Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2472

 

   “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/01529 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 522 413 601 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Барилга угсралтын үйлчилгээний туслан гүйцэтгэгч”-ийн М2014-22 тоот гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч тал болох "О" ХХК нь Шинэ Улаанбаатар нисэх онгоцны буудлын дулааны станцийн барилга угсралтын ажлыг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр харин захиалагч тал болох “М” ХХК нь гэрээний 3,5 дахь заалтад заасан 3 732 718 511 төгрөгийг төлөх үүргийг хүлээж, энэ мөнгөн дүн нь хийж гүйцэтгэсэн бодит ажлын тоо хэмжээнээс хамаарна гэсэн нөхцөлтэй харилцан тохирсон. Гэрээний үүргийг хэрэгжүүлэх явцад 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс талууд харилцан тохиролцсоны дагуу гэрээнд өөрчлөлт оруулан 2 061 514 499 төгрөг болгон өөрчилсөн. Ажил гүйцэтгэсэн тоо хэмжээг баталгаажуулах үед буюу 2015 онд сүүлийн байдлаар тулгалт хийхэд 422 741 325 төгрөгийн ажил хийгдсэн ч санхүүжилтийг олгоогүй. Машин механизмыг барилга угсралтын явцад ашиглуулж байсан, бараа материал нийлүүлж байсан дүнгээс төлөх ёстой 35 576 238 төгрөгийг хасч, үлдэх 391 165 087 төгрөг нэхэмжилж байна. Шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч талаас нийт 35 000 000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа 356 165 087 төгрөг болгож багасган нэхэмжилж байна. Гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил буюу дээрх мөнгөн дүнгийн талаар тусгасан тайланд 422 741 325 төгрөгийг гаргуулахаар тусгасан. Гэрээнд зааснаар захиалагч төлбөрийг гэрээнд журмын дагуу төлөх ёстой.

Анх алдангид 89 000 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөлт хийгдсэнтэй холбогдуулан тооцоогөө өөрчөн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 108 679 874 төгрөг нэхэмжилж байна. Уг гэрээний 7.3, 7.4-д зааснаар алданги гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрээгүй бөгөөд төлөх төлбөрийн 0.05 хувиар бодсон. Энэ тооцооллоор 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 422 741 325 төгрөгийн 0.05 хувь нь 211 370,66 төгрөгийг 141 хоногт үржүүлвэл 27 689 470 төгрөг болж байна. 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс үнийн дүн багасч, 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 412 523 173 төгрөгөөс алданги бодсон. Сүүлд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч тал 15 000 000 төгрөгийн төлбөр төлснөөр 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн алданги тооцож, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 110 хоногоор бодож 19 589 075 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийн тулд өөрийн санхүүжилтээр гүйцэтгэж байсан. Захиалагч санхүүжилтийг хугацаандаа оруулаагүйгээс "О” ХХК нь нийгмийн даатгалын төлөлт хоцорч 2015 онд нийт 39 413 829,95 төгрөгийн алданги ногдуулсан. Үүнээс 5,6 сарын нийгмийн даатгалын төлбөрийн алдангийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Тухайн үед санхүүжилт удааширсан тул 2015 оны 5,6 дугаар сарын нийгмийн даатгалын алданги тооцвол 17 339 221 төгрөг нэхэмжилж байна.

Хариуцагч “М” ХХК-иас санхүүжилт хугацаандаа хийгдээгүйн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь хийж гүйцэтгэхийн тулд нэхэмжлэгч "О" ХХК нь хүүтэй зээл авсан. Энэхүү зээлийн гэрээнээс 5 229 418 төгрөгийн үнийн дүнд тохирохоор 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Д2-16 тоот зээлийн гэрээ  У.О болон “О” ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр 100 000 000 төгрөгийг, 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, 3 сарын хүү 12 000 000 төгрөг орчим болж байна. Мөн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр 60 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн хүүнд 10 000 000 төгрөг төлсөн. Дээрх зээлийн гэрээнүүдийн хувьд зөвхөн 5 229 418 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар "М" ХХК хугацаандаа төлөөгүйгээс "Очир төв" ХХК-д учирсан хохирол гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэмэлт ажлын хөлсний үлдэгдэл 391 165 087 төгрөг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Нэмэлт ажил гүйцэтгэсэнтэй холбоотой ямар ч гэрээ байгуулагдаагүй. Талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нийт 3,7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй гэрээ байгуулагдсан. Үүнээс хойш 20114 оны 8 дугаар сард 2014/22 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт oруулсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр ажлын хэмжээг бууруулж үүнтэй холбоотойгоор үнэлгээ өөрчлөгдсөн. Анхны захиалагч болох "Э" ХХК-ийн 3,7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй ажлыг “Очир төв” ХХК авсан юм. Явцын дунд туслан  гүйцэтгэгч болох “О” ХХК хийх ажлынхаа хэмжээг багасгах болсон тул гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2,4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй ажил хийж гүйцэтгэсэн. Энэ асуудлаар "Э" ХХК-тай ярилцах, зөвшөөрөл авах шаардлагагүй.

Хариуцагч "М" ХХК-иас 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гэрээ болон уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2015 оны гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М” ХХК-иас 35 000 000 төгрөгийн төлбөр төлж 391 165 087 төгрөгийг хасч байгаагаас үзэхэд 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гэрээ болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт болох 2015 оны гэрээний харилцаа дуусгавар болсон. ”О" ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үнэлгээний 5 хувь нь гүйцэтгэлийн баталгаанд барьцаалагдана гэсэнтэй холбоотой асуудал байгаа.

Баталгааны хугацаа өнгөрсний дараа тухайн 5 хувийг шилжүүлж өгөх байсан. “О” ХХК-ийн нийт хийж гүйцэтгэсэн ажлын баталгаа нь 90 000 000 төгрөгийн санхүүжилт хийгдэхгүй барьцаалагдсан байсан. Энэ нь "Э" ХХК-иас бидэнд олгосон санхүүжилт юм. Үүнтэй холбоотой 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр талууд тооцоо нийлсэн актаар "О" ХХК нь Хөшигтийн дулааны станцын барилга угсралтын ажлын баталгаат хугацааны авлага 90 295 192 төгрөг байна. Нэмэлт ажлын хөлс 391 165 087 төгрөг гэж тооцоо нийлсэн. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл болох гэрээтэй холбоотой харилцаа талуудын хооронд дуусгавар болсон. Харин талуудын хооронд гүйцэтгэлийн баталгаатай холбоотой 90 295 192 төгрөгийн тооцоо үлдсэн. Үндсэн төлбөр 391 165 087 төгрөгийн шаардлагын тухайд энэ асуудлаар гэрээ байгуулаагүй. 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн гэрээнд 2,3 дахь удаагийн нэмэлт өөрчлөлт оруулж 391 165 087 төгрөгийн ажил гүйцэтгэх харилцаа бидний хооронд тусдаа байсан. Гэтэл энэ нь 16,7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй нэмэгдэж орох ёстой юу эсхүл энэ үнийн дүнд багтаж орох ёстой эсэх нь одоогийн байдлаар эцэслэн шийдэгдээгүй. Харин “М” ХХК-ийн гүйцэтгэлийн баталгаа болох 800 000 000 төгрөгөөс 1 хувийн гүйцэтгэлтэй тэнцэх хэмжээний мөнгө болох 165 000 000 төгрөгийг эхний ээлжинд шилжүүлэх санал тавихад боломжгүй, өөрсдөө “О" ХХК руу шилжүүл гэсэн юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх бүх нөхцөл байдлыг тодруулахын тулд "Э" XXК-ийг гуравдагч этгээдээр татах хүсэлт гаргасныг шүүх хангасан. Гуравдагч этгээдээс өгсөн тайлбар болох үндсэн гэрээнд заагдсан ажлын гүйцэтгэлтэй холбоотой нийт санхүүжилтийн 95 хувийг хийсэн гэдэг нь нэмэлт ажилтай хамааралгүй нь харагдаж байна. "Э" XXК-иас үндсэн төлбөрийг төлнө гэж байсан боловч одоо болтол хэрэгжээгүй байна. Иймээс 356 165 087 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Бид үндсэн төлбөрийн үүргийг цаг тухайд нь гүйцэтгэсэн. Үндсэн үүрэг гүйцэтгэгдсэнээр дагалдах нэмэлт үүрэг дуусгавар болно. Нэхэмжлэгч талын алдангитай холбоотой шаардлагын тухайд нэмэлт ажилд ногдуулсан алданги эсхүл 2,4 тэрбум ажлын гүйцэтгэлтэй холбоотой тооцсон алданги гэдгийг тодруулах шаардлагатай. Нэхэмжлэгч "О" ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй үйлдэлд хариуцагч "М" ХХК ямар буруутай, түүний шалтгаант холбооны талаар ямар нэгэн тайлбар гаргасангүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний гаргасан хүсэлтийг шүүх хангаагүй. Нэхэмжлэгч "О" ХХК-ийн санхүүгийн тайлан болон орлогын эх үүсвэртэй холбоотой баримт хэрэгт авагдсан ба "О” ХХК хэр хэмжээний данстай, ямар орлогын эх үүсвэртэй нь тодорхой харагдах байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажил гүйцэтгэхтэй холбоотой тээврийн зардлыг "М" ХХК хариуцаж байсан. Тухайн ажил нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хэмжээний зээл авахаар их ажил байгаагүй. Зээлийн хүүг "М" ХХК хариуцах ёстой гэсэн уялдаа холбоо мөн адил тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: "Э" ХХК болон "М"' ХХК-ийн хооронд нийт үнийн дүн 16,5 тэрбум төгрөг болно. Үүнээс "Э" XХК-иас 95 хувийн төлөлт хийгдсэн. "Э" ХХК болон "М" ХХК-ийн үнийн дүнгийн үлдэгдэл 5 хувь нь барьцаа юм. Энэ нь 825 сая төгрөг болно. Гэрээний заалтын дагуу захиалагчаас барилга хүлээн авсан батламж авсны дараа 2.5 хувийн төлөлт хийгдэх ёстой ба үлдэгдэл 2,5 хувийг баталгаат заcварын хугацаа дуусахад буюу 2018 оны 01 дүгээр сарын 18-нд төлөлт хийгдэнэ. 