Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 315

 

 

     

              Д.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Үүрийнтуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Үүрийнтуяагийн бичсэн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Д.Б-ид холбогдох эрүүгийн 1906000000060 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сэдүүд овгийн Д.Б-, 19.. оны .. дүгээр сарын 15-ны өдрийн Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.......” ХХК-д хамгаалалтын ахлах ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ...........дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;

Д.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ОК” нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Г-ын толгойн тус газар нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                         

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ..... овгийн Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Д.Б-ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор М.Үүрийнтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлд заасан зохицуулалт нь зөрчлийн хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой зохицуулалт байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг” шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар тус тус заажээ.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Ялтан төлбөл зохих торгуулийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих энэ хуульд заасан зөрчил гаргасан тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч зөрчил гаргасан, эсхүл торгуулийг төлж барагдуулбал зохих өдрөөс хойш 5 хоногийн дотор хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих тухай саналаа эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хамт прокурорт хүргүүлнэ” гэж, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-т “Ялтан оногдуулсан ялыг шүүхийн шийдвэр, энэ хуульд заасан журмын дагуу эдэлж дууссан, оногдуулсан торгуулийг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулсан бол шийдвэр гүйцэтгэгч ялтныг ял эдэлж дууссанд тооцох тухай тогтоол гаргаж, ажлын 3 өдрийн дотор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хамт прокурорт хүргүүлнэ” гэж, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас дүгнэхэд ялтан нь торгох ялын мөнгөн төлбөрийг шүүхээс тогтоосон болон хуульд заасан хугацаанд сайн дураараа төлж барагдуулах үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй бол хорих ялаар солихоор хуульчилсан байх ба тухайн ялтанд торгох ялыг хугацаанд нь, сайн дураар төлж барагдуулаагүйн улмаас үүсэх үр дагаврыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тодорхой тусгаж өгөх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул тус тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.Б- нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 22 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Американ дэнж хотхоны зүүн талд байрлах Ок нэртэй бааранд хамт сууж байсан Г.Г-ын толгойн тус газар шар айрагны шилэн лонхоор цохиж, биед нь зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Г-ын “...Тэгээд замдаа М-ийн ажлын залуу болох Б гэх залуутай уулзаад Э, Б, Б бид дөрөв 22 цагийн үед Американ дэнжийн зүүн талд байрлах пабад орсон. Ороод бид дөрөв пиво захиалж уусан. Би пиво уугаагүй, гэрээс авч гарсан тал шил архиа гаргаж ирээд уусан. Тэгээд ахиад 0,5 литрийн Соёрхол нэртэй архи захиалж хувааж уусан. Тэгээд сууж байтал Бааска нь миний өөдөөс пивоныхоо шилийг шидсэн. Тэд үед би шууд дүүгээ дуудаад гэмтлийн эмнэлэг явсан” /хх 4-5/,

гэрч Б.Б-ийн “Би 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ок нэртэй пабад багын найз Г, Э нарын хамт суусан. Э нь Б гэх залуу дагуулж ирсэн байсан. Бид хоёр шил архи хувааж уусан. Би Э-н хамт 00-ийн өрөөнд хэсэг хугацаанд юм ярьж байгаад иртэл Г толгойгоо бариад сууж байсан. Би яасан талаар асуухад Б шилээр миний толгойг хагалсан гэж хэлсэн. Г-ын толгойноос цус гараад шалан дээр гоожиж байсан” /хх 13/,

гэрч Н.Э-ийн “Бид дөрөв Американ дэнжийн баруун талын Ок нэртэй пабад хамт орж үйлчлүүлсэн. Бид дөрөв гурван шил пиво, ууж дуусаагүй байсан нэг шил архиа уугаад нэмж нэг шил архи уусан. Тэр үед ямар нэгэн маргаан болоогүй байсан. Б бид хоёр нойлын өрөө рүү хамт яваад буцаж ирэхэд Г суудал дээрээ доошоо хараад суусан, толгойноос нь цус гараад шалан дээр дусч байсан” /хх 15-16/ гэх мэдүүлгүүд,  

“Г.Г-ын биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 709 дүгээр дүгнэлт /хх 9/ болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж, гэм буруугаа зөвшөөрч мэдүүлсэн Д.Б-ийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арваннэгдүгээр бүлгийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Д.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.  

Прокурор “шүүх хэргийг шийдвэрлэхдээ торгох ялыг ямар хугацаанд ямар хэмжээгээр хийхийг, торгуулийн ялыг заасан хугацаанд барагдуулаагүй бол хорих ялаар солих талаар хуульд заасан үр дагаврын талаар тусгаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг зөрчсөн тул өөрчлөлт оруулах”-аар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэнийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ... бол ямар хугацаанд ямар хэмжээгээр хийх”-ийг шийтгэх тогтоолд тусгахаар заасан байна.

Иймд шүүгдэгч Д.Б-ид анхан шатны шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, заасан хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж болох талаар зааж, зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Шүүгдэгч Д.Б-ид оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурьдсугай” гэсэн заалт нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор М.Үүрийнтуяагийн бичсэн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