Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 431

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо, дэнж 17-р гудамж, 439 тоотод оршин суух, эмэгтэй, РД:ВЮ, Бусүд овогтой Ц-ийн Я-ын нэхэмжлэлтэй,  

            Хариуцагч: Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо, дэнж 17-р гудамж, 439 тоотод оршин суух, эрэгтэй, РД:ЧС, Жавхлант овогтой, Д-ийн Гд холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатар, хариуцагч Д.Г, нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь: 

 Нэхэмжлэгч Ц.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2013 онд танилцаж хамтран амьдарсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2014 оны 03-р сарын 10-ны өдөр хүү Я.А, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр охин Г.А нар төрсөн. Д.Г нь жирэмсэн байхад гар хүрдэг байсан. 2 дахь хүүхэд төрөөд зан харилцааны хувьд дээрдэх байх гэж бодсон боловч намайг зодох, хардах зэрэг үйлдлүүдийг гаргасаар байсан тул бид тусдаа амьдрах болсон. Мөн өөрийнхөө аав ээжийн гэрээс алтан ээмэг бөгж хулгайлсан хэмээн өөрийн эгчтэйгээ нийлж цагдаад өгсөн байсан. 2016 оны 07-р сарын 13-ны өдөр найз нартайгаа архи ууж суусан бөгөөд орой нь намайг зодож, өлгийтэй нялх хүүхэдрүүгээ тоосго шидэж, миний хоолойн дээр хутга мэс тулгаж, намайг нүцгэн зогсоож байгаад миний дээрээс 25 литрийн ус асгаж, төмөр ганжингаар зодсон учраас би цагдаад дуудлага өгсөн. Тэр үеээс хойш хүүхдүүдтэйгээ гүр бүлийн хүчирхийллийн төвд 2 сар байсан. Миний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэлд нь Д.Г-д Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгох ял оноож шийтэгсэн байдаг. Д.Г-гаас 2014 оны 03-р сарын 10-ны өдөр төрсөн хүү Я.А, 2016 оны 03-р сарын 25-ны өдөр төрсөн охин Г.А нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2012 онд танилцаж хамтран амьдарсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2014 оны 03-р сарын 10-ны өдөр хүү Я.А, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр охин Г.А нар төрсөн. Намайг ажил хийлгэх дургүй байнга харддаг байсан. Дарга дээр орж миний цалинг авч хөдөө байдаг ээжрүүгээ явуулж байсан. Бид манай эмээгийнд амьдардаг байсан. Ц.Я-ыг хөдөө гэрлүүгээ явсан хойгуур эмээ маань амралтанд явах гэтэл ээмэг бөгж зэрэг нь алга болсон байсан. Хамтран амьдрах хугацаанд байнга хардаж ажил хийлгэх боломжгүй болгосон. Би энэ нэхэмжлэлд дурдсан шиг зодож байгаагүй. Намайг өөрөө маажих цохих зэрэг үйлдлүүд гаргаж, цагдаад дуудлага торгуулж байсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                        ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ц.Я нь хариуцагч Д.Г-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

                                     

                                                                        ТОГТООХ нь:  

             

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хариуцагч Д.Г-гаас 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хүү Я.А /РД:ВС/, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Г.А /РД:УЕ/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй,

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.480 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-гаас улсын тэмдэгтийн хураамжид 62.480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Я-д олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                Г.СОЛОНГО