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “М” ХХК-иас "Э" ХХК-д албан бичиг ирүүлсэн бөгөөд энэ албан бичгээр дамжуулан барьцааны 1 хувь болох 165 000 000 төгрөгийг "О" ХХК-д шилжүүлэх хүсэлт тавьсан. Гэвч "Э" ХХК-иас "О" ХХК-д төлбөрийг шилжүүлэх үндэслэлгүй. Иймээс 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр "М" ХХК-ийн албан бичгийн хариу болох SCT-NUBIA-LTR-5962 дугаар бүхий албан бичиг "Э" ХХК-иас илгээсэн болно. "М" ХХК-д 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл барьцааны 1 хувь болох 165 000 000 төгрөгийг "Э" ХХК-иас шилжүүлэх болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 232 дугаар зүйлийн 232.3, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан хариуиагч "М" ХХК-иас 356 165 087 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "О" ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 166 248 514 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 770 018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "М" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 938 775 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "О" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “О” ХХК-иас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс алданги 108 679 874 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр М-2014/22 тоот гэрээ байгуулагдаж, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсныг зөв дүгнэсэн мөртлөө гэрээний агуулга, талуудын тохиролцсон тохиролцоо, гэрээний заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг ноцтой зөрчсөн байна. Шүүх Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасныг үндэслэсэн боловч "талуудын алины ч төсөөлөлд ороогүй урьдчилан таамаглах, төлөвлөх боломжгүй байдал үүссэнээр гүйцэтгэх ажлын төсөв нэмэгдэх тохиолдол" гарч болохыг орхигдуулжээ. Энэ тохиолдолд захиалагчийг ажлын үнийг нэмэгдсэн хэмжээгээр хариуцах үүрэгтэй гэж үзэж болохгүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хариуцах үүрэг үүсдэг гэсэн нэмэлт тайлбар хийсэн байна. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсэгт заасныг шүүх анхаарч үзэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр "Барилга угсралтын ажлыг бодит ажлын тоо хэмжээгээр тооцох”-оор зохицуулсан бөгөөд Шинэ Улаанбаатар олон улсын нисэх буудлын Дулааны станцын барилга угсралтын ажлыг бүрэн хэмжээгээр хүлээлгэн өгсөнөөр хийж гүйцэтгэсэн ажилд тохирох төлбөрийг "М" ХХК төлөх үүргийг гэрээний 3.1, 5 дугаар зүйл, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар бүрэн хүлээсэн болно. 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хийсэн М-2014/22 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийн 5 дугаар зүйлд "Цаашид гарах гүйцэтгэлүүдийг хуучин тарифаар гаргаж өсгөх итгэлцүүрээр тохируулга хийн олгож байх" гэж зохицуулсаныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Мөн хариуцагч талаас 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 01/170 тоотоор шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа "Ажлын хөлсний үлдэгдэл болох 355 155 037 тегрөгийг хүлээн зөвшөөрч буйгаа дурдаад гэрээний дагуу төлбөр төлж байгаагаа хүлээн зөвшөөрсөн агуулга"-ыг тусгасан нь гэрээг талуудын хоорондын бүхий л харилцаанд дагаж мөрдөж буйгаа зөвшөөрсөн болно. 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтэд "маргалдагч талуудын хоорондын харилцаа нь нэг нь захиалагч, нөгөө нь гүйцэтгэгч, нөгөөдөө төлбөр төлөх нөхцөл журмыг тодорхойлсон гэрээний үндсэн дээр явагдсан боловч "SCTECM" ХХК-ийн үйл ажиллагааны улмаас "О" ХХК-д төлөх төлбөрөө бүрэн төлж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн үндэслэлийг дурдаж "SCTECM" ХХК-ийг гуравдагч этгээдээр татуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байсан. “SCTECM" XXK нь шүүхэд гаргасан тайлбартаа "М" ХХК-тай 16,5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан бөгөөд үүний 95 хувийн төлөлт хийгдсэн, 5 хувь нь гүйцэтгэлийн баталгааны төлбөрийн үлдэгдэл байгаа" гэх тайлбар хийж хариуцагч "М" ХХК-д барилгын ажилтай холбоотой төлбөрийг төлсөн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, "М" ХХК нь барилга угсралтын ажилтай холбоотой бүхий л санхүүжилтийг авсан боловч "О" ХХК-ийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож "М" ХХК гэрээнд заасан хариуцлага хүлээх нөхцөл, үндэслэл бүрэн үүссэн болохыг шүүх огт анхаарч үзээгүй. Иймд гэрээ болон хуулийн дээрх зохицуулалтуудаар нэмэгдэж хийсэн ажлын санхүүжилт болох 356 165 087 төгрөг талуудын хооронд хийгдсэн "Барилга угсралтын ажлын туслан гүйцэтгэгчийн гэрээ" болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу хийгдсэн болох нь хангалттай тогтоогдож байна. Алдангийн тооцоололд 108 679 874 төгрөг нэхэмжилсэн шаардлагаас 2015 оны 10 дугаар сарын 25-наас 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны 67 471 358 төгрөгийг талуудын хооронд байгуулсан гэрээний 7.3 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохигч эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “О” ХХК хариуцагч “М” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 522 413 601 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “М” ХХК-иас 356 165 087 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 166 248 514 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар талууд эвлэрснээ бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Талууд шүүхийн шийдвэрээр гарсан үнийн дүнгийн талаар маргахгүйгээр хариуцагч “М” ХХК нь 356 165 087 төгрөгөөс 178 012 296 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэх 178 152 791 төгрөгөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 1 938 775 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, үлдэгдэл 168 152 791 төгрөгийг хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч “О” ХХК-ийн дансанд 2018 оны 02 дугаар сарын 28-ны дотор шилжүүлэн төлж барагдуулахаар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2016/25643 дугаар захирамжийг хүчингүй болгохыг 2 талаас зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Мөн улсын тэмдэгтийн хураамжийн талаар эвлэрлийн гэрээндээ тусгайлан тохиролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчид эвлэрэн хэлэлцэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тохиолдолд төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байхаар зохицуулсны дагуу нэхэмжлэгч “О” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх болно.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/01529 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 356 165 087 төгрөгөөс 178 012 296 төгрөгийг төлж барагдуулсныг болон, үлдэх 178 152 791 төгрөгөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж 1 938 775 төгрөгийг, үлдэгдэл 168 152 791 төгрөгийг нэхэмжлэгч “О” ХХК-ийн дансанд 2018 оны 02 дугаар сарын 28-ны дотор шилжүүлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “О” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495 310 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

                                                                                                          Д.БАЙГАЛМАА