Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/01488

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/01488

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 7 дугаар байр, 11 тоот хаягт оршин суух, Оймоо овогт Мөнх-Эрдэнийн Ууганчимэг /РД:РГ87071908/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 7-7 байр, 35 тоот хаягт оршин суух, Халиугчин овогт Дамдингийн Сарангэрэл /РД: ФМ66110965/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2.619.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ууганчимэг, хариуцагч Д.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч М.Ууганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д.Сарангэрэлтэй Сонгинохайрхан дүүрэгт байрлах нотариат дээр орж гэрээ байгуулж,  3.000.000 төгрөг зээлдүүлсэн. Иргэний хуулийн 281, 282, 283 дугаар зүйлд заасны дагуу зээлийн гэрээнд хүҮ болон хугацааг тусгасан. Анх байгуулсан гэрээ 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгагдсан. Зээлийн гэрээг сунгасан талаар хариуцагч сар бүр хүү төлж байсан, бичгээр гаргасан хүсэлт, сая хэлсэн тайлбар зэргээрээ хүлээн зөвшөөрч байна. Гэрээ байгуулах үед сар бүрийн 30-ны өдөр хүүг төлөхөөр тохирсон боловч төлөхөө больсон. Иймээс би Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох талаар шаардлагыг хэд хэдэн удаа гаргасан боловч гэрээний хугацаа дуусаагүй гэсэн шалтгаанаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөнгө төлөөгүй. Ингээд гэрээний хугацаа дуусгавар болохын өмнөх өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг төлсөн. Тухайн үед үлдэгдлийг удахгүй өгнө гэж тохирсон боловч дараа нь удалгүй өгөх боломжгүй боллоо гэсэн хариу өгсөн. Хэзээ яаж өгөх боломжтой талаар асуухад хэзээ яаж өгөхөө мэдэхгүй байна, бага багаар хасалт хийж өгнө гэсэн тодорхой бус хариулт өгсөн. Үүний улмаас бид маргалдаж шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болсон. Иргэний хуулийн 282.4-т зааснаар хугацаа хэтрүүлсэн зээлдэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна гэсэн байдаг. Гэвч Д.Сарангэрэл нь хариу тайлбартаа банкны зээлийг төлөхийн тулд миний зээлийг төлөх боломжгүй гэсэн байдаг. Зээлийн гэрээнд тусгагдсанаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тогтоосон.  Үүний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн алдангийг тооцсон. Үндсэн зээлийн төлбөрт 1.900.000 төгрөг, түүн дээр  2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах өдөр хүртэл тооцож алдангид 719.000 төгрөг, нийт  2.619.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

