Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 69

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Өвөршанд 5а гудамжны 11 тоотод оршин суух, Боржигон Ганхуягийн Цэрэндолгор /РД:УД77022264/

Хариуцагч: Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Өвөршанд 7 гудамжны 14 тоотод оршин суух, Боржигон Нэргүйн Мөнхтулга /РД:СЧ85032171/-д холбогдуулан

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Цэрэндолгор, хариуцагч Н.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Цэрэндолгор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Н.Мөнхтулгатай 2005 онд танилцаж, 2007 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин М.Номинжин, 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр охин М.Энхжин нар төрсөн. Бид бусдын адил сайхан амьдарч байсан. 2016 оноос эхлэн Н.Мөнхтулгын ааш зан өөрчлөгдөн архи ууж, гэр бүлдээ агсам тавьж, хэрүүл маргаантай амьдрах болсон. Н.Мөнхтулга 2016 оны 9 дүгээр сард н.Туул гэх эмэгтэйтэй хамт амьдарна гээд биднийг хаяад явсан. Би хүүхдүүдээ бодож Н.Мөнхтулгатай буцаж нийлэх гэж зөндөө үзсэн боловч болоогүй. Харин ч намайг гай минь холдоод зайлаад өг гэж янз бүрээр доромжилсон.

Одоо Н.Мөнхтулга тэр эмэгтэйтэй Улаанбаатар хотод байр түрээслэн амьдарч байгаа. Одоо надад энэ хүнтэй хамт амьдрах хүсэл, хайр сэтгэл гэх зүйл байхгүй болсон тул эвлэрүүлэн зуучлагч болон сэтгэл зүйчид хандах шаардлагагүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Мөн бидний хамт амьдарч байсан Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 5а-11 тоотод хашаа, 9х8 харьцаатай 64 м.кв байшинг “Хас” банкнаас 14.000.000 төгрөгийн зээл авч барьсан. Би ганцаараа уг зээлийг төлж байгаа. Мөн үл хөдлөх хөрөнгө миний нэр дээр байдаг. Иймд Н.Мөнхтулга эд хөрөнгийн талаар маргахгүй байгаа ба уг үл хөдлөх хөрөнгийг бидэнд үлдээсэн. Иймд бид эд хөрөнгийн талаар тохиролцсон тул маргаангүй.

Харин охин М.Номинжин, М.Энхжин нарыг өөрийн асрамжид авч, эцэг Н.Мөнхтулгаас тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Мөнхтулга шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2005 онд танилцан, 2007 онд нэг гэрт орсон. Бидний дундаас 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин М.Номинжин, 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр охин М.Энхжин нар төрсөн.  2016 оны 9 дүгээр сараас гэр бүлийн харилцаа муудаж таарч тохирохоо больсон. Мөн Г.Цэрэндолгор намайг байнга хардаж, хэрүүл маргаан хийхдээ эх, эгч нарыг нөхрөөсөө салсан гэж доромжилдог учир түүнээс залхаж гэрээсээ явсан. 2016 онд өөр эмэгтэйтэй уулзаж байсан нь үнэн. Одоо бол ганцаараа амьдарч байгаа. Би Г.Цэрэндолгортой цаашид хамт амьдарч чадахгүй. Учир нь түүнийг гэх хайр сэтгэл байхгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.

Харин охин М.Номинжин, М.Энхжин нарыг эх Г.Цэрэндолгорын асрамжид үлдээж, тэтгэлэг төлнө. Мөн хамт амьдарч байсан Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 5а-11 тоотод хашаа, 9х8 харьцаатай 64 м.кв байшинг эхнэр хүүхдүүддээ өгсөн тул эд хөрөнгийн маргаангүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Цэрэндолгор хариуцагч Н.Мөнхтулгаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч Н.Мөнхтулга нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй зөвшөөрсөн.

Шүүх нэхэмжлэгч Г.Цэрэндолгорын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

Харин гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч бага насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч Г.Цэрэндолгор гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч Г.Цэрэндолгор, хариуцагч Н.Мөнхтулга нар 2005 онд танилцаж, 2007 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин М.Номинжин, 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр охин М.Энхжин нар төрж, одоо эх Г.Цэрэндолгорын асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн 0054658-245 дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдүүдийн 0090281-560, 0000627227-74 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, Нарны эрч өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Налайх дүүргийн 151 дүгээр цэцэрлэгийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “...А.Энхжин бэлтгэл А бүлэгт суралцдаг нь үнэн”  гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-9/

Нэхэмжлэгч Г.Цэрэндолгор гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...2016 оноос гэр бүлийн таарамжгүй харилцаатай болсон. Н.Мөнхтулга өөр эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа, түүнийг гэх хайр сэтгэлгүй болсон” гэж тайлбарласан, хариуцагч Н.Мөнхтулга “...Г.Цэрэндолгор намайг байнга хардаж, янз бүрээр доромжилдогоос залхасан. ...Бид 2016 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа...цаашид хамт амьдрах боломжгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа зэргээс үзвэл гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.

Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдал тогтоогдсон.

Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Г.Цэрэндолгор, хариуцагч Н.Мөнхтулга нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Г.Цэрэндолгор үр хүүхдүүддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг Н.Мөнхтулгаас илүү байгаа, хүүхдийн өссөн газар, эхдээ энэгшин дассан болон охин М.Номинжингийн “...ээж надад анхаарал халамж тавьдаг, эхийн асрамжид байна” гэсэн санал, охин М.Номинжин, М.Энхжин нарын насны байдал зэргийг харгалзан 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин М.Номинжин, 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин М.Энхжин нарыг эх Г.Цэрэндолгорын асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Н.Мөнхтулга бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй. 

Харин хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрхтэй. 

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Мөнхтулгаас сар бүр тэтгэлэг гаргуулж охин М.Номинжин, охин М.Энхжин нарыг тэжээн тэтгүүлэв.

Харин хариуцагч Н.Мөнхтулга цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

Нэхэмжлэгч Г.Цэрэндолгор охин М.Номинжин, охин М.Энхжин нарт зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Н.Мөнхтулга зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

Гэрлэгчдийн хамт амьдарч байсан нэхэмжлэгч Г.Цэрэндолгорын өмчлөлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 5а-11 тоотод хашаа, 9х8 харьцаатай 64 м.кв байшингийн талаар хариуцагч Н.Мөнхтулга маргахгүй, хүүхдүүддээ үлдээнэ гэж тохиролцсон. Мөн уг үл хөдлөх хөрөнгийг барих зорилгоор “Хас” банкнаас хамтран зээлсэн 14.000.000 төгрөгийг  нэхэмжлэгч Г.Цэрэндолгор төлж дуусгахаар зөвшөөрсөн үндэслэлээр зохигчид эд хөрөнгийн маргаан маргаагүйг дурдав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Г.Цэрэндолгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202.900 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Мөнхтулгаас 202.900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Цэрэндолгорт олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч Боржигон Ганхуягийн Цэрэндолгор хариуцагч Боржигон Нэргүйн Мөнхтулга нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин М.Номинжин, 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин М.Энхжин нарыг эх Г.Цэрэндолгорын асрамжид байлгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин М.Номинжин, 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин М.Энхжин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар охин М.Номинжин, охин М.Энхжин нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Мөнхтулгаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч Н.Мөнхтулга цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

5. Нэхэмжлэгч Г.Цэрэндолгорын өмчлөлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 5а-11 тоотод хашаа, 9х8 харьцаатай 64 м.кв байшингийн талаар хариуцагч Н.Мөнхтулга маргахгүй, хүүхдүүддээ үлдээнэ гэж тохиролцсон. Мөн уг үл хөдлөх хөрөнгийг барих зорилгоор “Хас” банкнаас хамтран зээлсэн 14.000.000 төгрөгийг  нэхэмжлэгч Г.Цэрэндолгор төлж дуусгахаар зөвшөөрсөн үндэслэлээр зохигчид эд хөрөнгийн маргаан гаргаагүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Г.Цэрэндолгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202.900 /хоёр зуун хоёр мянга есөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Мөнхтулгаас 202.900 /хоёр зуун хоёр мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Цэрэндолгорт олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

10. Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ТҮВШИНТӨГС