Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0038 |
Огноо | 2014-01-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2014/0038
2014 оны 01 сарын 16 өдөр Дугаар 38 Улаанбаатар хот
П.Б-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч П.Батсайхан, түүний өмгөөлөгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 438 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, П.Б-ны нэхэмжлэлтэй, Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.О, Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 01 дүгээр сард иргэн С.О-ын өөрт нь бэлгийн дарамт үзүүлсэн гэх үндэслэлээр Хүний эрхийн үндэсний комисст гаргасан гомдолд холбогдсон юм. Уг гомдлыг тус комиссын гишүүн П.О хүлээн авч, хянахдаа миний 2013 оны 3 дугаар сарын 11, 20-ны өдрүүдэд гаргасан хүсэлтүүдэд хариу өгөлгүй байсаар 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 3/09 тоот албан шаардлагыг гаргаж, Монголын мянганы сорилтын санд хүргүүлжээ. 2013 оны 5 дугаар сард хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Б-д хандан албан шаардлагыг хянаж үзэх хүсэлт гаргасан боловч 5 дугаар сарын 31-ний өдрийн 1/446 дугаар албан тоотоор шаардлагыг хянаж үзэх боломжгүй, шүүхэд хандан шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн юм.
Хүний эрхийн үндэсний комиссоос Монголын мянганы сорилтын санд хүргүүлсэн албан шаардлага нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, Мянганы сорилтын сангийн дотоод журмын 5 дугаар зүйлд заасны дагуу П.Б-д хариуцлага тооцохыг шууд үүрэгжүүлсэн, улмаар надад сахилгын арга хэмжээ авхуулсан, хууль зүйн үндэслэлгүйгээр миний эрх ашгийг хохироосон эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр болсон гэж үзэж байна. Хэрэв хүний эрхийн үндэсний комисс асуудалд ул суурьтай хандаж, хууль зүйн үндэслэлтэй шалгаж тогтоосон бол миний эрх ашиг өнөөдөр хохирохгүй байх байсан бөгөөд манай байгууллага ч надад сахилгын арга хэмжээг өөрийн санаачлагчаар авахгүй байх байсан. Бодит байдлыг сайтар судалж тогтоогоогүй, Монгол улсад ийм зүйл гарч байгаагүй, ийм үйлдлийг ил гаргаж байгаа нь эмэгтэй хүний зориг мэтээр хэт нэг талыг барьж хийсвэрлэн авч үзсэн, иргэн миний хууль ёсны эрх ашгийг хохироох шууд үндэслэл болсон. Хүний эрхийн үндэсний комиссын 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 3/09 тоот албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хүний эрхийн үндэсний комиссын 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 3/09 тоот албан шаардлагын үндэслэл болсон Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б-ын 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 13/81 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Комисст хандаж 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэн С.О "... Монголын мянганы сорилтын сангийн Авто замын төсөл хэрэгжүүлэгч нэгжид олон нийттэй харилцах мэргэжилтнээр 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан бөгөөд энэ хугацаанд миний шууд удирдлага болох Авто замын төслийн захирал П.Б нь удаа дараа ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлж байсан тул түүнд холбогдох арга хэмжээг авч өгнө үү..." гэсэн гомдлыг ирүүлсэн.
Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу Комиссоос иргэн С.О-ын гомдолд холбогдох ажиллагааг явуулж, гомдол гаргагч С.О, гомдолд холбогдогч П.Б, Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б, Монголын мянганы сорилтын сангийн төслийн захирал Ц.У, Монголын мянганы сорилтын сангийн хуульч Б.О, Монголын мянганы сорилтын сангийн нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ц нараас тайлбар авч, шаардлагатай бусад нотлох баримтыг цуглуулсан билээ.
Иргэн С.О Комисст гомдол гаргахаасаа өмнө ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн тухай гомдлоо Монголын мянганы сорилтын сангийн удирдлагуудад гаргаснаар энэ асуудлыг шалгахаар дотооддоо ажлын хэсэг байгуулж, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус ажлын хэсгээс "Авто замын төслийн захирал П.Б-д удирдах ажилтны ёс зүйтэй байгаагүй, энэ утгаараа С.О-аас уучлал гуйх, байгууллага дээрээ ажлын байрны бэлгийн дарамтын талаар сургалт зохион байгуулах, холбогдох дүрэм журмаа боловсронгуй болгох нь зүйтэй талаар” дүгнэлтийг гаргасан байна.
