Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 110/ШШ2020/0028

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: Х.Ды  нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга, Тэргүүлэгчид,  сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн  тус аймаг дахь салбар зөвлөлд холбогдох;

             “Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд шууд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа  эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,урьд эрхэлж байсан Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Тэргүүлэгчдэд даалгах, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын орон тоог сул орон тоо гэж үзээд  сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлсэн шийдвэр, Төрийн албаны  зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн тухайн орон тооны сонгон шалгаруулалтын талаар нийтэд зарласан шийдвэр, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолыг  тус тус хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 18352488 төгрөг  гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, түүний өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга, Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.М, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Төрийн албаны зөвлөлийн  тус аймаг дахь салбар зөвлөлийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Х.Д шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ:

Миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд ажилладаг. Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тушаалын дагуу намайг Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтний албан тушаалд түр сэлгэн ажиллуулж байгаа болно. Сэлгэн ажиллаад 2 жил болж байгаа ба сэлгэн ажиллах 2 жилийн дотор намайг өөрийнхөө ажил албан тушаалд эгүүлэн тогтоох ёстой байсан юм. Үүнээс гадна миний сэлгэн ажиллаж байгаа орон тоонд шүүхийн шийдвэрийн дагуу Х.Ахерке томилогдон ажиллах болсон тул цаашид энэхүү сэлгэн ажиллах байранд ажиллах боломжгүйд хүрсэн юм. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн шүүхээс намайг сэлгэн ажиллуулах тухай Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тушаалуудыг хүчингүй болгосон боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үүнийг хянан үзэж, өөрчлөлт оруулан сэлгэн ажиллаж байгаа гэсэн шийдвэр гаргасан юм. Миний бие хууль журмын дагуу сэлгэн ажиллаж байгаа ба сэлгэн ажиллах хугацаанд хуулийн дагуу миний ажлын байрыг хэвээр хадгалах ёстой байсан. Гэтэл намайг сэлгэн ажиллах хугацаанд миний орон тоо болох Хурлын нарийн бичгийн даргын орон тоог сул орон тоо гэж үзээд шалгалт авах гэж байгаад маш их гомдолтой байна. Энэ нь хууль бус бөгөөд миний эрх ашгийг ноцтой зөрчихөөр байна. Өөрөөр хэлбэл, миний бие Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлөгдөөгүй, халагдаагүй учраас миний орон тоог сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалт явуулахаар захиалга өгч буй шийдвэр нь хууль бус байна. Энэ гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлд хандахад хуучин ажилд нь эгүүлэн томилогдох хуулийн зохицуулалттай гэдгийг дурдан гомдлыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд шилжүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгоогүй юм. Төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1307 тоот албан бичгээр хариу ирсэн учир шүүхэд хандаж байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн дагуу сэлгэн ажиллах хуульд заасан хугацаа дууссан Х.Д намайг Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тухайн орон тоонд томилохыг даалгах, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын орон тоог сул орон тоо гэж гэж үзээд Төрийн албаны салбар зөвлөлд захиалга хүргүүлсэн шийдвэр, Төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн, ихэсгэсэн хүсэлтдээ:

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Энэ хуулийн 44.2-т заасан албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь шууд үргэлжлүүлэн ажиллуулна” гэж заасны дагуу Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд удаа дараа амаар болон бичгээр өргөдөл гаргаж, нарийн бичгийн даргад ажиллуулж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл ажиллуулахгүй байна. Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолын дагуу 2 жилийн сэлгэн ажиллах хугацаа 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон боловч томилохгүй байгаа эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг зөрчиж, миний төрийн алба хаах эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд шууд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг  Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах  гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан өөрчилж байна.

Х.Д урьд нь Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллахдаа ТЗ-7 ангиллын 5 дугаар шатлалаар цалинжиж байсан бөгөөд өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний орон тооны цалин хөлс ТЗ-3 ангиллын 5 дугаар шатлалд хамаардаг юм байна. Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ТЗ-З ангиллын 5 дугаар шатлал 569703 төгрөг, ТЗ-7 ангиллын 5 дугаар шатлал 733863 төгрөг байхаар журамласан байна. Өөрөөр хэлбэл цалингийн зөрүү 2 жилийн байдлаар 6.423.365 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас сэлгэн ажиллуулж байх үеийн 2 жилийн хугацааны цалин хөлсний зөрүү 6.423.365 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" Б/30 дугаар тушаалыг,  Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Тогтоол хүчингүй болгож, ажлаас чөлөөлөгдсөнд тооцох тухай" 17 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга маргаан бүхий актыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь заалт, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 110/ШШ2018/0061 дугаар шийдвэрийг үндэслэсэн байна. Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс маргаан бүхий актыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.4, 22.1.6,  Захиргааны ерөнхий хуулийн 43, 48, 50 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3,  7 дугаар зүйлийн 7.1, 22 дугаар зүйлийн  22.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2,  31 дүгээр зүйлийн 31.1.1, 32 дугаар зүйлийн 32.1, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсэг, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0036 тоот захирамж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн байна. Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 онд "Ажлаас чөлөөлж, өөр албан тушаалд сэлгэн ажиллуулах тухай" тогтоол болон Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд сэлгэн томилж ажиллуулах тухай" 04 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар 2 жилийн хугацаатайгаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, улмаар нэхэмжлэгч уг нэхэмжлэлээсээ татгалзсанаар Баян-Өлгий аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2017/0036 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Х.Дыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар 2 жилийн хугацаатайгаар сэлгэн ажиллуулахыг нэхэмжлэгч зөвшөөрсөн юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар дээрх тогтоол болон тушаалын үйлчлэл тус тус дуусгавар болсон. Ингэснээр Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Төрийн албаны тухай хуулийн /хуучнаар/ 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллуулахаар буцаан шилжүүлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл маргаан бүхий актын хууль баримталсан хэсэг хууль зүйн үндэслэл муутай болсон байна. Иймд Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн  Б/30 дугаар тушаалыг, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн  17 тогтоолыг  хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа "...ажилгүй байсан үеийн цалинг хариуцагчаас гаргуулах" гэж ихэсгэж байна.

Х.Д  урьд нь Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллахдаа ТЗ-7 ангиллын 5 дугаар шатлалаар цалинжиж байсан бөгөөд Засгийн газрын 2014 оны  332 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж  өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаас цалин хөлс нэхэмжилсэн хэсгийг дараах байдлаар тодруулж байна. Миний тус шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн товч агуулга  нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг, эсхүл 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу урьд эрхэлж байсан Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын орон тоонд буцаан ажиллуулахыг хариуцагчаас шаардаж байгаа юм. Миний бие 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар буюу ажлаасаа үндэслэлгүйгээр хууль бусаар халагдах өдөр хүртэл улсад 35 жил ажилласан байна. Миний бие 2017 оны 2 дугаар сарын байдлаар төрийн захиргааны албан тушаалын ТЗ-7 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын дагуу удаан жилийн нэмэгдэл 25%, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны А/253 дугаар захирамжийн дагуу зэрэг дэвийн нэмэгдэл 25%-иар цалин хөлс авдаг байсан. Миний бие Засгийн газрын 2019 оны 24, 275, 472 дугаар тогтоолын дагуу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс, 2019 оны 6 дугаар сар дуустал сар бүр 1.283.967 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сар дуустал сар бүр 1.512.024 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сар бүр 1.568.479 төгрөгийн цалин авах тооцоо гарч байна. Иймд ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагаа 18.352.488 төгрөг гаргуулах гэж  тодруулж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Дыг анх 2017 онд Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр сэлгэн ажиллуулсан. Дараа нь сэлгэн ажиллуулах хугацаа нь дуусахад хуучин ажилд нь эгүүлэн томилоогүй. Тийм учраас хуулийн дагуу  Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн томилох ёстой. Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд шууд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа  эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,урьд эрхэлж байсан Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах, тухайн орон тоог сул орон тоо гэж үзээд Төрийн албаны  зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлд захиалга хүргүүлсэн шийдвэр, тус салбар зөвлөлийн сонгон шалгаруулалт зарласан шийдвэр,Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолыг  тус тус хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 18352488 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй, хуульд заасан үндэслэлийн дагуу урьд эрхэлж байсан Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллах эрх маань зөрчигдсөн гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан. Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан. Ажиллах хугацаанд 2017 оны 01 дүгээр сарын үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс хуралдаж, Х.Дыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр сэлгэн ажиллуулах тухай шийдвэр гаргасан. Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тогтоолд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6,  Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг  баримтлаад Х.Дыг 2017 оны 01 дүгээр сарын 09-ээс эхлээд сэлгэн ажиллуулах тухай шийдвэр гаргасан. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай тушаал гаргаж, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Дыг 2017 оны 02 дугаар сарын 01-ээс эхлэн сэлгэн ажиллуулах тухай шийдвэрлэсэн байдаг. Х.Д тухайн үед уг шийдвэрийг гардаж авсны дараа хуульд заасны дагуу сэлгэн ажиллуулаагүй, хууль бусаар 2 жилийн хугацаагаар сэлгэн ажиллуулахаар шилжүүлсэн гэсэн утгаар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.Улмаар 2 жилийн хугацаагаар сэлгэн ажиллуулах тухай шийдвэр зөв юм байна, миний эрхийг зөрчөөгүй байна,  Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр 2 жил ажиллая гэж үзээд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х.Д нь  сэлгэн ажиллуулах тухай ажил олгогчийн шийдвэрийг зөвшөөрч, хоёр жилийн хугацаанд уг албан тушаалд ажилласан. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сэлгэн ажиллуулах хугацаа дуусаж, урьд эрхэлж байсан Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллах эрх нь үүсээд ажилд оръё гэж хүсэлт гаргасан боловч ажил олгогчоос урьд эрхэлж байсан албан тушаалд ажиллуулахаас эс үйлдэхүйгээр татгалзсан, ямар нэгэн шийдвэр гаргаагүй.Нэхэмжлэгч Х.Ды хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн. Холбогдох хууль, журамд заасны дагуу Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргаж, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явагдсан боловч тодорхой шийдвэр өгч чадаагүй учраас шүүхэд хандсан.Ийм процесс явагдаж байх хугацаанд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тогтоол, тушаалаар  Х. Досжаныг  чөлөөлсөн асуудал гарсан. Түүнчлэн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолоор 2017 оны 01 дүгээр  сарын 09-ний өдрийн 03 дугаартай сэлгэн ажиллуулах тогтоолыг буюу нэгэнт хэрэгжээд дууссан шийдвэрийг хүчингүй болгосон.

Хариуцагч тайлбарлахдаа Х.Д 2017 онд ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ  татгалзсан учраас шүүгчийн захирамж гарсан,шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа учраас энэ албан тушаалд ажиллах боломжгүй гэсэн. Энэ тайлбар бүхэлдээ үндэслэлгүй. 2017 оны шийдвэр нь ажлаас бүрмөсөн гаргасан биш, сэлгэн ажиллуулах тухай шийдвэр байгаа. Тухайн үед сэлгэн ажиллуулах тухай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан, дараа нь  2 жилийн хугацаанд сэлгэн ажиллуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрч, өөрөө нэхэмжлэлээсээ татгалзсан. Ажил олгогчоос хуучин Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, одоогийн мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн холбогдох хэсэг, мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг маш ноцтой зөрчсөн, нэхэмжлэгчийг хууль бусаар уг албан тушаалд  ажиллуулахгүй байна. Тус хэрэг шүүхэд шалгагдах явцад хариуцагч талаас нэхэмжлэгч тус албан тушаалд зохих журмын дагуу томилогдсон уу, төрийн жинхэнэ албан хаагч мөн үү, энэ хүн гэмт хэрэг үйлдсэн хүн, уг орон тоонд ажиллуулах боломжгүй гэсэн тайлбар хэлж байгаа. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, төрийн албан хаагчийн тангаргийн хуудас, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005,2007 оны тогтоолоор Х.Д нь төрийн жинхэнэ албан хаагч мөн гэдэг нь тогтоогдож байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ” гэж заасан. Хариуцагч нэхэмжлэгчийг хуурамч бичиг баримт ашиглаад шүүхээс ял шийтгүүлж, гэмт хэрэг үйлдсэн мэтээр тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт Х.Дыг гэм буруутайд тооцсон тухай шийтгэх тогтоол байхгүй. Х.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх боломжгүй.2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох эрх нь үүссэн учраас цалин хөлс авах ёстой. Авах ёстой нийт цалингийн хэмжээ 18.352.488 төгрөг болж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна.

Маргаан бүхий тогтоолын талаар тайлбар хэлэхэд, эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон байдал харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох 5 үндэслэл байгаа. Эдгээр 5 үндэслэлийн алинаар хүчингүй болгосноо хариуцагч тайлбарлаж чадахгүй байна. Үүнийг маргаан бүхий актад дурдаагүй.Мөн хуулийн 48.3–т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан. Х.Д уг албан тушаалд 2007 онд томилогдсон. Хуульд заасан 5 жилийн хугацаа өнгөрсөн. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдэхгүй байна. Х.Д мэргэжлийн талаар тэнцэхгүй гэдэгт тайлбар хэлэхэд, ажилтныг мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж ажлаас чөлөөлөх тухай зохицуулалт Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар  “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдэг шийдвэр гарсан тохиолдолд ажил олгогч чөлөөлж болдог. Ийм процесс явагдаагүй. Миний үйлчлүүлэгч дээд боловсролтой гэдэг нь дипломоор нотлогдож байгаа. Тухайн үед марксизм,ленинизмийн  сургууль байсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Х.Дыг томилохгүй байгаа эс үйлдэхүй нь дипломтой холбоотой, мөн гэмт хэрэг үйлдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага  үндэслэлтэй учраас бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга, Тэргүүлэгчид шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Дыг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолын дагуу чөлөөлж, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын  өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар томилсон. Х.Д нь Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллах хугацаандаа 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолыг эс зөвшөөрч, эрх ашиг маань ноцтой зөрчигдлөө, би иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллана хэмээн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тушаал’’-ыг тус тус хүчингүй болгож, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай  шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Харин Х.Д нь шүүхийн хяналтын шатны явцад нэхэмжлэлээсээ татгалзаж гаргасан хүсэлтдээ: “Миний бие тус шүүхэд Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчид болон Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан өмнөх албан тушаалд эгүүлэн томилох тухай гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Энэ талаар дахин шүүхэд маргаан гаргахгүй гэдгийг ойлголоо” хэмээн хүсэлт гаргасныг шүүх 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2017/0036  дугаартай захирамжид үндэслэл болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлын талаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгчийн захирамж гаргасан юм. Энэхүү байдлаар Х.Д нь Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалаас татгалзаж, шүүгчийн захирамжийн дагуу баталгаажуулсан байх тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын сул орон тоог нөхөж сонгон шалгаруулалт явуулж өгөхийг хүсэж, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хүсэлт хүргүүлсэн болно. Иймд Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын орон тоо сул болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

            Хариуцагч Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга, Тэргүүлэгчдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Маас нэхэмжлэгчийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагуудын талаар гаргасан тайлбартаа:

Х.Д  урьд нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн төрийн албан хаагчийн анкетад дээд сургууль төгссөн мэтээр мэдүүлэн Төрийн албаны зөвлөл болон Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг залилан мэхэлж, ахлах түшмэлийн төрийн захиргааны алба хашиж, улсад их хэмжээний хохирол учруулж байсан сэжиг бүхий нөхцөл байдал илэрч байна. Х.Д нь 2017 оны 02 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэл шүүхэд бие даасан шаардлага гаргаж, маргаж байсан ба түүнийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор ажлаас нь чөлөөлсөн байсан. Х.Д өөрөө хүлээн зөвшөөрч Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ба цалингийн талаар огт маргаан гаргаж байгаагүй. Түүний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн албан тушаалын ажлын байранд маргахгүй, цалин хөлс нэхэхгүй гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч, түүний цалин хөлс буруулсан, буруу чөлөөлсөн гэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 0036 тоот захирамжаар баталсан байна. Х.Д нь төрийн захиргааны алба хаах эрхгүй этгээд болохоор түүнд цалингийн зөрүү байтугай цалин ч өгөх боломжгүй болно. Х.Дыг маргаантай орон тоонд шилжүүлэн томилсон болохоор ажил олгогчид хоорондоо тохиролцсон асуудал байхгүй байсан. Харин иргэн Х.Ахеркегийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхээс  гаргаж өгсөн байсан. Хэрэв сэлгэн ажиллуулахаар тохиролцсон бол ийм маргаантай асуудал гарах ёсгүй байсан. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасны дагуу сэлгэн ажиллуулах нь өөрөө хуулийн зохицуулалтай. Тухайн орон тооны ажлыг хийх зайлшгүй шаардлагатай “ховор мэргэжлийн ховор хүнийг” сэлгэн ажиллуулахаар зохицуулсан байгаа гэж бодож байна. Тийм учраас Х.Ды цалингийн зөрүү нэхсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуулийн хүрээнд хуралдаж хамтын шийдвэрээ гаргасан нь хуулийн үндэслэлтэй. Х.Д нь өөрөө хуралд оролцох урилга хүлээн авсан мөртлөө түүний ирээгүй асуудалд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Тэргүүлэгчид ямар ч буруугүй.Нэхэмжлэлийн шаардлагад тогтоолын ямар заалт ямар хуулийг зөрчсөн  талаар дурдаагүй байна. Тийм учраас тогтоолын үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн дагуу Х.Д төрийн алба, түүний дотор төрийн захиргааны албан тушаал хаах эрхгүй этгээд байжээ. Х.Д нь тухайн үед гэмт хэрэг үйлдэж байсан ба хэргээ өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож байсан боловч түүний хор уршиг, үр дагавар арилаагүй одоо болтол хэвээрээ үргэлжилж байна. Иймд түүний ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул  хэрэгсэхгүй  болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга, Тэргүүлэгчдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Ды нэхэмжлэлийн шаардлагыг хоёр үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. 1. Х.Ды нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн үндэслэлтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д  “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж заасан учраас уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн үндэслэлтэй. Яагаад гэвэл Х.Д анх 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр  шүүхэд Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн томилох тухай нэхэмжлэл гаргасан байгаа. Уг нэхэмжлэлийн дагуу шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Д  нэхэмжлэлээсээ татгалзаж, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллах ёстой гэж бие даасан шаардлага гаргаад маргаж байсан. Үүний дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2017/0036 тоот захирамж гарч, захирамж хүчин төгөлдөр болсон байгаа. Х.Д захирамж гарсны дараа  Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний орон тоонд Х.Ахерке биш, би томилогдох ёстой гэж маргаж, 3 шатны шүүхээс ялагдал хүлээсний дараа нэхэмжлэлийн шаардлагын утгыг нь өөрчилж, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд үргэлжлүүлэн ажиллах ёстой гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр захирамж байгаа учраас Х.Д энэ төрлийн нэхэмжлэл гаргах эрхгүй.  

2.Х.Ды нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй. Х.Д 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 03 тоот тогтоолоор уг албан тушаалаас чөлөөлөгдсөн. Түүний дараа тогтоолыг засаж залруулаад Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 17 тоот тогтоолоор шинэ Төрийн албаны тухай хуулийн заалтаар, шүүгчийн захирамж ёсоор  Х.Дыг ажлаас чөлөөлсөнд тооцож,  ажлаас бүр чөлөөлсөн байгаа. Уг тогтоол,  Х.Дыг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль ёсны бүрэн үндэслэлтэй. Яагаад гэвэл Х.Д бакалаврын зэрэггүй, дээд боловсрол эзэмшээгүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Төрийн албаны тухай хуульд дээд боловсрол эзэмшээгүй хүнийг төрийн албанд ажиллуулахгүй талаар хориглосон заалт байгаа. Үүний дагуу Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон  Тэргүүлэгчид Х.Д энэ албан тушаалд тавигдах ажлын байрны шаардлага хангахгүй гэж үзсэн байгаа. Х.Д урьд нь ямар ажлын байранд, ямар ажлын байрны тодорхойлолтоор ажиллаж ирсэн талаар бичиг баримт байхгүй. Өлгий сумын архивд Х.Ды талаар ямар ч нотлох баримт авагдаагүй. Нэхэмжлэгч өөрөө ч ямар нэгэн нотлох баримт гаргаж, нотолж чадаагүй. Өлгий сумаас шинэ ажлын байрны тодорхойлолт боловсруулсан. Энэ тодорхойлолтод заасан шаардлагыг Х.Д хангахгүй байгаа.

Х.Дыг эгүүлэн томилохгүй байгаа дараагийн үндэслэл бол Х.Д гэмт хэрэг үйлдэж байсан. Энэ талаар тодорхой нотлох баримт хэрэгт авагдсан.  Х.Ды гэмт хэргийн үр дагавар одоо болтол арилаагүй байгаа. Мөн хэрэгт Х.Д төрийн албаны шалгалт өгсөн талаарх ямар ч нотлох баримт авагдаагүй. Нэхэмжлэгч шалгалт өгснөө өөрөө нотлох ёстой байсан.  Яаж нэр дэвшиж байсан талаар нотлох баримт авагдаагүй. Нэхэмжлэлийн шаардлага нь бүрэн үндэслэлгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзах, эсвэл хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын шүүхэд ирүүлсэн болон түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Дыг 2017 онд Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр томилсон.  Энэ үед уг орон тоо маргаантай байсан. Энэхүү маргаан 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 110/ШШ2018/0061 дугаартай шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа нэхэмжлэгч Х.Ахерке Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний орон тоонд эгүүлэн томилогдсон. Энэхүү шийдвэрийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/30 дугаар тушаал гарсан нь үнэн. Нэгэнт маргаан эцэслэн шийдвэрлэгдээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж  Х.Ахеркег энэхүү орон тоонд томилсон учраас Х.Ахеркег томилсон 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгох боломжгүй. Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв

Хариуцагч  Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн шүүхэд ирүүлсэн болон түүний   итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргын албан тоотоор ирүүлсэн хүсэлт, тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2017/0036 тоот захирамж зэргийг тус тус үндэслэн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нарийн бичгийн даргын сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн  179 тоот албан бичгээр хүргүүлж, улмаар Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарын сул орон тоонд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр сонгон шалгаруулалт зохион байгуулахаар төлөвлөж зарласан юм. Гэтэл Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Х.Даас Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын сул орон тооны талаар Төрийн албаны зөвлөл болон тус аймаг дахь салбар зөвлөлд өргөдөл, мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүхэд маргаантай орон тоонд сонгон шалгаруулалт явуулах боломжгүй тул энэхүү маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг хойшлуулсан болно.Иймд Төрийн албаны зөвлөлийн салбар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Д нь “Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд шууд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа  эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,урьд эрхэлж байсан Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Тэргүүлэгчдэд даалгах, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн  даргын орон тоог сул орон тоо гэж үзээд  сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлсэн шийдвэр, Төрийн албаны  зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн тухайн орон тооны сонгон шалгаруулалтын талаар нийтэд зарласан шийдвэр, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоол, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг  тус тус хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 18352488 төгрөг  гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад  Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг  хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан   болно.

