Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/108

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Н.Баасанжав Шүүгдэгч Д.Мөнхбаяр, Я.Дарьбазар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Мөнхбаяр, Я.Дарьбазар нарт холбогдох 2023000000111 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Дамдинпүрэвийн Мөнхбаяр, регистрийн дугаар ИА74022410

Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багт оршин суух хаягтай, урьд нь 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Өлзий овогт Ягааны Дарьбазар, регистрийн дугаар ИЮ71122512

Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Баасанжаваас шүүгдэгч Д.Мөнхбаяр, Я.Дарьбазар нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг “Нурамтын өвөр” гэх газарт өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Лхамаабазарыг нүүрэн тус газар нь нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд нь “дээд эрүүний баруун, зүүн соёоны булгаралт” бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан, Шүүгдэгч Я.Дарьбазар нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг “Нурамтын өвөр” гэх газарт иргэн Д.Мөнхбаярын гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Лхамаабазартай маргалдаж, улмаар түүнийг татаж, газар мөргүүлэн түүний эрүүл мэндэд “баруун нүд, баруун хацарт цус хуралт” бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02- ны өдрийн 000000275 дугаартай “...Г.Лхамаабазарын биед: Дээд эрүүний баруун, зүүн соёоны булгаралт, баруун нүд, баруун хацарт цус хуралт гэмтэл учирсан байна. Тухайн гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүснэ. Тухайн гэмтэл авсан гэх цаг хугацаанд уг гэмтлийг авсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Иргэн Г.Лхамаабазарын биед үүссэн гэмтэл нь цаг хугацааны хувьд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээд эрүүний баруун, зүүн соёоны булгаралт, баруун нүд, баруун хацарт цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/-ээр хохирогч Г.Лхамаабазарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна. Хохирогч Г.Лхамаабазарын эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Д.Мөнхбаяр, Я.Дарьбазар нар учруулсан болох нь: - Хохирогч Г.Лхамаабазарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан үдээс хойш болсон байсан юм. Намайг гэртээ байхад манайд Мөнхбаяр, Дарьбазар, Цэвэлмаа, Цэрэнлхам, Цацрал нар ирээд цай уугаад би тэр хүмүүст 0.5 литрийн архи нэг шилийг гаргаж өгөөд бид нар хувааж уусан юм. Тэгээд Мөнхбаяр намайг гэртээ очиж цай уу гэж урьсан юм. ...Мөнхбаярынд цай уучхаад 0.75 литрийн архи хувааж уусан юм. Тэгээд байж байтал Дарьбазар намайг “Танайх бага мухрыг эзлэх юу юм, Бааснай та нар юу юм, Бааснай мэддэггүй юм, хурлын дарга би мэддэг юм” гэж хэлээд агсарсан юм. Тэгсэн чинь Дарьбазар намайг заамдаж аваад газар луу татаад газар мөргүүлж унагаасан чинь миний баруун хөмсөг овойж хөхөрч хавдсан. Мөнхбаярын гэрт ортол Мөнхбаяр миний урдаас бос ч ирээд “Та нар надаар яалгах гээд байгаа юм” гэж хэлж намайг гэрийнхээ зүүн хатавчны питаны хажууд түлхэж унагаачхаад миний дээрээс өвдөглөөд “Чи миний нутагт даварч байна, галзуурах болоогүй” гэж байснаа босоод явахаар нь би бос ч питантай уснаас шанагаар хутгаж аваад Мөнхбаяр луу цацсан чинь Мөнхбаяр миний нүүр лүү цохиод авсан чинь миний өөрийн нэг шүд, хиймэл дөрвөн шүд унаад цус асгараад байхаар нь би Мөнхбаярыг чи яаж байгаа юм бэ, миний унаган шүдийг унагаачихлаа шүү дээ гэсэн чинь Мөнхбаяр гараад явсан юм. ...Энэ хоёр хүн надаас уучлал гуйгаад надад шүд хийлгэж өгөөд намайг хохиролгүй болгосон одоо надад энэ 2 хүнд гомдсон зүйл байхгүй. Бид нэг нутгийн улс учир зүгээ олсон. Мөн Дарьбазар, Мөнхбаяр гэх хүмүүсийн хэргийг хурдан болоод хөнгөн шийдэж өгөхийг хүсэж байна. Миний зүгээс ямар нэгэн гомдол хохирол байхгүй болно... Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлоо бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/, - Шүүгдэгч Д.Мөнхбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манайх Дарьбазарынд очиж цай уучхаад тэднийхийг цай уу гэж уриад гэр рүүгээ явах замдаа Мөнхөө ахынхаар орж Лхамаабазар эгчийг аваад гэртээ очсон юм. Ингээд манайд Дарьбазар, Лхамаабазар, Цогзол, Цацрал, Цэрэнлхам, Цэвэлмаа бид нар хоол цай болж дуусаад архи уусан юм. Тэгээд байж байтал Лхамаабазар эгч Дарьбазар хоёр өвөлжөө бууц, малын бэлчээрээс болоод муудалцаад Дарьбазар Лхамаабазар эгчийг гэрийн хоймор луу татаад газар мөргүүлээд унагачихаар нь би салгасан юм. Тэгээд байж байтал манайд Лхамаабазар эгч гаднаас ороод ирэхээр нь би ахиад агсам тавих гэж байна гэж бодоод “Та нар надаар яалгах гээд байгаа юм бэ” гэж хэлээд нүүр лүү нь цохчихсон чинь шүд унагачихлаа гээд орилоод байсан. Би Лхамаабазарын хамар, уруул хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би Лхамаабазар эгчээс уучлал гуйсан. Мөн хиймэл шүд хийлгэж өгсөн. Бид нар эвлэрсэн байгаа. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм хэрэг хийхгүй байх болно. Прокурорын сонсгосон 450,000 төгрөгийн торгуулийн ялыг хүлээн зөвшөөр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, - Шүүгдэгч Я.Дарьбазарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Лхамаабазар гуай согтчихоод агсраад байхаар нь би заамдаж аваад Мөнхбаярын гэрийн хойморь луу газар мөргүүлээд унагаачихсан юм. Тэгсэн чинь Лхамаабазар гуайн баруун талын нүд орчим нь жаахан халцарч, зурагдчихсан бос ч ирээд над руу дайрахаар нь би Мөнхбаярын гэрээс гараад явчихсан юм. Хийсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, - Гэрч Д.Мөнхөөгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай эхнэр Лхамаабазар надад ярихдаа 2020 оны 08 сарын 26-ны өдөр Мөнхбаярынд цай уух гэж очоод Дарьбазартай өвөлжөө бууцны талаар маргалдчихаад гэр рүүгээ явж байгаад хүүхдээ Мөнхбаярынд үлдээснээ санаад Мөнхбаярынхаас хүүхдээ авах гээд очсон чинь Мөнхбаяр нүүр лүү нь цохиод 2 шүдийг нь унагаачихсан байсан юм. ...Манай эхнэрийн баруун талын нүд, хацар, уруул, эрүү нь битүү хөх хавдартай, хөх няц болчихсон дээд талын үүдэн 2 шүд нь уначихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20- 21-р хуудас/, - Шинжээч эмч Т.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Г.Лхамаабазар гэх 56 настай эмэгтэйд гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийж тус өдрийн 275 дугаартай гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай дүгнэлт гаргасан. Иргэн Г.Лхамаабазарын биед баруун нүдний дээд, доод зовхи хөхөлбөр өнгийн хуралттай. Баруун хацарт 6х5 см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Дээд эрүүний баруун, зүүн соёо буюу 4 дүгээр шүднүүд булгарч унасан, буйл эдгэрч буй цусан тавтай гэсэн бэртэл гэмтэл тогтоогдсон ба тус гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.Мөнхбаяр, Я.Дарьбазар нарын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Мөнхбаяр, Я.Дарьбазар нарын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Лхамаабазарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч Д.Мөнхбаяр, Я.Дарьбазар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Д.Мөнхбаяр, Я.Дарьбазар нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байна. Энэ нь шүүгдэгч Д.Мөнхбаяр, Я.Дарьбазар нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогч Г.Лхамаабазарын “Энэ хоёр хүн надаас уучлал гуйгаад надад шүд хийлгэж өгөөд намайг хохиролгүй болгосон одоо надад энэ 2 хүнд гомдсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Мөнхбаяр, Я.Дарьбазар нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Мөнхбаяр, Я.Дарьбазар нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүх шүүгдэгч Д.Мөнхбаяр, Я.Дарьбазар нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.Мөнхбаяр урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 60 дугаар хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Я.Дарьбазар нь урьд нь 2006 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолоор /хх-ийн 61-64 дүгээр хуудас/ тогтоогдож байна. Прокуророос шүүгдэгч Д.Мөнхбаяр, Я.Дарьбазар нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүх шүүгдэгч Д.Мөнхбаяр, Я.Дарьбазар нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Мөнхбаяр, Я.Дарьбазар нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Мөнхбаяр, Я.Дарьбазар нарт 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Дамдинпүрэвийн Мөнхбаяр, Өлзий овогт Ягааны Дарьбазар нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаяр, Я.Дарьбазар нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаяр, Я.Дарьбазар нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаяр, Я.Дарьбазар нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаяр, Я.Дарьбазар нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаяр, Я.Дарьбазар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