            Хариуцагч Д.Сарангэрэл шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөг авсан. Заавал хамтран зээлдэгч байх ёстой гэсэн учраас нөхрөөрөө гарын үсэг зуруулсан. Би зээлийн хүүг сар бүр хугацаандаа өгөөд явж байсан бөгөөд төлөх боломжгүй байсан учраас төлөх хугацааг хойшлуулах санал тавьсан нь үнэн. Түүнээс хойш буюу 500.000 төгрөг өгснөөс хойш сар бүрийн 30-ны өдөр дотор мөнгөө өгөөд явж байсан. Надтай гэрээ сунгалтын талаар яриагүй ба амаар тохироод яваад байсан. 2016 оны 9 дүгээр сараас эхлэн мөнгөө өгөхийг шаардаж эхэлсэн. Тэр үед би банкны мөнгө төллөө гэх мэт шалтаг хэлж байгаагүй. Би хариу тайлбартаа хүний юм ажиллуулдаг бөгөөд хямралтай байгаа тул боломж муу байна гэж бичсэн. 2017 оны 01 дүгээр сарын эхээр ирээд сунгасан. Одоо бодоход шүүхээр орох гээд сунгасан юм байна. Түүнээс өмнө амаар харилЦан тохирч боломжоороо өгөөд явж байсан. Сүүлд бид 2 маргалдах шалтгаан нь М.Ууганчимэг намаЙг элдэв янзаар хэлсэн. Манай нөхрийн гарын үсэгтэй гэрээг цахим хуудсанд тавьж дарамталдаг байсан. Элдэв мессеж бичдэг байсан.. Би караоке снукерын газар ажиллуулдаг. Ирээд ууж идээд зовлон жаргалаа яриад явдаг байсан. Би М.Ууганчимэгийн хамаатных нь эгчтэй найз юм. Би сар болгон хүүгээ төлөөд зовлон жаргалаа хэлээд явж байхад өдөр болгон элдэв янзаар хэлдэг. Манай хүү Солонгос улсад улаан хоолойн хорт хавдар байж магадгүй гэж эмчилгээ хийлгэж байхад хилээр гарах эрхийг чинь хаалгана гэж дарамталж ажил дээр очиж элдвээр хүмүүст хэлж байсан. Би энэ байдлуудад нь үнэхээр их гомдсон. Би “Спирт Бал Бурам” ХХК-тай хамтран ажиллаж байгаад их хэмжээний алдагдалд орсон. Түүнтэй холбоотой над дээр хэрэг үүссэн боловч эвлэрч төлбөрийг төлөөд явж байгаа. 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр мөнгөө авна гэж хэлсэн. Түүнээс 10 хоногийн өмнө хүүг нь төлөөд төлбөрийг 17-ны өдөр дуусгаж чадахгүй болсон тухайгаа 7 хоногийн өмнө анхааруулж хэлсэн. Би сар болгон өгөх ёстой өдрөө хүүг өгдөг байсан. Сүүлийн хэд хэдхэн удаа ганц хоёр хоногийн наана цаана өгсөн. Хүүхдээ бодоод би өгч чадахгүй гэдгээ хэлж Солонгос руу явсан. Гэрээгээр өгнө гэж тохирсноор хүү өгч байсан. Гэрээ сунгагдаагүй явж байгаад 1 сард ирээд гэрээ сунгагдах ёстой гэхээр нь өөрөөс нь асууж байгаад гарын үсэг зураад явуулсан. Шүүх дээр ирэхгүй ойлголцох хугацаа байсан. Иймээс алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч байна. Сунгагдсан гэж бодож байсан учраас алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ууганчимэг нь хариуцагч Д.Сарангэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 1.900.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 719.000 төгрөг, нийт 2.619.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдлийг зөвшөөрч, алданги төлөхгүй гэж маргаж байна.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

            Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор, 3.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбар, зээлийн төлөлт хийсэн баримтаар тогтоогдож байна.

Дээрх зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд 5 хувийн хүү төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцжээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч  нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, уг хугацаанд хүү төлөх үүргийг харилцан хүлээж, нэхэмжлэгч М.Ууганчимэг нь гэрээ байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Д.Сарангэрэлд 3.000.000 төгрөгийг хүлээлгэн өгч, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.Сарангэрэл нь сар бүр зээлийн хүүнд 150.000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байжээ. Гэрээний хугацаа 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуусахад хариуцагч нь гэрээний хугацааг сунгах саналыг гаргаж, 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 3.000.000 төгрөгт ногдох хүү 150.000 төгрөгийг сар бүр төлж, үндсэн зээлээс 500.000 төгрөгийг төлсөн байна. 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 2.500.000 төгрөгт ногдох хүү 125.000 төгрөгийг сар бүр төлж байсан байна. Түүний энэхүү үйлдлийг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д “нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн” бол гэрээ байгуулагдсанд тооцох, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д “Талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар зээлийн гэрээг анх тохиролцсон нөхцлөөр сунгах санал гаргасныг зээлдүүлэгч тал болох нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна.

Улмаар зохигчид 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлийн гэрээг анх байгуулсан нөхцлөөр сунгаснаа баталгаажуулж, хүлээн зөвшөөрч гарын зурсан байдал нь нэхэмжлэгч М.Ууганчимэгийн нэхэмжлэлийн үндэслэл болжээ.

Зохигчид Иргэний хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу алданги тохирсон тул нэхэмжлэгч алданги тооцон шаардах эрхтэй  байх ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 1.900.000 төгрөг, хэтэрсэн хугацааны алдангийг 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үндсэн зээлээс тооцож, 719.000 төгрөг гэж тооцож, нийт 2.619.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Д.Сарангэрэл нь нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбар, татгалзал гаргасан боловч 3.000.000 төгрөг зээлсэн, нэг сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл алданги төлнө гэж  тохиролцсон, хугацаа сунгасан тухай үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлага үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь алдангийн хэмжээг хоногийн 0.5 хувиар тооцон 719.000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, хариуцагч Д.Сарангэрэлээс зээлийн гэрээний үүрэгт 2.619.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ууганчимэгт олгох нь зүйтэй гэж үзлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 56.854  төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Д.Сарангэрэлээс 2.619.000төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ууганчимэгт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 56.854 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сарангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 56.854 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 


 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ч.МӨНХЦЭЦЭГ