| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0190/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/210 |
| Огноо | 2020-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Н |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/210
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Улаанхүүгийн Мягмархүүд холбогдох эрүүгийн 2031002790187 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Боржигон овогт Жавдын Ням-Оргил, Монгол улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 6 дугаар баг, Орхон 1 дүгээр гудамж, 021 тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, РД:/*******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь согтуугаар 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчимд согтуугаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 24 дүгээр байрны 16 тоотод иргэн *******тэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар 2-3 удаа мөргөж биед нь хамар ясны хугарал, дух, дээд уруулд шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт,баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүгдэгч *******ын 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Тэдний гэрт ороход Туул болон зүс мэдэх зүс мэдэх Цэнгэл бас нэг танихгүй залуу гэсэн хүмүүс дундаа 2 шил 0.75 “Хараа” архи тавьсан уугаад сууж байсан. Удаа ч үгүй Цэнгэл гэх залуу “хөдөө явна” гэж хэлээд гараад явсан. Архинаас ууж байхад Туул унтаад өгсөн. ******* архинаас уугаагүй. Харин Гансүх /сүүлд нэрийг нь мэдсэн/ бид хоёр үлдсэн нэг шил архийг нь хувааж уугаад байж байтал ******* “Оргио ахаа та жаахан согтоод байна шүү” гээд надаар тоглоод бид хоёр жаахан ноцолдож тоглосон. Тэгээд жаахан байж байгаад би Гансүх гэх залуугийн хажууд суусан чинь тэр надад нэг хийж өгөөд үлдсэн архиа өөрөө уугаад дуусгасан. Гансүх *******ад хандаж “чи одоо хөгшин хүн дийлэхгүй байхдаа яадаг юм” гээд байсан. Мөн тэр залуу гар утсаараа нэг хүнтэй маргалдаад “очиж алнаа” гэх мэт зүйл яриад байхаар нь би “миний дүү чи согтсон байна, ингэж болохгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр “би чамайг таних ч үгүй юм байна” гээд өөдөөс хэрүүл маргаан хийсэн. Тэгсэн тэр намайг хальт цохиод авахаар нь би хоёр гарыг нь дарж байгаад хамар духны орчим нь хоёр удаа мөргөхөд ******* бид хоёрыг салгасан, түүний хамараас нь цус гарсан...” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирогчид 3.920.000 төгрөг хохиролд төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг[2],
3.Хохирогч *******ийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн үед таньдаг ах Цэнгэл над руу залгаад “ганц шил архи аваад өгөөч” гэхээр нь “Гоё” дэлгүүрээс 0,75 литрийн архи аваад Цэнгэл ах руу утсаар залгахад “24 дүгээр байранд байдаг Туул ахынд байна хүрээд ир” гэж хэлэхээр нь би яваад очиход Цэнгэл, Туул ах нар байсан ба бид гурав миний авсан архийг хувааж уугаад хоорондоо юм яриад байж байхад 13 цагийн орчим гаднаас зүс таних ******* нь Ням-Оргил гэх танихгүй хүнтэй Туул ахынд орж ирсэн. Тэр 2 хүн 0,75 литрийн “Хараа” нэртэй архи авчирсан. Тэгээд бид цуг байж байгаад архиа ууцгаасан ба Цэнгэл ах би ажилтай гээд 15 цагийн орчимд гараад явсан. Тэгээд бид хэд архиа уугаад үлдсэн. Харин Туул ах орон дээрээ унтаад өгсөн *******, Ням-Оргил нартай архи ууж байхад тэр хоёр хоорондоо ноцолдож тоглоод байснаа Ням-Оргил ах миний хажууд ирж сууснаа юу ч хэлээгүй байж дух руу толгойгоороо 3 удаа мөргөж мөн гараараа нүд болон хамар зэрэг нүүрэн хэсэгт олон удаа цохисон. Хэд цохисныг сайн мэдэхгүй байна. ******* ах Ням-Оргилыг миний дээрээс татаж босгосон. Тэгээд би шууд гараад гэртээ харьж нүүрээ алчуураар дараад дээшээ хараад хэсэг хэвтсэн. Тэгсэн духнаас цус гараад тогтохгүй байсан. Удалгүй миний эхнэр ******* ирээд юу болсон талаар асууж “хурдан эмнэлэг явж үзүүлье” гэхэд нь явахгүй байж байгаад 22 цаг өнгөрч байхад эхнэр *******, ах ******* луу гар утсаар “хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд удалгүй ******* ах ирээд бид хамт аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн. Тухайн үед миний духнаас цус гараад тогтохгүй байсан, харин эмч нар миний духанд 2-3 оёдол тавьсан ба миний хамраас цус гараад тогтохгүй байсан болохоор яаралтай тусламжийн тасагт хонож эмчилгээ хийлгэсэн. Тухайн өдрийн жижүүр нь яаралтай тархины зураг авахуул гэсний дагуу 07 цагийн үед Дархан-Уул аймгийн “Саран Элит” гэх эмнэлэгт тархины зураг авахуулсан. ******* намайг эхний хагалгаанд орох үед 2.900.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 1.500.000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын14-ний өдөр өгөхөөр тохиролцож нотариатаар батлуулсан. Тиймээс одоогоор бидний дунд ямар нэг хохирлын талаар маргаан байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Ч.*******ын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед *******, “******* ахыг танихгүй юм байна” гэж хэлсэн чинь Ням-Оргил ах “харин би чамайг танина” гээд хоорондоо муудалцаад байхаар нь би “хэрүүл хийж болохгүй шүү” гэж хэлээд зурагт үзэж байгаад Гансүх, Ням-Оргил ах 2 луу харсан чинь Ням-Оргил ах Гансүхийн дээр нь гарсан цамцны захнаас нь 2 гараараа зуурсан байсан. Харин Гансүхийн нүүр болон хамар амнаас нь цус гарсан байхаар нь би Ням-Оргил ахыг Гансүхийн дээрээс татаж босгоход Гансүх цусаа гоожуулаад Туулсайхан ахын гэрээс гарсан. Тэгээд би Ням-Оргил ахыг гэрийнх нь ойролцоо хүргэж өгөөд гэртээ харьсан, би гэртээ ороход 18 цаг өнгөрч байсан...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч *******ын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр би хоёр шил архи хүмүүстэй хувааж уусан. Манайд Цэнгэл, Гансүх, Ням-Оргил, ******* нар архи уусан. Харин Ням-Оргил болон Гансүх нар намайг унтаагүй байхад хэрүүл зодоон хийгээгүй байсан...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч *******гийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр архи олдуул уучих гээд байдаг зантай. Түүнээс биш хүнд их тусархуу, даруу төлөв, сайхан сэтгэлтэй хүн байгаа юм. Архи уусан үедээ гэр бүлийнхэн бидэнд агсан согтуу тавих асуудал огт гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг[6],
7. Гэрч ы 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ням-Оргил хэн нэгэн хүнд агсам согтуу тавьдаг, хэн нэгнийг зодож цохидог асуудал гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг[7],
8. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 257 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.*******ийн биед хамар ясны хугарал, дух, дээд уруулд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[8],
9. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[9], 10. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл[10], 11.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[11], 12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[13] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч *******оос мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Гансүхэд 3.920.000 төгрөгийг төлж барагдуулан, хохирогчид хохирол төлсөн баримтыг шүүхийн шатанд гарган өгсөн байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Жавдын Ням-Оргилыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу/-н мянган төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 500.000 /таван зуу/-н мянган төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг *******д анхааруулсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардалд 3.920.000 /гурван сая есөн зуун хорин мянга/-н төгрөгийг хохирогч *******эд нөхөн төлснийг дурьдсугай.
6. Энэ гэмт хэргийн улмаас ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Хавтаст хэргийн 64-65 дугаар тал
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтаст хэргийн 12-16 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 22 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 24 дүгээр тал
[6] Хавтаст хэргийн 26 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 27 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 31 дугаар тал
[9] Хавтаст хэсгийн 01 дүгээр тал
[10] Хавтаст хэргийн 04 дүгээр тал
[11] Хавтаст хэргийн 33-35 дугаар тал
[12] Хавтаст хэргийн 71 дүгээр тал
[13] Хавтаст хэргийн 101-102 дугаар тал