Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 130/ШШ2017/00615

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **** дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Р ХХК /захирал Н.Б/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, **** дугаар хороонд үйл ажиллагаа явуулах, Б ХХК /захирал Д.О/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ 16549463 төгрөг, алданги 13274732 төгрөг, нийт 29824195 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Р ХХК-ийн захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Б" ХХК-ийн захирал Д.О нь манай компанитай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 жил 3 сарын хугацаатай "Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах" тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу ШТС-аас 2015 оны 4 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэл 40'271 963 төгрөгийн үнэ бүхий нефтийн бүтээгдэхүүнийг зээлээр авсан. Гэрээний талууд 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд "Б" ХХК нь хоорондын тооцоогоор 25'386'713 /хорин таван сая гурван зуун наян зургаан мянга долоон зуун арван гурав/ төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг талууд харилцан баталж №11 тоот бүхий тооцоо нийлсэн акт үйлдэж энэхүү үлдэгдэл /мөнгө/-ийг банкны шилжүүлэг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцсон. Ингэсний дараа "Б" ХХК манай компанийн ШТС-аас 2015 оны 12 дугаар сард нефтийн бүтээгдэхүүнийг нэмж авсан ба 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусаж тооцоо хийж үзэхэд "Б" ХХК манай компанид нийт 26549463 төгрөгийн өглөгтэй тооцоо бүхий тайлан гарсан. Гэрээний 4.2-т заасны дагуу манай компани уг 26549463 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл бүрэн төлж тооцоог дуусгахыг "Б" ХХК-д мэдэгдсэн боловч "Б" ХХК дээрх үлдэгдэл мөнгийг элдэв шалтаг зааж төлж өгөлгүй явж явсаар 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1000000 /арван сая/ төгрөгийг өгсөн ба үлдэгдэл 16549463 төгрөгийг одоо болтол өгөөгүй юм. Манай компанийн зүгээс зээлдэгч "Б" ХХК-аас зээлээр худалдаж авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл мөнгө болох 16549463 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч тэд /хариуцагч/ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй байна. Ингэснээр манай компани багагүй хэмжээний алдагдал хүлээж байна. Гэрээний 4.3-т заасны дагуу зээлдэгч буюу хэрэглэгч /хариуцагч/ нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан юм. Алдангийг тооцоолоход:

1.   2016 оны 01-р сарын 10-ны өдрөөс 2016 оны 06-р сарын 15-ны өдөр хүртэл 156 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (26'549'463төг х 0-5%= 132747   х 156 хоног) =  20708'581 төгрөг,

2.   2016 оны 06-р сарын 16-ны өдрөөс 2016 оны 11-р сарын 16-ны өдөр хүртэл 155 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (16'549'463төг х 0.5%= 82747 х 155 хоног) = 12'825'834 төгрөг болж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т "...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заажээ. 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 26'549'463 төгрөг байсан ба тухайн өдөр хүртэл бодогдсон алдангийн хэмжээ 20708*581 төгрөг болж тухайн үед гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн учраас алдангийг Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүн болох 26'549'463 төгрөгийн 50%-иар тооцоход алданги нь 13274732 төгрөг болж байна. Иймд "Б" ХХК-аас үндсэн зээл болох 16549463 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний алданги 13274732 төгрөг нийт 29824195 төгрөгийг гаргуулан компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна.

Жич: Гэрээний 6.1-д зааснаар талуудын хооронд гарсан маргаан, зөрчилдөөнийг эвээр шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Баян-Өлгий аймгийн шүүхээр шийдвэрлүүлэхээр тохиролцон учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг баримталж тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь  зээлийн авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ 16542663 төгрөг,  хугацаа хэтрүүлсний алданги 13274732 төгрөг, нийт 29824195 төгрөг нэхэмжилсэн. Үүнтэй холбогдуулан шүүхээс иргэний хэрэг үүсгэж холбогдох ажиллагаа хийх явцад хариуцагч байгууллага 2017 оны 01 дүгээр сард 12 сая төгрөг төлж өгсөн. Ямар учиртай нэхэмжлэл гаргасан бэ гэвэл “Б” ХХК 2014 онд манай компанид нефтийн бүтээгдэхүүн буюу бензинийг зээлээр худалдан авах талаар гэрээ байгуулах санал тавьсан. “Р” ХХК  “Б” ХХК-ний гэрээ байгуулах саналыг хүлээн авч, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 жил 3 сарын хугацаатай нефтийн бүтээгдэхүүнийг зээлээр борлуулах тухай гэрээ байгуулж, тухайн өдрөөс эхэлж бензин болон бусад төрлийн нефтийн бүтээгдэхүүнийг зээлээр олгож эхэлсэн. Дараа нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр хоёр тал сууж зохиж журмын дагуу тооцоо хийхэд 25386713 төгрөгийг хариуцагч тал төлж өгөхөөр болж акт үйлдсэн. Үүний дараа “Б” ХХК  дахиад нефтийн бүтээгдэхүүн авсан. Нэхэмжлэгчийн шаардах эрх нь 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхэлж үүссэн. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусаж, “Р” ХХК “Б” ХХК-д гэрээгээр тохиролцсон үнийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлж өгөөгүй. Удалгүй 6 сарын дараа 10 сая төгрөгийг төлж өгсөн. 10 сая төгрөгийг төлж өгснөөр үлдэгдэл 16549463 төгрөг үлдсэн байсан. Үүнийг 2017 оны 01 дүгээр сар хүртэл төлөөгүй байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т алдангийн талаар тохиролцсон. Энэхүү алдангийн хэмжээ 0,5 хувийн хэмжээтэй байгаа. Хариуцагч хамгийн эцсийн байдлаар  2016 оны 01 дүгээр сарын 10 өдөр гэхэд төлбөрийн үлдэгдлийг төлөх ёстой байсан боловч үүргээ зөрсөн. 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл төлсөн 10 сая төгрөгийг төлсний дараах 156 хоног хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцоход 20708581 төгрөг гарсан. Үүнээс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 10 сая төгрөгийг хасаад шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх 156 хоногийн алдангийг тооцоход 12825830 төгрөг гарсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алдангийн  хэмжээг тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн зарчмын асуудал байгаа. Тийм учраас бид нар хуульд нийцүүлэн тооцож үзэхэд 13274732 төгрөг гарсан. Үүнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг нэмж үзэхэд нийт 29824195 төгрөг гарсан. Үүнээс 2017 оны 01 дүгээр сард төлсөн 12 сая төгрөгийг хасахад үндсэн үнийн үлдэгдэл 4549464 төгрөг, алданги 13274732 төгрөг үлдсэн. Тийм учраас үүнийг хариуцагчаас гаргуулж өгөхийг хүсэж байна. Хариуцагч шүүхэд ирүүлсэн 2 удаагийн хариу тайлбартаа алдангийн талаар маргаагүй. 4549464 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд үндсэн зээлийг төлж өгөх санал гаргасан байна. Мэдээж бензинийг аваад хэрэглэсэн учир үндсэн зээлийн үлдэгдлийг төлөх ёстой. Харин алдангийн талаар маргаагүй учир хангагдан шийдэгдэх ёстой гэж үзэж байгаа. Учир нь талууд анх 2014 онд гэрээ байгуулахдаа гэрээний чөлөөт байдлын зарчмыг хатуу гэрээ байгуулсан учраас алдангийг төлж өгөх ёстой гэв.

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Р" ХХК-н нэхэмжлэлтэй Бодь Буян ХХК-д холбогдох иргэний хэрэгт тайлбар гаргах учир нь:

"Бодь Буян" ХХК-н 2016 оны 12-р сарын сүүлчээр Баян-Өлгий аймгийн төв талбайн шинэчлэл тохижилтын ажлын санхүүжилт орж ирсэн учраас төлбөр хийх хугацаа удааширсан болно. Мөн уг шатахууны зээлээр авч хэрэглэсний төлбөр болох 16,549.463 төгрөгийн өрнөөс 2017 оны 01 сарын эхээр 12,000.000 сая төгрөгийн шилжүүлсэн болно. Мөн манай "Бодь Буян" ХХК нь Баян-Өлгий аймгийн төв талбайн шинжлэлт тохижилтын ажлын чулуун хавтанг бэлтгэн нийлүүлж өгч байсан "А" ХХКомпаниас чулуунд гарч өгсөн ажилчдын цалин болох /4500000/ дөрвөн сая таван зуун мянган төгрөгийн авлагатай бөгөөд дээрх мөнгийг төв талбайн ажлын тендерийн баталгааны мөнгөнөөс гаргуулан "Р" ХХК-ний дансанд шилжүүлэх хүсэлтэй байна. Мөн дээрх хүсэлтээ Баян-Өлгий аймгийн ЗДТГазрын төрийн сангийн хэлтэс болон "Р" ХХК-ны захирал Н.Б-д албан тоотоор мэдэгдсэн болно. "Бодь Буян" ХХК-ны 2017 онд санхүүгийн хүндрэлтэй мөн захирал Д.О-ийн биеийн байдал сайнгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул дээрх тайлбарыг минь хүндэтгэн үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч Б ХХК-иас зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ 16549463 төгрөг, алданги 13274732 төгрөг, нийт 29824195 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нь “...хариуцагч Б ХХК нь 12000000 /арван хоёр сая/ төгрөгийг Р ХХК-д шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 12000000 /арван хоёр сая/  төгрөгийг хасаж үлдсэн 17824195 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-д Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан даалгавар гүйцэтгүүлэх ажиллагааны журмаар 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, хуулинд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотолж, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлох, баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч хариуцагчаас маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж чадаагүй болно.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэг талаас “Р” ХХК-ийг төлөөлж захирал Н.Б нөгөө талаас Б ХХК-ийг төлөөлж Д.О нар нь харилцан тохиролцож, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 52 дугаартай “Нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ” байгуулсан байна. Энэхүү гэрээний 5.1-д “Гэрээ нь 2014 оны 10-р сарын 01 өдрөөс 2015 оны 12-р сарын 31 өдөр хүртэл хугацаанд хүчинтэй” буюу мөн гэрээний 8.1-д “энэхүү гэрээг 2% үйлдэж нийлүүлэгч хэрэглэгч нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэснээр хоёр тал харилцан тохиролцож, талууд тамга тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

