлогогүй айлуудын нэг юм. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагааны явцад нотлох баримтаар тогтоогдож, нотлогдсон.

Шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр гэмт хэргийг санаачилсан, оролцсон талаар огт маргаагүй. Шүүгдэгч нар нь тус хэрэгт харилцан өөр ашиг сонирхолтой байсан, өөр этгээд оролцсон байсан бол мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгуулах бүрэн боломжтой байсан. Иймд шүүгдэгч Төмөрпүрэвийн өмгөөлөгч О-н гаргаж байгаа тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан 2-8 жилийн хорих ялын санкцтай хэргийн ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг

 

журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Энэ хэрэгт насан хүрээгүй этгээд оролцсон талаар шүүгдэгчийн өмгөөлөгч хэлдэг бөгөөд насанд хүрээгүй этгээдийг шалгуулахаар мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх боломжгүй гэж үзэж байна.

Учир нь мөрдөн байцаах ажиллагааны үед шалгуулах бүрэн боломжтой байсан бөгөөд шинээр тогтоогдсон нөхцөл байдал биш гэж үзэж байна. Мөн эдгээр шүүгдэгч нараас гадна гуравдагч этгээд байсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг.  

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Гангантөгс нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О намайг гуйгаад байхаар нь би хадам ахынхаа машиныг авч явж өгсөн юм гэжээ.

Шүүгдэгч Т-н өмгөөлөгч Д.Оюунцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Гангантөгс давж заалдах гомдолдоо Т-г машинтай ирж, О-н сул дорой байдлыг далимдуулан хулгай хийлгэхээр авч явсан гэж дурддаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан О, Т нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч болон хохирогч нарын мэдүүлгээр О-г Т хулгай хийлгэхээр дагуулж явсан нөхцөл байдал тогтоогддогүй. Харин ч О хэрэг гарахаас хэд хоногийн өмнө “машин олж өгөөч, Баян-Адарга явъя, шургааг ачиж ирье” гэж Т-с гуйсан байдаг бөгөөд Т хадам ахынхаа машиныг авч явсан. Машины түлшийг О хийсэн байдаг. Эдгээр байдлууд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг.

Шүүгдэгч О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “би шургаагаар нь хонины хашаа барих гэсэн юм. Худгийн моторын хувьд хашаандаа худаг гаргахад хэрэглэх гэж байсан” гэж мэдүүлсэн байдаг. Мөн гэрч О-н мэдүүлэгт худгийн моторыг эргүүлж авсан талаар дурдагддаг. Шүүгдэгч Төмөрпүрэв тус  хэргийг зохион байгуулаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэрэв Т энэ хэргийг зохион байгуулсан бол эдгээр зүйлсийг өөртөө авах байсан юм.

Төмөрпүрэв нь О-н сул дорой байдлыг ашиглан бүх буруутай үйлдлээ О рүү хийсэн. Энэ талаар О-н эхнэр Б мэднэ гэж дурджээ. Б нь О-н хувийн байдлын талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг ба тус мэдүүлэгтээ Т-г О-г аваад явсан талаар дурдаагүй юм.

Давж заалдах гомдолд анх хэрэг санаачилж, гардан зохион байгуулсан, машин техникийг хулгай хийхдээ авчирсан этгээдэд 1 жилийн хорих ял оногдуулж, цуг яваад хулгай хийсэн этгээдэд 1 жил 6 сарын хорих ял оногдуулсанд гомдолтой байна гэжээ. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоог нь харгалзаад Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ялыг ялгавартай оногдуулсан гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машины үнэлгээг шинжээч томилж гаргуулсан. Анхан шатны шүүх О, Т нарыг хамтран гэмт хэрэг үйлдсэн учир хохирлын хэмжээг хувааж гаргуулахаар шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машиныг 6500000 төгрөгөөр үнэлүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь элэгдэл, хорогдлыг нарийн тооцож үнэлгээ гаргах ёстой байсан гэж давж заалдах гомдолдоо дурджээ.

Машины үнэлгээг үнэлгээний байгууллагаар гаргасан. Гэрч Ц “тус машин бол миний өөрийн эзэмшлийн машин юм. Би 2014 онд 10000000 төгрөгөөр худалдаж авсан” гэж мэдүүлдэг. Тус үнэлгээгээр машины зах зээлийн үнэ, элэгдэл, хорогдлыг нарийн тооцож гаргасан гэж үзэж байна. О, түүний өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх үед машины үнэлгээтэй холбоотой гомдол санал, хүсэлт гаргаж байгаагүй юм.

Шүүгдэгч О үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрснөөс гадна хохирол, төлбөрөө бүрэн барагдуулсан. Ар гэрийн хувьд эхнэр нь ажилгүй, 4 хүүхдийн хамт амьдардаг, өрхийн тодорхой орлогогүй айлуудын нэг юм. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж давж заалдах гомдолдоо бичжээ.

Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч нарын хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан 2-8 жилийн хорих ялын санкцтай хэргийн ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ялыг ялгавартай оногдуулсан гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч О болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм. Мөн анхан шатны шүүхээс ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлсэн учир дахин адил нөхцөл байдлаар ялыг хөнгөрүүлэх боломжгүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т, О нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Т, О нарт нь хамтран 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр машин, механизм ашиглан Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1-р баг “Тариа” гэх газраас иргэн Г-н худгийн мотор, иргэн Л-н өвөлжөөний шургааг модыг нууцаар хууль бусаар авч 940000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Л-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...өвөлжөөндөө ирэхэд үхрийн хашааны 6 ханыг буулгаад, ачаад явчихсан байсан. Би 60 орчим шургааг алдсан. П, О хоёр портертэй ачиж явсныг О ах хэлсэн. Тэр худгийн мотороо аваад ирлээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуудас/, хохирогч Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...худаг дээр байсан шар өнгийн мотор алга болсон. О ахаас би 1500000 төгрөгөөр авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуудас/, гэрч Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Т-н гэрт 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр ирсэн юм. Гэтэл Т машинтай чинь ойрхон зуур гараад ирье гээд машин унаж явчихаад маргааш нь үүрээр ирсэн. Би машинаа 2014 онд хотоос 10000000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/ зэрэг мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Гангантөгсийн гаргасан тус хэрэгт насанд хүрээгүй хүүхэд хамт оролцсон байж болзошгүй учир хэргийг анхан шатны шүүхэд буцаалгах тухай тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

О нь анх Т-т “машин олчих, Баян-Адарга сум яваад ирье” гэж хэлснээр, Т нь өөрийн гэрт нь ирээд байсан Ц-н машиныг гуйж авсан /хх-ийн 58 хуудас/, О-н “би хонины хашаа барих гэж шургууг хулгайлсан, моторыг нь худаг гаргаж өөрөө хэрэглэх гэж байсан юм...” гэх мэдүүлгээс /хх-ийн 56-58 хуудас/ үзэхэд энэ хэргийг санаачилсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь Ц-н болох нь тогтоогдсон, хөрөнгийн үнэлгээний “Фейр валуэшн” ХХК авто машиныг 6500000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэл бүхий бөгөөд шүүх авто машины үнийг тэнцүү хуваан шүүгдэгч шүүгдэгч нараас тус бүр 3250000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан байх тул ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

 

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т, О нарын цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧ                                                О.БААТАРСҮХ

                                                             Я.АЛТАННАВЧ