| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 102/2018/00453/И |
| Дугаар | 544 |
| Огноо | 2018-02-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 544
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, 27 дугаар байрны 13 тоотод оршин суух, Боржигон овогт И-ийн А /РД:ЧД/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 77б дугаар байрны 10 тоотод оршин суух, Гал овогт С-ын Б, /РД:АР/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.А, хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний 2005 онд Б-тэй танилцаж, 2006.11.27-ны өдөр гэр бүлээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүү Д төрсөн. 2009 оноос хойш хүү Д миний асрамжид байгаа бөгөөд 2008 онд миний бие БНСУ явснаас хойш бидний харилцаа хөндийрч тусдаа амьдрах болсон. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2005 онд танилцаж, 2006.11.27-нд гэрлэлтээ батлуулсан. 2006 оны 09 дүгээр сарын 30-нд хүү Д төрсөн. Миний бие хүүгээ 2010 он хүртэл өөрийн асрамжид байлгаж байсан. Одоо хүү маань эцгийнхээ асрамжид байгаа. Миний бие 2010 онд Б.Б-тэй гэр бүл болж, 3 охин төрүүлж тус тусын амьдралтай болсон. Хүүгээ эцэг А-ийн асрамжид үлдээнэ. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар: Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.А хариуцагч С.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
И.А, С.Б нар нь 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, тэдний дундаас 2006 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүү А.Д төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 6 дугаар тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 9 дүгээр тал/ зэрэг нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг хийсэн боловч тэд цаашид хамтран амьдрах боломжгүй гэж эвлэрхээс татгалзсан байх тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, 2008 оноос хойш тус тусдаа амьдарсан, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй, тус тусдаа гэр бүлтэй болсон зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
2006 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү И.Д эцэг И.А-тэй хамт амьдарч байх бөгөөд түүний асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу И.Д-ийг эцэг И.А-ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт И-ийн А, Гал овогт С-ын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү И.Д-ийг эцэг И.А-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхбаярт даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.А-д олгосугай.
7.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО