Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2015/0557

 

Б.У*******ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х*******, Б.Ц******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 672 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.У*******ийн нэхэмжлэлтэй, С*******д холбогдох захиргааны хэргийг, шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б45 дугаар тушаалаар намайг Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсен тухай мэдэгдсэн. Тухайн үед нэр бүхий 6 хүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн шалтгаан нь Сангийн яамны шинэ бүтэц, зохион байгуулалттай холбоотой гэж тайлбарласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгосон. Дээрхи тушаал нь дараах хууль тогтоомжийг зорчсөн үндэслэлгүй гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар чөлөөлөх 23 дугаар зүйл, халах 25 дугаар зүйл тухай үндэслэлд дээрхи тушаалын үндэслэл хамаарахгүй байна.

Энэ хуулийн заалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг зөвхөн дээрх хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх эсвэл, халах боломжтой байна. Гэтэл орон тооны цомхотгол гэсэн нэрийдлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу хэрэв ажил олгогч ажилтныг уг хуулийн 40.1.1-д заасны дагуу ажлаас чөлөөлж байгаа бол 30 хоногийн өмнө албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.

Иймд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны едрийн Б45 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х*******, Б.Ц******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 382 дугаар тогтоолоор тус яамны орон тооны хязгаарыг 167 байхаар баталсан болно.

Тус яам Засгийн газрын тогтоолоор батлагдсан орон тооны хязгаартаа багтаан ажиллах үүргийнхээ дагуу орон тооноос илүү ажиллаж байгаа албан хаагч нарыг ажлаас чөлөөлж, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдан, ажлаас чөлөөлөгдсөн нэр бүхий ажилтнуудад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Сангийн яамны Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2014 оны Хамтын гэрээний 5, 6 дахь заалтуудыг үндэслэн тус бүр албан тушааалынх нь 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон болно.

Иймд Б.У*******ийн нэхэмжлэлтэй хэргийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 672-р шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б45 тушаалын Б.У*******ьд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.У*******ийг Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын мэргэжилтний үүрэгт ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У*******ийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан 6 сар 6 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5.185.200төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Б.У*******ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг С*******д даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, Н.Х******* нар давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 672 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...захиргааны байгууллага, албан тушаалтан нь нэхэмжлэгч Б.У*******ийг Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтний ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлж, хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг зөрчсөн, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б45 дугаар тушаалыг хүчингүй болгон, түүнийг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу Б.У*******ийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ...гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай Засгийн газрын 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор тус яамны орон тооны хязгаарыг 145, Төрийн сангийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж эхлэх тухай Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тогтоолоор нэмж 2 орон тоо, хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолоор Улсын мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн чиг үүргийг 11 орон тооны хамт тус яаманд шилжүүлсэн.

Улмаар Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдаж, тус яамны эрхлэх асуудлын хүрээнд байсан зарим чиг үүрэг шилжин ирснээр 21 албан хаагчийг тус яаманд шилжүүлэн ажиллуулж, нийт 179 албан хаагч ажиллах болсон.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 382 дугаар тогтоолоор тус яамны орон тооны хязгаарыг 167 байхаар баталсан болно.

Тус яам Засгийн газрын тогтоолоор батлагдсан орон тооны хязгаартаа багтаан ажиллах үүргийнхээ дагуу орон тооноос илүү ажиллаж байгаа албан хаагч нарыг ажлаас чөлөөлж, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдан ажлаас чөлөөлөгдсөн нэр бүхий ажилтнуудад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Сангийн яамны Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2014 оны Хамтын гэрээний 5, 6 дахь заалтуудыг үндэслэн тус бүр албан тушаалынх нь 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон болно.

Иймд дээрх тайлбар, үндэслэлүүдийг үндэслэн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 672 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

С******* 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Б.У*******ийг ажлаас нь чөлөөлөх тухай Б/45 дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага...өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд... 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолын 1 дэх заалтын в-д зааснаар Сангийн яамны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсны дотор нэхэмжлэгчийн ажиллаж байх үед 10 орон тоотой байсан Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар нь бүтцийн хувьд 19 орон тоотой болж өөрчлөгдсөнөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтэс болон албан тушаалын орон тоо нь хасагдаагүй, харин ч нэмэгдсэн, түүнчлэн албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа болох ньхавтаст хэрэгт авагдсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Орон тооны дээд хязгаар батлах тухай2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/62 дугаар тушаал, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дүгээр тушаал, ажлын байрны тодорхойлолт, нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Мөн Засгийн газрын 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 14 дүгээр тогтоолоор Сангийн яамны орон тооны хязгаарыг 158 байхаар тогтоож байсан бол Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор Сангийн яамны орон тооны хязгаарыг 167 байхаар нэмэгдүүлэн тогтоосон байна.

Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч Б.У*******ийн ажлын байр, орон тоо хасагдсан гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн маргаан бүхий тушаалаар түүнийг ажлаас чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгосон нь үндэслэлгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухайЗасгийн газрын 2012 оны 14 дүгээр тогтоолоор тус яамны орон тооны хязгаарыг 145, Төрийн сангийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж эхлэх тухай Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тогтоолоор нэмж 2 орон тоо, Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолоор Улсын мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн чиг үүргийг 11 орон тооны хамт тус яаманд шилжүүлсэн. Улмаар Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдаж, тус яамны эрхлэх асуудлын хүрээнд байсан зарим чиг үүрэг шилжин ирснээр 21 албан хаагчийг тус яаманд шилжүүлэн ажиллуулж, нийт 179 албан хаагч болсон. Орон хязгаартаа багтаан ажиллах үүргийнхээ дагуу орон тооноос илүү ажиллаж байгаа албан хаагчийг ажлаас чөлөөлсөн... гэх тайлбар, гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолын хавсралтаар нийслэлийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын газраас Сангийн яаманд шилжүүлэх санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн тоог 3 гэж тогтоосон байхад /х/х-ийн 56 дугаар тал/ 11 орон тооны хамт шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн Засгийн газрын 147 дугаар тогтоолоор ажлын байрны чиг үүргийг давхардуулахгүй, төрийн байгууллагын орон тоо, бүтцийн өөрчлөлтийг 15 хувиар цомхотгох, төсвийг хэмнэх үүрэг төрийн бүх байгууллагуудад өгөгдсөн нь ажлын байрны орон тоо нь хэвээр хадгалагдан үлдсэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн ажилтныг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах байтал ...нийслэлийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын газраас салбарын яамдад санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдыг шилжүүлсэн, татан буугдсан яамнаас ажилтнууд шилжин ирсэн... гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь төрийн албан хаагчийн хангагдвал зохих нэмэлт баталгааг алдагдуулсан төрийн албаны үндсэн зарчимд нийцээгүй хууль бус шийдвэр болсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан боловч хариуцагчаас Б.У*******ийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийг баримталсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй. Учир нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөх, халах талаар зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 23, 25 дугаар зүйлд заасан үндэслэлд маргаан бүхий тушаалын үндэслэл хамаарахгүй байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн илүү нарийвчилсан зохицуулалтыг маргаан бүхий актын үндэслэл болгосон тул шүүх дээрх хуулийн зохицуулалтад тайлбар хийсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 672 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН