Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 88

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 44 дүгээр гудамжны 7а тоотод оршин суух, Балдан Чулуунпүрэвийн Одгэрэл /РД:УР81071001/

Хариуцагч: Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 20 дугаар гудамжны 547 тоотод оршин суух, Боржигон Нармандахын Энхмандах /РД:ТЛ81081674/-д холбогдуулан

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Одгэрэл, хариуцагч Н.Энхмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амарзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Н.Энхмандахтай 2004 онд танилцаж, 2005 оноос эхлэн хамтран амьдарсан ба 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү Э.Учрал, охин Э.Энэрэл нарыг  төрүүлсөн. Бид гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2014 оны 7 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрах хугацаанд би н.Эрдэнэбаатартай танилцаж, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр  охин Э.Амирлангуйг  төрүүлсэн.

Одоо би н.Эрдэнэбаатартай хамтран амьдарч байгаа болохоор Н.Энхмандахтай эвлэрэх боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Мөн би гэрээсээ явахдаа өөрийн эд зүйл болох 49-07 УББ улсын дугаартай Тоска маркийн газ автомашин, гэр доторх тавилгануудыг авсан. Бидний хамт амьдарч байсан Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэх 39-07 тоот газар, хашаа, гэр Н.Энхмандахын эцэг, эхийнх тул эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авна.

Харин Н.Энхмандах хүүхдүүдээ маш сайн харж ханддаг, тэдэнд авья гэсэн болгоныг нь авч өгдөг тул хүүхдийн тэтгэлэг шаардаагүй гэв.

Хариуцагч Н.Энхмандах шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2004 онд танилцан, 2005 онд нэг гэрт орсон. 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү Э.Учрал, охин Э.Энэрэл нар төрсөн. Бид 2014 оноос эхлэн санхүүгийн асуудлаас болж байнга маргах болсон. Тэгээд Ч.Одгэрэл хүүхдүүдээ дагуулаад эд зүйлээ аваад яваад өгсөн. Бид тусдаа байх хугацаанд н.Эрдэнэбаатар гэх залуутай хамтран амьдарч хүүхэдтэй болсон.

Ч.Одгэрэл өөр хүнтэй болох шалтгаан нь надаас болсон байх гэж боддог. Учир нь би цаг наргүй ажиллаж байгаад эхнэр, хүүхдээ хайр халамжаар дутаасан болоод ийм сонголт хийсэн байх гэж бодож байна.

Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй. Надад түүнийг гэх хайр сэтгэл байхгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.

Хүү Э.Учрал, охин Э.Энэрэл нарыг эх нь авна гэсэн тул асрамжийн талаар маргах зүйлгүй. Харин хүүхдүүдтэйгээ байнга уулзаж, хэрэгтэй зүйлийг нь авч өгдөг. Иймд заавал шүүхээр тэтгэлэг тогтоолгоод байх шаардлагагүй байх. Харин эд хөрөнгийн хувьд Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэх 39-07 тоотод байрлах хашаа, гэрийг би авч үлдсэн. Ч.Одгэрэл 49-07 УББ улсын дугаартай автомашин, мөн гэр дотор байсан тавилгуудаа авсан. Иймд бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Одгэрэл хариуцагч Н.Энхмандахаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч Н.Энхмандах нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.

Шүүх нэхэмжлэгч Ч.Одгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

Харин гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч бага насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч Ч.Одгэрэл гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч Ч.Одгэрэл, хариуцагч Н.Энхмандах нар 2004 онд танилцаж, 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү Э.Учрал, охин Э.Энэрэл нар төрсөн байх ба одоо эх Ч.Одгэрэлийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн 68 дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн 0221401-24, 0221394-25 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Суврага Налайх” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, “Эрдмийн Оргил” цогцолбор сургуулийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “...Э.Учрал, Э.Энэрэл нар нь 63 ангид суралцдаг нь үнэн”  гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-9/

Нэхэмжлэгч Ч.Одгэрэл гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...Бид мөнгөний асуудлаас болж маргалдах болсон. ...2014 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарсан. Би энэ хугацаанд н.Эрдэнэбаатар гэх залуутай хамтран амьдарч байгаад 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр охин Э.Амирлангуйг төрүүлсэн. Иймд бид хамт амьдрах боломжгүй” гэж тайлбарласан, хариуцагч Н.Энхмандах “...2014 онд бид санхүүгийн асуудлаас болж хоёр тийшээ болсон. Би ажил ихтэй байдаг болохоор гэр бүлдээ анхаарал тавьж чадаагүйгээс Ч.Одгэрэл өөр хүнтэй явсан байх...Одоо тэр өөр хүнтэй хамтран амьдарч, үр хүүхэдтэй болсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар зэргээс үзвэл гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.

Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, нэхэмжлэгч Ч.Одгэрэл өөр бусадтай хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдал тогтоогдсон.

Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Ч.Одгэрэл, хариуцагч Н.Энхмандах нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Ч.Одгэрэл үр хүүхдүүддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг Н.Энхмандахаас илүү байгаа, хүүхдийн өссөн газар, эхдээ энэгшин дассан болон охин Э.Учрал, Э.Энэрэл нарын “...ээж надад анхаарал халамж тавьдаг, эхийн асрамжид байна” гэсэн санал, насны байдал зэргийг харгалзан 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Э.Учрал, охин Э.Энэрэл нарыг эх Ч.Одгэрэлийн асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Н.Энхмандах бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй. 

Харин хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрхтэй.

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

Иймээс нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй ч хүү Э.Учрал, охин Э.Энэрэл болон асран хамгаалагч нь тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг шаардах эрх нээлттэй.

Харин зохигчид эд хөрөнгөө хуваагаад авчихсан гэсэн үндэслэлээр маргаангүй гэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Ч.Одгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Энхмандахаас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Одгэрэлд олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч Балдан Чулуунпүрэвийн Одгэрэл хариуцагч Боржигон Нармандахын Энхмандах нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Э.Учрал, охин Э.Энэрэл нарыг эх Ч.Одгэрэлийн асрамжид байлгасугай.

3. Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ч.Одгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Энхмандахаас 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Одгэрэлд олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ТҮВШИНТӨГС