Мөн Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр авсан тайлбарт ”... Би шалгалтын, ажлын хэсгийн үр дүн, дүгнэлт, зөвлөмжийн дагуу П.Б захиралд сануулах арга хэмжээ авсан тул үүнийг тэмдэглээд хувийн хэрэгт нь хавсаргасан байгаа. Америкчууд надаас чи яагаад амаар сануулга өгсөн юм бэ гэж асуусан учир нь П.Б захирал төрийн өндөр албан тушаал хашиж байсан, гэр бүлтэй, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн хүн учраас би өөрийг нь дуудан уулзаж энэ зан авираа засах талаар зөвлөж, дахин энэ төрлийн асуудал үүсвэл арга хэмжээ авахыг хэлсэн. Цаашдаа энэ байгууллага энэ төрлийн асуудлыг таслан зогсооно гэж хэлээд гарсан. П.Б С.О-аас уучлалт гуйхыг хүлээн зөвшөөрч байгаа, харин ажилчдын дунд уучлалт гуйхыг зөвшөөрөөгүй. Бид энэ асуудлын дараа ажлын байран дахь бэлгийн дарамт гэсэн сэдвээр ажилчдадаа хичээл заасан. Энэ хичээлд П.Б захирал урд эгнээнд суугаад идэвхтэй оролцож байсан. Үүнийг хараад энэ хүн өөртөө дүгнэлт хийсэн байна гэж ойлгосон” гэжээ.
Монголын мянганы сорилтын сангийн төслийн захирал Ц.У 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ”... С.О-ын хувьд маш их харамсалтай санагдаж байна. Энэ том байгууллага түүнд тохиолдсон хууль бус үйл явдлыг шударгаар шийдээгүйд туйлын гомдолтой байсан. Түүнийг худал хэлэхгүй гэдгийг би мэднэ, тиймээс түүнийг дэмжиж байна. Эрхийнхээ төлөө тэмцэж байгааг нь дэмжиж байна” гэжээ.
Монголын мянганы сорилтын сангийн нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ц 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр "... 2012 оны 6 дугаар сард Чойр, Сайншанд дагуух сумууд болон өөрийн холбогдох ажилтнуудад "Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх", "ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх" гэсэн сургалтуудыг хоёр хоногийн хугацаатай зохион байгуулсан. С.О-ын ажиллаж байсан баг айраг суманд байрлаж байсан ажилчдын кемпэд түрүүлээд ирсэн. Манай багийнхан араас очсон. Тэр оройдоо С.О бид хоёр нэг өрөөнд орсон бөгөөд унтахынхаа өмнө юм яриад сууж байтал "Өчигдөр шөнө П.Б захирал намайг унтаж байхад хөнжлөөс татаад байсан. Би 00-ын өрөөний хажууд байрлах өрөөнд ганцаараа унтаж байсан. П.Б захирлын энэ янз бүрийн үйлдэл хэрээс хэтэрч байна, нэг биш удаа, урьд нь бас ажлаар хамт нэг машинд сууж явахдаа янз бүрийн шалиг үг хэлж байсан" гэж надад ярьсан", мөн "П.Б захирал намайг 2011 оны байгууллагын шинэ жилийн үдэшлэг тарах дөхөж байх үед "Чи надад таалагддаг, секс хийх юмсан" гэж хэлж байсан"
зэрэг тайлбарууд болон Монголын мянганы сорилтын сангийн ажлын хэсгийн дүгнэлтээр
Авто замын төслийн захирал П.Б нь Монголын Мянганы сорилтын сангийн Авто замын төсөл хэрэгжүүлэгч нэгжид Олон нийттэй харилцах мэргэжилтнээр ажиллаж байсан С.О-д ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлсэн болох нь тогтоогдсон учир Комиссоос 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 3/09 дугаартай албан шаардлагыг Монголын мянганы сорилтын санд хүргүүлсэн болно.
