Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 71

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал, 

Улсын яллагч А.Намдаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүгдэгч Ц.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөөрс овгийн Цэвээндоржийн Батболдод холбогдох эрүүгийн 201615000182  тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Өндөр ширээт суманд 1979 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 37 настай эрэгтэй, ам бүл 1 ганцаараа, оршин суух хаяггүй, боловсрол, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1997 онд Булган аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123,1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэн хянан харгалзагдсан, 2002 оны 01 дүгээр сарын 01-нд Булган аймгийн сум дундын шүүхээр эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 131 дүгээр зүйл 131.1, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, 2002 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн сум дундын шүүхээр 123 дугаар зүйлийн 123.4-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, 2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн сум дундын шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 06 capын хугацаагаар хорих ялаар, 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн сум дундын шүүхээр эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 05 capын хугацаагаар баривчлах ялаар, 2014 оны 08 дугаар 13-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Мөөрс овогт Цэвээндоржийн Батболд. РД:ГО79060597

Шүүгдэгч Ц.Батболд нь ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр 2016 оны 06 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн “Арвайхээр” сумын 10 дугаар баг, 1-27 тоотод оршин суух иргэн Ж.Загасбалдангийн гэрийн цонхыг хөшиж хууль бусаар нэвтэрч “Самсунг” маркийн гар утас болон ууттай чихэр зэрэг эд зүйл хулгайлан авч нийт 300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Батболд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2016 оны 04 дүгээр сарын 20-иор Увс аймгийн Давст суманд Давсны уурхайд ажил хийж байгаад буцаад Баянхонгор, Говь-Алтай аймгаар дамжаад замын машинд суугаад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ирсэн. Тэгсэн нөгөө хүн нь намайг машин болохгүй байна энд буучих би чамайг төв бараадуулаад өглөө гэсэн. Би уг нь Сансар ороод бууна гэж байсан юм. Би Өвөрхангай аймагт таних хүн байхгүй суваргатай овоон дээр сууж байгаад бороо гайгүй болохоор нь төв рүү ороод Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 1-27 тоотод оршин суух иргэн Ж.Загасбалдан гэх айлын байшингийн арын цонхоор орж тавагтай чихэр Samsung маркийн гар утас авсан нь үнэн. Цагдаагийн машин ирж байхаар нь буцаад байшингийн цонхоор ороод байж байсан чинь гэрийн эзэн нь машинтай ирэхээр нь орсон цонхоороо гараад төв рүү явж байгаад цагдаад баригдсан. Цагдаа гар утсыг нь гаргаад ир гэхээр нь айсандаа гар утсыг нь буцааж өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Ж.Загасбалдангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Шөнийн 01 цаг 20 минутын орчим гэртээ ирсэн. Бид 2 айл руу явахдаа гэрлээ унтраагаад гэрээ цоожлоод явсан. Тэр өдрийн шөнө хашааныхаа гадаа ирээд машинаа хашаандаа оруулахаар би хашааныхаа хаалгыг онгойлгоод машинаа оруулсан. Тэгтэл манай байшингийн гэрэл асаалттай байхаар нь хартал нэг эрэгтэй хүн гал тогооны өрөөний орчимд зогсож байсан. Манай эхнэр цагдаа дуудъя гээд байхаар нь бид 2 цагдаа дуудсан. Тэгээд ч тэр залуу удалгүй гэрлээ унтраачихсан. Цагдаа нарыг ирэхээр цуг гэртээ ортол тэр залуу гараад явчихсан байсан. Манай байшингийн хойд талын цонх онгорхой байсан. ... Миний ажилдаа хэрэглэдэг программтай Санмсунг маркийн гар утас алдагдсан байсан. Мөн тавагтай чихрээс уутанд хийгээд аваад явсан байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Б.Хоролмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Хашааныхаа гадаа ирээд хашааныхаа хаалгыг онгойлгоход байшингийн гэрэл асаалттай байхаар нь хартал байшин дотор эрэгтэй хүн явж байсан. Тэр эрэгтэй улаан өнгийн саравчтай малгайтай дээгүүрээ бараан өнгийн хувцастай байсан. Тэгээд нөхөр бид хоёрыг хашаанд ортол байшингийн гэрлийн унтраачихсан. ... Нөхөр бид хоёрыг гэртээ ороход том өрөөнд байсан тавагтай чихрийг асгаад чихрээс авсан бололтой байсан. Түүний хажууд тавиур дээр байсан манай нөхөр Загасбалдангийн ажлын таб гар утсыг аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №06/07 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Батболдын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 52, 55, 67-82, 92 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Батболдын ял шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Батболдыг сэжигтнээр болон ялагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 45-50 дугаар хуудас/.,

Шүүгдэгч Ц.Батболд нь ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр 2016 оны 06 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн “Арвайхээр” сумын 10 дугаар баг, 1-27 тоотод оршин суух иргэн Ж.Загасбалдангийн гэрийн цонхыг хөшиж хууль бусаар нэвтэрч “Самсунг” маркийн гар утас болон ууттай чихэр зэрэг эд зүйл хулгайлан авч нийт 300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Загасбалдангийн “...Манай байшингийн гэрэл асаалттай байхаар нь хартал нэг эрэгтэй хүн гал тогооны өрөөний орчимд зогсож байсан. Бид 2 цагдаа дуудсан. Цагдаа нарыг ирэхээр цуг гэртээ ортол тэр залуу гараад явчихсан байсан. Манай байшингийн хойд талын цонх онгорхой байсан. ... Миний ажилдаа хэрэглэдэг программтай Самсунг маркийн гар утас алдагдсан байсан. Мөн тавагтай чихрээс уутанд хийгээд аваад явсан байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14/, гэрч Б.Хоролмаагийн “... Хашааныхаа гадаа ирээд хашааныхаа хаалгыг онгойлгоход байшингийн гэрэл асаалттай байхаар нь хартал байшин дотор эрэгтэй хүн явж байсан. …  Тэгээд нөхөр бид хоёрыг хашаанд ортол байшингийн гэрлийн унтраачихсан. ... Нөхөр бид хоёрыг гэртээ ороход том өрөөнд байсан тавагтай чихрийг асгаад чихрээс авсан бололтой байсан. Түүний хажууд тавиур дээр байсан манай нөхөр Загасбалдангийн ажлын таб гар утсыг аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 9-10/, Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11-12/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №06/07 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 26-27/, шүүгдэгч Ц.Батболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Батболдод холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч Ц.Батболд нь ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1007 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ц.Батбаяр нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, түүнд ял оногдуулсан болно.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Ц.Батболдын цагдан хоригдсон 74 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг тус тус дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3,  294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:                                                                             

1. Шүүгдэгч Мөөрс овогт Цэвээндоржийн Батболдыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Мөөрс овгийн Цэвээндоржийн Батболдыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаан/ сарын  хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Ц.Батболдод оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ц.Батболдын цагдан хоригдсон 74 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.    

  5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

   7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Батболдод  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     М.МАНДАХБАЯР