Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 110/ШШ2020/0030

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч:  А.ХХК-ийн   нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Бугат сумын төвийн төвлөрсөн халаалтын шугам, зуухны барилгыг ашиглалтад оруулах ажлын хэсэгт тус тус  холбогдох;

             “Баян-Өлгий аймгийн  Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн  А/774 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Бугат сумын төвийн төвлөрсөн халаалтын шугам, зуухны барилгыг ашиглалтад оруулахыг ажлын хэсэгт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.ХХК-ийн  захирал К.М, түүний өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, ажлын хэсгийн ахлагч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч А.ХХК-ийн захирал К.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн, ихэсгэсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.ХХК нь 2016 онд байгуулагдсан, Бугат сумын төв 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу манай компани нь Бугат сумын төвд төвлөрсөн халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээний барилгыг барихаар болж Бугат сумын Засаг даргатай гэрээ байгуулсан. Энэ ажлын хүрээнд “Инж байгууламж” ХХК-аар барилгын ажлын зураг төсвийг хийлгүүлж, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Барилгын хөгжлийн төвөөр магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан. Мөн “Жантөрин” ХХК-аар байгаль орчны төлөв байдлын үнэлгээг гаргуулсан. 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Зохицуулах зөвлөлийн 05 дугаар тогтоолоор эрчим хүчний барилга барих тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар авсан. Мөн оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч, барилгын ажлыг эхэлж, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр барилга байгууламжийг холбогдох хууль тогтоомж, барилгын ажлын зохих дүрэм, норматив, стандартын шаардлагад нийцүүлэн барьж дуусгасан. Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2.1-д заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр гаргасан. Тус газар нь дээрх дүрмийн 3.1.2-д зааснаар энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 1, 2 дахь заалтад заасан бүрэлдэхүүнтэй комиссыг аймгийн Засаг даргын шийдвэрээр хуульд заасан хугацаанд байгуулж ажиллуулах ёстой боловч байгуулж ажиллуулаагүй. Аймгийн Засаг даргаас 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1-01/380 дугаартай албан бичгээр “Хүсэлтэд дурдсан Бугат сумын төвлөрсөн халаалтын зуухын барилгыг Барилгын тухай хуульд зааснаар эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч барих ёстой. Барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга барьсан тул улсын комисс ажиллуулах боломжгүй гэдгийг үүгээр мэдэгдье” гэж хариу ирүүлснийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан. Манай компани нь Бугат сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, хүүхдийн цэцэрлэг, Хаан банкны тооцооны төв, ерөнхий боловсролын сургуулиудтай 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрх хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангаж байна. Манай компани нь дээрх барилга байгууламжийг 600.0 сая төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан, үүний 100.0 сая төгрөгийг Хас банкны салбараас зээлээр авсан. Улсаас нэг ч төгрөгийн зардал гараагүй, бүх зардлыг хувийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Гэтэл аймгийн Засаг даргын зүгээс хууль бус үндэслэл зааж барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байгаа нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа учир 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Тус шүүх манай нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр авч хэлэлцээд мөн өдрийн 110/ШШ2019/0042 дугаартай шийдвэрээр аймгийн Засаг даргын барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, комисс ажиллуулах шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ба тус шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0489 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гараагүй учир шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэрээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс байгуулах ёстой Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/774 дүгээр захирамжаар Бугат сумын төвийн төвлөрсөн халаалтын шугам, зуухны барилгыг ашиглалтад оруулах ажлын хэсгийг байгуулсан. “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 3.1-д зааснаар аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллага баримт бичгийн бүрдлийг хянаж, энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 1, 2 дахь заалтад заасан бүрэлдэхүүнтэй комиссыг аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хуульд заасан хугацаанд байгуулж ажиллуулах ёстой. Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг дарга дүрмийн дээрх заалтыг зөрчиж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас боловсруулан хүргүүлсэн захирамжийн төсөл, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулахад дүрэм”-ийн 1 дүгээр хавсралтын 1, 2 дахь заалтад заасан бүрэлдэхүүнтэй комиссын бүрэлдэхүүнд дур мэдэн өөрчлөлт оруулж, өөр  албан тушаалтнуудыг оруулж ажлын хэсэг байгуулсан нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Баян-Өлгий аймгийн Засаг дарга манай барилга, байгууламжийг ашиглалтад оруулах сонирхолгүй байгаа бөгөөд ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй олон сараар хохироосон. Сүүлд нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан учир аргагүйн эрхэнд ажлын хэсэг томилж байгаа ба ингэхдээ дүрмийн заалтыг зөрчиж өөрийн харьяанд байгаа, өгсөн үүрэг чиглэлийг үг дуугүй биелүүлдэг албан тушаалтнуудыг ажлын хэсэгт оруулж, манай компанийн барилга, байгууламжийг ашиглалтад оруулахгүй байх дараагийн арга хэмжээг авч байна гэж үзэж байна. Тухайлбал, өөрийн ойрын хамаатан хадам ах болох Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга З.Болатыг ажлын хэсгийн ахлагчаар томилж,   энэ ажилд огт хамааралгүй Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Т.Ариунцэцэг, Хар нуур-Ховд голын сав газрын мэргэжилтэн С.Зейнелхан нарын хүмүүсийг дур мэдэн оруулсан байна. Тэгээд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/774 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлын хэсгийн ахлагч З.Болатын өрөөнд хуралдсан. Ажлын хэсгийн ихэнх гишүүд нь ажлын хэсэг  “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу байгуулагдаагүй, дүрмийн холбогдох заалтыг зөрчиж байгаа тул ажиллах боломжгүй гэж татгалзсан. Манай компани нь энэ асуудлаар танай шүүхэд хандсан ба шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 110/ШЗ23020/0025 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан. Бид шүүгчийн захирамжийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай албан бичгээр Баян-Өлгий аймгийн Засаг даргад дахин хандсан. Засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/774 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ажлын хэсгийн ахлагч З.Болатын өрөөнд хуралдаж, хуралд оролцсон 11 гишүүний 9 нь дэмжсэнээр манай барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авахаар шийдвэрлэсэн. Ажлын хэсгийн гишүүн Т.Ариунцэцэг “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д зааснаар сумын Засаг даргын шийдвэр гараагүй байхад газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулсан, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д заасныг зөрчиж усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барьсан” үндэслэлээр, ажлын хэсгийн гишүүн С.Зейнелхан “Усны тухай хуулийн 22.2.1 дэх заалт, БОНХАЖ-ын сайд, БХБ-ын сайдын хамтарсан тушаалаар баталсан голын бүсийн дэглэм мөрдөх журмын 2.5 дахь заалтыг зөрчсөн” үндэслэлээр татгалзсан.

“Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.4-д “барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргана. Комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн комиссын дүгнэлтийг гаргах бөгөөд уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан. Дээрх гишүүд татгалзсан үндэслэлээр дүгнэлтэд гарын үсэг зурахгүй байна. Ажлын хэсгийн ахлагч З.Болат ажлын хэсгийн 2 гишүүн гарын үсэг зурахгүй байгаа учир би мөн зурахгүй гэж татгалзсан. Үүнээс болж барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн хэдий ч дээрх ажлын хэсгийн ахлагч, 2 гишүүн гарын үсэг зурахгүй байгаагаас барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт хүчин төгөлдөр болж чадахгүй компанийн эрх ашиг зөрчигдөж байна. Хэрэв аймгийн Засаг даргаас “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-д заасан бүрэлдэхүүнтэй комисс байгуулж ажиллуулсан бол компанийн эрх ашиг зөрчигдөхгүй байсан. Аймгийн Засаг дарга дүрмийн заалтыг зөрчиж комиссын бүрэлдэхүүнд орох ёсгүй, хувийн ашиг сонирхолтой Т.Ариунцэцэг, С.Зейнелхан нарыг ажлыг хэсэгт оруулснаар дээрх хүмүүс нь хууль зүйн үндэслэлгүйгээр комиссын дүгнэлтэд гарын үсэг зурахаас татгалзаж, компанийн эрх ашгийг зөрчиж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/774 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн Т.Ариунцэцэг, С.Зейнелхан нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Бугат сумын төвийн төвлөрсөн халаалтын шугам, зуухны барилгыг ашиглалтад оруулахыг ажлын хэсэгт даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2.1-д заасны дагуу захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтээ Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргах  ёстой. А.ХХК үүний дагуу хүсэлтээ гаргасан. 3.1-д зааснаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдэл хангагдсан эсэхийг хянаад Засаг даргын захирамжийн төсөл гаргаж, аймгийн Засаг даргад хүргүүлж шийдвэр гаргуулах ёстой. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар эдгээр ажиллагаануудыг бүрэн хийсэн  байгаа. Анх 2019 онд захирамжийн төслийг боловсруулж хүргүүлсэн боловч маргаан гарч энэ хэрэг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр нэгэнт шийдэгдсэн. Шүүхийн шийдвэр  хүчин төгөлдөр болсны дараа 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас аймгийн Засаг даргын захирамжийн төслийг дахиж боловсруулж, дүрмийн дагуу аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Гэвч аймгийн Засаг дарга 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/774 дүгээр захирамжаар Бугат сумын нэгдсэн халаалтын барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлын хэсэг байгуулсан. Дүрэмд зааснаар ажлын хэсэг биш комисс байгуулах ёстой. Аймгийн Засаг даргын захирамж Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийг тодорхой хэмжээгээр зөрчсөн. Дүрмийн хавсралтаар ямар, ямар албан тушаалтан орох ёстойг тодорхой заасан байхад үүнийг зөрчиж, ямар ч хамааралгүй төрийн захиргааны байгууллагын хоёр албан тушаалтныг оруулж ирсэн. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны 12 дугаар сарын 30-ны үед барилгад очиж ажилласан. Холбогдох 9 хүнээс 7 хүн дэмжиж, барилга байгууламжийг ашиглалтад оруулъя гэж дүгнэлтээ гаргасан. Хариуцагч З.Болат бид нар хүсэлтийг  буцаасан гэсэн зүйл ярьж байна, буцаасан ямар нэгэн шийдвэр байхгүй. Хүсэлтийг буцаах юм бол ажлын хэсгийн хурлаар зохих шийдвэрийг  гаргах ёстой. Тухайн татгалзсан хоёр хүн нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Т.Ариунцэцэг, Хар нуур- Ховд голын сав газрын захиргааны мэргэжилтэн С.Зейнелхан нар юм. Т.Ариунцэцэг татгалзсан үндэслэлээ Засаг даргын захирамж гараагүй байхад газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулсан нь Газрын тухай хуулийн заалтыг зөрчсөн байна гэсэн. Гэрээ байгуулах ажиллагааг төрийн захиргааны байгууллагын газрын даамал гүйцэтгэдэг. Энд К.М гэдэг хүнийг буруутгах үндэслэл болохгүй. 2017 онд захирамж гарч, шүүхэд нэг маргаан явагдсан. Дараа нь шүүхийн шатанд эвлэрч,  дахиж захирамжаа өөрчилж гаргасан. Гэхдээ гэрээгээ өөрчлөөгүй явж байсан. Энэ асуудлыг гэрээг дахиж шинэчлэн байгуулж, кадастрын зураг зэргийг гаргуулж шийдүүлсэн байгаа. Мөн Т.Ариунцэцэг, С.Зейнелхан нарын татгалзаж байгаа хоёр дахь үндэслэл нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтыг зөрчсөн гэсэн. Энэ асуудал өнгөрсөн жил яригдаж,  шүүхийн зохих шийдвэр гарсан байгаа. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар шийдвэрээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуулийн 11.1.3-д зааснаар албан ёсоор хамгаалалтад авсан шийдвэр гараагүй байхад А.ХХК-ийг буруутгах үндэслэл байхгүй, комисс ажиллуулахгүй байгаа үйлдэл хууль бус гэж албан ёсоор шийдвэр гаргасан байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байгаа. Нэгэнт шүүхийн шийдвэрээр Усны тухай хуулийг зөрчөөгүй байна гэж байхад, дахиж төрийн захиргааны байгууллагын хоёр албан тушаалтныг оруулж, тэр хүмүүсээр эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус, энэ нь татгалзах үндэслэл болохгүй.

