Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2443

 

Г.Д-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02005 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Д-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” ХХК-д холбогдох

 13 906 976 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, илүү төлсөн 3 124 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.Д 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч “Э” ХХК-тай 2-6/12 дугаартай “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа 9 давхар орон сууцны барилгын 6 дугаар давхарт 12 тоот, 64.48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ийн үнийг 1 200 000 төгрөгөөр тооцож, нийт 77 376 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. Уг гэрээнд заасны дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөгийг бэлнээр, 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 3 376 000 төгрөгийг компанийн менежер Э.Б-т бэлнээр, 2012 оны 5 дугаар сард 4 000 000 төгрөгийг захирал Л.Г-т бэлнээр нийт 27 376 000 төгрөг шилжүүлсэн. “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-ний 1.3-т заасны дагуу “Э" ХХК нь орон сууцны барилгыг 2013 оны 3 дугаар улиралд барьж дуусган захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй.

Талууд 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Гэрээ цуцлах тухай” гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь захиалагч талд нийт 31 376 000 төгрөгийг 1 сарын дотор буюу 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төлж дуусгах, хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн сар бүр 4 хувийн хүү төлөхөөр тохирсон. Үүнээс хойш нийт 30 500 000 төгрөг төлсөн. Дээрх хугацаанд “Э” ХХК-иас 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр албан бичгүүд ирж байсан. Иймд хариуцагч “Э” ХХК-тай 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 2-6/12 дугаартай “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-ний 6.1, 8.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.5, 222.7 дахь хэсэгт зааснаар үлдэгдэл 9 906 976 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан байна.

Хариуцагч “Э” ХХК-аас 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр надад 10 000 000 төгрөгийн буцаан төлөлт хийсэн гэх боловч 6 000 000 төгрөгийг буцааж төлсөн. Тухайн үед тус компанийн менежер Э.Б надад хэлэхдээ “Чи энэ 6 000 000 төгрөгийг 10 000 000 төгрөг хүлээж авсан байдлаар зөвшөөрөөд явчих, тэгвэл чиний үлдэгдэл мөнгийг хүүгийн хамтад нь “Э" ХХК-иас даруйхан төлүүлээд дуусгачихна. Би хөөцөлдөлдөөд төлүүлээд өгнө” гэж итгэл төрүүлэхээр тайлбарласан, нөгөөтэйгүүр миний бие мөнгөө буцааж авч чадахгүй 2 жил орчим хөөцөлдөөд чирэгдэлтэй байсан тул дээрх саналыг зөвшөөрсөн. Үүний дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ уг мөнгийг хүлээж авсан байдлаар тусгаж оруулсан юм. Хариуцагч “Э” ХХК нь нийт 30 500 000 төгрөг биш бодитоор 26 500 000 төгрөг буцааж төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлага 9 906 976 төгрөг дээр дутуу төлөгдсөн 4 000 000 төгрөгийг нэмж нийт 13 906 976 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хоорондох 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2-6/12 тоот “Орон сууц захиалгаар барих, бариулах” гэх нэршилтэй гэрээгээр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд баригдах барилгыг барьж гүйцэтгэн ашиглагтанд хүлээлгэж өгөх, захиалагч тал нь 6 давхарт, 12 тоот орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал уг ажлын үр дүнг хүлээлгэн өгөхөөр тохирсон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгчийн хүсэлтээр уг гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр харилцан тохиролцож цуцалсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээнд хүү тооцохоор зохицуулсан байхад дээрх байдлаар хүү тооцож байгаа нь хууль зөрчсөн.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гэрээг цуцалсан тул уг өдрөөр гэрээний үүргийн харилцаа дуусгавар болж, захиалагчийн урьдчилгаа төлбөр 27 376 000 төгрөгийг буцаан олгох асуудал бий болно. Гэрээг цуцалснаар гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх, буюу үүргийн харилцааг цаашид дуусгавар болгосон байхад, дуусгавар болсон харилцаанд шинээр үүрэг үүсгэн “захиалагч талын урьдчилгаа төлбөрт төлөх 27 376 000 төгрөг дээр нэмж 4 000 000 төгрөг, хугацаандаа гүйцэтгээгүй тохилдолд 4% хувийн хүү тооцож авна” гэсэн нь хуулийн агуулгатай нийцэхгүй. Хариуцагч компаниас улс орныг хамарсан хямрал, барилгын салбарын хөрөнгө оруулалт зогссоны улмаас нэг хэсэг үйл ажиллагаа нь тасалдаж, зогссон хэдий ч боломжоороо буцаан төлөлт хийж шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд захиалагч талын орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 27 376 000 төгрөгийг 30 500 000 төгрөг болгон буцаан төлсөн, энэ талаар маргаагүй. Хариуцагч “Э” ХХК буцаан олголт хийхдээ 3 124 000 төгрөг илүү төлсөн.

Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу нэг тал гэрээг цуцалж, гэрээнээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй. Дээрх хуулийн агуулгаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г цуцалснаар учирсан хохирлыг шаардах эрхтэй байна. Гэтэл нэхэмжлэгч Г.Д учирсан хохирол нэхэмжилээгүй, харин “Э” ХХК-ийг төлөөлж Л Г гарын үсэг зурсан байгууллагын албан бичгийг үндэслэж 9 906 976 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаар хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг үгүй болж харин гэрээний дагуу авсан зүйлээ харилцан буцааж өгөх, гэрээг цуцалсны улмаас учирсан хохирлыг шаардах үр дагавар үүсэх бөгөөд ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй байгууллагын албан бичгийг үндэслэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гэрээг цуцалсантай холбогдон учирсан хохирлоо арилгуулах шаардлага гэж үзэх үндэслэлгүй. Тухайн үед гарын үсэг зурж бичиг хийж өгсөн нь үнэн. Гэхдээ хуулийн агуулгаар энэ бичиг хэлцэл болон гэрээ биш юм. Хэргийн 14, 15 дугаар талд авагдсан 2014 оны 10 дугаар сарын 27 болон 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн баримт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 42 дугаар зүйлийн 42.7 дахь хэсэгт заасан үндэслэлийг зөрчиж хийсэн тул зохигчдын хооронд хийсэн хэлцэл болон гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн хэлцэл болон гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөг өгсөн нь үнэн. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа 6 000 000 төгрөг өгсөн асуудал байхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч байгууллага гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж “Орон сууц барих, бариулах гэрээ”-г 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр харилцан тохиролцож цуцалсан. Хариуцагч “Э” ХХК нь захиалагч Г.Д-д байрны урьдчилгаанд төлсөн төлбөр 27 376 000 төгрөгийг төлж барагдуулахдаа 3 124 000 төгрөгийн илүү төлөлт хийсэн, нэхэмжлэгч Г.Д үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

    Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нөхцөл нь өөрөө Г.Д-ийн 30 000 000 төгрөг буцааж төлсөн талаар нэхэмжлэлдээ дурдсан тоог үндэслэсэн сөрөг нэхэмжлэлийн агуулга харагдаж байна. Сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлийн үүрэгтэй шууд холбогдоод явж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар гэрээ цуцалсан учир үүрэг дуусгавар болсон гэж байна. Гэтэл гэрээ цуцалсны дараа гэрээний үр дагаврыг арилгаж, холбогдох хохирол үүссэн байвал хохирлыг төлөх үүрэг үүснэ. Үүрэг хуульд зааснаар дуусгавар болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар гэрээ цуцлахад гарын үсэг зураад дуусгавар болно гэж ойлгож байгаа нь буруу.. Үүрэг гэрээнд заасан заалтнаас гадна олон үндэслэлээр үүрэг үүсдэг. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 187.2 дах хэсэг, гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд ч үүснэ. Ганцхан орон сууц захиалгаар барих, бариулах гэрээн дээр хүү тооцож 9,9 хувийн хүү тооцож төлөх заалт байхгүй учраас үүрэг үүсэхгүй гэж тайлбарлаж байгаа үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 222 дугаар зүйлийн 222.7, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-иас 9 906 976 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 000 000 төгрөг холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,   

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 485 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 173 462 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч "Э" ХХК нь "Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ" буюу ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр харилцан тохиролцож цуцалсан. Хариуцагч "Э" ХХК-иас 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр харилцан тохиролцож гэрээг цуцлах хүсэл зориг байснаас дахин Г.Д-тэй хэлцэл болон гэрээний харилцаа үүсгэх хүсэл зориг байгаагүй. Гэрээг цуцалснаар гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх, буюу үүргийн харилцааг цаашид дуусгавар болгосон байхад, дуусгавар болсон харилцаанд шинээр үүрэг үүсгэн "захиалагч талын урьдчилгаа төлбөрт төлөх 27 376 000 төгрөг дээр нэмж 4 000 000 төгрөг, хугацаандаа гүйцэтгээгүй тохилдолд 4 хувийн хүү тооцож авна" гэсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасантай  нийцэхгүй буюу 4 хувийн хүү тооцсоныг учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн хэргийн 14, 15 дугаар талд авагдсан 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн баримтад "Э" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Г-ийн гарын үсэг байх боловч нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй. Уг баримтууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 42 дугаар зүйлийн 42.7 дахь хэсэгт заасан үндэслэлийг зөрчиж хийсэн тул зохигчдын хооронд хэлцэл болон гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй гэдэгт шүүх дүгнэлт өгөөгүйн дээр, ямар үндэслэлээр талуудын гэрээний харилцааг дуусгавар болгосон бичгийг хэлцэл хэмээн үзсэн эрх зүйн үндэслэлийг шийдвэрт тодорхой тусгаагүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Талууд 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ цуцалснаар үүргийн харилцаа дуусгавар болсон учир үүргийн харилцаанаас үүссэн шаардах эрх дуусгавар болсон гэж үзэж байна. Түүнчлэн 9 906 976 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо арилгуулах шаардлага гэж үзэх үндэслэлгүй, мөн хохиролтой холбоотой баримт хэрэгт байхгүй байхад шүүх байгууллагын албан бичигт дурдсан 9 906 976 төгрөгийг учирсан хохирол гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөн хариуцагч "Э" ХХК нь албан бичиг дээрх тооцоолборыг алдаатай хийсэн байна. Учир нь: "Э" ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нэхмжлэгчид байрны урьдчилгаанд төлсөн мөнгөнөөс эргэн төлөлт 15 000 000 төгрөгийг төлсөн. Хариуцагч "Э" ХХК уг албан бичгийг үйлдэхдээ нэхэмжлэгч Г.Д-д өгсөн мөнгөө огт хасч тооцохгүйгээр үндсэн 27 376 000 төгрөгт хүү тооцож албан бичиг хийж өгсөн нь хариуцагч "Э" ХХК нь алдаатай тооцолбор гаргасныг шүүх анхааарна уу.

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч "Э" ХХК-иас 30 500 000 төгрөгийн төлөлт хийснийг хүлээн зөвшөөрч байсан. Харин хариуцагч "Э" ХХК-иас 3 124 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасантай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа 4 000 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Хариуцагч "Э" ХХК-иас 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөгийн буцаан төлөлт хийсэн гэх боловч бодитоор 6 000 000 төгрөгийг буцааж төлсөн гэж маргасныг шүүхс нэхэмжлэлийн шаардлагаас 4 000 000 төгрөгийг хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж үзсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 906 976 төгрөг хангаж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн 3 124 000 төгрөгийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан 13 906 976 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч илүү төлсөн 3 124 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Зохигчид 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 2-6/12 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулсны дагуу нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч “Э” ХХК-иар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд баригдах 116 айлын орон сууцны 6 давхрын 12 тоот 64.48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан бариулж, орон сууцны үнэд 77 376 000 төгрөг төлөхөөс урьдчилгаа төлбөрт нийт 27 376 00 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба гэрээний дагуу хариуцагч байгууллага үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсантай холбоотой Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэг хариуцагчид үүссэн гэж үзнэ. Энэ үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор нөгөө тал буюу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар шилжүүлэн өгсөн мөнгөн дүндээ тохирсон хүү шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд үнэлж шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөв боловч хууль хэрэглээний хувьд алдаатай байгааг залруулах боломжтой.

Хариуцагч байгууллага 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ цуцласнаас хойш нэхэмжлэгчид 2014 оны 8 дугаа сарын 26, 10 дугаар сарын 27, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр буюу 3 удаа хүргүүлсэн албан бичиг /хх-13-15/-т өөрийн зүгээс төлөх мөнгөн дүнгийн талаар бичсэн эдгээр баримтуудыг нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан гэрээ гэж үзэж байгаа боловч эдгээрийг шинээр хийсэн хэлцэл гэж үзэхгүй боловч эдгээр баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн авбал зохих мөнгөн дүнд тохирсон хүүгийн хэмжээг тодорхойлох боломжтой гэж үзсэн болно.

Үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хэтрүүлсэн хугацаанд  тохирсон хүү төлөх үүрэг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар үүсдэг бол 222.7 дахь хэсэг нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч талд учирсан хохиролд хамааралтай. Тухайн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд нэхэмжлэгч талд учирсан хохирол гэх агуулгаас илүүтэй гэрээний үүрэгт хамааралтай үүссэн мөнгөн төлбөрийн үүргийг хугацаандаа биелүүлээгүйтэй холбоотой тохирсон хэмжээний хүү төлөх агуулгатай юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шийдвэрийн тогтоох хэсгийг бичихдээ мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг давхар удирдлага болгосон нь шууд хамаарахгүй заалт байх тул өөрчлөлт оруулах, тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг бичих зэрэг найруулгын өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02005 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “222.7” гэснийг “222.5” гэж, болон гэсний дараа “илүү төлсөн 3 124 000 төгрөг гаргуулах тухай” гэж нэмж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                            Т.ТУЯА

                                                                                                             Д.БАЙГАЛМАА