| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/02405/И |
| Дугаар | 102/ШШ2017/02474 |
| Огноо | 2017-08-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2017/02474
| 2017 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2017/02474 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** өөрийн байранд байрлах, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** тоот хаягт оршин суух, Б.А /РД:***/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчний төлбөрт 277.654 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэглэгч Б.А нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх төлбөр 176.540 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 101.114 төгрөг, нийт 277.654 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, авлага үүссэн. Хэрэглэгч Б.А нь ХТП-2926 дэд станцаас хэрэглэгчийн 3043541 кодоор 1311184289 дугаарын тоолуураар хэрэглээтэй бөгөөд удаа дараа цахилгааны хэрэглээг түдгэлзүүлж таслагдаж байсан. Гэвч өөрсдөө дур мэдэн залгаж, эрчим хүч хэрэглэсээр байна. Хэрэглэгч Б.А нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргээ биелүүлээгүй ба хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийн үлдэгдэл болох 277.654 төгрөгийн авлага үүссэнийг нөхөн төлөхийг шаардаж, төлбөр барагдуулах тухай мэдэгдэл хүлээлгэн өгч байсан. Иймд 277.654 төгрөгийн төлбөрийг хариуцагч Б.А-ээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн нэхэмжилсэн 277.645 төгрөгийг Б.А миний бие хариуцахгүй. Ийм учир шүүх хуралдаанд оролцохгүй, эзгүйд хийж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, өмчлөгчийн гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь хариуцагч Б.Аэд холбогдуулан эрчим хүчний төлбөрт 277.654 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нь хариуцахгүй гэж эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Зохигч цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, нэхэмжлэгч хариуцагчид цахилгаан эрчим хүч нийлүүлж, хариуцагч нэхэмжлэгчийн нийлүүлсэн цахилгаан эрчим хүчийг хэрэглэсэн байх бөгөөд хариуцагч 2016 оны 3 дугаар сараас хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний сар бүр төлөх төлбөрөө төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдож байна.
Хариуцагчийн төлөөгүй цахилгаан эрчим хүчний хөлс 277.654 төгрөг болсон байх бөгөөд тэрээр хариуцахгүй гэсэн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасанчлан нотлох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 8.980 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 8.980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.А-ээс 277.654 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 8.980 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 8.980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