| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 102/2017/01457/И |
| Дугаар | 429 |
| Огноо | 2018-02-06 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би, даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Энэрэл 1-р байр 19 тоотод оршин суух, эрэгтэй, РД:УУ89013131, Бэсүүд овогт, Г-ын Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х гаргасан нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 өөрийн байранд байрлах Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн санал болгох хурлаас гарсан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хадбаатар, Б.Буянбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б нь О.Ганболдод холбогдуулан Хан-Уул дүүргийн 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, 75-р байрны 1 тоот хаягт байрлах орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжпэлийг гаргасныг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2015 оны 06 сарын 16-ны өдрийн 102/ШШ2015/03950 дугаар шийдвэрээр хариуцагч О.Ганболдоос 100,070,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч Г.Бд олгох, дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд орон сууцыг О.Ганболдод шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заасан хугацаанд биелүүлэлгүй тул уг шийдвэрийг албадан биелүүлэхээр 2015 оны 10 дугаар сард анх тус албанд хандсан боловч 2016 оны 3-р сарыг хүртэл 6 сар гаруйн хугацаанд тус албанаас ямар нэгэн дорвитой арга хэмжээ аваагүй. Г.Бат-Эрдэнийн өмчлөлийн боловч О.Ганболдын эзэмшиж, ашиглаж ирсэн Хан-Уул дүүргийн 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, 75-р байрны 1 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулан худалдаж, төлбөрийг барагдуулахаар болсон. Орон сууцыг О.Ганболдоос ирүүлсэн үнийн саналын дагуу 180.000.000 төгрөгөөр үнэлж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 4 сарын 15-ны өдөр 126,000,000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд, 2016 оны 05 сарын 13-ны өдөр 90,000,000 төгрөгөөр хоёр дахь дуудлага худалдаанд тус тус оруулсан боловч борлогдоогүй. Иймд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.7-д Дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно" гэж заасан байх тул дээрх орон сууцыг төлбөр авагчид санал болгох хурлыг зохион байгуулахыг удаа дараа хүссэн боловч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсоор 2016 оны 11 сард анх санал болгох хурлыг хийсэн боловч санал зөрөлдөж, тодорхой шийдвэр гаргаагүй. Улмаар 2017 оны 3 сарын 21-ний өдөр дахин санал болгох хурлыг зохион байгуулсан бөгөөд уг хуралаас тус албаны дэд дарга Р.Энхтайван, бусад дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчдээс төлбөр авагч Г.Бэс 26.000.000 төгрөгийн зөрүү төлбөр гаргуулж, тус албаны дансанд байршуулснаар орон сууцыг шилжүүлэхээр шийдвэрлэсүгэй гэх огт үндэслэлгүй, хууль бус шийдвэр гаргасан. Хурлын явцад Г.Бат-Эрдэнийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Тамир Иргэний хууль, шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон өөр бусад ямар ч хуулинд албадан дуудлага худалдаатай холбоотой зөрүү төлбөр гэсэн ойлголт, зөрүү төлбөр төлөх ёстой гэж журамласан заалт байхгүй, энэ нь үндэслэлгүй юмаа гэж тайлбарласаар байхад хурлын комиссоос бид хууль яриагүй байна гэх зэргээр Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-дэх хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн ямар ч асуудлаар саналаа илэрхийлэх эрхийг боогдуулж байсан бөгөөд энэ талаар тэмдэглэлд огт тусгаагүй. Дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг анх Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 4-р сарын 27-ны өдөр гаргасныг тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарны 16-ны өдрийн шүүх хуралдаанаар "...дээрх санал болгох хуралдаанаас гаргасан шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.7-д заасныг зөрчиж гаргасан хууль бус шийдвэр байна гэж дүгнээд, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэхээс өмнө урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой буюу ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандан гомдлоо гаргах боломжтой..." гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн билээ. Захирамжийн дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандан гомдол гаргасан боловч 2017 оны 10-р сарын 30-ны өдөр гомдлыг хангахаас татгалзсан хариу өгснөөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид дахин гомдол гаргасан. 