Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2015/0180

 

Д.Эын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга, нэхэмжлэгч Д.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 3 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Эын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Чойбалсан сумын Засаг дарга Т.Д нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 тоот захирамжаар Засаг даргын орлогч Д.Э намайг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн31.1.2 дахь заалт сумын ИТХ ын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Миний бие нь 2013 оны 1 дүгээр сараас эхлэн Засаг даргын орлогчийн албыг, 2014 оны 08 дугаар сарын 06-наас сумын Засаг даргын үүргийг давхар гүйцэтгэж байгаад 2014 оны 11 дүгээр сарын 05-нд сумын Засаг даргын тамгыг Т.Дид хүлээлгэн өгсөн. Сумын Засаг даргын орлогчийн албыг гүйцэтгэх хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал хууль зөрчсөн асуудал гаргаж байгаагүй, ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж байсан. Засаг дарга Т.Д нь намайг ажлаас чөлөөлөх талаар надтай ямар нэг санал солилцоогүй өөрөө томилогдоод 1 сар болоогүй байж, намайг халах шийдвэр гаргасанд харамсаж байна. Сумын ИТХ-ын ажлын албанд албан бичиг хүргэсэн боловч ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар зөвшилцөх, миний албан ажлын талаар болон надтай холбогдолтой ажлаас чөлөөлөх асуудлаар ямар нэг дүгнэлт шийдвэр гараагүй.

Би хөгжлийн бэрхшээлтэй, 2013 оны 1-р сард групп тогтоолгож, 2014 оны 2р сарын 4-ний өдөр хагалгаанд орж, өрөөсөн хөлөндөө портез хийлгэсэн, 60 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан, хугацаагүй сунгалттай, өөрт таарч тохирсон ажлаа хийж болно гэсэн хуулийн заалттай. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна., 111.5-д Хөгжлийн бэрхшээлтэй, одой хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол тэдгээрийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзахыг хориглоно. гэсэн нь миний иргэний эрхтэй холбоотой заалт. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүндэтгэн үзэхшалтгаангүйгээр ажлаас халах, энэ хуулийн 7.1-д зааснаас бусад тохиолдолд боломжтой ажил, албан тушаалд авч, ажиллуулахаас татгалзахыг хориглоно. гэж заасан. Эдгээр хуулийг зөрчиж, намайг ажлаас халсан.

Иймд сумын Засаг дарга Т.Дийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 тоот захирамж нь намайг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй тул тус захирамжийг хүчингүй болгож, намайг үүрэгт ажилд минь эгүүлэн тавьж ажилгүй байх хугацааны цалин олгож өгөхийг хүсч байна. гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд аймаг, сумын Засаг даргын бүрэн эрхийг заасан байдаг. Чойбалсан сумын Засаг дарга миний бие тус сумын Засаг даргын орлогч албан тушаалтай Д.Эыг хуулинд заасны дагуусумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу чөлөөлсөн. Бүх шатны Засаг дарга болон Засаг даргын орлогчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулинд зааснаар улс төрийн албан тушаал. Аливаа улс төрийн албан тушаалтныг томилж, чөлөөлөхөд ажлын үр дүнг харгалзан үзэх хуулийн заалт болон туршлага байдаггүй бөгөөд сумын Засаг дарга өөрийн орлогчоо томилох, чөлөөлөх эрх нь зөвхөн Засаг даргын бүрэн эрхэд хамаардаг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийнхолбогдох зүйл, заалтыг баримтлан ажиллаж шийдвэр гаргасан хэмээн үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг баримтлан Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргад холбогдох, Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэн Довдонгийн Эын Чойбалсан сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 тоот захирамжийг хүчингүй болгож, Д.Эыг үүрэгт ажилд нь эгүүлэн тавьж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: ...Хуулиар Засаг дарга Засаг даргыг орлогчийг томилох, чөлөөлөх эрхтэй байдаг ч нөхөр Т.Дийг хууль ёсны Засаг дарга гэж үзэхгүй байна.

Өмнөх тус сумын Засаг дарга П.Аг огцруулахад аймгийн Засаг даргын шийдвэр, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийг зөрчсөн.

Нөхөр Т.Дийг нэр дэвшүүлэх 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурал, хурлаас гарсан 01 тоот тогтоол нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалт гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн асуудлаар өмнөх сумын Засаг дарга П.Агийн захиргааны хэргийн шүүхэд хандсан нэхэмжлэлийн эцсийн шийдвэр гараагүй тул нөхөр Т.Дийг хууль ёсны бус Засаг дарга гэсэн үндэслэл болно.

Мөн аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн Б/01 тоот Т.Дийг сумын Засаг даргад томилсон захирамжийг хууль бус гэж үзэж байна.

Эдгээр хууль зөрчсөн үндэслэлүүдийг харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьц өнгөц хандан Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна... гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Төрийн албаны тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна: ... 6.1.12. бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч гэж, 11 дүгээр зүйлийн 11.1-д Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ, 11.3-т Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө, 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т сумын Засаг даргын бүрэн эрхэд сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх асуудлыг хамааруулжээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан сумын Засаг даргын орлогчийн албан тушаал нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарах бөгөөд уг албан тушаалтны эрх зүйн байдал, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг тусгайлан зохицуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар, уг хуулиар зохицуулаагүй асуудлыг Төрийн албаны тухай хуулиар, мөн хуулиар зохицуулаагүй асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нөхөн зохицуулсан байх тул улс төрийн албан тушаалтны эрх зүйн байдал, хөдөлмөрийн харилцаанд эдгээр хуулийн аль нэгийг хэрэглэнэ, эсхүл хэрэглэхгүй гэх үндэслэл байхгүй байна.

Гагцхүү Засаг даргын орлогчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан нь ямар хүрээнд үүссэнээс хамаарч тухайн асуудлыг зохицуулсан хуулийн зорилго, агуулга, зарчимд нийцүүлэн зөв сонгон хэрэглэх учиртай.

Төрийн албаны тухай хуулиар төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавигдах шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгааг зохицуулдаг боловч тухайн хуульд улс төрийн албан тушаалтны эрх зүйн байдлыг өөр хуулиар тусгайлан тогтоосон бол уг хуулийг баримтлахаар заажээ. Өөрөөр хэлбэл төрийн улс төрийн албан тушаалтны томилогдох, чөлөөлөгдөх нь сонгуулийн үр дүн болон хуульд заасан бүрэн эрхийн хугацаанаас хамаардаг онцлогтой тул Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албанаас халагдахгүй байх, Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүд хамаарахгүй.

Төрийн улс төрийн албан тушаалд томилогдох этгээд анхнаасаа уг нөхцөл, журмыг мэдсэний үндсэн дээр өөрийн сонголтоо хийж уг албан тушаалд томилогддог.

Энэхүү маргаан нь Засаг даргын орлогчийг албан тушаалаас чөлөөлсөнтэй холбоотой маргаан бөгөөд уг маргааныг шийдвэрлэхэд энэ талаар нарийвчлан зохицуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх бүрэн эрхийг сумын Засаг дарга хэрэгжүүлэхээр заасныг хэрэглэнэ. Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөхөөр заасан нь Засаг даргыг уг бүрэн эрхээ дур зоргоор хэрэгжүүлэхээс хязгаарласан байна.

Чойбалсан сумын Засаг дарга нь дээрх хуулийн заалтын дагуу Д.Эыг ажлаас чөлөөлөх эсэх асуудлаар тухайн иргэдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 153 дугаар албан бичиг, иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Хариуцагчийн Д.Эыг сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлсөн захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагууэрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан, хуульд нийцсэн шийдвэр байх бөгөөд уг шийдвэрийн улмаас мөн хуульд заасан журмын дагуу төрийн улс төрийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Эын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч гомдолдоо Засаг дарга Т.Д өөрөө хууль бусаар томилогдсон, энэ талаарх маргаан эцэслэн шийдэгдээгүй байхад гаргасан захирамж хууль бус ... гэж дурдсан боловч маргаан бүхий захиргааны актыг Т.Д нь Чойбалсан сумын Засаг даргаар томилогдон, бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа гаргасан байх тул уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Нэхэмжлэлд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1-д 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг авч ажиллуулна, 111.5-д хөгжлийн бэрхшээлтэй, одой хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол тэдгээрийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзахыг хориглоно гэж заасан нь зөвхөн уг албан тушаалд хамааралгүй, байгууллагын хувьд баримтлах заалт бөгөөд сумын Засаг дарга нь Д.Эыг хөгжлийн бэрхшээлтэй гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлөөгүй болох нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан өөрийнх нь тайлбараар тогтоогдож байх тул Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас халах, энэ хуулийн 7.1-д зааснаас бусад тохиолдолд боломжтой ажил, албан тушаалд авч ажиллуулахаас татгалзахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Эын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