Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 13

 

С-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0013/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,

Прокурор Д.Энхжаргал,

Шүүгдэгч С, өмгөөлөгч Б.Болортунгалаг нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С-н давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1839006160031 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1989 онд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 13-10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт С /РД:/ нь

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч О-н хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт С-г хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-д 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-д оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч С-г цагдан хорьж, эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт бүтүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие анх удаагаа гэр бүл зохиож, шинэ ажилд томилогдон ажиллах болсон. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа өмгөөлөгчөөрөө Гангантөгсийг авах гэтэл Э байцаагч “чи өмгөөлөгчөөр яах юм бэ, энэ хэрэг чинь хорих ял байхгүй, торгууль, албадан ажил хийлгэх ялтай хэрэг, өмгөөлөгч авах мөнгөөрөө торгуулиа төл” гэж хэлсэн учраас анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй орсон. Би 2019 оны 3 дугаар сард зам, барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “Тэгш плант” ХХК-д операторын туслах ажилтнаар ажиллахаар анкет өгсөн бөгөөд ажилд томилсон тухай тушаал 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Миний бие хууль зүйн мэдлэг дутуугаас өөрийн хувийн байдалд нөлөөлөх зүйлсээ шүүхэд гаргаж өгч чадаагүй. Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байгаа бөгөөд ажилд орох чин хүсэлтэй байх тул миний нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг торгох ялаар сольж, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс эдгээр нотлох баримтуудыг үнэлж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тухайн зүйл ангийн хорих ялын хамгийн доод хэмжээ 6 сарын хорих ялыг оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж үзэж байна.

Шүүгдэгчийг өмгөөлөгч С-г гэрчээр байцаахдаа түүний өмгөөлөгч авах хүсэлтийг хангаагүй нь хууль зөрчсөн гэж байна. Тухайн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хүрээнд үнэлэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Шүүх өмгөөлөгчтэй байцаан шийтгэх ажиллагаа явуулна гэсэн энэ журмыг зөрчсөн гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж хуульд заасан байгаа учраас С-д холбогдох мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, ноцтой зөрчөөгүй учраас шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч С-н хувьд өөрийн холбогдсон Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэвч анхан шатны шүүхийн болон мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч авч оролцох хүсэлттэй байгаа талаараа хэлсэн боловч цагдаагийн байгууллагаас өмгөөлөгчөөр хангаагүй. Хавтаст хэргийн 22 дугаар талд С-с гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Хэрвээ гэрч С нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгч байна гэж үзэх юм бол өмгөөлөгчтэй байцаалт өгөх эрхтэй. Гэтэл С-г би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэж хэлсээр байтал өмгөөлөгчөөр хангаагүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. С-н хувьд хууль ёсны эрх ашгаа өмгөөлөгчөөр хамгаалуулж чадаагүйгээс болж хувийн байдалд нөлөөлөх өөрийнхөө ажилд орж байгаа талаар шүүхэд бүрэн илэрхийлж чадаагүй. Үүний үндсэн дээр хэргийг шийдвэрлэхдээ миний үйлчлүүлэгч С-д 6 сарын хорих ялыг анхан шатны шүүхээс оногдуулсан байдаг. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж залуу хүний ирээдүйд ажил хөдөлмөр эрхлэх боломж бололцоог нь хангаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39.1  дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасанчлан тухайн хэргийн нөхцөл байдал зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж 2700 нэгжээр торгох ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. С нь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “Тэгш баланс” ХХК-ийн ерөнхий захирлын тушаалаар операторийн туслах ажилтнаар томилогдсон учир торгох ялын хувьд төлөх боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

С нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч О-н хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С гэдэг залуугийн гадуур хувцсыг тайлж байхад С гэх залуу араас босч ирээд миний хөлөөс татаж унагаагаад, дээр гарч 2-3 удаа цохисон. Мөн намайг ална гэх мэтээр заналхийлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 хуудас/, гэрч М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С нь О-н араас хамж унагаагаад хэд хэд цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/, гэрч Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...О хамар руугаа цохиулчихлаа гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/  зэрэг мэдүүлгүүд болон эд зүйлд болон камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, үйлдлийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Хохирогч О нь нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Б.Болортунгалаг нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр С-с гэрчийн мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн /хх-ийн 21 хуудас/ гэх боловч энэ талаар хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар шинжлэн судлаагүй, дээрх мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлэсэн байхад шүүгдэгч С давж заалдах гомдолдоо хавсаргасан  “Тэгш баланс” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн С-г түр томилон ажиллуулах тухай Б-09/19-1 тоот тушаал нь эх хувиар биш бөгөөд, үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэн, анхан шатны шүүхээс С-д оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүгдэгчийн ялыг торгох ялаар сольж  өгөхийг хүсч давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С-н цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧ                                                О.БААТАРСҮХ

                                                             Я.АЛТАННАВЧ