Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2015/0032

 

Б.А-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар шийдвэртэй, Б.А-н нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Боловсролын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.А би 1998 оноос хойш Ховд аймгийн Боловсрол соёлын газарт сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажилласан. 2008 онд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Гэтэл ажил олгогч Ховд аймгийн Боловсролын газрын дарга /Б.У/ нь 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/02 дугаар тушаалаараа намайг төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр халсан. Уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй, төрийн жинхэнэ албан хаагч миний эрхийг зөрчсөн тул Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс /олговор/-ыг гаргуулахаар Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.А намайг урьд эрхэлж байсан сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн юм.

Гэтэл Ховд аймгийн Боловсролын газрын дарга Б.У нь дээрх шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлж, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар намайг урьд эрхэлж байсан ажилд томилсон атлаа мөн өдрийн Б/08 дугаар тушаалаар “ёс зүйн зөрчил гаргасан нь нотлогдсон” гэж төрийн жинхэнэ албанд 1 жил эргэж орохгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Боловсролын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг шүүхээс хүчингүй болгосон байхад уг тушаалд заагдсан зөрчил нотлогдсон гэсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үйлдэл юм. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно” гэж зааснаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчид захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэр гаргах үйл ажиллагааны журмыг захиргааны байгууллага тогтоохоор байна.

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг баталжээ. Уг журамд: -төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоосон байх, -энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулах, -албан хаагч уг баримт бичигтэй танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй байх журмыг тусгажээ.

Гэтэл Б.А надад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон Боловсролын газрын ёс зүйн хорооны 2013 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар дүгнэлт, хуралдааны тэмдэглэл, иргэний гомдол зэрэг баримтуудыг танилцуулаагүй, нэмэлт тайлбар гаргах, дахин шалгалт явуулахыг шаардах эрхээр нь хангаагүй Б.А намайг Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.5-ыг зөрчсөн гэж ажлаас халсан боловч Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалган тогтоогоогүй. Тодруулбал, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх, ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлыг Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан ”Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу шийдвэрлээгүй. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 7-д “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй” гэжээ. Боловсролын газрын дарга Б.У нь намайг 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалаар ёс зүйн зөрчил гаргасан гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг шүүхээс хүчингүй болгосоор байхад дахин 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар өмнөх зөрчилд давхардуулан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасныг зөрчсөн. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэснийг зөрчин сахилгын шийтгэл ногдуулсан.

Иймд нэхэмжлэгч Б.А намайг Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс /олговор/-ийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Боловсролын газрын дарга Б.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Б.А-тай эвлэрэхээр өөрийнхөө дугаараас Б.А-н утас руу залгасан боловч аваагүй, Б.А-н сайн найзаар дамжуулан эвлэрэх талаар дамжуулах гэсэн боловч утсыг нь бас аваагүй юм. Б.А нь энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хот яваад ирээгүй байгаа. Тиймээс түүнтэй уулзах боломж надад олдоогүй. Энэ асуудал 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл яригдаж байна. Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхээр Боловсролын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/02 дугаар тушаалтай холбоотой маргааныг шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг хариуцагчаас гаргах гэсэн асуудлуудыг дурдсан байсан. Энэ шийдвэрийг биелүүлээгүй гэдэг дээр гол асуудал яригдаад байна. Үүнийг хуурамч хэлбэрийн төдий зүйл гэж үзэж байгаа бол миний хувьд биелүүлсэн гэж үзэж байгаа. Яагаад гэхээр ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 3.536.396 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг Боловсролын газраас гаргаж олгосон учраас би шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн гэж үзэж байна.

Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн шийдвэрээр Б.Аыг анх ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, Боловсролын газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/07 тоот тушаалаар ажилд томилсон. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн заалтыг буруу хэрэглэн өөрөөр хэлбэл байхгүй заалтыг баримтлан 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/02 тушаал гаргасан нь үндэслэлгүй гэж дурдсан байсан. Тиймээс буруу заалт авсныгаа зөвтгөж дахин ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан.

Б.А нь 3 дугаар цэцэрлэгийн арга зүйч Б.Э-н нөхөр Н.М уруу 10 гаруй удаа дугаараа нууцалж яриад нь өмнө нь жил гаруйн хугацаанд төрийн албан хаагчийн ёс зүйд байхгүй үйлдлийг 10 гаруй удаа хийчихээд үүндээ гэмшихгүйгээр хэнэг ч үгүйгээр “...энэ бол ажлын бус цагаар хоёр хүний хоорондын амьдрал...” гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Төрийн албан хаагч ажлын 8 цагаар төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмээ баримтална. Бусад цагт нь яаж явсан ч яадаг юм гэсэн ойлголтоор тайлбарлаад байгааг би ойлгохгүй байгаа. Б.Э, Н.М нар Б.А-ыг нууцалсан дугаараас залгаж байгааг мэдээд Цагдаагийн байгууллагад хандаж цагдаа Б.А-ыг дуудаж асуухад “...би тэгсэн...” гээд өөрөө хүлээсэн байдаг. ЭНэ цагдаагаар явсан асуудлыг Боловсролын газар мэдээгүй байсан. Тухайн үед цагдаагаас Б.А-ыг торгоод явуулсан нь Б.Э болон түүний ээжид таалагдаагүй учраас манайд хандсан байдаг. Б.А-ыг сахилгын зөрчлийн ноцтой асуудал огт сөхөгдөөгүй байгаа нь нөгөө хүний сахилгын зөрчлийн асуудал дээр хариуцлага байхгүй байна гэж үзэж байгаа. Тийм учраас, энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэжээ.

Гуравдагч этгээд С.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би Б.А-ыг зөрчил гарган ажлаас халагдаад 8 сар болсны дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр энэ албан тушаалд туршилтын хугацаагаар түр томилогдон ажиллаж байна. Эхлээд шүүхэд гуравдагч этгээдээр дуудахад би ойлгохгүй байсан. Энэ хэргийн талаар нарийн асуудлыг би сайн мэдэхгүй байгаа. Сүүлд шүүгчийн туслах Б.М тайлбарлаж өгсний үндсэн дээр би хуралд оролцож байна. Хэргийн материалтай танилцахад Б.А нь ёс зүйн зөрчил гаргасан нь нотлогдсон гэсэн байсан.” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, Б.А-ыг Боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоожээ.

Хариуцагч Ховд аймгийн Боловсролын газрын дарга Б.У болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 30 тоот шийдвэрийг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гардан авч хариуцагч түүний өмгөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Б.А-ыг Боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б.А-т ажилгүй байсан хугацааны олговорт 2 400 856 төгрөгийг Ховд аймгийн Боловсролын газрын санхүүгээс гаргуулж олгохоор тус тус шийдвэрлэсэн.

Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс 30 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах байдлаар давж заалдах гомдол гаргаж байна. Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.А-ыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 13 дугаар зүйлийн 13.1.15, Төрийн захиргааны албан тушаалтны ёс зүйн дүрмийн 5.3.5, Боловсролын газрын дэргэдэх мэргэжилтний ёс зүйн хорооны 02 тоот дүгнэлтийг тус тус үндэслэн төрийн албанд нэг жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халсан. Гэвч Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 14 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Төрийн албаны тухай хуулийн зохих заалтыг зөв хэрэглэж чадаагүй, нэгэнт уг тушаалыг хуульд нийцүүлэн гаргаж чадаагүй байхад шүүх зөвтгөх боломжгүй байна” гэсэн үндэслэлээр Б.А-н нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Харин ажил олгогчоос шүүхийн шийдвэрийн дагуу Б.А-ыг урьд эрхэлж байсан сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон. Гэхдээ нэхэмжлэгч Б.А хамт ажилладаг Б.Э-ыг бусадтай бэлгийн харилцаатай мэтээр гэр бүлийн гишүүн болох нөхөр, түүнчлэн өөр рүү нь утастаж гэр бүлд таагүй уур амьсгал төрүүлсэн үйлдэл нь Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.4 буюу өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах, 5.2.4 дэх заалт буюу албан үүргээ гүйцэтгэж байхдаа төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байж, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглах, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх, 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Ховд аймгийн Засаг даргын 136 тоот захирамжаар батлагдсан Ховд аймагт төрийн албан хаагчийн өдөр тутам мөрдөх ёс зүйн зарчмын 5 болон 9 дэх заалтуудыг зөрчсөн болох нь Ховд аймгийн Боловсролын газрын дэргэдэх мэргэжилтний ёс зүйн хорооны 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл, Боловсролын газрын дэргэдэх ёс зүйн хорооны 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр тус тус тогтоогдсон. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 тоот тогтоолоор “төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын дагуу төрийн захиргааны албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоосон байх, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчдад урьдчилан танилцуулах, албан хаагч уг баримт бичигтэй танилцаад нэмэлт тайлбар, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй байхыг тусгасан. Дээрх Засгийн газрын тогтоолын дагуу Боловсролын газрын ёс зүйн хороо нь Б.А-н ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлийг шалган тогтоосон, ямар зөрчил гаргасныг урьдчилан танилцуулсан, нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулах боломжоор хангаж нэхэмжлэгчид танилцуулсан боловч адилхан мэргэжилтнүүд байж та нараар шийдүүлэхгүй гээд гараад явсан нь гэрч Д.Г, Э.Б нарын мэдүүлгээр нотлогддог. Мөн нэхэмжлэгч Б.А нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.5 дахь заалтуудыг зөрчсөн төдийгүй ажил олгогч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан тухайн зөрчлийн шинж байдлыг нь шалган тогтоосон байдаг. Анхан шатны шүүх Б.А-н 2014 оны 01 сард илэрсэн ёс зүйн зөрчилд 8 сарын дараа сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг буюу сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн хуулийн шаардлага зөрчсөн гэж дүгнэсэн. Гэвч энэ үйлдэл сахилгын зөрчлийг илрүүлсэн даруйдаа арга хэмжээ тооцсон боловч нэхэмжлэгч шүүхэд хандаж 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхээр шийдвэрлэгдэж, шүүх гаргасан зөрчлийг буруу гэж үзээгүй харин хуулийн заалтыг буруу гэж үзсэн. Б.А-н маргаан шүүх дээр байсан учир тушаалыг зөвтгөх боломж байгаагүй, өмнөх тушаалаа 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зөвтгөж гаргасан тул үүнд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзэх үндэслэлтэй.