Нэхэмжлэгч Х.Д нь  2003 онд төрийн албаны  мэргэшлийн шалгалтад орж тэнцэж, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдээд Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2005 оны 02 дугаар сарын 01-ний 08 дугаар тогтоолоор  Хурлын  Тэргүүлэгчдийн орон тооны бус нарийн бичгийн  даргын, 2005 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор  Хурлын ажилтны, 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор  Хурлын нарийн  бичгийн даргын албан тушаалд томилогдсоноор 2017 оны 02 дугаар сарын 01-ийг хүртэл Өлгий сумын Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалыг  эрхэлж, бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байжээ.

Улмаар Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар “Ажлаас чөлөөлж, өөр албан тушаалд  сэлгэн ажиллуулах тухай” тогтоол болон  тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд сэлгэн томилж ажиллуулах тухай” тушаалаар Төрийн албаны тухай хуулийн /2002 он/  22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Дыг  2017 оны 02 дугаар сарын 01-ээс  Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан  мэргэжилтнээр сэлгэн ажиллуулсан байна.   Х.Д нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр  сэлгэн  ажиллуулах хугацаа дууссан гэдэг үндэслэлээр урьд эрхэлж байсан Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн  даргын албан тушаалд эгүүлэн томилон ажиллуулах тухай хүсэлт Хурлын даргад гаргасан.  Мөн иргэн Х.Ахеркегээс “Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тушаал, ... тус тус хүчингүй болгож, Х.Ахеркег  Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг тус газрын даргад даалгаж, .. тухай шаардлагатай” нэхэмжлэл гаргаснаар тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 61 дүгээр шийдвэрээр  Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд Х.Ахеркег эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж  шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн  хүчин төгөлдөр болжээ.

Нэхэмжлэгчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр  гаргасан  урьд эрхэлж байсан Өлгий сумын иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн  даргын албан тушаалд  эгүүлэн ажиллуулах тухай хүсэлтийг  Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд  17 дугаар  тогтоол гаргасан,  уг  тогтоолоор  Тэргүүлэгчдийн  2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар “Ажлаас чөлөөлж, өөр албан тушаалд сэлгэн ажиллуулах тухай” тогтоолыг хүчингүй болгож, Х.Дыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  нарийн  бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилохоос татгалзаж, үүрэгт ажлаас нь бүр чөлөөлөгдсөнд тооцсон,  улмаар Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Х.Дыг өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлж, уг  албан тушаалд Х.Ахеркег  томилсон  байх ба эдгээр үйл баримтууд нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тогтоогдож байна.

Дээрх Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль,  Төрийн албаны тухай хуулийн заалтуудыг үндэслэсэн  боловч  захиргааны актыг гаргах болсон бодит нөхцөл байдлыг  заагаагүй байх бөгөөд Тэргүүлэгчдийн тухайн өдрийн хуралдааны тэмдэглэлд[2] тусгагдсанаар “дээд боловсролгүй, бакалаврын зэрэггүй, ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангахгүй,гэмт хэрэгт холбогдож байсан” гэсэн үндэслэлээр Х.Дыг Хурлын Тэргүүлэгчдийн  нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн ажиллуулахаас татгалзаж,  үүрэгт ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байна.

Төрийн жинхэнэ албан хаагч  Х.Дыг  сэлгэн ажиллуулах үед 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийг дагаж  мөрдөж байсан   ба энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр  төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно”, 22.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна” гэж   заасан. 2019 оны  01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн  Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/  44 дүгээр зүйлийн 44.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно”, 44.4-т “Энэ хуулийн 44.2-т заасан албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь шууд үргэлжлүүлэн ажиллуулна”гэж  зохицуулжээ.

Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд сэлгэн ажиллуулах 2 жилийн хугацаа дуусахад тухайн төрийн жинхэнэ албан хаагч сэлгэн ажиллуулах хугацааг 1 жилээр сунгах хүсэлт гаргаагүй,  мөн сунгахыг зөвшөөрөхгүй бол түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь шууд үргэлжлүүлэн ажиллуулахаар зохицуулсан байх ба   нэхэмжлэгч Х.Д нь сэлгэн ажиллуулсан орон тоо болох Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр  2 жил ажилласны дараа 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр  урьд эрхэлж байсан Өлгий сумын иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн  даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар өргөдөл гаргаснаас гадна уг Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний орон тоонд өөр хүнийг томилохоор шүүхээс шийдвэрлэсэн нь тогтоогдож  байх тул  Х.Дыг  сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц 2019 оны 02 дугаар сарын 01-ээс   урьд эрхэлж  байсан Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд шууд үргэлжлүүлэн ажиллуулаагүй нь дээрх хуулийн  заалтуудыг зөрчсөн  байна гэж үзлээ.

Хариуцагч Өлгий  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд  тусгагдсан Х.Дыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзаж, төрийн албанаас чөлөөлсөн үндэслэлүүдийн хувьд:

1.Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Боловсролын агуулгыг түвшингээр нь сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд гэж ангилна. Боловсролын агуулгыг Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу тус тус тодорхойлж, тогтооно”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Дээд боловсролын сургалтын байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллеж байна”, Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна” гэж  тус тус заасан.

Нэхэмжлэгч Х.Д нь 1991 онд  Баян-Өлгий аймгийн намын хорооны дэргэдэх марксизм-ленинизмийн их сургуулийг төгссөн, улс төрийн дээд боловсролтой болох нь түүний  диплом болон гэрчийн мэдүүлгээр[3] нотлогдож  байгаагаас гадна  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] тухайн дипломыг иргэн Х.Ды дээд боловсрол эзэмшсэнийг   гэрчлэх баримт бичиг  биш  гэж үгүйсгэх  үндэслэл тогтоогдоогүй тул  дээрх хуулиудын зохицуулалтын хүрээнд  Х.Дыг дээд боловсролтой гэж үзэх үндэслэлтэй байна.