2017 оны 11-р сарын 15-ны өдрөөр огноолсон 5/1935 тоот албан бичгээр мөн татгалзсан хариу авсан. Иймд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 03 сарын 21-ний өдрийн санал болгох хурлаас гарсан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянбадрах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 06 сарын 16-ны өдрийн 3950тоот захирамжаар Отгонбилэгийн Ганболдоос 100.070.200 төгрөгийг гаргуулж Г.Бд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж О.Ганболдын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны 1 тоот, 75,6 м.кв талбайтай орон сууцыг битүүмжпэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн харилцан тохиролцсон үнэ 180.000.000 төгрөгийн 70 хувь буюу 126.000.000 төгрөгөөр 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар харилцан тохиродцсон үнэ 180.000.000 төгрөгийн 50 хувь 80.000.000 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч мөн борлогдооүй. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй Хан-Уул дүүрэг 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны 1 тоот, 75,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг төлбөр төлөгч 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөр авагч харилцан тохиролцсон үнэ 180.000.000 төгрөгийн 70 хувь буюу 126.000.000 төгрөгөөр бодож зөрүү мөнгийг урамшууллын хамт тус албаны дансанд байршуулснаар орон сууцыг Г.Бд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч тал уг асуудлаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсаныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2017/13640 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн санал болгох хурлаас гарсан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.
Дүүргийн иргэний хэргийн 2 дугаар шүүхийн 2015.06.16-ны өдрийн 3950 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.Б нь орон сууцнаас чөлөөлүүлэх шаардлагаас бүрэн татгалзаж, О.Ганболд орон сууцны үнэд төлсөн 76.600.000 төгрөгийг одоогийн зах зээлийн үнэд дүйцүүлэн өсгөж, 100.000.000 төгрөг болгож, 2015.07.20-нд 30.000.000 төгрөг, 2015.08.20-нд 20.000.000 төгрөг, 2015.09.25-нд 50.000.000 төгрөгийг бүрэн төлсөн тохиолдолд нэхэмжлэгч Г.Б Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 75 дугаар байр 01 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг О.Ганболдын нэр дээр буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрчээ. /хх-ийн 25-26 дугаар тал/
Уг шүүгчийн захирамжид 2015.10.13-ны өдөр 2919 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2015.10.14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 15252249 дугаар тогтоол гарч, О.Ганболдын үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 75 дугаар байрны 1 тоот орон сууцны үнийг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3/11004 албан тоотоор доод үнийг 126.000.000 төгрөгөөр тогтоож, анхан дуудлага худалдааг 2017.04.15-ны өдрийн 10:00 цаг зарлаж, үнийн санал ирээгүй тул 2 дахь дуудлага худалдааг 2017.05.13-ны өдрийн 10:00 цагт зарлаж, 2 дахь дуудлага худалдааны үнийг 90.000.000 төгрөг байхаар зарлажээ.
2 дахь дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул Нийлэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр санал болгох ажиллагаа явуулж, Хан-Уул дүүрэг 3-р хороо 75-01 тоот орон сууцны үнийн 70 хувь буюу 126.000.000 төгрөгөөр тооцон, Г.Бат-Эрдэнийг төлбөрийн зөрүү 26.000.000 төгрөг, урамшууллын хамт шийдвэр гүйцэтгэлийн албаны дансанд байршуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 48-50 дугаар тал/
Уг хэргийг хянан шийдвэрлэхэд 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна. Уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2007.03.21-ний өдөр явагдсан бөгөөд 2017.07.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг хэрэглэх боломжгүй юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 48 дугаар зүйлийн 48.7.-д албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно гэж заасан байхад хариуцагч нь санал болгох ажиллагаа хийхдээ төлбөр авагчид урамшууллын төлбөр, тухайн орон сууцны үнийн зөрүүг шийдвэр гүйцэтгэх албаны дансанд байршуулснаар төлбөрт олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчжээ.
Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн санал болгох комиссын хуралдааны шийдвэрийг хүчингүй болгож, шийдэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.-д зааснаар 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн санал болгох комиссын хуралдааны шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО