Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 72

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Батжаргал, 

Улсын яллагч А.Намдаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан,

Шүүгдэгч Б.Батчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн                          215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дугаргив овгийн Батдоржийн Батчулуунд холбогдох эрүүгийн 201615000164 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд 1987 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймаг Гучин-Ус сумын 4 дүгээр баг, Аргуйтын 2-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал,  ял шийтгэлгүй, Дугаргив овгийн Батдоржийн Батчулуун. РД:ЙЖ87040211

Шүүгдэгч Б.Батчулуун нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 04 цаг 30-минутын орчим Өвөрхангай аймгийн “Арвайхээр” сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” голын орчим 16-90 улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто машин жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 8 дугаар бүлгийн 8.2, мөн 2.7а-д зааныг тус тус зөрчиж “Дэлгэрэх” голын бетонон гүүрийг мөргөж авто машинд зорчиж явсан иргэн Б.Лхагвасүрэнгийн биед зүүн уушигны няцрал, баруун ухархайн ханын цөмөрсөн хугарал, дотор эрхтний доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун нүдний зовхи, цээжний зөөлөн эдийн гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Батчулууны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “… 2016 оны 05 дугаар сарын 05-ны орой ажил тараад Т.Наранмандах М.Ган-Очир бид 3 ажлаас гарсан. Тэгсэн Д.Буянтогтохын машинд Ж.Ганболд, Б.Лхагвасүрэн, Д.Буянтогтох нар пиво ууж байсан. Т.Наранмандах, М.Ган-Очир бид 3 машинд суугаад пиво уусан. Пиво уучихаад бид нар “Өшгөгт” орж хоол идсэн. Хоол идсний дараа бид нар 1 ширхэг 2.5 литрийн пиво хувааж уусан. Тэгээд Ж.Ганболд гэр рүүгээ явсан. Дараа нь бид нар 2.5 литрийн 2 ширхэг пиво хувааж уучихаад Д.Буянтогтохыг гэрт нь хүргэж өгчихөөд Т.Нармандахыг гэрт хүргэж өгсөн. Т.Нармандахын байрны гаднаас М.Ган-Очир машинаас буугаад явсан. Миний машины ард  Б.Лхагвасүрэн унтаж байсан. Б.Лхагвасүрэнг гэрт нь хүргэж өгөхөөр баруун 4 зам өнгөрөөд явж байсан чинь Б.Лхагвасүрэн намайг араас дуудахаар нь эргэж харахад гүүр мөргөсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм зүйл гаргахгүй байж чадна гэв.

Хохирогч Д.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 05 дугаар сарын 05-ны 19 цагийн орчим ажлаасаа тараад Д.Буянтогтох, Ж.Ганболд нартай Хаан банкны үүдэнд таараад Өшгөг төвийн үүдэнд Д.Буянтогтохын машинтай очиж зогссон. Тэгээд би Өшгөгөөс 2 ширхэг 2 литрийн нийслэл пиво авсан. 1 пивыг Д.Буянтогтох, Ж.Ганболд нартай хувааж уусан. Тэгээд би М.Ган-Очир луу пиво уух уу гэж мессеж бичихэд Б.Батчулуун, Т.Нармандах, М.Ган-Очир нар Хаан банкнаас гарч ирсэн. Тэгээд Д.Буянтогтох, Ж.Ганболд, Б.Батчулуун, Т.Нармандах, М.Ган-Очир бид 6 уулаа үлдсэн нэг пивоо уусан. Тухайн пивыг уусны дараа бид 6 Өшгөгт хоолонд орсон. Хоолонд орсны дараа Өшгөгийн гадаа дахиж машиндаа 1 пиво хувааж уусан. Тэгээд М.Ганболд гэр лүүгээ явсан. Ганболдыг явсны дараа дахиж 2 ширхэг 2 литрийн пиво уусан. Пиво ууж байхад Д.Буянтогтох согтоод байхаар нь Д.Буянтогтохыг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд би согтоод Б.Батчулууны машинд унтсан нэг мэдэхэд осолд орсон байсан. ... Маргааш нь Б.Батчулууныг авто машин жолоодсон гэж мэдсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

Гэрч М.Ган-Очирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Ажлаасаа гарахдаа Б.Батчулуун, Т.Нармандах нарын хамт гараад Өшгөгийн гадаа очиход Д.Буянтогтохын авто машинд Д.Буянтогтох, Ж.Ганболд, Д.Лхагвасүрэн нар пиво ууж байсан. Тэгээд Д.Буянтогтохын машинд суугаад Б.Батчулуун, Д.Буянтогтох, Ж.Ганболд, Д.Лхагвасүрэн, бид 5 пиво уусан. Т.Нармандах пиво уугаагүй аягалж өгсөн. Тэгээд бүгд Өшгөгт хоолонд орсон. Өшгөгөөс гарч ирээд дахиж нэг пиво 6 уулаа хувааж уусан. Ж.Ганболд гэр лүүгээ явсан. Тэгээд 5 уулаа үлдээд дахиж 2.5 литрийн 2 ширхэг пиво хувааж уусан. Пивоо ууж дуусаад Д.Буянтогтохыг 48 дугаар байранд байх гэрт нь хүргэж өгсөн. Д.Буянтогтохыг хүргэж өгөөд 2 ширхэг 2.5 литрийн “Нийслэл” аваад нэгийг нь уугаад нэгийг нь ууж чадахгүй болохоор нь хаясан. Тэгээд Т.Нармандахыг Цагаан Бургалтайн байранд байх гэрт нь хүргэж өгсөн. Би тухайн үед дотор муухай оргиод байхаар нь машинаас буугаад бөөлжөөд байж байхад Б.Батчулуун машинтайгаа Д.Лхагвасүрэнг суулгаад яваад өгсөн. Хаашаа явсан талаар нь мэдээгүй. Тэгээд жоохон байж байгаад Д.Лхагвасүрэнгийн эхнэр Дэжидмаа руу Д.Лхагвасүрэн харьсан уу гэж асуухад хариагүй гэсэн. Тэгээд гэртээ орохоосоо өмнө Дэжидмаа руу дахиж залгаад Д.Лхагвасүрэн ирсэн үү гэхэд ирээгүй хамт хайгаадахья гэхээр нь тэгье гээд Дэжидмаа намайг ирж аваад Д.Лхагвасүрэн, Б.Батчулуун нарын гэрийн зүг рүү засмал замаар явж байхад “Дэлгэрэх” голын гүүрний хаалт суурь буюу цементэн хашлагыг Б.Батчулууны машин мөргөсөн байсан. Автомашины хаалгыг онгойлгоход Б.Батчулуун жолоо барьсан, Д.Лхагвасүрэн ар талын суудал дээр байсан. Д.Лхагвасүрэн автомашины зүүн хойд талын суудал дээр унтаж байсан. Осол болсны дараа очиход Б.Батчулуун Д.Лхагвасүрэн нар Т.Нармандахын байрны гаднаас хөдөлсөн байрлалаараа хэвээрээ байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Т.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Д.Лхагвасүрэн, Ж.Ганболд, Д.Буянтогтох гурав Д.Буянтогтохын автомашинд пиво уугаад сууж байсан. Тухайн пивоноос би уугаагүй аягалж өгсөн. Тэгээд бүгд хоолонд орохоор болоод Өшгөгт хоолонд орсон. Хоол идсэнийхээ дараа бид 6 уул 1 ширхэг 2.5 литрийн “Нийслэл” пиво хувааж уусан. Тэгээд Ж.Ганболд гэр лүү гээ яваад Б.Батчулуун, М.Ган-Очир, Д.Лхагвасүрэн, Д.Буянтогтох бид 5 үлдээд 2 ширхэг 2 литрийн нийслэл пиво уусан. Пиво уусныхаа дараа Д.Буянтогтохыг 48 дугаар байранд хүргэж өгсөн. Тэгээд Д.Буянтогтохыг буулгачхаад 2 ширхэг 2.5 литрийн пиво аваад уух гэхэд бүгд ууж чадахгүй байсан. Тэгээд би Цагаан бургалтайн байранд байх гэртээ хүргүүлээд гэртээ орсон. Үүрээр 04 цагийн орчим М.Ган-Очир манай гэрт ирээд Д.Лхагвасүрэн, Б.Батчулуун хоёр осолд орсон байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч М.Дэжидмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би 20-30 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь М.Ган-Очиртой уулзаж Д.Лхагвасүрэнг хамт хайхаар болсон. М.Ган-Очир Д.Лхагвасүрэнг харьсан юм болов уу гээд гэр лүүгээ явж байхад “Дэлгэрэх” голын бетонон гүүрийг Б.Батчулууны автомашин мөргөсөн байсан. Б.Батчулууны машин дээр очиход Б.Батчулуун жолоогоо барьсан манай нөхөр Д.Лхагвасүрэн нь Б.Батчулууны суудлын ард талд байхаар нь гаргаж ирэхэд ухаангүй нүднээс цус гараад байхаар нь эмнэлэг рүү аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Монгол Улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 161 дугаартай шинжээчийн: “... Б.Лхагвасүрэнгийн биед зүүн уушигны няцралт, баруун ухархайн ханы цөмөрсөн хугарал, дотор эрхтний доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун нүдний зовхи, цээжний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хуучин гэмтэл тогтоогдохгүй байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 52 дугаар хуудас/,

Техникийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаартай дүгнэлтэнд: “... 16-90 ӨВР улсын дугаартай автомашин жолоодож явсан Б.Батчулуун нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дах заалт, 8 дугаар бүлгийн 8.2 дах заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон эргэхээс бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг мөн дүрмийн 2.7а заалт “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Түмэнбайлдагчийн гаргасан ослын акт үндэслэлтэй байна. Дүгнэлт гаргах явцад нэмэлт илэрсэн зүйлгүй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

Зам тээврийн осолд тогтоосон акт, схем зураг /хх-ийн 8-9 хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-14, 16-17 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 15, 18 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Лэндс ХХК”-ий 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Батчулууны хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 71-73, 75  дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Батчулууны ял шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Батчулууныг сэжигтнээр болон яллагдагчаар байцаасан мэдүүлгүүд /хх-ийн 63-66 дугаар хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч Б.Батчулуун нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 04 цаг 30-минутын орчим Өвөрхангай аймгийн “Арвайхээр” сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” голын орчим 16-90 улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто машин жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 8 дугаар бүлгийн 8.2, мөн 2.7а-д зааныг тус тус зөрчиж “Дэлгэрэх” голын бетонон гүүрийг мөргөж авто машинд зорчиж явсан иргэн Б.Лхагвасүрэнгийн биед зүүн уушигны няцрал, баруун ухархайн ханын цөмөрсөн хугарал, дотор эрхтний доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун нүдний зовхи, цээжний зөөлөн эдийн гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Лхагвасүрэнгийн: “... Пиво ууж байхад Д.Буянтогтох согтоод байхаар нь Д.Буянтогтохыг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд би согтоод Б.Батчулууны машинд унтсан нэг мэдэхэд осолд орсон байсан. ... Маргааш нь Б.Батчулууныг авто машин жолоодсон гэж мэдсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-27/, гэрч М.Ган-Очирын “... Би тухайн үед дотор муухай оргиод байхаар нь машинаас буугаад бөөлжөөд байж байхад Б.Батчулуун машинтайгаа Д.Лхагвасүрэнг суулгаад яваад өгсөн. Хаашаа явсан талаар нь мэдээгүй. ... Тэгээд гэртээ орохоосоо өмнө Дэжидмаа руу дахиж залгаад Д.Лхагвасүрэн ирсэн үү гэхэд ирээгүй хамт хайгаадахья гэхээр нь тэгье гээд Дэжидмаа намайг ирж аваад Д.Лхагвасүрэн, Б.Батчулуун нарын гэрийн зүг рүү засмал замаар явж байхад “Дэлгэрэх” голын гүүрний хаалт суурь буюу цементэн хашлагыг Б.Батчулууны машин мөргөсөн байсан. Автомашины хаалгыг онгойлгоход Б.Батчулуун жолоо барьсан, Д.Лхагвасүрэн ар талын суудал дээр байсан. Д.Лхагвасүрэн автомашины зүүн хойд талын суудал дээр унтаж байсан. Осол болсны дараа очиход Б.Батчулуун Д.Лхагвасүрэн нар Т.Нармандахын байрны гаднаас хөдөлсөн байрлалаараа хэвээрээ байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/, гэрч Т.Нармандахын “... Үүрээр 04 цагийн орчим М.Ган-Очир манай гэрт ирээд Д.Лхагвасүрэн, Б.Батчулуун хоёр осолд орсон байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/, гэрч М.Дэжидмаагийн “...М.Ган-Очир Д.Лхагвасүрэнг харьсан юм болов уу гээд гэр лүүгээ явж байхад “Дэлгэрэх” голын бетонон гүүрийг Б.Батчулууны автомашин мөргөсөн байсан. Б.Батчулууны машин дээр очиход Б.Батчулуун жолоогоо барьсан манай нөхөр Д.Лхагвасүрэн нь Б.Батчулууны суудлын ард талд байхаар нь гаргаж ирэхэд ухаангүй нүднээс цус гараад байхаар нь эмнэлэг рүү аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/, хохирогч Д.Лхагвасүрэнгийн биед хүнд гэмтэл учирсаныг тогтоосон Монгол Улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 161 дугаартай шинжээчийн  дүгнэлт,  /хх-ийн 52/, жолооч Б.Батчулуун нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дах заалт, 8 дугаар бүлгийн 8.2 дах заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон эргэхээс бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг мөн дүрмийн 2.7а заалт “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Техникийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаартай дүгнэлт /хх-ийн 56/,  Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7/, Зам тээврийн осолд тогтоосон акт, схем зураг /хх-ийн 8-9/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-14, 16-17/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 15, 18/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 21-22/, Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Лэндс ХХК”-ий 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-44/,  шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.,

 Шүүгдэгч Б.Батчулуунд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Батчулуун нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн,   үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Батчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, 

16-90 ӨВР улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох, эд мөрийн баримтаар хураагдсан № 01138317 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.Батчулуунд буцаан олгож, № 763193 дугаартай В ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг тус тус дурьдав. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр  зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дугаргив овгийн Батдоржийн Батчулууныг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар шүүгдэгч Дугаргив овгийн Батдоржийн Батчулууныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Батчулуунд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   

4. Шүүгдэгч Б.Батчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар 16-90 ӨВР улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг битүүмжилсэн 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан № 01138317 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.Батчулуунд буцаан олгож, № 763193 дугаартай В ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг тус тус дурьдсугай.

            7. Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Батчулуунд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Б.Батчулууны цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч Б.Батчулуунд  мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Батчулуунд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МАНДАХБАЯР