| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 102/2018/00346/И |
| Дугаар | 483 |
| Огноо | 2018-02-09 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би, даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Сонсоглонгийн 6-286 тоотод оршин суух, Боржигон овогт, А-ын Н /РД: УЗ/-гийн гаргасан нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо, 59-70 тоотод оршин суух, Чин сүсэгт номун хаан овогт Т-ийн М-д холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Н, хариуцагч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Н би Т.Мгээс түр салсан байх хугацаандаа 2015 оны 7 дугаар сарын 19-нд охин Х-г төрүүлсэн. Улмаар 2015 оны 8-р сард хүүхдийнхээ бүртгэлийг буруу Ө-аар овоглосон юм. Х нь М-гийн хүүхэд мөн бөгөөд одоо охиноо төрсөн эцэгээр нь овоглох шаардлагатай байна. Иймд Х-ийн эцэг Т.М болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Х миний төрсөн охин бөгөөд охиноо төрөх хугацаанд Н бид 2 үл ойлголцон тусдаа амьдарч байсан. Одоо охиноо өөрөө овоглохоос татагалзах зүйлгүй. Би эхнэр Н, охин Х нартайгаа хамт амьдраад 2 жил болж байна гэжээ.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
А.Н 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Х-г төрсөн эцэгээр нь овоглох шаардлагатай байгаа тул түүний эцэг Т.М болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хариуцагч Т.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.
Уг хэрэг нь онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэдэг хэрэг тул хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.
Нэхэмжлэгч хариуцагч нар 2014 оноос үерхэж, 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Х-г өөр хүнээр овоглосон байна.
Одоо нэхэмжлэгч, хариуцагч нар хамт амьдарч байгаа, охиноо хамтдаа өсгөж байгаа талаараа тайлбар гаргажээ.
Энэ талаар талууд маргаагүй тул 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Хгийн эцэг Т.М болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7.-д зааснаар 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Х-ийн эцэг Тийн М болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч А.Н-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М-гээс 70.200 төгрөг гаргаж, нэхэмжлэгч А.Н-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО