Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зукарын Гүлбарша |
Хэргийн индекс | 110/2020/0007/З |
Дугаар | 110/ШШ2020/0026 |
Огноо | 2020-04-23 |
Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 110/ШШ2020/0026
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: И.С,
Гуравдагч этгээд: М.А,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга,
“Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаар захирамжийн И.Сад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай,
“Өлгий сумын Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаар захирамжийн М.Ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж, хариуцагч Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “... эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй...”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “... шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргана...” гэжээ.
И.Сархыт надад эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгосон маргаан бүхий захиргааны акт гарсан талаар миний хүү болох А.Ж аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр очихдоо тус газрын албан хаагчдаас сонсож, тэр өдөртөө надад мэдэгдсэнээр Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Тамгын газрын өргөдөл, гомдол, нэхэмжлэл хүлээн авдаг мэдээлэл лавлагааны ажилтан, мөн эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтнуудад хандахад “... таны энэхүү газрын маргаантай холбоотой асуудлыг эхлээд урьдчилан шийдвэрлүүлэх замаар, өөрөөр хэлбэл, сумын Засаг даргын гаргасан захирамжийг эхлээд аймгийн Засаг даргад гомдол гаргаж шийдвэрлүүлсний дараа Захиргааны хэргийн шүүхэд хандах журамтай гэж тайлбарласан юм.
Ингээд өдөртөө аймгийн Засаг даргад гомдол гаргаж, гомдлын хариу болох 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 8-03/42 дугаартай албан бичгийг хүлээн авч, ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл И.С надад Өлгий сумын Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаартай захирамжийг хүчингүй болгосон талаар албан ёсоор мэдэгдээгүй, гардуулаагүй болохыг дурдаж байна.
Үйл баримтын тухайд, миний бие Идикей овогтой Саркыт 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Өлгий сумын Засаг даргын захирамжаар тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Толбо сум явах хар зам дагуу батлагдсан схем зургаар уртаашаа 50 м, өргөөшөө 30 м буюу нийт 1500 м2 газрыг үйлдвэр барих зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшсэн. Тухайн олгосон газрын ойр орчмын газарт ямар ч айл өрх, бусад зориулалтаар газар эзэмшсэн иргэн, аж ахуйн байгууллага байхгүй, харин би түрүүлж 2014 оны зун хашаа татаж, үйлдвэр үйлчилгээ явуулахаар ажлаа эхлүүлсэн боловч Мадетийн Аманбол гэх залуу гарч ирж “... чи миний газарт хашаа татаж авсан байна, би чамайг өгдөг газарт чинь өгнө ...” гэж маргаан үүсгэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл бусдын хууль бус үйл ажиллагааны буруугаас болж үйлдвэр, үйлчилгээ эрхлэх боломжгүй байдалд хүрсэн. Ингэхдээ уг газрын маргааны асуудлыг шийдвэрлүүлэхээр хандахад мөн л хариуцсан албан хаагч нар байгаагүй тул газрын маргааны асуудал сунжирч эхэлсэн байдаг.
Дараа нь газрын албаны Өлгий сум хариуцсан даамалтай биечлэн уулзаж, Өлгий сумын Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн газрын холбогдох материалуудыг авах, танилцах гэсэн боловч миний материал архиваас олдоогүй гэсэн хариу өгсөн байх ба мэргэжилтэн А.Ермекээс 110 дугаартай захирамжийн хуулбарыг арай гэж авсан. Ийнхүү холбогдох материал байхгүй, иргэн М.Аын миний газартай давхацсан гэж хэрүүл маргааны улмаас өнөөдрийг хүртэл явж ирсэн. Гэтэл Өлгий сумын Засаг дарга болон бусад холбогдох албан тушаалтнууд надад огт мэдэгдэлгүйгээр захирамж гаргасанд гомдолтой байна. Уг захирамжийн агуулга ямар гэдгийг, ямар хуулийн зүйл, заалтыг баримталж хүчингүй болгосон талаар мэдээлэл байхгүй байгаа тул шүүхийн журмаар маргаан бүхий захиргааны актыг нотлох баримтаар холбогдох албан тушаалтнаас авсны дараа нэмэлт тайлбар, нотлох баримтаа гаргаж өгч өөрийн зөрчигдсөн хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалах болно гэдгийг ийнхүү илэрхийлж байна.
Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийн хувьд:
1. Нэхэмжлэгч талаас би нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл маргаан бүхий тухайн газрыг хууль, журмын дагуу эзэмшсэн тул хүчингүй болгосон нь үндэслэлгүй, газар эзэмшигчийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна хэмээн үзэж байна.
2. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох буюу сонсох ажиллагаа хийх үүрэгтэй байх ба хариуцагч нь маргаан бүхий актад тусгасан үндэслэлээр шийдвэр гаргах гэж буй тухай надад мэдэгдэж, ямар нэгэн тайлбар аваагүй. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулиар тодорхойлсон сонсох ажиллагаа нь захиргааны байгууллага шийдвэр гаргахаас өмнө шийдвэр гаргах үндэслэл, нөхцөл байдлын талаар шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчид мэдэгдэж, түүнээс тайлбар, санал авч, тус саналыг шийдвэр гаргахад харгалзан үзэх буюу санал, тайлбар авсны үндсэн дээр шийдвэр гаргах явдал байдаг. Өөрөөр хэлбэл, дарааллын хувьд сонсох ажиллагааг хэрэгжүүлсний дараа шийдвэр гаргах ёстой бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27.3 дахь хэсэгт зааснаар тухайн газрыг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн, тодорхой зөрчлүүд гарсан талаар мэдэгдэж, түүнд тайлбар авсны дараа ямар шийдвэр гаргахаа шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.
Иймд дээрх хуульд заасан ажиллагааг хийгээгүй тул маргаан бүхий акт хүчингүй болох хангалттай үндэслэл бүрдэж байна.
3. Маргаан бүхий газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан.
4. Иргэн И.Сад жижиг, үйлдвэр барихад зориулж эзэмшүүлэх М1:4000 гэсэн газрын схем зургийг архитектор Х.Серикбай үйлдэж, холбогдох албан тушаалтнууд зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба Өлгий сумын Засаг дарга асан Х.Онтуган гарын үсэг зурж, баталгаажуулсан. Дээрх байдлаас дүгнэхэд, холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнуудын зохих зөвшөөрлийн дагуу газар олгогдсоноос гадна маргаан бүхий тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд тухайн газрыг эзэмшүүлж болохоор заасан байхыг анхаарч үзэх нь зүйтэй. Мөн тухайн газарт газар эзэмших эрх бүхий этгээдүүд хашаа татаж, үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр эхлүүлсэн боловч бусдын буруугаас болж энэ эрхээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэх боломжгүй байгаа.
Иймд Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 тоот захирамжийг хүчингүйг болгох тухай нэхэмжлэл гаргасан. Тухайн газрыг анх 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаартай захирамжаар эзэмшиж авсан. Дараа нь 2014 оны 9 сарын үед тухайн газарт очиж, шургааг модоор хашаа татсан байсан. Үүнтэй холбогдуулан 3-4 хүнийг гэрчээр асуулгасан. Газрын даамал Б.Аманбек нь манай дүүд буруу газрыг заагаад өгсөн учраас бид нар М.Аын эзэмшлийн газарт хашаа татсан байсан. Анх газрыг манай ээж болох И.Сын нэр дээр авч, дараа нь ээж уг газрыг надад өгсөн. Нэгэнт хашаагаа татаад хавтангийн үйлдвэр барих зорилготой байсан ба тухайн үед санхүүгийн асуудлаас болж хавтангийн үйлдвэрээ барьж амжаагүй. Хашаа татсанаас болж М.А бид хоёрын дунд маргаан үүсэж, өнөөдрийн байдалд хүрсэн. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 104 дугаартай захирамжаар 110 дугаартай захирамжийг хүчингүй болгосон байна. Бид нар 2014 онд хашаагаа татчихаад, дараа нь дахиж 2017 онд хашаа татсан. Хоёр удаа хашаа татаж байсан. Гурав дахь удаад нь модон хашааг банзаар татсан. 2017 онд захирамжийг хүчингүй болгосон мөртлөө Өлгий сумын Засаг дарга болон хариуцсан газрын даамал бид нарт өнөөдрийн хүртэл албан ёсоор мэдээлэл өгөөгүй.
2019 оны 12 сарын үед Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас очиж тодруулахад, 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаартай захирамжийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 тоот захирамжаар хүчингүй болгосныг мэдсэн.
Тийм учраас Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Гуравдагч этгээд М.Аоос шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:
Миний бие бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байна. 2011 оны 03 дугаар сард Өлгий сумын захиргаанд өргөдөл гарган холбогдох материалуудыг бүрдүүлэн 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 34 тоот захирамжаар Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 1500 м2 газрыг хуулийн дагуу 30 жилийн хугацаагаар эзэмшиж авсан. Уг газарт 2014 оноос хойш Өлгий сумын 5 дугаар багийн иргэн И.С миний газарт дур мэдэн хашаа татаж, ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүйгээр 2017 онд хүчингүй болгон улмаар тухайн газрыг бусдад худалдан 1500 м2 газрыг 1800 м2 газар болгон хууль бус эзэмшиж байгаа. Өлгий сумын Засаг дарга Х.Б 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр захирамж гаргахад тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Анх гэрчилгээ олгосон газрын даамал Т.Зангар нь хуйвалдаж, Өлгий сумын 5 дугаар багийн иргэн И.С гэгчид Өлгий сумын архитектор Х.Серикбайгаар схем зураг үйлдүүлэн миний эзэмшиж буй үйлдвэр барих зориулалтын 1500 м2 газрыг давхардуулан надад мэдэгдэлгүйгээр олгож, Өлгий сумын Засаг дарга асан Х.Онтуган 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 110 тоот захирамж гаргаж баталгаажуулсан. Дараа нь 2013 онд Өлгий сумын газрын даамал Т.Зангар 1500 м2 газарт үйлдвэр барих зориулалтаар гэрчилгээ олгодог. Тэр гэрчилгээнд “Сакений хашааны зүүн талд” гэж бичсэн байна. Хавтаст хэрэгтэй танилцахад үүнийг техникийн алдаа гэж мэдэгдсэн байна. Тухайн И.Сын нэр дээр байгаа газрыг 2014 онд И.Сын хүү А.Дауренбект хэмжиж өгөөд, тэр газарт А.Ж хашаа татсан. Ер нь харахад процесс нь сонин байна. Газрын даамал Б.Аманбек дур мэдэн миний газрыг зааж өгч, нэхэмжлэгч нар тухайн газарт хашаа татаж, хууль бусаар эзэмшиж ирсэн.
И.Сад эзэмшүүлсэн газар нь миний газартай давхацсан болохыг 2019 оны 3 сард мэдсэн, өмнө нь И.Сын хүү А.Жтэй тааралдаагүй, газрын маргааны талаар ярьж байгаагүй, эдийн засгийн боломжгүй байдлаас болж тухайн газарт юм хийж чадаагүй.
Өлгий сумын Засаг дарга 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаартай захирамжийг хүчингүй болгосноо мэдэгдээгүй. Б.Аманбек гэрчээр өгсөн мэдүүлэгтээ утсаар мэдэгдсэн гэж худлаа хэлсэн байна. 2019 оны 4 дүгээр сарын эхээр би гудамжинд явж байхад Б.Аманбек тааралдаж “таны эзэмшилд байгаа газрыг хүчингүй болгосон” гэж хэлж, өөрийнхөө албаны өрөөнд дагуулж очоод, та Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт очиж нарийн бичиг Хуралайгаас шүүлгэж захирамж гарсныг үзээрэй гэж хэлсэн. Тэрний хэлсний дагуу би Хуралай гэдэг хүнд очиж шүүлгэж үзэхэд, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүчингүй болсон байсан. Би тэр үед мэдсэн. Тэгээд би Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болатын нэр дээр 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өргөдөл гаргасан боловч уг өргөдөл газрын даамал Т.Зангарын нэр дээр цохогдож, тэрээр хариу өгөөгүй сунжруулан бүтэн 8 сарын дараа хариу өгсөн.
Өлгий сумын Засаг дарга Х.Бт гомдол гаргахад, “өөрийнхөө гаргасан захирамжийг өөрөө хүчингүй болгох эрхтэй. Би чиний эзэмшлийн газрыг дуудлага худалдаанд оруулж давуу эрхээр олгоно” гэж хэлж, шийдвэрийг зарлуулахаар болоход Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Бахытжан нь уг газар шүүхэд маргаантай байгаа гэх шалтгаанаар зөвшөөрөөгүй. Тэгээд нэхэмжлэгч И.С шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдээд, Өлгий сумын Засаг дарга Х.Бын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг дарга А.Гылымханы нэр дээр 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өргөдөл гаргасан боловч түүний гаргасан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн хариу мэдэгдсэн.
Тийм учраас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бие даасан шаардлага гаргасан.
Иймээс Өлгий сумын Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 110 тоот захирамж мөн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 тоот захирамжуудын надад холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Өлгий сумын Засаг даргаас гаргасан тайлбартаа:
Иргэн И.Сын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбар гаргаж байна.
Үүнд: И.С нь 2012 онд эзэмшиж авсан газрыг 5 жилийн хугацаанд ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгосон.
Иймд И.Сын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Өлгий сумын Засаг даргаас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан тайлбартаа:
М.А нь 2012 онд эзэмшилдээ авсан газрыг 5 жилийн хугацаанд ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэл болгож хүчингүй болгосон. Захирамж хүчингүй болохоос өмнө газрын даамал Б.Аманбек иргэн М.Ад мэдэгдсэн болно.
