Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Б.Эрхэмбаяр, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярцогт, Шүүгдэгч Ц.Өнөржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ц.Өнөржаргалд холбогдох 2023001290108 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 30-нд Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Шилүүстэй сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Гэгээнтэн, овогт Цогзолын Өнөржаргал, регистрийн дугаар ИУ74113010

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Өнөржаргал нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн нутаг “Цахиртын худаг” гэх улсын дугааргүй Мустанг-150 маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-А, 3.1-А гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож улмаар Мустанг-150 маркийн мотоциклийн ард зорчиж явсан Б.Батбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ц.Өнөржаргал нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн нутаг “Цахиртын худаг” гэх улсын дугааргүй Мустанг-150 маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-А, 3.1-А гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож улмаар Мустанг-150 маркийн мотоциклийн ард зорчиж явсан Б.Батбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: 1. Шүүгдэгч Ц.Өнөржаргалын өгсөн: “...Тэр өдөр мотоциклийг би жолоодож явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: 1. Хохирогч Б.Батбаатарын өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 11-ний өглөө Шилүүстэй сумын наадмыг үзэх гээд гэрээсээ гарч яваад Шилүүстэй сум ороод наадам үзэж байгаад Өнөржаргалтай таараад 1 шил архи худалдаж аваад Шилүүстэй сумын хойно байдаг Түдэвээ гэж айлд очиж нөгөө авсан архиа уучхаад гэртээ харих гээд Өнөржаргал бид 2 мотоциклтой явж байсан чинь мотоциклийн урд талын дугуй хагараад бид 2 мотоциклтой уначихсан. Мотоцикл унаснаас хойш би юу ч санахгүй байна. Тэрнээс хойш би хэд хоног ухаангүй байснаа санахгүй байна нэг мэдэхэд л аймгийн нэгдсэн эмнэлэгт ухаан орсон. Тухайн үед би мотоциклоо жолоодож яваагүй. Өнөржаргал жолоодож явсан. Бид хоёр хоорондоо муудалцаж, зодолдож, цохилцсон зүйл байхгүй. Одоо надад нэхэмжлэх зүйл, санал, гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/, 2. Гэрч Б.Жадамбын өгсөн: “...Манай аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн “Шинэ ус” гэх нэртэй газар Б.Батбаатарынхтай саахалт зусаж байсан юм. Тэгсэн 2020 оны 07 дугаар сарын 12-ны өглөө Б.Батбаатарын эхнэр манай гэрт орж ирээд Батбаатарыг Шилүүстэй сумын хөгжил багийн нутаг “Цахирын худаг” гэх газар мотоциклтойгоо уначихсан байна ирээд аваадах гэж байна гэсэн. Тэгэхээр нь би Батбаатарын эхнэрийг өөрийн мотоциклдоо сундалдаж яваад “Цахирын худаг” гэдэг газар очсон Батбаатар ахын мотоцикл босоо байдалтай урд талын дугуй хагарсан байдалтай Батбаатар ах мотоциклынхоо хажууд газар хэвтсэн байдалтай Өнөржаргал гэх залуу айлд очиж утсаар ярьж хэл дуулгалаа гээд байж байсан. Тэгэхээр нь Батбаатарыг сэрээх гээд татсан Батбаатар ах сэрэхгүй байсан. Тэгсэн эхнэр нь уйлаад намайг хажуу айлаас машиныг нь гуйгаад ир гэхээр нь би тэнд байсан Пүрэвдорж гэдэг айлын машиныг гуйгаад Батбаатар ахыг гэрт нь хүргээд өгөөч гэсэн Пүрэвдорж ах машинтайгаа очиж Батбаатар ахыг аваад тэгээд Батбаатар ахыг машинаар гэр рүү нь аваад явсан. ...Тэгээд сумын төвөөс эмнэлэг дуудаад Батбаатар ахыг аваад явсан. Анх Ц.Өнөржаргалтай уулзах үед Өнөржаргал би мотоциклийг жолоодож яваад жижиг ургаа хад мөргөөд мотоциклийг унагачихлаа Батбаатар миний араар сууж явсан гэж ярьж байсан. Харин Батбаатар ах дээр очих үед Батбаатар ах ухаан байхгүй ямар нэг зүйл ярьж чадахгүй байсан. Цагаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл байсан. Тухайн мотоцикл Б.Батбаатар ахын мотоцикл байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/, 3. Гэрч Ч.Оюунчимэгийн өгсөн: “...Өглөө 08 цагийн үед Өнөржаргал /Рэнцэн/- ийн утас руу залгатал утсаа авсан. Бид 2 хээр унтаж байна, сэрсэн чинь мотоциклийн урд дугуй хагарчихсан байна нэлээд согтуу байна гэхээр нь “та 2 хаана байгаа юм бэ” гэтэл манай гэрээс 5-6 км байрлах жалгагүй талархаг газар байсан ба намайг очтол уг осол болсон гэх газар манай нөхөр дээл хувцсаа тайлаад хаячихсан байхаар нь ойрхон нэг айл байхаар нь яваад очтол Рэнцэн гэдэг нэлээд согтуу айлд хэвтэж байхаар нь “манай хүн хаана байна” гэтэл “мэдэхгүй” гэхээр нь “би, чи ямар сонин юм бэ? тэр хүн чинь хаана байгаа юм бэ? мотоциклийг хэн жолоодож явсан юм бэ? та 2 хоорондоо зодолдсон уу?” гэхэд өмнөөс огт дуугараагүй тэгэхэд Рэнцэнгийн баруун талын хацар нэлэнхийдээ зулгарчихсан, нүд нь хавдчихсан байсан юм. Ингээд би тэр хавиар хайгаад явж байтал толгойн ар дээр хээр хэвтэж байхаар нь очиж автал нүүр хэсэг нь шалбараад авах юмгүй, улаан хүрэн цус болчихсон ухаангүй байдалтай хэвтэж байсан учир шууд Говь-Алтай аймгийн төв рүү эмнэлэг бараадуулж нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт авч ирж хэвтүүлсэн юм. Ингээд аймгийн эмнэлэгт үзүүлэхэд тархиндаа цус харвалттай, тархины хаван ихтэй, ухаангүй хүнд хүн байна гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29-р хуудас/, 4. Мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “... Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх Гэгээнтэн овогт Цогзолын Өнөржаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг мөн дүрмийн 3.1 дүгээр зүйлийн а-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна” гэснийг тус тус зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх боломжтой.” гэх магадалгаа /хх-ийн 48-50-р хуудас/, 5. Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Даваахүүгийн 2020 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 235 дугаартай “...Иргэн Б.Батбаатарын биед тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, 2 нүдний дээд доод зовхи, хамар, 2 хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 41-44-р хуудас/, 6. Завхан аймгийн техник хяналт үзлэгийн төвийн шинжээч Ч.Батсүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “...МУСТАНГ-5 маркийн улсын дугааргүй 071481 арлын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийн урд дугуй хагарсан, руль нь тахийсан байдалтай явах анги, тоормос, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, араа солигдолт хэвийн үндсэн раманд ямар нэг хэв гажилт байхгүй байна. Осол болохоос өмнө үүссэн эвдрэл гэмтлийг тодорхойлох боломжгүй тул хэзээ үүссэн хугацааг тодорхойлох боломжгүй. Ослоос өмнө үүссэн эвдрэл гэмтлийг тодорхойлох боломжгүй. Осол болохоос өмнө үүссэн эвдрэл гэмтлийг тодорхойлох боломжгүй тул хариулах боломжгүй. Хэрэгт ач холбогдол бүхий бусад дурдах нөхцөл байдал алга байна.” гэх дүгнэлт /хх-ийн 53-54-р хуудас/, 7. Шүүгдэгч Ц.Өнөржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд бид 2 наадмын талбайгаас архи зарж байгаа газраас 0.5 литрийн Ерөөл архи аваад Түдэвдорж гэх айлд очсон. Очихдоо би Шүүжийн доод талд үлдээсэн мотоциклоо аваад хоёулаа өөр өөрийн мотоциклтой явсан. Бид 2 авсан архинаасаа жоохон ууж байхад Түдэвдорж гаднаас ороод ирсэн. Тэр айлд бид хоёр авч ирсэн архиа дуусгалгүй гарч явсан. Тухайн айлаас гарахдаа би мотоциклоо гэрэлгүй учраас орхиод Б.Батбаатарын мотоциклийг би унаад Б.Батбаатар ард суугаад айлд очих гээд явсан. Тэгээд давхиж байхад мотоциклийн дугуй хагараад унасан. Нэг мэдэхэд өглөө болсон байсан. Өглөө сэрэхэд мотоцикл унасан хэвтэж байсан. Би босоод айлаас нацосс аваад ирье гээд явсан. Эргээд ирэхэд Батбаатар байхгүй тухайн газар Батбаатарын тэрлэг бүс ундаа байсныг тэрлэгэнд нь боогоод мотоциклийн ард дараад мотоциклоо аваад би Аюурзана гэдэг айлд очоод Батбаатарын эхнэртэй ярьсан “Б.Батбаатар очсон уу, мотоцикл дээр байсан байхгүй байна гэр рүүгээ алхсан юм байлгүй” гэж хэлсэн. Тэгээд эхнэр нь нөхрөө хайя гээд айлаас доош уруудаад явсан удаагүй олчлоо гэж над руу ярьсан би тэгээд хариад унтсан. Би жолоодох эрхийн үнэмлэхгүй. Тухайн мотоцикл Б.Батбаатарын эзэмшлийн мустанг-150 маркийн улсын дугааргүй мотоцикл байсан. Би жолоодож явсан. Осол болохоос өмнө Б.Батбаатар бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Шүүгдэгч Ц.Өнөржаргал нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2020 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн нутаг “Цахиртын худаг” гэх газар улсын дугааргүй Мустанг-150 маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-А, 3.1-А гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож улмаар Мустанг-150 маркийн мотоциклийн ард зорчиж явсан Б.Батбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ. Хохирогч Б.Батбаатар нь мөрдөн байцаалтад “Одоо надад нэхэмжлэх зүйл, санал, гомдол байхгүй.” гэсэн байх тул шүүгдэгч Ц.Өнөржаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр.Шүүгдэгч Ц.Өнөржаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.Өнөржаргалын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал болон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Өнөржаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Ц.Өнөржаргал нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. /хх-ийн 66-р хуудас/ Прокуророос шүүгдэгч Ц.Өнөржаргалд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн шүүгдэгч нарт хүлээлгэх прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Шүүгдэгч Ц.Өнөржаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд шүүгдэгч Ц.Өнөржаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жил, нэг сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв. Харин шүүгдэгч Ц.Өнөржаргал нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өнөржаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассаныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Ц.Өнөржаргалыг хоёр жил, нэг сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Шүүгдэгч Ц.Өнөржаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна. Шүүгдэгч Ц.Өнөржаргалд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гэгээнтэн овогт Цогзолын Өнөржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Өнөржаргалыг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жил, нэг сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 3. Шүүгдэгч Ц.Өнөржаргал нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өнөржаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассаныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ц.Өнөржаргалыг хоёр жил, нэг сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ц.Өнөржаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэгсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Өнөржаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Өнөржаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