| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 1902007080262 |
| Дугаар | 2019/ШЦТ/187 |
| Огноо | 2019-11-06 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2019/ШЦТ/187
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, аймгийн прокурорын орлогч, улсын яллагч Б.Энхтулга, шүүгдэгч Л.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б****** овогт Л********* Д****** холбогдох эрүүгийн 1902007080262 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б******овогт Л******* Д******, Монгол улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, Номин худалдааны төвийн салбарт худалдааны менежер ажилтай, ам бүл 4, ах, бэр, дүүгийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоо **** тоотод түр оршин суух /Архангай аймаг, Хайрхан сум, 4 дүгээр баг, “Могой” оршин суух хаягийн бүртгэлтэй/ ял шийтгэлгүй, РД:/АК******АК******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч Л.Д******* нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн төрсөн эгч болох Л.Ж******* Е1514**** дугаартай гадаад паспортаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.Д****** нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомт”-оор өөрийн төрсөн эгч болох Л.Ж****** Е1514953 дугаартай гадаад паспортаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт холбогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогто огдож байна. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: 1.Шүүгдэгч Л.Д******** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ээж Архангай аймгийн Хайрхан суманд эх үрсийн баяраар “Байгаль” нуур луу явах азтан болсон юм. Хэзээ явах нь тодорхойгүй байж байгаад 08 дугаар сарын 15-нд явах гэж байна гэж утсаар ярьсан. Ээжтэй хамт манай хамаатны Д****** гэдэг эгч хамт явах гэж байгаад больсон байсан. Тэгээд оронд нь өөр хүн явж болно гэхээр нь би ажил дээрээ байж байгаад цуг явахаар болсон. Тэгээд өөрийн эгчийн гадаад паспортыг авсан. Тэр үед намайг өөрийнхөө бичиг баримтыг авч яваагүй гэдгийг манай ээж мэдээгүй. Тэгээд би 08 дугаар сарын 16-нд Дархан луу гарсан. Эгч маань хил дээр хурууны хээ уншуулдаг ингэж болохгүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь саяхан Орос руу яваад ирсэн найз руугаа залгаж хурууны хээ уншуулдаг талаар асуухад “үгүй” гэж хэлсэн. Хил дээр очоод зураг нь өөр байна гээд шалгасан. Миний өөрийн хаан банкны картыг ашиглан хурууны хээ уншуулаад бусдын бичиг баримт ашигласан болохыг тогтоосон гэв. Маш их харамсаж байна. Миний буруу...” гэх мэдүүлэг, 2.“...Л.Ж******** Е15149*** сейрийн дугаартай энгийн гадаад паспортанд үзлэг хийсэн тэмдэглэл, 3.Гэрч Л.Ж****** 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын эхээр байх Д****** надтай утсаар яриад “би таны паспортыг ашиглаад ээжтэй хамт ОХУ руу явчихаад ирвэл болох болов уу?” гэж асуухаар нь “би юу яриад байгаа юм бэ? болохгүй” гэж хэлсэн. Ингээд би ээж явах болсон тул тэнд байдаг эмээг харахаар Архангай аймаг руу явсан. Д****** ээжтэй хамт явах болсон талаар нь мэдээгүй, сүүлд нь миний паспортаар хил гарах гэж байгаад баригдсан гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг, 4.Гэрч Б.Ц******* 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 07 цаг 40 минутын орчимд 86-88 АРХ улсын дугаартай автобусны зорчигчид баримт бичгийн шалгалтанд орсон. Уг автобусанд зорчин явсан Л.Ж******* гэх эмэгтэйн баримт бичгийг шалгаж, зураг тулгалт болон ижилсүүлэлт хийж үзэхэд сэжигтэй санагдсан. Иймд дахин гүнзгийрүүлсэн шалгалтын явцад иргэн Л.Д***** нь өөрийн төрсөн эгч Л.Ж******** бичиг баримтыг ашиглан улсын хилээр нэвтрэх гэж байсан нь тогтоогдсон” гэх мэдүүлэг, 5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4215 дугаартай: 1. Шинжилгээнд ирүүлсэн Л******* овогтой Ж****** нэр дээрх Е15149*** дугаартай үндэсний энгийн гадаад паспорт нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн Л***** овогтой Ж******нэр дээрх Е15149*** дугаартай үндэсний энгийн гадаад паспорт нь жинхэнэ байна. Уг гадаад паспортанд засварласан шинж тэмдгүүд илрэхгүй байна” гэх дүгнэлт, 6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4216 дугаартай: 1. Шинжилгээнд ирүүлсэн Е15149** дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт дээрх зурагт дүрслэгдсэн хүний гадаад дүр төрх, харьцуулах загвараар АК960123** регистрийн дугаартай Л**** овогтой Д***** гэх цээж зурагт дүрслэгдсэн хүний гадна төрх нь хүний гадна дүр төрөхийн адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн Е15149** дугаартай үндэсний энгийн гадаад паспорт дээрх L***** J****-н гэх цээж зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрх нь харьцуулах загвараар ирүүлсэн АК96012*** регистрийн дугаартай Л***** овогтой Д****** гэх хүний гэрэл зурагт дүрслэгдсэн хүний нүүрний гадна дүр төрхтэй тохирохгүй байна” гэх дүгнэлт, 7. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, 8. Хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж, 9. Хилийн зөрчигчийн тухай бүртгэл, 10. Хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг шалгалт хийсэн тодорхойлолт, 11. Хил зөрчигчийн авч явсан зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай протокол, 12. Үзлэг хийсэн тэмдэглэл, 13. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, 14. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, 15. Шүүгдэгч Л.Д****** 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Тухайн үед эгчийн Е15149** дугаарын гадаад паспорт нь манай гэрт байсан болохоор би эгч рүү утсаар яриад “би таны гадаад паспортыг аваад явчихаад ирье, хүмүүс адилхан болохоор болдог гэж байна” гэхэд эгч “хурууны хээ уншуулдаг болохгүй” гэсэн. ...Тэгээд би өөрөө дур мэдээд эгчийн паспортыг авч явсан. Бусдын бичиг баримтыг ашигласан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, 16. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 17. Хавтаст хэргийн хэргийн материал танилцуулсан тэмдэглэл зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Л.Д*****гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон, дээрх зүйл хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж шүүх үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог бөгөөд шүүгдэгч Л.Д****** гэмт үйлдлийн улмаас бодит байдлаар илэрхийлэгдэх хохирол, хор уршиг учраагүй байна. Гэвч Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэгт заагдсан гэмт хэргүүд нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд бөгөөд эдгээр гэмт үйлдлүүдийн улмаас улс орны аюулгүй байдал, нийтийн болон үндэсний эрх ашиг хөндөгддөг болохыг дурьдах нь зүйтэй. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Д***** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршиг байхгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас санал болгосон 1350 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгчид оногдуулсан торгуулийн шийтгэлийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Л.Д***** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Л***** овогтой Ж***** Е15149**тоот гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхээр тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б**** овогт Л***** Д***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д**** 1350 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Д*****хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Л.Д**** анхааруулсугай. 5. Ялтан Л.Д*******нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 6. Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн Л***** овогтой Ж****** Е1514953 тоот энгийн гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсүгэй. 7. Ялтан Л.Д****** урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