Ховд аймгийн Прокурорын газрын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 462 тоот прокурорын тогтоолоор нэхэмжлэгч Б.А нь иргэн Н.М-н утас руу нууцалсан дугаараар залгаж эхнэр Б.Э-ыг гүтгэж, доромжилсон үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, захиргааны зөрчлийн шинжтэй байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлгүйг дурдаж Б.А-н дээрх зөрчилд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авахыг цагдаагийн байгууллагад даалгасан. Үүний дагуу цагдаагийн байгууллага Б.А нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар торгох арга хэмжээ авсан.

Өөрөөр хэлбэл, Цагдаагийн байгууллага нийтээр тогтоосон захиргааны хэм хэмжээ зөрчсөн үйлдэлд нь Б.А-т Захиргааны хариуцлагын тухай хуулиар арга хэмжээ авсан боловч төрийн жинхэнэ албан тушаалтны хувьд /нэхэмжлэгч Б.А-т/ Цагдаагийн байгууллага төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлд арга хэмжээ авах эрх бүхий субъект биш юм. Харин агуулгаараа ёс зүйн зөрчил гаргасан этгээдэд тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан арга хэмжээ авах нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл урган гарч байгаа билээ. Иймд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.  

            Нэхэмжлэгч Б.А-ыг Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.2.4, Боловсролын газрын дэргэдэх мэргэжилтний ёс зүйн хорооны 02 тоот дүгнэлтийг үндэслэн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халжээ.

Нэхэмжлэгч Б.А-ыг өмнө нь аймгийн Боловсролын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүмийг зөрчсөн гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр үүрэгт ажлаас нь халсан бөгөөд уг тушаалыг эс зөвшөөрч Б.А шүүхэд хандсанаар Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр Б/02 дугаар тушаалыг хууль бус болохыг нь тогтоож, хүчингүй болгож, Б.А-ыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Ховд аймгийн Боловсролын газрын дарга 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Б.А-ыг сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний албан тушаалд мөн өдрөөс эхлэн томилсон атлаа уг тушаал гаргасан өдрөө дахин Б/08 дугаар тушаал гаргаж, өмнөх шүүхийн шийдвэрт Б.А-н зөрчилтэй холбогдуулан дүгнэлт хийгээгүй, үйл баримтыг шүүх дүгнээгүй гэсэн үндэслэл зааж, дахин өмнөх зөрчилд холбогдуулан үүрэгт ажлаас нь халсан нь хууль бус байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.А-ыг ажлаас халсан нь үндэслэлгүй, түүнийг эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байтал нэхэмжлэгчийг томилоод ажиллуулалгүйгээр ажлаас халсан тушаал гаргасныг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлнэ” гэснийг зөрчсөн байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийг өмнө нь ажлаас халсан үндэслэлийг зааж, түүнийг ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.” гэж заасныг зөрчсөн шийдвэр болжээ.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

        ШҮҮГЧ                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

        ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