Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2017/00622

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, К-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Музейн захиралд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Т, хариуцагч А.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Н, түүний өмгөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Музейн захирлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажилд томилох тухай” 05 тоот тушаалыг хүчингүй болгож, арга зүйчээр ажиллуулах тухай.

Нэхэмжлэгч Ч.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.К би анх аймгийн Музейн захирлын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн "Ажилд томилох тухай" тушаалаар музейн үйлчлэгчээр томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа ба ажиллах хугацаандаа эрхэлсэн ажилдаа эзэн болж, ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гарган сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, тус музейд нийтдээ 2 дахь жилдээ тогтвортой ажиллаж байна. Миний хувьд, 2003 онд Улаанбаатар хотод Соёлын Коллежийг "Музейн арга зүй-жуулчлал зохион байгуулалт" мэргэжлээр төгссөн ба төгсөлтийн шалгалтын комиссын 2003 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр "Музейн арга зүйч-жуулчлал зохион байгуулалт"-ын дипломын дээд зэрэг олгосон. Дараа нь буюу 2017 онд Соёл урлагийн их сургуулийн соёлын сургуулийн "Соёлын өв музей судлал" мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн, дээд боловсролтой юм. Би Музейд өрийнхөө мэргэжлийн дагуу ажилладаггүй тул Музейн захиралд хандаж мэргэжлээрээ ажиллах, мэргэжил таарах албан тушаалд томилох талаар удаа дараа санал, хүсэлт тавьж байсан хэдий ч хүсэлтийг маань хүлээж аваагүй. Гэтэл шинээр аймгийн Музейн захирлаар томилогдон ажиллаж байгаа А.А нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 тоот тушаалаар Б.Н гэгчийг арга зүйчийн албан тушаалд томилсон бөгөөд арга зүйчээр томилогдсон Б.Н нь Аялал жуулчлалын мэргэжлээр төгссөн, энэ нь мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй байгаагаас гадна мэргэжлээрээ ажилласан туршлага байхгүй хүн юм. Уг нь Улсын чанартай Музейн арга зүйчийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар Ажлын байрны зорилго нь музейн арга зүйг боловсруулах ажилтнуудад хүртээл болгох, Мэргэшлийн бэлтгэл нь Музейн арга зүй, музейн судлал: түүх, нийгмийн ухааны мэргэжилтэй байх, Туршлага нь Музей эсвэл холбогдох судалгааны байгууллагад 1-зэс доошгүй жил ажилласан байх шаардлагатай, харин Орон нутгийн чанартай буюу аймгийн Музейн арга зүйчийн   ажлын   байрны   тодорхойлолтод   зааснаар   Боловсролын   хувьд   Музейн   нарийн мэргэжлээр дээд сургууль төгссөн байх, Туршлага нь Музейн цуглуулгын аль нэг хэсгээр мэргэшсэн байх шаардлагатай гэжээ. Иймээс би энэхүү хууль бус томилгооны асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж Музейд ямар мэргэжилтэй хүн ажиллах боломжтой талаар, мөн манай байгууллагад мэргэжлийн бус хүн ажиллаж байгаа талаар гомдол гаргаж, дүгнэлт гаргуулсан бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Соёлын хяналтын улсын байцаагч А.А-ы 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 04-09-043/82 дугаартай "Мэргэжил, боловсролын тухай" Улсын байцаагчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт: Музейн арга зүйч ажилтай Н нь Монгол Улсын их сургуулийг 2008 онд Аялал жуулчлалын менежмент мэргэжлээр төгссөн гэжээ.

Мөн ДҮГНЭЛТ БОЛГОХ НЬ хэсэгт:

1.   Музейн  удирдлага  аливаа  сул  орон  тоог нөхөхдөө  Гар  урлал  болон  урлагийн зориулалттай зүйлс. Музейн үйл ажиллагаанд тавих шаардлага. МNS 5634:2006 стандартын 7.3.3-д "ажилтныг сонгохдоо байгууллагын зорилтыг эрхэмлэн мэргэжил, ёс зүйн зарчмыг үндэслэнэ" гэсэн заалтыг баримталж ажиллаагүй цаашид тууштай баримталж ажиллах,

2.   Музейн ажилтнуудыг музейн ажилтнуудын ажил үүргийн тодорхойлолтын жишигт заасан ажлын байранд тавигдах шаардлагын дагуу ажиллуулах нь зүйтэй байна.

3.  Музейн ажилтнуудын ажил үүргийн батлагдсан тодорхойлолтыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх гэжээ.

Иймд, Музейн захирлын 05 тоот тушаал нь Музейн үйл ажиллагаанд тавих шаардлага МЫ5 5634:2006 стандартын 7 дугаар зүйлийн 7.2.5-д заасан "...Музейг мэргэжлийн ажилтнаар хангах...", 7.3.3-д заасан "...ажилтныг сонгохдоо байгууллагын зорилтыг эрхэмлэн мэргэжил, ёс зүйн зарчмыг үндэслэнэ...", 7.4.1-д заасан "...музейн ажилтнууд тухайн музейн төрөл сэдэвт нийцсэн мэргэшсэн байна..." гэснийг тус тус зөрчсөн. Түүнчлэн, Соёлын тухай хуульд зааснаар Музейн байгууллага нь соёлын байгууллагад хамаардаг ба "соёлын байгууллага" гэдэгт энэ хуулийн дагуу соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж хамаарна, харин "соёлын ажилтан" гэж бүх төрлийн уран бүтээлийг бүтээн туурвих, соёлын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд дагнан эрхэлж байгаа иргэнийг хэлнэ..." гэж заасан байна. Энэ тохиолдолд Музейн захирлын 05 тоот тушаал нь хууль зөрчсөн болох нь илт харагдаж байх ба шинээр томилогдсон Б.Н нь аймгийн Музейн Арга зүйчийн албан тушаалд мэргэжил, туршлагын хувьд тэнцэхгүй юм. Дээрх дүгнэлтээс харахад, Эрх бүхий албан тушаалтан буюу Музейн захирал нь аливаа сул орон тоог нөхөхдөө мэргэжлийн хүн авч ажиллуулах, улмаар ажлын байранд тавигдах шаардлагыг нэн тэргүүнд тавих ёстой. Мөн уг дүгнэлтийн хүрээнд Ч.К намайг арга зүйчийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулах бүрэн боломжтой байна. Харин миний хувьд аймгийн Музейд 2 жил ажилласан туршлагатай, мэргэжлийн хувьд Арга зүйчийн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангаж байгаа тул Баян-Өлгий аймгийн Музейн захирлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн "Ажилд томилох тухай" 05 тоот тушаалыг хүчингүй болгож, Ч.К намайг мэргэжлийн дагуу арга зүйчээр ажиллуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.К шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2003 онд Соёлын коллежийг музейн арга зүйчээр төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш аймгийн удирдлага болон аймгийн Музейн удирдлагуудад мэргэжлийн дагуу ажилд орохыг хүсэж удаа дараа өргөдөл гаргаж байсан боловч ажилд орж чадалгүй 2013 он хүртэл ажилд орж чадаагүй. 2013 оноос хойш аймгийн Музейн захирал А.А-д хандаж, тус Музейд ямар нэгэн орон тоонд мэргэжлийн дагуу ажилд авч ажиллуулах талаар хүсэлт гаргаж байсан. Бүхэл бүтэн 2 жил хөөцөлдсөний үндсэн дээр тус Музейд харгалзагч үйлчлэгчийн орон тоо гарсан. Уг орон тоонд ажиллахаар орж ирсэн боловч байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу тус байгууллагад олон жил ажилласан Р гэдэг хүнийг харгалзагч үйлчлэгчийн орон тоонд авна, чамайг үйлчлэгчийн ажилд авъя гэж санал гаргасныг би зөвшөөрөөд үйлчлэгчийн орон тоонд ажилд орсон. 2015 оны 05 дугаар сард ажилд орсон бөгөөд 2016 онд Соёл Урлагийн Их Сургууль /цаашид СУИС/-д элсэн орж, 2017 оны 05 дугаар сард түүх, музей судлаачаар суралцаж төгсөж ирсэн. Би мэргэжлийн дагуу ажил хийхийг хүсэж байна. 2017 оны 01 дүгээр сард аймгийн Музейд арга зүйчийн орон тоо нэмэгдсэн. Тэгэхэд би захирлын өрөөнд орж, арга зүйчийн орон тоо нэмэгдсэн байна, энэ орон тоонд намайг авах уу би мэргэжлийн дагуу ажиллахыг хүсэж байна гэж хэлэхэд, захирал би чамайг арга зүйчээр ажиллуулах бодолтой байгаа гэж хэлсэн. Би үүнийг хүсэн хүлээж явж байсан. Гэтэл 2017 оны 02 дугаар сард энэ орон тоонд Б.Н-ыг авч ажиллуулахаар болсон гэж түүнийг томилсон. Би тийм учраас гомдоод шүүхэд хандсан. Дараа нь би аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч А хандаж дүгнэлт гаргуулсан. Манай байгууллагад мэргэжлийн хүн цөөнтэй, би яагаад мэргэжлийн дагуу ажиллаж болохгүй юм бэ гэдэг үүднээс шүүхэд гомдол гаргасан. Дараа нь Мажек гэдэг хүний үйлчилгээний зохион байгуулагчийн орон тоо гарсан.  Энэ орон тоонд ч гэсэн намайг авч ажиллуулах боломжтой байсан. Гэхдээ энэ орон тоонд давтан зөрчил гаргаж, 2017 оны 05 дугаар сард ажлаас чөлөөлөх ёстой байтал түүний амралтын хугацаа дуусаагүй байхад 2017 оны 04 дүгээр сард Казах хэлсний багш мэргэжилтэй хүнийг томилсон. Өөрөөр хэлбэл би сургуулиа төгсөж ирэхээс өмнө томилсон байсан. Би энэ бүхэнд гомдолтой байна. Иймд намайг Баян-Өлгий аймгийн Музейд арга зүйчийн орон тоонд ажиллуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Музейн захирал А.А шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргагч Ч.К-ын гомдолтой танилцаж аймгийн музейн удирдлагын зүгээс дараах тайлбарыг өгч байна. Үүнд:

Аймгийн Музейд үйлчлэгчээр ажиллаж байсан Х.К нь тэтгэвэрт гарах болзлыг хангаж 2015 оны 05 сарын 15-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн тул оронд нь 2015 оны 05-р сарын 18-ны өдрөөс эхлэн Ч.К-ын музейн захиралд удаа дараа ирүүлсэн өргөдлүүдийг болон аймгийн удирдлагуудаас түүнийг ажилтай болгох тухай албан тоотууд ирүүлснийг хүлээн авч, ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж Музейн захирлын 2015 оны 16 тоот тушаалаар үйлчлэгчийн ажилд бүр орон тоонд томилон одоо 2 дахь жилдээ ажиллаж байгаа билээ. Уг орон тоонд тухайн үед иргэн Ш.Ж, Ч.К, Б.Н нар өрсөлдөж байхад Ч.К-ын ар гэрийн байдлыг харгалзан үзэж томилох гэж байхад иргэн Б.Н нь "Би хүний нөөцөд бүртгэлд байгаагаар танай байгууллагад гарсан энэ удаагийн орон тоонд ажиллах ёстой байсан юм, гэвч Ч.К-ын ар гэрийн байдлыг хүнлэг чанараараа харж үзэж түүнд энэ удаад зам тавьж өгье, дараагийн сул оронд боловсрол, мэргэжил, ээлж дарааллаараа би орох болохыг танд урьдчилан сануулъя" гэж хэлж байсан. Ч.К нь 2003 онд Соёлын дээд сургуулийг "Музейн арга зүй-аялал жуулчлал зохион байгуулалт" мэргэжлээр дипломын зэрэгтэй төгссөн байна. 2016 оноос эхлэн СУИС-ийн Соёл судлалын факультетад бакалаврын зэрэгт элсэн суралцсан. Харин Б овогтой Н нь 2008 онд МУИС-ийг аялал жуулчлалын мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж ирсэн байна. 2011 онд Байгал орчны газарт 3 сар, 2013 онд 4 сар тус тус ажиллаж байсан ажлын туршлагатай байна. Б.Н 2014 онд музейн тайлбарлагчаар ажиллаж байсан К.А өөрийн хүсэлтээр өөр газар шилжин ажиллах болсон тул Музейгээс оронд нь сонгон шалгаруулалт зарлахад Б.Н нь шалгалтад орох болзлыг ханган оролцож 2-р байранд орж хүний нөөцөд бүртгэгдсэн билээ. Б.Н үүнээс хойш удаа дараа аймгийн удирдлагуудад болон музейн захиргаанд сул орон тоо гарсан нөхцөлд ажилтай болгож өгөх талаар хүсэлт тавьж албан бичгүүд ирүүлж байсан. Музейд тухайн үед Б.Н-ыг ажиллуулах орон тооны бололцоогүй байсан тул өргөдөлд нь албан тоотоор хариу өгч байсан юм. Харин музейн захиргаанаас тавьсан хүсэлтийн дагуу Аймгийн Музейд 2017 онд шинээр 1 хүний орон тоог нэмж өгч уг оронд урд нь музейгээс зарласан сонгон шалгаруулалтад 2-р байр эзэлж төрийн албаны боловсон хүчний нөөцөд бүртгэлтэй байсан, бакалаврын зэрэгтэй Б овогтой Н-ы өргөдлийг хүндэтгэн хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн музейн захирлын 05 тоот тушаалаар томилон ажиллуулж байгаа билээ. Гэтэл музейн захирал А.А би 6-р сарын 15-ны өдөр Улаанбаатар хот, БНКазахстан улсад албаны ажлаар явсан бөгөөд 06-р сарын 25-наас эхлэн ээлжит амралтаа үргэлжлүүлэн амарч байгаад Казахстан улсаас 07-р сарын 20-ны өдөр ирээд ажлын шаардлагаар ажилдаа сууж байтал шүүхээс дуудсан юм. Тэгэхэд би шүүхэд ирж Ч.К-ын гомдолтой танилцсан. Намайг Улаанбаатарт ажлаар явахаас өмнө Ч.К нь надад ямар нэгэн сургууль төгсөж бакалаврын зэрэг авсан диплом авчирч огт үзүүлж танилцуулаагүй, дуугүй явж байсан мөртлөө 06-р сарын 09-ний өдөр шүүхэд гомдол бичсэнийг би ирээд материалуудтай нь танилцахад мэдсэн юм. Шүүхэд уг тайлбарыг бичиж өгөх өдөр өнөөдрийг хүртэл Ч.К надад "бакалаврын зэрэг"-ээр төгсөж ирсэн ямар нэгэн диплом үзүүлж харуулаагүй. Би Музейд гарсан сул орон тоонд ажилтан томилохдоо мэргэжил, боловсролын зэрэг, ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж томилж байсан билээ. Жишээ нь:

Ч.К нь үйлчлэгч Х.К-ны орон гарахдаа музейн захиргаанд ирээд "Би ажил голохгүй, би орон гэргүй, байр түрээсэлж явна, та энэ үйлчлэгчийн оронд намайг ажиллуулж өгөөч" гээд хүсэлт тавьж өөрийн хүсэлтээр томилогдчихоод /тухайн үед бакалаврын зэрэггүй байсан/ дараа нь шинээр нэмэгдсэн оронд болзлыг хангаж байсан Б.Н томилогдоод 6 сар өнгөрсний дараа бакалавр зэрэгт сурч ирээд шүүхэд Б.Н-ы ажлыг авч өгөх тухай гомдол бичсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Арга зүйчийн оронд шинээр ажилтан томилоход ажлын байрны тодорхойлолтын шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан томилсон юм.

Жич: Аливаа мэргэжилтнээр ажилтан томилохдоо аль ч салбарт “боловсрол нь бакалавраас дээш байх" гэсэн шаардлагыг тавьдаг. Ч.К-т 2017 оны 06-р сар хүртэл бакалаврын зэрэг байгаагүй ба хэрэв уг оронд анх хүн томилогдоход гомдолтой байгаагаа шүүхэд тэр үед гомдлоо бичээгүй нь түүний боловсролын түвшний шаардлагыг хангаж чадахгүй байсныг тодорхойлж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу 1-3 сарын дотор гомдлоо хуулийн байгууллагад гаргах эрхтэй гэж тодорхой заасан тул Ч.К-ын гомдол үндэслэлгүй байна гэж үзэж байна. Ч.К нь 2013 онд музейн ажилчдын дипломд дүгнэлт гаргаж өгөх тухай МХГазарт мөн өргөдөл өгч өргөдлийн хариуг МХГ-аас ирүүлж байсан удаатай билээ. Ч.К-ын гомдолтой танилцахад зарим нэг үндэслэлгүй зүйлүүдийг бичсэн байгаа тул тодруулга бичсэн нь зүйтэй байх гэж бодож байна. Үүнд:

"Шинээр аймгийн музейн захирлаар томилогдон ажиллаж байгаа А.А нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 тушаалаар Б.Н гэгчийг арга зүйчийн албан тушаалд томилсон бөгөөд арга зүйчээр томилогдсон Б.Н нь Аялал жуулчлалын мэргэжлээр төгссөн, энэ нь мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй байгаагаас гадна мэргэжлээрээ ажилласан туршлага байхгүй хүн юм" гэж бичжээ. Миний бие А.А музейд шинээр томилогдоогүй, музейд ажилд ороод 18 дэх жилдээ, музейн захирлаар томилогдоод 6 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Харин Б.Н нь төрийн байгууллагад урд өмнө 7 сар ажилласан, туршлагатай, хүнийг эрхэмлэх, ёс зүйг сахих, ажлын хариуцлагыг баримталдаг, англи хэлний мэдлэгтэй манай байгууллагын залуу боловсон хүчнүүдийн нэг юм. Харин түүний мэргэжлийн хувьд арга зүйчийн ажлын байрны тодорхойлолтод "бакалавраас дээш зэрэгтэй байх, соёл судлаач, түүхч, нийгмийн ухааны мэргэжилтэй байхыг шаардсан байдаг. Нийгмийн ухаан гэдэг ойлголт дотор музейд үр нөлөө бүхий музейн үйл ажиллагаанд салшгүй нөлөөтэй мэргэжлүүд болох аялал жуулчлал, технологич, антропологич, багш зэрэг мэргэжлүүд багтах юм. Музейн үйл ажиллагааны зорилго нь өөрөө орон нутгийн түүх, байгаль, угсаатны зүйг гадаад дотоодод сурталчлах, жуулчдыг музейд татах аялал жуулчлалын менежментийг бий болгох ажлын онцлогтой учир аялал жуулчлалын менежмент мэргэжил нь өнөөдөр музейд шаардагдах нийгмийн ухааны мэргэжлүүдийн нэг болж зүй ёсоор шаардагдаж байгаа тул Б.Н-ы мэргэжлийг Музейд шаардлага хангахгүй, огт холбоогүй мэргэжил гэж үзэж болохгүй. Хэрэв аялал жуулчлалын мэргэжил нь соёлын салбарт, түүний дотор музейд огт холбоогүй бол Ч.К нь өөрөө Соёлын дээд сургуулийг "Музейн арга зүй-аялал жуулчлал зохион байгуулалт" мэргэжлээр суралцаж байсан нь музей, аялал жуулчлал хооронд салшгүй холбоотой мэргэжил гэдгийг нотолж байгаа бөгөөд 2012-2016 онд музейн харьяа яам Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Музейг аялал жуулчлалтай холбон хөгжүүлэх талаар Засгийн газарт олон талын бодлого, хөтөлбөрүүд хэрэгжүүлж өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд мөрдөгдөн ажиллаж байна.

Энэхүү арга зүйчийн орон тоонд Б.Н-ыг томилоход байгууллагын зорилтыг эрхэмлэн мэргэжил, ёс зүйн зарчмыг болон арга зүйчийн ажлын байрны тодорхойлолтыг баримтлан томилгоо хийгдсэнийг дурдаж бичвэл:

-Урд нь 2014 онд музейн тайлбарлагчийн сонгон шалгаруулалтыг зарлахад Б.Н, М.А нартай хамт Ч.К ч оролцсон билээ. Тухайн үед шалгаруулалтад оролцогчид Ч.К-ыг бакалаврын зэрэггүй байсан тул шалгалтад оролцуулахгүй, шаардлага хангахгүй хүн байна гэж хэрүүл маргаан гаргаж байхад бид хүндэтгэж оруулсан билээ. Гэтэл шалгалтад орж М.А /одоогийн музейн тайлбарлагч/ 1-р байр эзэлж 58 оноо, Б.Н-2-р байр эзэлж 52 оноо  эзлэхэд   Ч.К   боловсролын   түвшинээрээ   15   оноо   авч   эхний удаагийн шалгалтад унаж хамгийн бага үзүүлэлтийг гаргасан юм. Иймд уг сонгон шалгаруулалтын үзүүлэлт, байр эзэлсэн өрсөлдөгчдийн боловсролын түвшинг энэ удаагийн томилгоо хийхэд харгалзаж үзсэнийг дурдаж бичив. Б.Н нь 2012, 2013 онуудад аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газарт мэргэжилтнээр 7 сар хүний оронд түр ажиллаж байсан ажлын туршлагатай бөгөөд Монгол Улсын шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахдаа хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын үнэмлэхгүй буюу боловсролгүй гэх шалтгаан нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж тайлбарласан нь Б.Н-д нэгэн адил хамаарах бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжгүй байна.

Иймд музейн удирдлагын зүгээс Ч.К-ын гаргасан гомдол нь үндэслэлгүй байна гэж үзэж та бүхэнд энэхүү тайлбарыг холбогдох баримтуудын хамт хүргүүлж байгаа тул үнэн зөв шалган шийдвэрлэж өгөхийг шударга шүүхийн байгууллагаас хүсэж байна гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Музейн захирал А.А шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: 2017 онд Музейн зүгээс аймгийн удирдлагуудад тавьсан хүсэлтийн дагуу манай байгууллагад нэг арга зүйчийн орон тоог нэмж өгсөн. 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай тушаалаар Б.Н-ыг авч ажиллуулсан. Уг орон тоонд мэргэжилтэн авч ажиллуулахад арга зүйчийн ажлын байрны тодорхойлолтыг харгалзаж үзсэн. Үүнд тавигдах шалгуурт мэргэжил, боловсролын түвшин гээд тодорхой заагдсан байдаг. Урьд нь Музейн тайлбарлагчийн орон тоонд сонгон шалгаруулалт явагдаж эдгээр хүмүүс уг шалгалтад өрсөлдөж орж байсан.  Уг шалгалтад 1-р байрыг Айсулу, 2-р байрыг Б.Н эзэлж байсан. Б.Н нь бас аймгийн удирдлага болон аймгийн Музейн удирдлагуудад хэрвээ орон тоо гарвал ажилд авах талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан. Шинээр би болсон арга зүйчийн орон тоонд шинээр хүн авч ажиллуулах үед арга зүйчийн ажлын байрны тодорхойлолтыг авч үзэхдээ мэргэжил боловсролыг харгалзаж авч үзсэн. Нэхэмжлэгч Ч.К бас урьд өмнө өргөдөл, хүсэлт гаргаж байсан.  Тухайн үед Ч.К нь мэргэжил, боловсролын шаардлагыг хангахгүй байсан. Ажлын байрны тодорхойлолтын гол шаардлагатай хэсэгт мэргэжилтнээр ажиллахын тулд боловсролын хэсэгт заавал бакалавр ба түүнээс дээш боловсролын түвшинтэй байх шаардлагыг тавьдаг. Тийм учраас мэргэжил боловсролыг харгалзаж Б.Н-ыг тухайн орон тоонд авч ажиллуулсан. Нэхэмжлэгч Ч.К 2017 оны 06 дугаар сард шүүхэд гомдол гаргасан байна. Би түүний нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бичгээр тайлбар болон холбогдох нотлох баримтаа гаргаж өгсөн. 2015 онд аймгийн Музейн харгалзагч үйлчлэгч К гэдэг хүн өндөр насны тэтгэвэрт гарсан.  Тухайн үед нэхэмжлэгч Ч.К нь ажилтай болгож өгөх талаар өргөдөл гаргаж байсан учир би түүнд таныг авч ажиллуулах мэргэжлийн орон тоо байхгүй тул энэ орон тоонд авч ажиллуулъя гэж авч ажиллуулсан. Одоогийн байдлаар 2 дахь жилдээ ажиллаж байна. Ч.К нь 2015 оноос эхлээд СИУС-д мэргэжил дээшлүүлэхээр эчнээ ангид суралцаж байсан бөгөөд 2017 оны 06 дугаар сарын дундуур төгсөж ирсэн байна. 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр арга зүйчийн орон тоонд Б.Н томилогдох үед Ч.К-т бакалаврын диплом байгаагүй. Тухайн орон тоонд Б.Н-ыг томилох үед өргөдөл өгсөн иргэдийн мэргэжил боловсролыг харгалзаад шийдвэр гаргасан. Мэргэжил боловсролын байдлыг харгалзаад Б.Н-ыг тухайн орон тоонд томилон ажиллуулж байгаа учир одоо түүнийг ажилгүй болгоод оронд нь Ч.К-ыг авч ажиллуулах боломжгүй гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Н шүүхэд гаргасан хүсэлтэд: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суудаг, Н би Өлгий сумын 05 дугаар багт оршин суудаг Ч.К-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах утгатай хүсэлтийг гаргав. Б.Н би Баян-Өлгий аймгийн Музейн захирлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажилд томилох тухай” 05 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Музейн арга зүйчээр 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн томилогдсон юм. Үүнээс хойш одоо хүртэл 6 сарын турш Баян-Өлгий аймгийн Музейн арга зүйчээр ажиллаж байна. Гэтэл тус Музейд үйлчлэгч Ч.К нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б.Н миний ажиллаж буй арга зүйчийн ажилд томилж өгөхийг ажил олгогчид даалгаж өгөхийг хүссэн байна. Иймд одоо маргаан бүхий албан тушаалд хууль ёсоор ажиллаж буй Б.Н миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тул намайг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэн Б.Н намайг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан улмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Баян-Өлгий аймгийн Музейн захирлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар тушаалаар тус Музейн арга зүйчээр томилогдон 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн одоо хүртэл 8 сарын хугацаанд ажиллаж байна. Гэтэл тус Музейд үйлчлэгч ажилтай Ч.К тус шүүхэд гаргасан гомдолдоо Баян-Өлгий аймгийн Музейн захирлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар тушаалыг хүчингүй болгож Ч.Кнамайг арга зүйчээр ажиллуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байна. Б.Н би маргаан бүхий орон тоонд хуулийн дагуу томилогдсон, тухайн ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа. Би тухайн ажлын байрны шаардлагад тавигдах шаардлагыг хангаж байгаа дээд боловсролын бакалаврын зэрэгтэй иргэн ба өнөөдөр хүртэл намайг ажилд томилсон ажил ологчийн тушаал хүчинтэй байна. Би маргаан бүхий орон тоонд томилогдох үед нэхэмжлэгч Ч.К ямар нэгэн байдлаар маргаагүй. Тэрээр тухайн үед байгууллагын үйлчлэгчийн ажлыг гүйцэтгэж байсан. Асуудлыг энэ өнцгөөс авч үзвэл нэхэмжлэгч Ч.К-ын зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж, дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.К нь Баян-Өлгий аймгийн Музейн захирлын 2017 оны 02 сарын 09-ний өдрийн 05 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, арга зүйчээр ажиллуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ч.К нь Баян-Өлгий аймгийн Музейн захирлын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар үйлчлэгчийн ажилд томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа болох нь түүнийг ажилд томилсон тушаал болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ч.К нь Баян-Өлгий аймгийн Музейд арга зүйчээр ажиллуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, нэхэмжлэгч Ч.К нь Баян-Өлгий аймгийн Музейд үйлчлэгчээр ажиллаж байгаа, түүнийг ажлаас халсан буюу ажлаас чөлөөлсөн ямар нэгэн эрхийн акт гараагүй, ажлаас халаагүй, орон тоо нь хасагдаагүй байхад шинээр бий болсон орон тоо буюу Баян-Өлгий аймгийн Музейн арга зүйчээр томилон ажиллуулахыг хүссэн нь хуулинд нийцэхгүй байна. 

Нэхэмжлэгч Ч.К нь “...аймгийн Музейн арга зүйчээр намайг ажиллуулах ёстой, арга зүйчээр томилогдсон Б.Н нь Аялал жуучлалын мэргэжлээр төгссөн, мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй, мэргэжлээрээ ажилласан туршлага байхгүй” гэж маргасан болно.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Баян-Өлгий аймгийн Музейн захирлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар Баян-Өлгий аймгийн Музейн арга зүйчээр Бовогтой Н-ыг томилсон байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Музейн захирал нь хуулинд заасан эрхийнхээ дагуу Б.Н-ыг ажилд томилсон, энэхүү тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тушаал байна гэж үзлээ. Учир нь, уг тушаал гарах үед нэхэмжлэгч Ч.К нь Баян-Өлгий аймгийн музейд үйлчлэгчийн ажил үүргийг гүйцэтгэж байсан нь шүүх хуралдааны шатанд өгсөн зохигч нарын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ч.К нь Баян-Өлгий аймгийн Музейн захирлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай “Ажилд томилох тухай” гэх Баян-Өлгий аймгийн Музейн арга зүйчээр Б овогтой Н-ыг томилсон тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэх боловч энэхүү ажил олгогчийн тушаал нь эрх зүйн актын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, Хөдөлмөрийн тухай хуулинд нийцсэн байх тул хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар ажил олгогч ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй бөгөөд ажилтныг сонгон авч ажиллуулах нь ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал учир түүнд шүүх хөндлөнгөөс оролцож Баян-Өлгий аймгийн Музейн арга зүйчээр Ч.К-ыг ажиллуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт хийх боломжгүй бөгөөд энэ нь хуулинд нийцэхгүй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Ч.К нь Соёл урлагийн их сургуулийн Түүх музейн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй суралцаж, 2017 оны 06 дугаар сард төгссөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Д/201716025 дугаартай бакалаврын дипломоор болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч хариуцагч нарын хэлсэн тайлбараар давхар нотлогдож байх тул ажил олгогч Баян-Өлгий аймгийн Музейн захирал 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай тушаалаар Б.Н-ыг аймгийн Музейн арга зүйчээр томилох үед нэхэмжлэгч Ч.К нь Соёл урлагийн их сургуулийн Түүх музейн ангид суралцаж байсан байна.