Монголын мянганы сорилтын сангаас 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 01/212 дугаар албан бичгээр ирүүлсэн албан шаардлагын хариуд “Авто замын төслийн захирал П.Б-д Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэг, Монголын мянганы сорилтын сангийн хүний нөөцийн бодлогын баримт бичгийн 5.5 дахь хэсэг, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний албан шаардлага зэргийг үндэслэн түүнд сарын үндсэн цалинг 10 хувиар, гурван сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан” байна.
Иймд П.Б-ны гаргасан нэхэмжлэл нь хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 1. Монголын мянганы сорилтын сангийн Авто замын төслийн Олон нийттэй харилцах мэргэжилтнээр ажиллаж байсан С.О нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх гомдлоо Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б болон тухайн үед АНУ-ын МСК-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан Р.Р нарт анх и-мэйлээр хүргүүлсэн байсан. Үүний үндсэн дээр Монголын мянганы сорилтын сан болон суурин төлөөлөгчийн газрын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан С.О-ын гомдлыг Монголын мянганы сорилтын сангийн хүрээнд шалгах ажиллагааг зохион байгуулсан.
Уг ажлын хэсгээс тайлан гаргасан бөгөөд уг тайлангийн 1 дэх хэсэгт “Ажлын байран дах бэлгийн дарамт нь гол төлөв нууцлагдмал хэлбэрээр гардаг тул гэрчүүдийг олж тогтоох, тухайн асуудлыг нотлоход туйлын хүндрэлтэй байв” хэмээн дүгнэсэн. Түүнчлэн дүгнэлтийн хэсгийн 5,6 дахь хэсгүүдэд зааснаар Авто замын төслийн захирал П.Б нь удирдах ажилтны ёс зүйн хувьд биеэ зүй зохистой авч яваагүй бөгөөд ажлын байран дахь бэлгийн дарамт учруулсан байж болзошгүй талаар Ажлын хэсэгтэй уулзсан зарим хүмүүс мэдээлэл өгсөн байна. Эцэст нь ажлын хэсэг П.Б-ыг С.О-аас уучлалт гуйх нь зөв гэж дүгнэн зөвлөмж гаргасан болно. Гэтэл П.Б “Би буруугүй тул уучлалт гуйхгүй” гэснээр С.О Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан байна.
2.Хүний эрхийн үндэсний комиссоос С.О-ын гомдлын мөрөөр Монголын мянганы сорилтын сан дээр ирж шалгалт хийсэн бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Зөрчил арилгуулах тухай” 3/09 тоот албан шаардлага ирүүлсэн юм. Уг албан шаардлагад дурдсан ёсоор “П.Б-ы үйлдэл нь бэлгийн дарамтын тодорхойлолтод хамаарч байна. Тиймээс Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасны дагуу дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: Авто замын төслийн захирал П.Б-д Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэг, Мянганы сорилтын сангийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу хариуцлага тооцох” түүнчлэн үүний дагуу авсан арга хэмжээний талаар Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор хариу ирүүлнэ үү гэснийг тус тус үндэслэн Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 13/81 дугаар тушаал гаргаж, Авто замын төслийн захирал П.Б-ны цалинг гурван сарын хугацаагаар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан юм гэжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 438 дугаар шийдвэрээр, Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 17.1.2, 19 дүгээр зүйлийн 19.2, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.7, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Б-ны Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 3/09 тоот албан шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн 34.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн “Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Б.Б-ын 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 13/81 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэрийг хүчингүй хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 438 дугаар шийдвэрт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх дамжвал нотлох баримтыг буруу үнэлж, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Анхан шатны шүүх ... Монголын мянганы сорилтын сангийн Авто замын төслийн захирал П.Б өөрийн удирдлагад ажиллаж байсан С.О-д 3 удаагийн үйлдлээр хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр бодлогогүйгээр илэрхийлсэн болох нь хэрэгт авагдсан гомдол гаргагч С.О-ын өргөдөл, тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, Мянганы сорилтын сангийн ажлын хэсгийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна, хариуцагч Мянганы сорилтын сангийн ажлын хэсгийн дүгнэлт зэрэг баримтуудаар үйл ажиллагаандаа хууль дээдлэх хараат бус байх зарчмыг баримталж С.О-ын гомдлыг хүлээн авч бүх талаас нь бүрэн дүүрэн хянан үзсэн нь хэргийн оролцогчдын тайлбар, бичгийн нотлох баримтаар нотлогдож байна ... хэмээн дүгнэж шийдвэр гаргахдаа ... гомдол гаргагч С.О өөрөө 2011 оны 9, 11 дүгээр сар, 2012 оны 6 дугаар сард нэг удаа буюу нийт 3 удаагийн үйлдлээр бэлгийн сэдлээ үг хэлээр гаргасан хэмээн гомдол гаргасан болохоос түүний энэ үйлдлийг харсан, сонссон хүн байхгүй, гэрчүүдийн мэдүүлэг, Мянганы сорилтын сангийн ажлын хэсгийн дүгнэлт зэрэг баримтуудад хувь хүний үзэл бодол, гомдол гаргагчаас дам сонссон талаараа ярьсан тайлбараас цаашгүй байхад нотлогдож байна хэмээн нэг талыг барьж дүгнэсэн нь П.Б-ны эсрэг шийдвэрийн үндэслэл болсон.
Нөгөө талаас Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн нь хууль дээдэлж ажиллахдаа нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тал бүрээс нь хэн алины эрх ашиг хөндөгдөж байгааг нарийн нягталж хянаж үзэхийн оронд Мянганы сорилтын сангийн ажлын хэсгийн дүгнэлт зэрэг баримтуудад асуугдсан гомдол гаргагчийн өөрийнх нь санал болгосон нэр бүхий хэргийн нөхцөл байдлыг мэдсэн байх, харах боломжгүй этгээдүүдийг дахин асууж албан шаардлага гаргасан нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн.
Анхан шатны шүүх болоод Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан “бэлгийн дарамт” гомдол гаргагч С.О-д учирсан нь тогтоогдож байна хэмээн хуулийг тайлбарлахдаа ... бэлгийн дарамт үүсгэсэн гэх үйлдэл эс үйлдэхүйн шинж чанар, үр дагавар, түүний шалтгаант холбоог тооцож тайлбарласангүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 3\09 тоот албан шаардлагыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч П.Б-ны гаргасан Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүний 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 3/09 дугаар албан шаардлага болон Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 13/18 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар захиргааны шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарч буй эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг... захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасны дагуу дараах байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байх бөгөөд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн нь мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан захиргааны байгууллага, албан тушаалтанд хамаарахгүй байна.
Түүнчлэн, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр ... “, 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасан байгууллагын зөвхөн гадагш /бусдаас/ дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх захиргааны акт нь захиргааны хэргийн шүүхэд хамаарна” гэж зааснаар зөвхөн гадагш дагаж мөрдөх акт нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх хэргийн харьяалалд хамаарна. Энэхүү хуулийн “эрх зүйн үр дагавар шууд бий болгох” гэдэг нь тухайн захиргааны акт гарснаар нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, шууд үйлчлэлтэй байхыг ойлгоно.
Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Комиссын гишүүн нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл тухайн хүний эрх, эрх чөлөөг сэргээж, зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад шаардлага бичиж хүргүүлнэ” гэж заасныг үндэслэн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.О “зөрчил арилгуулах тухай” 3/09 дугаар шаардлага гаргаж, “Авто замын төслийн захирал П.Б-д Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэг, Монголын мянганы сорилтын сангийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага тооцох тухай шаардлагыг Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б-т хүргүүлжээ.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 3/09 дугаар шаардлага нь дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан нийтийн эрх зүйн хүрээнд гарсан, гадагш дагаж мөрдөх, заавал биелэгдэх шууд үр дагавар гаргасан захирамжилсан шинжтэй акт биш байна
Мөн, нэхэмжлэгчийн “Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч Б.Б-ын 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 13/81 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзсан нь үндэстэй байна.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.3 дэх хэсгүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.