Тооцоо нийлсэн 11 дугаартай актаар “Р” ХХК, Б ХХК –ны хоорондын тооцооны үлдэгдлийн баталгааг тооцоо нийлэгч “Р” ХХК-ийн өмнөөс нягтлан бодогч У.Х, Б ХХК-ийн өмнөөс Д.О нар тус хоёр байгууллагын хооронд 2015 оны 04-р сарын 15-ны өдрөөс 2015 оны 11-р сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй хураангуй бүтээлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Б ХХК “Р” ХХК хоорондын тооцоогоор 25386713 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг харилцан баталж, энэхүү үлдэгдлийг хорин таван сая гурван зуун наян зургаан мянга долоон зуун арван гурван төгрөгийг шилжүүлгээр тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцож, тооцоо хийсэн нягтлан бодогч У.Х, төлөгч байгууллагын нягтлан бодогч Д.О нар нь тус тус тамга тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч “Р” ХХК нь зээлээр авсан шатахууны үлдэгдэл үнэ 26549463  /2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар/ төгрөгийг хариуцагч Б ХХК нь хугацаандаа төлөөгүйн улмаас гэрээний 4.3-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх алдангийг нийлүүлэгч байгууллагад төлнө гэж гэрээгээр хоёр тал харилцан тохиролцсон байх тул зохих алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 % хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу нэхэмжлэгч “Р” ХХК нь Б ХХК-иас алданги 13274732 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар алдангийн хэмжээг хариуцагч Б ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 26549463 төгрөгийн 50 хувь болох 13274732 төгрөгөөр тооцсон нь дээрх хуулийн заалтад нийцэж байна гэж  үзлээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ. Талууд гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 52 дугаар “Нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ”-г байгуулсан байна.

Нэхэмжлэгч “Р” ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нь шүүхэд гаргасан хариу тайлбарт “...Шатахууны зээлээр авч хэрэглэсний төлбөр болох 16549463 төгрөгийн өрнөөс 2017 оны 01 дүгээр сарын эхээр 12000000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарласан тайлбараар тогтоогдож байна.

Иймд зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ 16549463 төгрөг, алданги 13274732 төгрөг, нийт 29824195 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б ХХК-ний төлсөн 12000000 /арван хоёр сая/ төгрөгийг хасаж үлдсэн 17824195 төгрөгийг Б ХХК-наас гаргуулан “Р” ХХК-нд олгож, 12000000 /арван хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь байна.

Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заасны дагуу хариуцагч хариуцагч Б ХХК-ийн санхүүгээс 247071 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-нд олгох нь зүйтэй байна. 

Хариуцагч Б ХХК-ийн захирал Д.О-т шүүх хуралдааны товыг шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр /баримт №3/ мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэснийг мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н-т шүүх хуралдааны товыг шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр /баримт №3/ мэдэгдэж, баримтад гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох боломжтой гэснийг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг тус тус баримтлан Б ХХК-иас зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ, алдангийн хамт нийт 17824195 /арван долоон сая найман зуун хорин дөрвөн мянга нэг зуун ерэн таван/ төгрөг гаргуулан “Р” ХХК-д олгож, 12000000 /арван хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-ий санхүүгээс 247071 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          К.Б