Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/215

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван, улсын яллагч В.Батдэлгэр, шүүгдэгч У.М нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б овогт Угийн Мт холбогдох эрүүгийн 2031003320209 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Ерөө” суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Болд Төмөр Ерөө гол” ХХК-д галч, засварчин ажилтай, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын * дугаар багийн ** тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Угийн М, РД:/*****/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч У.М нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр оройн 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумын цагдаагийн хэсгийн хажуугийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны дэргэд албан үүргээ гүйцэтгэж байсан тус хэсгийн экологийн асуудал хариуцсан байцаагч А.Аг “тээврийн хэрэгсэл саатуулах гэлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь мөргөж, нэг удаа өшиглөн хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч У.М нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр оройн 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумын цагдаагийн хэсгийн хажуугийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны дэргэд албан үүргээ гүйцэтгэж байсан тус хэсгийн экологийн асуудал хариуцсан байцаагч А.Аг “тээврийн хэрэгсэл саатуулах гэлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь мөргөж, нэг удаа өшиглөж хүч хэрэглэн, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч У.М гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Мын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн. Эмчилгээний зардалд 450,000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...Дахиж ийм хэрэг төвөгт орохгүй” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч А.Агийн 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн орой 20:20 цагт хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Мөнхзул над руу залгаж “М цагдаатай хамт явж “Өөлд” дэлгүүрийн урдуур эргүүл хийгээдэх, тэрүүгээр согтуу хүмүүс яваад байна” гэж ажлын чиглэл өгснөөр сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Мын хамт Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээр эргүүл хийж байсан. “Өөлд” дэлгүүрийн урд талд 9246 СЭА 0257 ДАА гэсэн улсын дугаартай, тээврийн хэрэгслийн жолооч У.Маас бичиг баримтыг нь шалгах явцдаа нэрийг нь мэдсэн, их хэмжээний согтууруулах ундаа үнэртэж байсан тул би У.Мт “танаас согтууруулах ундаа үнэртэж байна. Машиндаа суучих цагдаагийн хэсэг дээр очиж шалгая” гээд өөрийнх нь 9246 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулгаад цагдаагийн хэсэг рүү очоод журмын хашааны түлхүүр аваад ир гээд явуулсан. Би У.Мын машинаас буутал У.М хамт машинаас буугаад нүүр лүү шууд мөргөж “чи муу лалар, миний машиныг журамладаг хэн юм” гээд над руу дайрч цээж рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Энэ үед М цагдаа гарч ирээд нэг бүрийн тусгай хэрэгсэл гав хэрэглэж, аймаг руу эрүүлжүүлэхээр авч яваад эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэх үед У.М нь 1.51 хувийн согтолттой гарсан...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Л.Мын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...орой 22 цагийн үед сумын экологийн асуудал хариуцсан байцаагч А.А миний байрлаж байсан хэсгийн хорооны зааланд орж ирээд “иргэн У.М нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байсан тул түүнийг цагдаагийн хэсэг рүү авч очиж автомашиныг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хийх гэтэл тэр миний нүүр рүү мөргөж зодлоо” гэсэн зүйлийг хэлсэн. Тухайн үед А.Агийн хамарнаас нь цус гарсан, мөн уруулны дотор тал нь язраад цус гарсан байсан. Биед нь өөр ямар нэгэн гэмтэл анзаарагдаагүй. Тэгээд А.А, М нар тухайн М гэх иргэнийг аймгийн цагдаагийн газар руу хүргэж эрүүлжүүлэхээр явсан...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Т.Мын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ингээд цагдаагийн хэсгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны дэргэд ирж би цагдаагийн хэсгийн байрнаас хашааны хаалганы түлхүүрийг авахаар ороод 2-3 минутын дараа гараад ирэхэд дэслэгч А.А зодуулсан гэмээр хамар, амнаас нь бага зэрэг цус гарсан байдалтай, цагдаагийн дүрэмт хувцасных нь нэг талын мөрдөс нь доошоо унжсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч М.Бын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...төлөв даруу, тайван, хүн чанар сайтай хүн байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг нь харж байгаагүй. Архи ер нь уудаггүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Ө.Б-ий 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...У.М нь төлөв даруу, хүн чанар сайтай залуу байгаа юм. Бид хоёр найзалж нөхөрлөөд 3 жилийн хугацаа болж байна...” гэх мэдүүлэг[6],

7. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 309 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.А.Агийн биед хамрын хянга нуруу хавантай, дээд үүдэн 2 шүд бага зэрэг хөдөлсөн, уруулд няцарсан шархтай цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[7],

8.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол[8], 9.Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээх чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ирүүлсэн тухай тэмдэглэл[9], 10.Илтгэх хуудас[10], 11.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[11],12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[13] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч У.Мын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч А.Агийн биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй байна. Харин шүүгдэгчийн зүгээс хохирогчид 450,000 төгрөг бэлнээр нөхөн төлснийг илэрхийлсэн.

Гурав. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч У.Мт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас шүүгдэгч У.Мыг чөлөөлж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч У.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглох, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч У.Мт анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч У.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Б овогт Угийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас шүүгдэгч У.Мыг чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч У.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглох, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч У.Мт анхааруулсугай.

5. Шүүгдэгч У.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

       

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.АМАРГЭРЭЛ

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 11 дүгээр тал

[3] Хавтаст хэргийн 15 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 17 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 19 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 20 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал

[8] Хавтаст хэсгийн 01 дүгээр тал

[9] Хавтаст хэргийн 05 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 06-07 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 63 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 71 дүгээр  тал