Бугат сумын газар давхацсан гэдэг асуудлыг ярьж байна. Энэ өнгөрсөн жил бас яригдсан. Бугат сумын төв болон Өлгий сумын газар нутаг тодорхой хэмжээгээр давхацсан асуудал байдаг. Гэхдээ энэ зөвхөн А.ХХК-д газар эзэмшүүлсэнтэй холбоотой асуудал биш, 1974 оноос эхлээд олон жил яригдсан асуудал байгаа. 2018 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт ирж, энэ асуудлуудаа зохицуул гэж  шаардлага өгсөн. Үүний дагуу Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 24 дүгээр тогтоол гаргасан. Өлгий сумаас мөн адил 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 25 дугаар тогтоол гаргасан. Эдгээр тогтоолд сумуудаас 443 га газрыг харилцан шилжүүлж зохицуулъя гэсэн шийдвэр гарсан. Энэ асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар тогтоолоор дахиж хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр Засгийн газарт оруулсан байгаа. Сумын хилийн цэсийг шийдвэрлэх асуудал нь Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хуралд байгаа. Энэ асуудал өнгөрсөн намраас  эхэлж яригдаад 7 хоногийн өмнө Улсын Их Хурлаас албан ёсоор батлагдаад 443 га газрыг Өлгий сумаас Бугат сумд шилжүүлж асуудал шийдэгдсэн. Энд А.ХХК-ийг буруутгах ямар ч  үндэслэл байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ  үндэслэлтэй учраас ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