2.Хариуцагчаас Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр баталсан гэж тайлбарлан “Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  нарийн бичгийн дарга бөгөөд  ажлын албаны даргын  ажлын байрны тодорхойлолт” гэх нотлох баримтыг ирүүлсэн[5] бөгөөд уг тодорхойлолтод  тусгаснаар боловсролын хувьд бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх,мэргэжлийн хувьд  эрх зүйч, эдийн засагч, нягтлан бодогч байх гэсэн шаардлагууд тавигджээ.

 Тухайн тодорхойлолтыг батлах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан  “Ажлын байрны тодорхойлолт боловсруулах заавар”-ын Нэг. Нийтлэг үндэслэл гэсэн хэсгийн 2-т “Ажлын байрны шинжилгээ нь ямар албан тушаал бий болгохыг, ажлын байрны тодорхойлолт нь  ямар хүнийг ажилд шилж сонгон авахыг, ... зэргийг тодорхойлж өгдөг бөгөөд ажлын байрны тодорхойлолт боловсруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална”, 7-д “Тухайн байгууллага, нэгжийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, тэдгээрт тусгагдсан зорилт, чиг үүрэг өөрчлөгдсөн тохиолдолд ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, зохих журмын дагуу баталж мөрдүүлнэ”, 11-д “Ажлын байрны шинжилгээ, тодорхойлолт, үнэлгээ хийх ажлыг дор дурдсан арга, хэлбэрээр зохион байгуулж болно: а/ Томилох эрх бүхий этгээдийн тушаал, шийдвэрээр тухайн байгууллагын болон холбогдох бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийн оролцоотой байгуулагдсан ажлын хэсгийн хүчээр; б/ Зохих журмын дагуу байгуулсан гэрээний үндсэн дээр мэргэшлийн зөвлөгч нарын оролцоотой гадны байгууллагын мэргэшсэн багийн хүчээр”, Хоёр.Ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй, Д.Баталгаажуулах арга зүй гэсэн хэсгийн 2-т ““6.Ажлын байрны тодорхойлолтын баталгаажуулалт” гэсэн бүрэлдэхүүн хэсгийн “Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг буюу багийн ахлагч” гэсний доорх “Албан тушаалын нэр” гэсний дараах зайд ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан Ажлын хэсэг буюу багийн ахлагчийн албан тушаалын нэр, түүний эцэг, эхийн нэрийн эхний үсэг, өөрийнх нь нэрийг бичиж,гарын үсэг зуруулан огноог бичсэн байна. ”Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх бүхий албан тушаалтан” гэсний доорх “Албан тушаалын нэр” гэсний дараах зайд ажлын байрны тодорхойлолтыг баталсан албан тушаалтны албан тушаалын нэр, түүний эцэг, эхийн нэрийн эхний үсэг, өөрийнх нь нэрийг бичиж, гарын үсэг зуруулан огноог бичиж, тамга /буюу тэмдэг/-ыг дарж албан ёсоор баталгаажуулсан байна” гэж тус тус заажээ.

Гэтэл  дээрх ажлын байрны тодорхойлолтыг  уг зааврын  дагуу байгуулагдсан ажлын хэсэг эсхүл мэргэшсэн баг боловсруулаагүй, харин хариуцагч Өлгий сумын иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Даулетбек өөрөө боловсруулж, баталсан болох нь тогтоогдож[6] байгаа. Түүнчлэн дээр дурдсанаар нэхэмжлэгч Х.Д нь  2005 онд төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсоноор Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар  2017 оны 02 дугаар сар хүртэл ажилласан, 2017 оны 02 дугаар сард түүнийг Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид,  Засаг  даргын Тамгын газрын даргын шийдвэрээр сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн, сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц  тухайн төрийн жинхэнэ албан хаагчийг  урьд эрхэлж байсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах хуулийн  зохицуулалттай, өөрөөр хэлбэл  Х.Дыг сэлгэн ажиллуулах хугацаанд  буюу тухайн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах  нөхцөл бий болоогүй байхад  шинээр баталсан ажлын байрны тодорхойлолтыг хууль журамд нийцсэн, үндэслэл бүхий тодорхойлолт  биш гэж үзлээ. Иймээс нэхэмжлэгчийг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан боловсролын болон мэргэжлийн шаардлагыг хангахгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

3. Хариуцагч талаас нэхэмжлэгч Х.Д нь гэмт хэрэгт холбогдож байсан, төрийн албаны шалгалт өгсөн талаарх ямар ч нотлох баримт байхгүй гэсэн тайлбар гаргасан боловч маргаан бүхий захиргааны актад эдгээр тайлбарт холбогдолтой хууль зүйн үндэслэлийг заагаагүйгээс гадна нэхэмжлэгч төрийн албаны мэргэшлийн шалгалт өгснөөр төрийн албанд томилогдсон болох  нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[7] тогтоогдсон болно. Харин Төрийн албаны тухай  хуулийн 47 дугаар зүйлийн  47.1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахаар зохицуулсан байх ба нэхэмжлэгч Х.Ды хувьд  энэ  үндэслэл хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн маргаан бүхий захиргааны актад  тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 36 дугаар захирамжийг үндэслэл болгосон байх ба уг захирамжаар[8] нэхэмжлэгч Х.Даас тус шүүхэд  гаргасан “Өлгий  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол,  Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын  даргын 2017 оны 01 дүгээр  сарын 30-ны өдрийн 04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож,Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Х.Ды нэхэмжлэлтэй, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэж заасан.

Нэхэмжлэгч Х.Д нь   анх  сэлгэн ажиллуулсан шийдвэр болох Өлгий  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол,  Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын  даргын 2017 оны 01 дүгээр  сарын 30-ны өдрийн 04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулахаар маргаж, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлага бүхий нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлээсээ татгалзсан байх ба  энэ хэргийн хувьд  уг асуудлаар биш, харин дээрх шийдвэрүүдийн дагуу сэлгэн ажиллуулах хугацаа дууссанаар Х.Дыг урьд эрхэлж байсан Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд 2019 оны 02 дугаар сарын  01-ээс үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой  асуудлаар маргасан өөр маргаан тул  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзсэн болно.

