| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2020/0108/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/105 |
| Огноо | 2020-10-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Д.Шинэбал, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******, Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үй лдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч О.*******эд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эцэг, эх, 2 дүү, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сум *******, багт оршин суух хаягтай, одоо Завхан аймгийн ******* сумын *******, багийн ******* хэсгийн задгай гэх газар оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******, регистрийн дугаар .
Холбогдсон хэргийн талаар: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас шүүгдэгч О.*******ийг “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр”-д нэвтэрч үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч О.******* нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өглөө Завхан аймгийн ******* сумын ******* баг, хэсгийн 15-1516 тоотод оршин суух иргэн Ш. гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Элко” маркийн, хар өнгийн, 39 инчийн зурагтыг нь авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: 1. Шүүгдэгч О.*******ийн өгсөн: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг хийсэндээ их харамсаж байна. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй байх болно. Би гэм буруугаа сайн дураараа хүлээж прокурорын сонсгосон ялыг мөн хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: 1. Шүүгдэгч О.*******ийн өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 10-11 цагийн хооронд гэрт грашийн хаалгаар нь граш руу орж гэр рүү ордог жижиг хаалгыг нь татсан чинь онгойчихоор нь дотогш орж гэр дотор нь явж байгаад жижиг өрөөний ширээн дээр байсан зурагтыг нь аваад тэднийхээс анх орсон газраараа буцаж гараад гражийг нь хаачхаад зурагтаа тэвэрч дээд постын арын хаданд нуучхаад буцаж төв орж ирээд тойргийн таксины зогсоолоос 1 такси аваад зурагт нуусан газраа очиж зурагтаа аваад буцаж арлын 60 айлын гадна талын засвар дээр ажиллаж байсан гэдэг найз дээрээ очиж “надад мөнгөний хэрэг гараад байна чи энэ зурагтыг 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр аваадхаач” гэсэн чинь намайг “энэ зурагт чинь энд тэндээс авсан янз бүрийн асуудалтай юм биш биз” гэхээр нь би д “ямар ч асуудалгүй хөгшний чинь зурагт байгаа юм” гэж хэлээд зарсан юм. Тэгээд би мөнгөтэй болохоороо буцааж авна шүү гэж хэлээд зарсан. Би ганцаараа явсан. Би нэрийг нь мэдэхгүй ямар ч байсан 39 инчийн хар өнгөтэй, дэлгэцийн хүрээний доод талын голд нь гадаад бичигтэй нимгэн зурагт байсан. Өөр зүйл аваагүй. Би хөдөө ******* сум руу аавынд очих гэсэн чинь бензиний мөнгөгүй болчхоод хулгай хийсэн юм. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Энэ бол миний буруу.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52-р хуудас/, 2. Хохирогч Ш. өгсөн “...Би 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 23 цагт Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсгийн 15-1516 тоотод байх гэртээ иртэл манай гэрийн доторх эд зүйлүүд ундуй сундуй болчихсон хулгай орчихсон шинжтэй байхаар нь эд зүйлүүдээ бүртгэтэл манай гэрийн жижиг өрөөний ширээн дээр байсан зурагт, том өрөөнд байсан хромон гутал алга болсон байхаар нь би цагдаад хандаж байгаа юм. Зурагт нь бол хар өнгөтэй, дэлгэцийн хүрээний дээд талд 2 өнцөг нь хагарч цуурсан, доод хэсэгтээ “Элко” гэсэн латин бичигтэй, хромон гутал нь шинэвтэр түрүүг нь гадагш эргүүлж нугалсан, цагаан өнгийн савхин дотортой хар өнгийн гутал байсан. Би хулгайд алдсан Elko брэндийн 39 инчийн лед телевизороо яг зүсээр нь олж авсан. Надад одоо учирсан хохирол байхгүй. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ хромон гутлаа алдсан гэж хэлсэн. Тэр гутлаа хулгайд алдаагүй байна лээ. Манай гэрт орон доогуур орчихсон байсныг би гэрийн эд зүйлүүдээ бүртгэхдээ харалгүй алдчихсан байна гэж мэдүүлэг өгсөн байна лээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19-р хуудас/, 3. Гэрч Ц. өгсөн: “...Манайх гэрээрээ 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хөдөө яваад 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэртээ иртэл манай гэрт хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Манай гэрийн бүх зүйлийг ухаж төнхөөд, эмх замбараагүй болгочихсон байсан юм. Тэгээд манай эхнэр цагдаад өргөдөл бичиж өгсөн юм. Манай гэрийн жижиг өрөөнд байсан 39 инчийн Элко брэндийн зурагт 1 ширхэг, эрэгтэй хүний хромон гутал 1 ширхэг зэрэг эд зүйлүүд алдагдсан.” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21-р хуудас/, 4. Гэрч М. өгсөн: “...******* суманд хамт байж байгаад аймагт орж ирэхдээ шинэ хороонд байдаг гэдэг найздаа нэг зурагт зарсан юм ярьж байсан. Би марк загварыг нь сайн мэдэхгүй, ямар ч байсан нимгэн дэлгэцтэй том зурагтыг 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгт зарсан гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, 5. Гэрч Ч. өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрийн хавьд намайг ажил дээрээ байж байхад над дээр ирээд “найзад нь мөнгөний хэрэг гараад байна. Надад 1 зурагт байна энийг аваадхаач” гээд гуйгаад байхаар нь би *******эд хандаж “Энэ зурагт чинь янз бүрийн асуудалтай юм биш биз” гэж асуусан чинь “Ямар ч асуудалгүй, миний зурагт байгаа юм” гэхээр нь би 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр худалдаж авсан юм. Зурагтын баруун дээд өнцөг нь хагарч цав гарсан, хар өнгөтэй, зурагтын дэлгэцийн доод талын гол хэсэгт нь Элко гэсэн бичигтэй, 39 инчийн, хавтгай дэлгэцтэй зурагт байсан. Надад зурагт л зарсан, өөр юм зарна гэж хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/, 6. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9-14-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Шүүгдэгч О.*******ийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өглөө Завхан аймгийн ******* сумын ******* баг, хэсгийн 15-1516 тоотод оршин суух иргэн Ш. гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Элко” маркийн, хар өнгийн, 39 инчийн зурагтыг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр авсан үйл баримт хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Бусдын орон байр, эд хөрөнгийн халдашгүй байдал гэдэг нь эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр тухайн эд зүйлийг авах, орон байранд нэвтрэхээс бусад тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар хамгаалагддаг бөгөөд үүнийг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Шүүгдэгч О.******* нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоошунахай сэдэлттэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүс ч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгч О.*******ийн бусдын байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйл авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Хохирогч Ш. нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч О.*******ээс 600,000 /зургаан зуун мянган/ төгрөг, нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад эд зүйлийг биет хэлбэрээр буцаан өгсөн болох нь хохирогч Ш. “...Би хулгайд алдсан Elko брэндийн 39 инчийн лед телевизороо яг зүсээр нь олж авсан. Надад одоо учирсан хохирол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 дүгээр хуудас/ болон хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13-14-р хуудас/ зэргээр тогтоогдож байна. Мөн иргэний нэхэмжлэгч Ч. учруулсан 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч О.******* төлж барагдуулсан болох нь “******* надад зурагт зарсан 150,000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо надад ямар нэгэн хохирол, гомдол байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 25-р хуудас/-ээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч О.*******ийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгч О.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.*******ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч О.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч О.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Прокуророос шүүгдэгч О.*******эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна. Иймд шүүгдэгч О.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч О.*******эд хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв. Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр”-д нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч О.*******ийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******эд оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1,8-д зааснаар шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.*******эд энэ тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