            Хариуцагч аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

А.ХХК нь уг нэхэмжлэлд аймгийн Засаг даргын 2019 оны А/774 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн Т.Ариунцэцэг, С.Зейнелхан нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүссэн байна. Засаг дарга 2019 оны А/774 дугаар захирамжийг холбогдох хууль тогтоомж болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэн гаргасан. Ажлын хэсгийн даргаар аймгийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагыг хариуцсан нэгжийн даргыг томилсон. Дүрэм ёсоор ажлын хэсгийн дарга нь аймгийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын барилгын асуудал хариуцсан нэгжийн дарга байх ёстой. Аймгийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын барилгын асуудал хариуцсан нэгжийн дарга нь А.ХХК-ийн захирлын ойрын хамаатан тул ашиг сонирхлын зөрчил үүсэх тул ажлын хэсгийн даргаар томилоогүй. Ажлын хэсгийн гишүүдээр нь “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 1 дүгээр хавсралтад заасан бүрэлдэхүүнийг бүрэн оруулсан. Мөн үүнээс гадна уг барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагаатай холбоотой бусад баримт бичиг гарч ирсэн. Тухайлбал Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны 2019 оны 60 дугаартай “Асуудал шийдвэрлүүлэх тухай” албан тоот аймгийн Засаг даргад ирсэн. Уг барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагаанд холбоотой бусад баримт бичгийг нэмж тодруулах шаардлагатай гэж үзээд төрийн захиргааны байгууллагын төлөөлөл газрын асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Ариунцэцэг, усны асуудал хариуцсан С.Зейнелхан нарыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулсан. Засаг даргын 2019 оны А/774 дүгээр захирамжийн 1 дэх хэсгийн Т.Ариунцэцэг, С.Зейнелхан нарт  холбогдох хэсгийг  хүчингүй болгох боломжгүй. Уг  захирамж хууль тогтоомж, дүрэм зөрчөөгүй гэж үзэж  байна.  Иймд А.ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хозыбай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.ХХК Бугат сумын төвд нэгдсэн халаалтын барилга байгууламжийг барьж, доторх тоног төхөөрөмжийг угсарч, барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүсэлтээ гаргасан байна.  Түүний дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас А.ХХК-ийн  барьсан барилгыг ашиглалтад оруулах комисс байгуулж өгөх талаар хүсэлт ирүүлсэн. Барилгын тухай хуулийн тодорхой заалтын дагуу аймгийн Засаг дарга тухайн барилга байгууламж, шугам сүлжээг ашиглалтад оруулахын тулд бүрдүүлэх ёстой материалуудыг шалгаж үзээд шаардлага хангаагүй учраас барилгыг хүлээж авах комисс байгуулаагүй байсан. Дараа нь А.ХХК шүүхэд хандаж, шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар шийдвэрээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,  комисс байгуулах шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгах шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Засаг дарга захирамж гаргасан. Захирамжид Барилгын тухай хууль, Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор баталсан дүрэм, мөн шүүхийн шийдвэрийг үндэслэсэн. Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/774 дүгээр захирамж ямар ч хууль зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй гарсан. Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолд заасны дагуу ажлын комиссыг бүрэн бүрэлдэхүүнээр оруулсан. Захирамжийн 1 дэх хэсгийн Т.Аринуцэцэг, С.Зейнелхан нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөөч гэж нэхэмжлэл гаргасан байна. Энэ хоёр хүн төрийн захиргааны байгууллагын төлөөлөл,  заавал байх ёстой. Тийм учраас А.ХХК-ийн захирлын гаргасан нэхэмжлэлд дурдсан Т.Аринуцэцэг, С.Зейнелхан нарт холбогдох хэсгийг захирамжаас хасах ямар ч боломжгүй. Хуулийг үндэслээд тухайн барилга байгууламжийг ашиглалтад авах үүргийг захирамжаар томилсон ажлын хэсэг хүлээсэн. Тухайн ажлын хэсэг тэр үүргийн дагуу ажиллана. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

            Хариуцагч ажлын хэсгийн ахлагч З.Болат шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/774 дүгээр захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг Бугат сумд баригдсан нэгдсэн халаалтын барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авахаар очсон. Ашиглалтад авах комиссын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээр оролцоод хурлаа хийсэн. Ажлын хэсэгт оролцож байгаа бүх гишүүд мэргэжлийн дагуу өөр өөрсдийн санал хүсэлтээ гаргаж өгсөн. Нийт 11 гишүүнээс 9  нь зөвшөөрч, 2 хүн татгалзсан. Энэ нь тухайн үеийн хурлын тэмдэглэлд байгаа. Засгийн газрын 2018 оны 318 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.4-д “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргана. Комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн комисс дүгнэлтийг гаргах бөгөөд уг дүгнэлтийг комисс нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр”  гэсэн заалтын дагуу гарын үсэг зурахаас 2 гишүүн татгалзсан учраас ажлын хэсгийн ахлагчийн хувьд миний бие энэ барилгыг ашиглалтад авахаас татгалзаж гарын үсэг зураагүй нь үнэн.  Мөн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.8.3-д “барилгын ажлын зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтэд заасан шаардлагууд хангагдаагүй гэж үзэх үндэслэл байгаа, эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангаагүй, эсхүл холбогдох баримт бичгийн  бүрдэл хангагдаагүй гэж үзсэн тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзаж, захиалагчийн хүсэлтийг буцаах” ,4.14-д “Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгогдоогүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж заасны дагуу буцаасан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 35.1.6.барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах”, 48 дугаар зүйлийн  48.6-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж заасан. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.7-д “барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг батлах” гэж заасныг үндэслэн  Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолоор   баталсан  “Барилга  байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм” –ийн 2.1-т “Захиалагч Барилгын тухай хуулийн 32.1.5-д зааснаас бусад барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагад гаргана”, 3.1-т “Аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллага захиалагчийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг хүлээн авч дараах арга хэмжээ авна:   3.1.1. Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хянах;  3.1.2. энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 1, 2 дахь заалтад заасан бүрэлдэхүүнтэй комиссыг аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хуульд заасан хугацаанд байгуулж ажиллуулах”  гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч А.ХХК нь тус шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2019/0042 дугаар  шийдвэрээр[1] А.ХХК-ийн нэхэмжлэлээр үүсгэсэн, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, А.ХХК-аас аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,Бугат сумын төвд баригдсан  халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээг  ашиглалтад оруулах комисс байгуулан ажиллуулах шийдвэр гаргахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээг ашиглалтад оруулах комисс байгуулан ажиллуулах шийдвэр гаргахыг  аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн, уг  шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0489 дугаар магадлалаар[2] хэвээр үлдээж шийдвэрлэснээр шийдвэр хуулийн хүчин  төгөлдөр болсон байна.

            Улмаар дээрх дүрмийн 3.1.2-т зааснаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас  2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Бугат сумын төвд  төвлөрсөн халаалтын шугам, зуухны  барилгыг ашиглалтад оруулах  комисс байгуулах тухай аймгийн Засаг  даргын захирамжийн төслийг[3] боловсруулж аймгийн Засаг даргад  хүргүүлсэн байх ба комиссын дарга нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, нарийн  бичгийн дарга нь тус газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга, гишүүдэд Мэргэжлийн хяналтын газрын холбогдох улсын байцаагчид,  Онцгой байдлын газрын  гал түймрийн хяналтын улсын байцаагч, Цахилгааны шугам сүлжээний газрын инженер, Архивын тасгийн дарга, гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл, зураг төслийн байгууллагын төлөөлөл, ашиглагчийн төлөөлөл, захиалагчийн төлөөлөл гэсэн 11 хүний  бүрэлдэхүүнтэй байхаар төсөлд  тусгажээ.

Харин аймгийн Засаг даргаас 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/774 дүгээр захирамжаар[4]  Бугат сумын төвийн төвлөрсөн халаалтын шугам, зуухны  барилгыг ашиглалтад оруулах ажлын хэсгийг 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байх ба захирамжид тусгаснаар ажлын хэсгийн  ахлагч нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, нарийн бичгийн  дарга нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын инженерийн шугам сүлжээ хариуцсан мэргэжилтэн, гишүүдэд Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дарга,аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч, эрчим хүчний хяналтын улсын байцаагч, Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч, Цахилгаан, шугам сүлжээний газрын ерөнхий  инженер, Архивын тасгийн дарга,  “Зээгт” хоршооны захирал, “Инж байгууламж” ХХК-ийн захирал, А.ХХК-ийн захирал, Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны мэргэжилтэн гэсэн  бүрэлдэхүүнтэй  байна.

Нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргын 2019 оны А/774 дүгээр захирамжийн холбогдох хэсэг буюу Бугат сумын  төвийн төвлөрсөн халаалтын шугам, зуухны барилгыг ашиглалтад оруулах  ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Т.Ариунцэцэг, Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны мэргэжилтэн С.Зейнелхан нарыг оруулсан  хэсгийг хүчингүй болгуулах, тухайн барилгыг ашиглалтад оруулахыг ажлын хэсэгт даалгах  тухай шаардлага бүхий  нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Баян-Өлгий аймгийн Засаг дарга манай барилга байгууламжийг ашиглалтад оруулах сонирхолгүй байгаа бөгөөд ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй олон сараар хохироосон.Сүүлд нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан учир аргагүйн эрхэнд ажлын хэсэг томилж байгаа ба  ингэхдээ дүрмийн заалтыг зөрчиж, өөрийн харьяанд байгаа, өгсөн үүрэг чиглэлийг үг дуугүй биелүүлдэг албан тушаалтнуудыг ажлын хэсэгт оруулж, манай компанийн  барилга байгууламжийг ашиглалтад оруулахгүй байх дараагийн арга хэмжээг авч байна гэж үзэж байна. Аймгийн Засаг дарга “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 3.1 дэх заалтыг зөрчиж, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас боловсруулан хүргүүлсэн захирамжийн төсөл, дүрмийн 1 дүгээр хавсралтын 1,2 дахь заалтад заасан комиссын бүрэлдэхүүнд дур мэдэн өөрчлөлт оруулж, энэ ажилд огт хамааралгүй Засаг даргын Тамгын газрын  Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Т.Ариунцэцэг, Хар нуур-Ховд голын сав газрын мэргэжилтэн  С.Зейнелхан нарыг оруулан ажлын хэсэг  байгуулсан. Аймгийн Засаг дарга дүрмийн заалтыг зөрчиж, комиссын бүрэлдэхүүнд орох ёсгүй, хувийн ашиг сонирхолтой Т.Ариунцэцэг, С.Зейнелхан нарыг ажлын хэсэгт оруулснаар  дээрх хүмүүс нь хууль зүйн үндэслэлгүйгээр комиссын дүгнэлтэд гарын үсэг зурахаас татгалзаж компанийн эрх ашгийг зөрчиж байна” гэж тодорхойлсон.

Харин хариуцагч аймгийн Засаг  даргаас “А.ХХК-ийн Бугат сумын төвд шинээр баригдсан  гадна  дулаан хангамж, халаалтын тогооны барилга байгууламжийн хэвийн үйл  ажиллагаанд холбоотой бусад баримт бичгийг нэмж тодруулах шаардлага зүй ёсоор гарч  ирсэн тул “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 1 дүгээр хавсралтад заасан  ажлын хэсгийн бүрэлдэхүүний   дагуу төрийн захиргааны байгууллагын төлөөлөл газрын асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Ариунцэцэг, усны асуудал хариуцсан мэргэжилтэн С.Зейнелхан нарыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулсан” гэсэн тайлбар гаргажээ.

1. Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн  218 дугаар тушаалаар баталсан  “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн  хавсралт “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал тус бүрд  хамаарах барилга байгууламжууд”-ын 9-д зааснаар 0.1-5 МВт хүртэл хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэр нь дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламжид хамаарах бөгөөд  Баян-Өлгий аймгийн зохицуулах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоолоор 1,4 МВт хүчин чадалтай эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг[5] А.ХХК-д олгосон,  мөн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 07/2018 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”[6] зэргээс үзэхэд нэхэмжлэгч А.ХХК-ийн Бугат сумын төвд барьсан  халаалтын шугам, зуухны барилга байгууламж нь дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламжид хамаарах  нь тогтоогдож байна.

 “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 1 дүгээр хавсралтын 1 дэх заалтад  “Бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн:

Комиссын дарга:-Аймгийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын барилгын асуудал хариуцсан нэгжийн дарга; Нарийн бичгийн дарга:-Аймгийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын барилгын асуудал хариуцсан нэгжийн төлөөлөл; Гишүүд: -Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл (холбогдох улсын байцаагчид); -Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл (Барилгын тухай хуулийн 34.1.7, 34.1.12-т тус тус заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллагын төлөөлөл); -Зураг төслийн байгууллагын төлөөлөл (холбогдох зураг төсөл зохиогчид); -Аймаг, нийслэлийн онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл (холбогдох улсын байцаагчид);  -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл;-Захиалагчийн төлөөлөл;-Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл;-Инженерийн хангамжийн байгууллагын төлөөлөл;-Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл;-Архивын байгууллагын төлөөлөл” тус тус орохоор   заасан.

Дээрх байдлаар дунд зэргийн  төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл орохоор, ингэхдээ Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.7, 34.1.12-т тус тус заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллагын төлөөлөл орохоор заажээ. Гэтэл маргаан бүхий захирамжаар төрийн  захиргааны байгууллагын төлөөлөл  гэж  ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулсан  С.Зейнелхан нь Хар нуур-Ховд голын сав газрын захиргаанд мэргэжилтнээр  ажилладаг бөгөөд Усны тухай хуульд зааснаар тухайн газар нь барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага биш,сав газрын захиргааны бүрэн эрхэд Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.1.7, 34.1.12-т заасан чиг үүрэг хамааралгүй.  Т.Ариунцэцэг нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн байгаль орчин, уул уурхай, газрын харилцаа хариуцсан мэргэжилтнээр ажилладаг  байх ба түүний болон тус хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтоос[7] үзэхэд  Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.1.7, 34.1.12-т заасан чиг үүргийг хэрэгжүүлдэггүй болох нь тогтоогдсон. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[8]  Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.7,  34.1.12-т заасан чиг үүргийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хэрэгжүүлж байгаа болох нь нотлогдсон болно.

Иймээс аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/774 дүгээр захирамжаар  Бугат сумын төвийн төвлөрсөн халаалтын шугам, зуухны  барилгыг ашиглалтад оруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн мэргэжилтэн Т.Ариунцэцэг, Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны мэргэжилтэн С.Зейнелхан нарыг оруулсан нь  дээрх  хууль, дүрмийн заалтуудтай нийцээгүй байна.

2. “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.4-т “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргана. Комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн комиссын дүгнэлтийг гаргах бөгөөд уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно”. 4.8-д “Комиссын гишүүд тухайн барилга байгууламжид урьдчилан санал дүгнэлт өгсөн байх бөгөөд комиссын хуралдаанаар барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг нэгтгэн хэлэлцэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: 4.8.1. барилга байгууламж нь ашиглалтад оруулах шаардлагыг хангасан гэж үзсэн тохиолдолд энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргах; 4.8.2. энэ дүрмийн 4.6-д заасан үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй гэж үзсэн тохиолдолд комисс дахин үүрэг даалгавар өгөх; 4.8.3. барилгын ажлын зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтэд заасан шаардлагууд хангагдаагүй гэж үзэх үндэслэл байгаа, эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангаагүй, эсхүл холбогдох баримт бичгийн  бүрдэл хангагдаагүй гэж үзсэн тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзаж, захиалагчийн хүсэлтийг буцаах” гэж тус тус заасан.

Аймгийн Засаг даргын дээрх захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж, Бугат сумын төвийн төвлөрсөн халаалтын шугам, зуухны барилгыг ашиглалтад авах асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон  11  хүнээс ажлын хэсгийн ахлагч, гишүүд, нарийн бичгийн дарга нарын  9 хүн барилга байгууламжийг ашиглалтад  оруулах тухай санал,  гишүүн Т.Ариунцэцэг, С.Зейнелхан нар ашиглалтад оруулахаас татгалзсан санал тус тус гаргаснаар уг барилга байгууламжийг ажлын хэсгийн гишүүдийн  олонхийн саналаар  байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн болох нь тухайн хуралдааны тэмдэглэл[9], хариуцагчийн тайлбараар[10] тогтоогдож байна. Улмаар  “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-д  комиссын дарга /ажлын хэсгийн ахлагч/ З.Болат болон дээрх 2 гишүүнээс бусад гишүүд гарын үсэг зурсан  болох нь тогтоогдож[11] байгаа, хариуцагч  ажлын хэсгийн ахлагч З.Болатаас дүгнэлтэд гарын үсэг зураагүй үндэслэлээ  “...Хуралдааны эцэст  нийт 11 гишүүний 9 нь ашиглалтад авахыг зөвшөөрч, 2 нь татгалзсан учир олонхийн саналаар  ашиглалтад авъя гэж шийдвэрлэсэн. Ингээд тухайн барилгыг ашиглалтад оруулах дүгнэлт гаргаж орж ирэхэд бусад гишүүд гарын үсэг зурсан ба дээрх 2 гишүүн гарын үсэг зураагүй учраас миний бие гарын үсэг зураагүй юм. Учир нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэмд зааснаар гишүүд бүгд дүгнэлтэд гарын үсэг зурснаар  ажлын хэсгийн шийдвэр хүчин төгөлдөр болно. Хоёр гишүүн татгалзсан учраас дүгнэлт гараагүй” гэж тайлбарласан.

Ажлын хэсгийн гишүүн болох  Т.Ариунцэцэгээс “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д заасныг зөрчиж сумын Засаг  даргын шийдвэр гараагүй байхад газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулсан байх тул А.ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй“ гэсэн, С.Зейнелханаас “Бугат сумын төвийн төвлөрсөн халаалтын шугам, зуухны барилга нь Ховд голын эрэгт онцгой хамгаалалтын бүсэд баригдсан нь Усны тухай хуулийн 22.2.1 дэх заалт, ... голын бүсийн дэглэм мөрдөх журмын 2.5 дахь заалтыг ноцтой зөрчиж байна” гэсэн үндэслэлээр  уг барилгыг ашиглалтад оруулахаас татгалзах тухай санал[12] гаргасан байна.

Бугат сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/109 дүгээр захирамжаар А.ХХК-д хуучин уурын зуухны буйрын сул талбайгаас 1150 м.кв газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, уг шийдвэрийг үндэслэн Бугат сумын газрын даамал мөн өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, мөн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Бугат сумын газрын даамлаас  дээрх захирамжийн дагуу тус компанид газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газрын кадастрын зураг үйлдэж өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[13] тогтоогдож байгаа  бөгөөд  тус компанид газар эзэмшүүлсэн шийдвэр болон  газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байна.

Мөн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Аймаг, нийслэлийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна:23.3.7-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”,23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна:23.4.2.Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох” гэж тус тус зааснаас үзэхэд Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох нь  захиргааны байгууллагын үүрэг болохыг дурдах нь зүйтэй.

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““усны сан бүхий газар” гэж  нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг” ойлгоно, 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг  хориглоно”, 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж тус тус заасан. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3,11.1.4-т тус тус зааснаар усны сан бүхий газар, усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах нь аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарч байгаа  ба аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлаас Ховд голд хамгаалалтын бүс тогтоох тухай шийдвэр гаргаагүй  болох нь  хэрэгт  авагдсан нотлох баримтуудаар[14] тогтоогдсон тул нэхэмжлэгч А.ХХК-ийг хамгаалалтын  бүсэд барилга барьж хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн дээр дурдсан А.ХХК-ийн  “Бугат сумын төвлөрсөн халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээг  ашиглалтад оруулах комисс томилон ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилон ажиллуулахыг даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг шийдвэрлэсэн  тус аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2019/0042 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэгэнт эрх бүхий захиргааны байгууллагаас Ховд голын сав газарт хамгаалалтын бүс тогтоосон шийдвэр гараагүй тул Усны тухай хуульд заасан онцгой хамгаалалтын бүсийг зөрчиж барилга барьсан гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй. ....нэхэмжлэгчид  газар эзэмшүүлсэн  захирамж нь хүчин төгөлдөр  тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарласан  хууль бус захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн гэсэн  нь   үндэслэл муутай байна” гэж тус тус дүгнэсэн буюу эдгээр үйл баримт нь  хуулийн хүчин төгөлдөр  шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан ба А.ХХК-ийн газар эзэмших эрхийн асуудал болон  уг газарт  халаалтын  шугам , зуухны барилга байгууламж барьсан  нь  Газрын тухай хууль, Усны тухай хуулийг зөрчсөн эсэхэд шүүхээс дээрх байдлаар дүгнэлт хийж, тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад   дахин уг үндэслэлээр  тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзсан нь  хууль бус  бөгөөд үндэслэлгүй байна гэж үзлээ.

Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна”, 48 дугаар зүйлийн 48.7-д “Барилга байгууламжийг дараах тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана:48.7.1.энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй;48.7.2.захиалагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ хуулийн 47.2, 47.5-д заасан хяналт шалгалт хийхэд саад учруулсан, татгалзсан;48.7.3.энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл  эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулахдаа барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэсэн эсэхийг хянахаар байгаа, мөн 48.7-д заасан тохиолдолд тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзахаар зохицуулсан  байх ба ажлын хэсгийн 2 гишүүний тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзсан санал нь хуульд заасан дээрх татгалзах үндэслэлд хамааралгүй  байна.

Мөн хариуцагчаас “Өлгий сумын нутаг дэвсгэрээс  газар эзэмшүүлсэн Бугат сумын Засаг даргын  2017 оны А/109 дүгээр захирамж нь хууль зөрчсөн,   мөн уг захирамжаар газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй” гэх агуулгатай  аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04-04-029/05 дугаартай дүгнэлтийг  тайлбартаа хавсаргаж ирүүлсэн[15].

Газрын тухай хуулийн 32,33,34 дүгээр зүйлд  тус тус зааснаар иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших тухай хүсэлт нь шаардлага хангасан эсэхийг хянах, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, газар эзэмших гэрээ байгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох нь захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал тул дээрх асуудалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, түүнчлэн Баян-Өлгий аймгийн  Өлгий сум болон Бугат сумын   хилийн цэсийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өөрчлөн баталсан, уг тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байгааг дурдах нь зүйтэй.

Дээрх байдлаар Бугат сумын төвийн төвлөрсөн халаалтын шугам, зуухны барилгыг ашиглалтад оруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-д  заасны дагуу албан тушаал, хэрэгжүүлж байгаа чиг үүргийн хувьд орсон  ажлын хэсгийн  бусад гишүүд барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэсэн гэж үзээд тухайн барилгыг ашиглалтад оруулах  санал гаргасан, мөн ажлын хэсгийн дээрх  2 гишүүний гаргасан тухайн барилгыг ашиглалтад авахаас татгалзсан санал  нь хууль бус, үндэслэлгүй болох нь тогтоогдсоноос гадна дунд төвөгшилтэй барилга  байгууламж болох Бугат сумын төвийн төвлөрсөн халаалтын шугам, зуухны барилгыг  ашиглалтад оруулах ажлын хэсгийн  бүрэлдэхүүнд уг 2 албан хаагчийг оруулсан нь  хууль, дүрэмтэй нийцээгүй,  үүний улмаас нэхэмжлэгч А.ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул  маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгож,  тухайн барилга  байгууламжийг ашиглалтад оруулахыг ажлын хэсэгт даалгаж шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 32 дугаар зүйлийн 32.1.7,35 дугаар зүйлийн 35.1.6, 48 дугаар зүйлийн 48.6, 48.7-д  заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч “Ахниет”  ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын  2019 оны  11 дүгээр сарын 04-ний өдрийн А/774 дүгээр захирамжийн холбогдох хэсэг буюу Бугат сумын төвийн төвлөрсөн халаалтын шугам, зуухны барилгыг ашиглалтад оруулах ажлын хэсгийн  бүрэлдэхүүнд Т.Ариунцэцэг, С.Зейнелхан нарыг оруулсан хэсгийг хүчингүй болгож, Бугат сумын төвийн төвлөрсөн халаалтын шугам, зуухны барилгыг ашиглалтад оруулахыг  ажлын хэсэгт  даалгасугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ЕРКЕШ

 

 

 

[1] Хэргийн  13-20-р хуудас

[2] Хэргийн 21-24-р хуудас

[3] Хэргийн 25-р хуудас

[4] Хэргийн 26-р хуудас

[5] Хэргийн 88-р хуудас

[6] Хэргийн 89-р хуудас

[7] Хэргийн 110-112,113-116-р хуудас

[8] Хэргийн 130-140-р хуудас

[9] Хэргийн 100-102-р хуудас

[10] Хэргийн 125-р хуудас

[11] Хэргийн 79-81,125-р хуудас

[12] Хэргийн 100-102,203,204-р хуудас

[13] Хэргийн 146,147,205-208-р хуудас

[14] Хэргийн 13-20-р хуудас

[15] Хэргийн 76-р хуудас