| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/02577/И |
| Дугаар | 102/ШШ2017/02555 |
| Огноо | 2017-09-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2017/02555
| 2017 оны 09 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2017/02555
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 30 дугаар гудамж, 282 тоот хаягт оршин суух, Харагчууд овогт Дэмбэрэлийн Давааням /РД:НБ76061213/,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Хайрхан 2 дугаар гудамж, 58 тоот хаягт оршин суух, Их тугтан овогт Дэмбэрэлийн Даваадорж /РД:ТЖ60112776/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 30б байр, 37 тоот хаягт түр оршин суух, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 19-4 тоот хаягт бүртгэлтэй, Эх жаргалант овогт Чулуунбатын Батдэлгэр /РД:УШ72122411/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 46.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагч Ч.Батдэлгэр, хариуцагчийн өмгөөдөгч Б.Бадраа, гэрч Я.Батбаяр, Т.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Давааням нь 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Чех улсаас Мерседес бенз Актросс 1835 маркын 2011 онд үйлдвэрлэгдсэн, улаан өнгөтэй, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг Монгол Улсад оруулж ирсэн. Ингээд өөрийн төрсөн дүү болох Дэмбэрэлийн Дамдинбазарт уг тээврийн хэрэгслийг бусдад худалдах болон шилжүүлэх, холбогдох гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр хүлээн авах бүрэн эрхийг олгож итгэмжлэл олгосон байдаг. Тэгээд Д.Дамдинбазар нь уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг Д.Даваанямын төрсөн ах Д.Даваадоржийн нэр дээр шилжүүлсэн. Улмаар Д.Даваадорж нь тээврийн хэрэгслийг Ч.Батдэлгэрт 46.000.000 төгрөгөөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн. Төлбөрийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор Д.Даваанямын Чех улс дахь данс руу шилжүүлэхээр тохиролцсон. Одоогоор тээврийн хэрэгслийн төлбөрийг Ч.Батдэлгэр төлөөгүй байгаа бөгөөд зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 46.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Д.Даваадорж нь хамтран нэхэмжлэгчээр оролцож нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, Ч.Батдэлгэрээс гэрээний дагуу 46.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хэдийгээр зээлээр худалдах худалдан авах гэрээний нэг тал боловч автомашины төлбөрийг Д.Давааням авах ёстой гэж үзэж байгаа. Иймд гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу автомашины төлбөрийг Ч.Батдэлгэрээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Батдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 онд би хуурай ах Д.Даваадоржоос “дүү нь ОХУ-аас шил зөөж оруулж ирэх гэсэн юм. Танд сайн машин байна уу” гэж асуухад “Ах нь сая цагаан бенз оруулж ирсэн тэрийг үзэх үү” гэж хэлсэн. Тус машин Сонсголонгийн тэнд зогсоол дээр зогсож байсан. Тэгээд цагаан бензийг үзэж хараад авахаар болсон. Гэтэл маргааш нь 2015 оны 10 сарын 27-ны өдөр “ахад нь бас яг ийм улаан толгойтой бенз байна. ОХУ руу явахад тохиромжтой даац сайтай. Чиний шаардлагыг яг хангасан. Чи энэ цагаан машины чиргүүлийг тавиад явчих” гэхэд нь заавал ингэж чиргүүлийг салгаж ажил болохгүйгээр энэ цагаан машинтай яваад ирье гэж хэлтэл энэ улаан толгойтой машин сайн энийг аваад яв гэж хэлээд байхаар нь чиргүүлээ солиод явахаар болсон чинь эвдрэл байна. Ах нь н.Батаа гэдэг сайн хүнээр харуулъя гэсэн. Гэтэл нөгөө машин нь бөгсөндөө эвдрэлтэй байсан. Тэрийг засаад явахаар болоход зассан хүн нь манай хамаатан байсан надад хандаж энэ жижиг асуудлуудтай байна шүү гэж сануулсан. Тухайн үед Д.Даваадоржид хандаж машины оношлогоонд оруулъя гэсэн чинь ах нь өөрөө оруулчихна. Миний дүү мөнгөө зохицуул энэ тал дээр санаа зоволтгүй гэсэн. Тэгээд Сонсголонгийн тэнд байдаг таньдаг хүнээрээ оношлогоо даруулчихна гэсэн. Тэгээд ОХУ руу явахаар болоод туслах жолоочоор машин зассан н.Батааг авч явья гэхэд Д.Даваадорж ах “энэ машиныг мэддэг хүнийг туслах жолоочоор авч явсан нь дээр” гэж зөвлөсний дагуу Сэлэнгэ аймгаас н.Энхболд гэдэг хүнийг олж 1.300.000 цалинтай урьдчилгаа 1.000.000 төгрөгийг төлөөд яваад ирэхээр нь үлдэх 300.000 төгрөгийг өгөхөөр тохиролцож, ОХУ руу шилэнд хамт явсан. Явж ирээд цалин өгөхийн өглөө н.Энхболд нь надад “энэ машин тиймэрхүү байна шүү. Заавал энэ машиныг авах шаардлагагүй. Энэнээс сайн машин зөндөө байгаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд Д.Даваадорж ах тусад нь намайг дуудаад “энэ хүн чинь чиний явуулсан бензин тосны мөнгөнөөс 300.000 төгрөгийг хэрэглээний мөнгөнд үрсэн шүү 300.000 төгрөгийг хасаж цалингийн өгөөрэй” гэсэн. Тухайн үед тэгээд н.Энхболдод 300.000 төгрөгийг өгөөгүй. Нэхэмжлэгч тал н.Энхболдыг гэрчээр асуулгасан байна. Уг гэрчийн мэдүүлэгт Энхболд нь ямар учиртайгаар миний цалинг өгөөгүй. Машин нь зүгээр байсан гэж хэлснийг нь ойлгохгүй байна. Үүний дараа Улаан-Үүд рүү лууван ачих гээд Д.Даваадоржийг өөрийнхөө найзтай хамт явуулахаар болсон. Гэтэл манай найз машиныг үзээд та хоёр энэ машиныг өгч, авалцаж байгаа бол энэ ассан улаан гэрлүүдийг маш сайн үзэж оношлуулаарай. Яагаад гэвэл Герман тэрэг эвдрэх гэж байгаа буюу осолтой үедээ улаан гэрэл асаж алдаануудаа заадаг. Үүнийгээ сайн үзүүлж байж нэг нэгэндээ зараарай гэж хэлж байсан. Тэгээд Улаан-Үүдээс ирснээс хойш замдаа Налайх дээр явж байгаад 2 цаг араандаа орохгүй зогссон. Арай гэж асаагаад хотод ирсэн. Ирэнгүүтээ Д.Даваадорж ахад “дүү нь энэ машины авах боломжгүй болчихлоо. Нэгт машин нь өөрөө маш муу байна. Хоёрт дүүгийнх нь ажлын санхүүжилт орохгүй байна. Авах боломжгүй болчихлоо” гэж хэлэхэд Д.Даваадорж “за за ах нь Замын-Үүд хот хоёрын хооронд тээвэрлэлт хийж гэж байгаа үүндээ явж байгаад Д.Даваанямд мөнгийг олоод өгье” гээд 2 сараас хойш Замын-Үүд рүү 3 удаа тээвэрлэлтэнд яваад 3 дахь явалтан дээрээ ахад нь туслах жолооч алга байна гэхээр нь өмнө манайд ажилладаг байсан н.Батзориг том тэрэг барьдаг байсан залууг дуудаад хамт явахаар болсон. Явахын өмнө Д.Даваадорж ахад Батзориг нь өмнө Орос ачааны машин унаж байсан. Герман машин бол мэдэхгүй шүү сайн зааж өгөөд бариулаарай гэж сануулаад явуулсан. Гэтэл н.Батзоригоор хотоос шууд барьж явуулаад Налайхын цаад талд машин нь эвдэрчихсэн. Тэгээд би өөрийнхөө найз Я.Батбаяртай хамт очиж машинаараа чирээд Я.Батбаярын хашаанд авчирсан. Тэрнээс хойш Я.Батбаярын хашаанд машин байгаа хөдлөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэгт муу машин байсан, хоёрт Д.Даваадорж нь өөрөө тээвэрт явъя гэхэд нь өгөөд явуулсан байсан. Надад өгсөн юм байхгүй учир нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Давааням нь худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 46.000.000 төгрөгийг Ч.Батдэлгэрээс нэхэмжилж байна. Д.Давааням, Ч.Батдэлгэр хоёрын хооронд хийсэн гэж байгаа худалдах худалдан авах гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй юм. Нэхэмжлэгч Д.Давааням нь уг автомашиныг төлбөрийг нэхэх эрхгүй этгээд, мөн нэхэмжлэгч Д.Даваадоржид автомашиныг бусдад худалдах эрхийг хуулиар олгоогүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Хэдийгээр нэхэмжлэгч нар нь маргаан бүхий автомашиныг худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэх боловч дээрхи гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Давааням нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хамтран нэхэмжлэгчээр Д.Даваадоржийг татсан хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангасан. Гэтэл Д.Даваадорж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдан дээрхи маргаан бүхий автомашин нь Д.Даваанямын өмч би энэ хэрэгт хамааралгүй гэж мэдүүлэг өгсөн атлаа хамтран нэхэмжлэгч болсны дараа Д.Даваадорж нь 46.000.000 төгрөгийг шаардаж байна. Энэ нь нэхэмжлэгчийн хүсэл зориг гэж ойлгон хүлээж авах боломгүй тул хамтран нэхэмжлэгчээр татсан нь хууль бус гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудыг харахад талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээний дагуу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Давааням, Д.Даваадорж нар нь хариуцагч Ч.Батдэлгэрт биет байдлын болон эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй байсан. Гэвч нэхэмжлэгчийн шилжүүлсэн хөрөнгө нь Иргэний хуулийн 252.1 дэх хэсэгт заасан эрхийн зөрчилгүй, доголдолгүй хөрөнгийн шаардлагыг хангаагүй байсан байна. Өөрөөр хэлбэл дээрхи автомашин нь Д.Даваанямын өмч биш Д.Дамдинбазарын өмч юм. Д.Даваанямын автомашин гэж үзэх юм бол Д.Даваанямаас хууль ёсоор итгэмжлэл аваагүй Д.Даваадорж нь зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан ч Ч.Батдэлгэрт энэ машиныг хүлээлгэж өгөөгүй байхын зэрэгцээ уг автомашиныг гэрч Я.Батбаярын хашаанд тавьж байснаа Д.Даваадорж авч явсан байдаг. Ч.Батдэлгэрийн эзэмшилд автомашин шилжээгүй байх тул талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэн талуудын дунд тооцоо дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Давааням, Д.Даваадорж нар нь хариуцагч Ч.Батдэлгэрт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 46.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь тээврийн хэрэгслийг шилжүүлэн аваагүй, тухайн тээврийн хэрэгсэл нь эрхийн болно биет байдлын доголдолтой байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.
Шүүхээс нэхэмжлэгч Д.Даваанямын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Даваадоржийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Давааням нь 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Чех улсаас Мерседес бенз Актросс 1835 маркийн ачааны зориулалттай автомашиныг Монгол Улсад оруулж ирсэн ба тухайн тээврийн хэрэгслийг худалдах, нэр шилжүүлэх зэрэг эрхийг Д.Дамдинбазарт 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1 жилийн хугацаатай олгожээ.
Улмаар Мерседес бенз Актросс 1835 маркийн ачааны зориулалттай автомашин нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсад бүртгүүлж, Д.Даваадоржийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ гарсан байна.
Иймд Д.Даваанямын олгосон итгэмжлэлээр Л.Дамдинбазар нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг Д.Даваадоржид олгосон байх тул Д.Давааням нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг Ч.Батдэлгэрээс шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч Д.Даваадорж, хариуцагч Ч.Батдэлгэр нар нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Мерседес бенз Актросс 1835 маркийн ачааны зориулалттай, 90-75 УБТ улсын дугаартай автомашиныг худалдан авагч Ч.Батдэлгэрт шилжүүлэх, Ч.Батдэлгэр нь автомашины үнэ болох 46.000.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Д.Даваанямын дансанд шилжүүлэх, төлбөр төлсний дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр шилжүүлэхээр тохиролцсон байх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байна.
Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр талуудын хооронд үүсч, бичгийн гэрээг сүүлд нөхөн байгуулсан болох нь тогтоогдлоо.
Хариуцагч нь татгалзлын нэг үндэслэлээ “тээврийн хэрэгслийг бодитоор хүлээлгэн өгөөгүй” гэж тайлбарласан боловч 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тээврийн хэрэгслийг хүлээн авсан болох нь “10 сарын сүүлээр авахдаа үзлэгт орсон гэсэн учир шалгаагүй, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2016 оны 1 дүгээр сард тус тус ОХУ руу манай компанийн тээвэрт явсан” гэх хариуцагчийн тайлбар, гэрч Т.Мөнхбатын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Иймд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэснээр хариуцагч Ч.Батдэлгэрийг тээврийн хэрэгслийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн татгалзлын дараагийн үндэслэл нь “эрхийн болон биет байдлын доголдолтой байсан” гэх боловч Иргэний хуулийн 285 дугаар зүйлийн 252.2-т “Хүчин төгөлдөр бус эрхийг хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн бол түүнийг эрхийн доголдолтой гэнэ” гэж заасан эрхийн доголдолтой болох нь тогтоогдохгүй байна. Түүнчлэн худалдсан хөрөнгийн талаар гуравдагч этгээд гомдлын шаардлага гаргаагүй байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ”, мөн зүйлийн 251.2-т “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасан. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.2-т “.... эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой...” гэж эд хөрөнгийн чанарын талаар тохиролцжээ.
Тухайн тээврийн хэрэгслээр ОХУ руу 2 удаа, Замын-Үүд руу 2 удаа тээвэрт явж байсан болох нь зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул худалдах, худалдан авах гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгслийг худалдагч тал шилжүүлэн өгсөн гэж үзэхээр байна. Харин ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтлийг биет байдлын доголдол гэж үзэхгүй.
Хариуцагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг аль нэгийг гаргах эрхтэй” гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээг цуцлах талаар хариуцагч Ч.Батдэлгэр нь шаардлага гаргах эрхтэй байсан ч энэ эрхээ хэрхэн хэрэгжүүлснээ баримтаар нотолж мэтгэлцээгүй болно.
Иймд Ч.Батдэлгэр нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч Д.Даваадоржид хэлэлцэн тохиролцсон үнэ болох 46.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна гэж дүгнэж, түүнээс 46.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Даваадоржид олгож, нэхэмжлэгч Д.Давааням, хариуцагч Ч.Батдэлгэр нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй байх тул хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэн Д.Даваанямын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Батдэлгэрээс 387.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Даваадоржид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ч.Батдэлгэрээс 46.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Даваанямын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.Батдэлгэрээс 46.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Даваадоржид олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Батдэлгэрээс 387.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Даваадоржид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