            Маргаан бүхий захиргааны акт болох Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Захиргааны ерөнхий хуулийн 43, 48, 50 дугаар зүйлийг үндэслэн Х.Дыг сэлгэн ажиллуулсан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй  болгосон бөгөөд  Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлээр сөрөг болон эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны  актыг хүчингүй болгох талаар зохицуулжээ. Төрийн жинхэнэ албан хаагч Х.Дыг Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон   Засаг  даргын Тамгын газрын дарга нь харилцан тохиролцсоны дагуу  2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тушаалаар  Өлгий сумын Засаг  даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд сэлгэн ажиллуулсан, уг шийдвэр нь Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 22 дугаар зүйлд нийцэж байгаа,  мөн Х.Д нь уг  сэлгэн ажиллуулсан албан тушаалд 2 жил ажиллаж, хуульд заасан сэлгэн ажиллуулах хугацаа дууссанаар  урьд эрхэлж байсан албан тушаалдаа үргэлжлүүлэн  ажиллуулах хүсэлт гаргасан нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл  хуульд нийцсэн  бөгөөд  хэрэгжиж дууссан  тогтоолыг  хүчингүй болгосон нь хууль бус байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд заасан бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх  тухай Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь  заалт, мөн төрийн албаны зарчим,төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага, төрийн жинхэнэ албан  тушаалд авч ажиллуулахыг хориглох тохиолдол,төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуурыг тус тус зохицуулсан 3.1.3, 7.1, 22.1.2, 26.1, 26.2, 31.1.1, 32.1 дэх заалтуудыг үндэслэн маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Х.Дыг  урьд эрхэлж байсан албан тушаалд нь үргэлжлүүлэн  ажиллуулахаас татгалзаж,төрийн албанаас чөлөөлсөн ба дээрх байдлаар нэхэмжлэгч Х.Д нь дээд боловсролын дипломтой, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлгүй,гэмт хэрэг үйлдсэн талаар шүүхийн шийтгэх тогтоол байхгүй болох нь тогтоогдож байгаа буюу түүнийг төрийн албанаас чөлөөлсөн үндэслэлүүд нь үгүйсгэгдэж  байна гэж үзлээ. 

Дээрээс нь захиргааны актыг гаргах болсон бодит нөхцөл байдлыг заагаагүй, хариуцагчаас гаргасан тайлбарт дурдсан нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болсон зарим нөхцөл байдлын  хууль зүйн үндэслэлийг тусгаагүй, мөн шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр гаргасан  маргаан  бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: 40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана”, 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж заасантай тус тус нийцэхгүй байна.

Иймд Өлгий  сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Засаг даргын Тамгын газрын даргын  шийдвэрээр 2017 онд  Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд  сэлгэн ажиллуулсан төрийн жинхэнэ албан хаагч Х.Ды сэлгэн ажиллуулах 2 жилийн хугацаа дуусмагц түүнийг  урьд эрхэлж байсан Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд шууд үргэлжлүүлэн ажиллуулахаар хуульд заасан байтал 2019 оны 02 дугаар сарын 01-ээс ажиллуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус, мөн  нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзаж,төрийн албанаас чөлөөлсөн үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4, 46 дугаар зүйлийн 46.2.5, 49 дүгээр зүйлийн 49.1–д заасныг  тус тус зөрчсөн  байна гэж дүгнэлээ. Хариуцагчийн  энэхүү хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн  хөдөлмөрлөх, төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх, цалин хөлс авах зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул  Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Дыг урьд эрхэлж байсан Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагч Тэргүүлэгчдэд даалгаж шийдвэрлэх  үндэслэлтэй байна.

Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэрээр  Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Дыг 2017 онд өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр сэлгэн ажиллуулаад 1 жил 8 сар гаруй  хугацаа өнгөрч байхад Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн  хуралдаанаас Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын орон тоог  сул орон тоо гэж үзээд сонгон шалгаруулалтаар нөхөхөөр шийдвэрлэж,  улмаар Хурлын даргаас 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1-01/95 дугаар албан бичгээр тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлсэн. Салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах тухай захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэж, сонгон шалгаруулалтыг нийтэд зарлан мэдээлэхээр 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 179 дүгээр  албан бичгийг  Төрийн албаны зөвлөлд  хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[9] тус тус тогтоогдож байна.

Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 22 дугаар,  Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд тус тус зааснаар төрийн жинхэнэ  албан хаагчийг сэлгэн ажиллуулах нь тодорхой хугацаатай бөгөөд уг хугацаа дуусмагц төрийн албан хаагчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар зохицуулсан. Үүнээс гадна Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 17 дугаар зүйлд зааснаар  төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтаар нөхөх зохицуулалттай бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан  Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүрийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.3-т зааснаас үзэхэд Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэрээр  өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр сэлгэн ажиллуулсан төрийн жинхэнэ албан хаагч Х.Ды урьд  эрхэлж байсан албан тушаал  болох Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын орон тоог сул орон тоо гэж үзэх үндэслэлгүй тул  Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга, Тэргүүлэгчид болон салбар зөвлөлийн дээрх шийдвэрүүдийг  хууль бус  гэж үзээд хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай  хуулийн 69 дүгээр зүйлийн  69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”  гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Х.Дыг сэлгэн ажиллуулах хугацаа  дуусмагц 2019 оны 02 дугаар сарын 01-ээс Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд шууд  үргэлжлүүлэн  ажиллуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэж, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзаж,төрийн албанаас чөлөөлсөн 2019 оны   04 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож,Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагч Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж шийдвэрлэсэн тул дээрх хуулийн  зохицуулалтын хүрээнд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа үндсэн цалинг ТЗ-7 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын дагуу  удаан жилийн нэмэгдэл 25 хувиар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016  оны А/253 дугаар захирамжийн дагуу зэрэг дэвийн нэмэгдэл 25 хувиар  авч байсан гэж тайлбарласан ба 2019 оны 02 дугаар сарын 01-ээс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 18352488 төгрөг нэхэмжилжээ.

Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолд зааснаар  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаал нь ахлах түшмэлийн ангиллын, ТЗ-7 зэрэглэлийн албан тушаалд хамаарч байгаа, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаар тогтоолд зааснаар ТЗ-7 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар 733863 төгрөгийн цалин олгохоор  зохицуулсан.   Улсын Их Хурлын 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 73 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын 9-д зааснаар ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд ажиллаж байгаа тэргүүн зэрэгтэй  албан хаагчид сар бүр түүний  албан тушаалын сарын цалингаас 25 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгохоор заасан ба  Х.Дд   тэргүүн зэрэг, 25 хувийн  нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн тус аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/253 дугаар захирамж[10] хэрэгт авагдсан.  Мөн уг А/253 дугаар  захирамжид  Х.Дыг төрийн албанд 28 жил ажилласан гэж тусгасан байх ба Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор баталсан  “Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 2-т зааснаар 26 ба түүнээс дээш жил төрийн алба хаасан тохиолдолд албан тушаалын сарын үндсэн цалингаас 25 хувиар бодож нэмэгдэл олгохоор  байна.

Нэхэмжлэгч Х.Д нь сэлгэн ажиллуулахаас өмнөх 2016 оны 11,12, 2017 оны 1 дүгээр  сарын байдлаар 1100794 төгрөгийн цалин хөлс авч байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[11] тогтоогдож байгаа, өөрөөр хэлбэл албан тушаалын цалин-733863 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 183465,7 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 183465,7 төгрөг авч байжээ.

Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчийн  албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоосноор ТЗ-7 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар 855978 төгрөг олгохоор, төрийн захиргааны албан тушаалын  ангилал, зэрэглэл,жагсаалтыг баталсан 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар тогтоолоор   сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн  бичгийн дарга нь  ахлах түшмэл ангилал, ТЗ-9 зэрэглэлд хамаарахаар болсон, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 277 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын  цалингийн хэмжээ, сүлжээг  шинэчлэн тогтоосноор ТЗ-9 зэрэглэлийн  5 дугаар шатлалаар 968197 төгрөг олгохоор, 2019 оны 12 дугаар сарын 25-ны  өдрийн 472 дугаар тогтоолоор төрийн албан хаагчийн албан тушаалын  цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоосноор 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс ТЗ-9 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар 1045653 төгрөг  олгохоор заасан байна.

Нэхэмжлэгч Х.Дыг 2019 оны 02 дугаар сарын 01-ээс  Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн  бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах ёстой тул 2019 оны 02 дугаар сарын 01-ээс  албан тушаалын цалин 855978 төгрөг, төрийн албан хаасан хугацаа болон зэрэг дэвийн нэмэгдэл 427989 төгрөг, нийт 1283967 төгрөг, 2-5 дугаар сард нийтдээ 5135868 төгрөгийн цалин хөлс олгохоор байгаа ба Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт  өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр ажилласнаар 2019 оны 2, 3, 4, 5 дугаар  сард 3413409 төгрөгийн цалин хөлс авсан[12] тул   тухайн 4 сарын цалин хөлсний зөрүү 1722459 төгрөг,  2019 оны 06 дугаар сард 1283967 төгрөг, 2019 оны 7 дугаар сараас албан тушаалын цалин 968197 төгрөг, төрийн албан хаасан хугацаа болон зэрэг дэвийн нэмэгдэл 484098,5 төгрөг, нийт 1452295,5 төгрөг, 7-12 дугаар сард нийтдээ 8713773 төгрөг олгохоор байгаа,  2020 оны 01 дүгээр сараас албан тушаалын цалин 1045653 төгрөг, төрийн албан хаасан хугацаа болон зэрэг дэвийн нэмэгдэл 522826,5 төгрөг, нийт 1568479,5 төгрөг, 1-4 дүгээр сард нийтдээ 6273918 төгрөг олгохоор байна. Иймд  ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох  нийт 17994117 төгрөгийг  Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 358731 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.4,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4, 46  дугаар зүйлийн 46.2.5, 49 дүгээр зүйлийн 49.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  нарийн бичгийн даргын албан тушаалд шууд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х.Дыг урьд эрхэлж байсан Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  нарийн бичгийн даргын албан тушаалд  үргэлжлүүлэн ажиллуулахыг Тэргүүлэгчдэд даалгаж, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн  хуралдааны тэмдэглэл, Хурлын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1-01/95 дугаар албан бичиг бүхий  тухайн орон тооны сонгон шалгаруулалтын  захиалга хүргүүлсэн шийдвэр,  Төрийн албаны  зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэл,  2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 179 дүгээр  албан бичиг бүхий   тухайн орон тооны сонгон шалгаруулалтын талаар нийтэд зарласан шийдвэр, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож,ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17994117 /арван долоон сая есөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун арван долоо/ төгрөгийг Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн хэсэг болох 358371 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 41,42-53,54-58,66,101,170-171,209,210-р хуудас

149-158-р хуудас /2-р хавтас/, 94-98-р хуудас /3-р хавтас/

[2] Хэргийн 217-220-р хуудас

[3] Хэргийн 165-166-р  хуудас/2-р хавтас/

[4] Хэргийн 70,74-86,91,127,145-р хуудас/2-р хавтас/

[5] Хэргийн 171-176-р хуудас/2-р хавтас/

[6] Хэргийн 172-176-р хуудас/2-р хавтас/

[7] Хэргийн 149-158-р хуудас/2-р хавтас/

[8] Хэргийн 71-77-р хуудас

[9] Хэргийн 87-91,104-107,114-116,130-134-р хуудас

[10] Хэргийн 182-189-р хуудас /2-р хавтас/

[11] Хэргийн  244-245-р хуудас

53-54, 94-98-р хуудас /3-р хавтас/

[12] Хэргийн 19-21-р хуудас /2-р хавтас/, 94-98-р хуудас /3-р хавтас/