Иймд М.Аын шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өлгий сумын Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 110 тоот захирамжийг гаргах үед иргэн И.С, М.А нарт эзэмшүүлсэн газрын схем зургийг тухайн үеийн Өлгий сумын архитектор Х.Серикбай зурсан. Тухайн үед хэн нэгний газарт давхардсан зураг гараагүй, тус тусдаа газраа эзэмшсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалтад зааснаар 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөлд хүчингүй болгох ёстой. Тухайн газрыг бүтэн 4-5 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй учраас 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 тоот захирамжаар хүчингүй болгосон. Уг захирамж гарахаас өмнө газрын даамал уг иргэдэд мэдэгдсэн. Энэ нь газрын даамал Б.Аманбекийн гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа учраас нэхэмжлэгч И.Сын нэхэмжлэл болон М.Аын бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл тухайн газрыг ашиглаагүй байдал нь “Google Earth” хайлтын системээс харагдаж байгаа. Энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч И.Саас хариуцагч Өлгий сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаар захирамжийн И.Сад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээд М.Аоос мөн хариуцагчид холбогдуулан гаргасан “Өлгий сумын Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаар захирамжийн М.Ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Өлгий сумын Засаг дарга нь гуравдагч этгээд М.Ад 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр захирамжийн[1] холбогдох хэсгээр Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 1500 м2 газрыг үйлдвэр барих зориулалтаар 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд уг газрын байршлыг М.Сакенд эзэмшүүлсэн газраас шууд залгаа байдлаар урьд хэсгээс тогтоосон нь хэрэгт авагдсан М.А, Б.Ардах, М.Сакен нарт үйлдвэр барих зориулалтаар эзэмшүүлэх газрын схем зураг[2], гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0388146 дугаартай гэрчилгээ[3], газрын байршлын кадастрын зураг[4] зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогджээ.
Нэхэмжлэгч И.Сад Өлгий сумын Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар захирамжаар[5] Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 1500 м2 газрыг үйлдвэр барих зориулалтаар 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газрын байршлыг гуравдагч этгээд М.Ад эзэмшүүлсэн газраас урагшаагаа шууд залгаа байдлаар тогтоосон нь тухайн үед үйлдэгдсэн хэрэгт авагдсан И.Сад жижиг үйлдвэр барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын схем зураг[6], кадастрын зураг[7], тухайн үед схем зургийг үйлдсэн Х.Серикбай, газрын даамал Т.Зангар, Б.Аманбек нарын гэрчийн мэдүүлэг[8] зэрэг нотлох баримтаар тус тус батлагдаж байна.
Нэхэмжлэгч И.Сархыт нь газрын байршлын схем зураг болон кадастрын зургийн дагуу өөрт нь олгогдсон газарт бус гуравдагч этгээд М.Ад эзэмшүүлсэн 1500 м2 газартай бүхэлд нь давхцуулан нийт 1854 м2 газарт хашаа татсан үйл баримт нь маргаан бүхий газруудад шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл[9], үзлэгийн зураг[10], гэрэл зураг[11], “Google Earth” хайлтын системд хийсэн үзлэгийн тэмдэглэл[12] зэргээр тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд давхцуулан хашаа татсан үйлдлийг “... газрын даамлаас анх газар эзэмшүүлэх үед зааж өгсөн газарт хашаа татсан” гэж тайлбарласан.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг” гэж тус тус газар эзэмшихийг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгогдох газрын байршил, хил заагтай холбоотой хуулийн шаардлагыг нарийвчлан зохицуулжээ.
Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзэхэд газар эзэмшихийг хүссэн этгээд нь эзэмшихийг хүссэн газрын байршлыг эхлээд өөрөө тогтоож, энэхүү газрын байршил, хил зааг, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг зэргийг үйлдүүлэн, бусад шаардагдах баримтын хамт газар эзэмших хүсэлтэд хавсарган эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх ба энэхүү хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшлийн газартай давхцаагүй байх шаардлагыг хангасан байх ёстой байна.
Гэтэл нэхэмжлэгчийн анхны хүсэлт гаргасан газрын байршил нь гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй болох нь нэхэмжлэгчийн газар эзэмших үед бүрдүүлсэн газрын байршил, хил заагийг харуулсан схем зургаар тогтоогдож байгаа ба энэхүү үйлдэгдсэн зургийн дагуу захиргааны байгууллагаас газар олгосон, энэ газар нь сул чөлөөтэй газар байсан боловч уг схем зурагт заагдсан байршлын дагуу олгогдсон газраа эзэмшилгүй бусдын эзэмшлийн газарт хашаа татаж хууль бусаар эзэмшилдээ авсан нэхэмжлэгчийн үйлдэлд нь захиргааны байгууллагыг “бусдын газартай давхцуулан газар олгосон” гэх үндэслэлээр буруутгах үндэслэлгүй байна.
Хариуцагч Өлгий сумын Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актын хавсралтын холбогдох хэсгээр[13] нэхэмжлэгч И.С, гуравдагч этгээд М.А нарын тус бүрд үйлдвэр барих зориулалтаар эзэмшүүлсэн 1500 м2 бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ, захирамжийн холбогдох хэсгийг тус тус Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан үндэслэлээр хүчингүй болгожээ.
Өлгий сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан нэхэмжлэгч И.Стай 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх гэрээ”-г[14], гуравдагч этгээд М.Атой 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээ”-г[15] тус тус байгуулсан, гэрээ тус бүрийн хоёрдугаар зүйлийн “гэрээний нөхцөл” хэсэгт “үйлдвэр барих” зориулалтаар гэж тусгасан байна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж газар эзэмшигчийн хүлээх үүргийг , 40 дүгээр зүйлийн 40.1.6-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус заасан.
Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор тухайн газраа зориулалтын дагуу, тодруулбал, үйлдвэр барих зориулалтаар ашиглаагүй, энэ нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хавсралтын холбогдох хэсгээр[16], шүүхээс хийсэн газрын үзлэгийн тэмдэглэлээр тус тус батлагдсан.
Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нь эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй талаар “... эдийн засаг, санхүүгийн боломжгүй байдлаас болсон” гэж тайлбарласан боловч энэ нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалгаан биш бөгөөд гуравдагч этгээд нь эзэмшлийн газартаа 6 жилийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаагаа огт явуулаагүй, нэхэмжлэгч нь өөрийн газар гэж үзэн бусдын газарт хашаа татсан байх боловч энэ үйлдлийг нь тухайн газрыг үйлдвэрийн зориулалтаар ашигласан гэж шүүхээс дүгнэх боломжгүйгээс гадна нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд газрын талаар маргаан үүсэх үед мэдсэнээс хойш хуулийн хугацаанд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар маргааныг зохих шатны Засаг даргаар шийдвэрлүүлэх эрхээ аль алин хэрэгжүүлээгүй, зохих ёсоор шийдвэрлүүлээгүй, тул “бусдын хууль бус үйлдлээс болж газрыг зориулалтын дагуу ашиглаагүй” гэж үзэх үндэслэлгүй байна.
Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгох ба маргаан бүхий газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшихэд тухайн газар эзэмшигчдээс үл хамаарах дээрх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эзэмшлийн газраа 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, үйлдвэр барих үйл ажиллагаа явуулаагүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр хуулийн дээрх заалтуудтай нийцсэн.
Нэхэмжлэгч талаас хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргах үед Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж маргажээ.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасан.
Эрх бүхий албан тушаалтан буюу Өлгий сумын Засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг гаргах үед хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй болох нь нотлогдож байгаа боловч сонсох ажиллагааг хэрэгжүүлсэн нөхцөлд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нь эзэмшлийн газраа “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдлыг бий болгохгүй, захиргааны байгууллагаас гарах шийдвэрт нөлөөлөхгүй тул сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгүүдийг хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дүгээр захирамжийн нэхэмжлэгч И.С, гуравдагч этгээд М.А нарт холбогдох хэсэг нь нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүхээс дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.С, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.А нараас Өлгий сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаар захирамжийн И.Сад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, “Өлгий сумын Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаар захирамжийн М.Ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША
[1] Хэргийн 52 дугаар хуудас
[2] Хэргийн 52 дугаар хуудасны ар тал
[3] Хэргийн 53 дугаар хуудас
[4] Хэргийн 104 дүгээр хуудас
[5] Хэргийн 13 дугаар тал
[6] Хэргийн 14 дүгээр хуудас
[7] Хэргийн 82 дугаар хуудас
[8] Хэргийн 65-66, 76 дүгээр хуудас, 159 дүгээр хуудас
[9] Хэргийн 98-99 дүгээр хуудас
[10] Хэргийн 100 дугаар хуудас
[11] Хэргийн 101-104 дүгээр хуудас
[12] Хэргийн 121-128 дүгээр хуудас
[13] Хэргийн хэргийн 29, 32
[14] Хэргийн 10 дугаар хуудас
[15] Хэргийн 54 дүгээр хуудас
[16] Хэргийн 130-135 дугаар хуудас