Нэхэмжлэгч Ч.К нь өмнө 2003 онд Соёлын коллежийн Музейн арга зүйч-жуучлал зохион байгуулагчийн мэргэжлээр суралцаж, С200313241 дугаарын дипломын зэрэгтэй төгссөн байна.

Нэхэмжлэгч Ч.К нь “...Музейн захирлын 05 дугаартай тушаал нь Музейн үйл ажиллагаанд тавих шаардлага MNS 5634:2006 стандартын 7 дугаар зүйлийн 7.2.5-д заасан ... Музейг мэргэжлийн ажилтнаар хангах, 7.3.3-д заасан ... ажилтныг сонгохдоо байгууллагын зорилтыг эрхэмлэн мэргэжил, ёс зүйн зарчмыг үндэслэнэ, 7.4.1-т заасан ... музейн ажилтнууд тухайн музейн төрөл сэдэвт нийцсэн мэргэшсэн байна гэснийг тус тус зөрчсөн, мөн ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн” гэж тайлбарлаж байгаа үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 04-09-043/82 дугаартай Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн “Мэргэжил боловсролын тухай” Өлгий сумын 1-р багийн иргэн Ч.К-т гэж хаягласан албан бичигт “... ажлын байранд тавигдах шаардлагыг баримтлан ажиллах” талаар, мөн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 5/1725 дугаартай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, Нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын дарга Л.Т-ын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 5/1725 дугаартай албан бичигт “... Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9 дэх заалт /хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэлийг шүүх шийднэ-ын дагуу асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөж байна” гэсэн хариуг нэхэмжлэгч Ч.К-т өгч байсан байна.  

Нэхэмжлэгч Ч.К нь Баян-Өлгий аймгийн Музейн захирлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай тушаалаар Б.Н-ыг музейн арга зүйчээр томилсныг мэдсэн, тухайн үед өөрийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар 3 сарын дотор гомдол гаргах эрх нь нээлттэй байсан, уг хугацаанд гомдол гараагүй ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Н тус музейн арга зүйчээр томилогдон 6 сар ажилласан буюу одоо хүртэл ажиллаж байгаа нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, бусад холбогдох нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Нэхэмжлэгч Ч.К-ын “...хууль бус томилгоо хийгдсэн талаар мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж байсан” гэж тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан үндэслэлд хамаарахгүй ба эрх бүхий этгээдэд гомдол гаргаж байсан нь тухайн нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх шууд үндэслэл гэж үзэх боломжгүй байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Б.С-ийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаартай албан бичиг, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г-ны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1-01/290 дугаартай албан бичиг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Т.М-н 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 3-02/845 дугаартай болон 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 3-02/998 дугаартай албан бичгүүдээр Б.Н-ыг орон тоо гарсан тохиолдолд Баян-Өлгий аймгийн Музейн арга зүйчээр ажиллуулахыг санал болгож байсан байна.

Баян-Өлгий аймгийн Музейн захирлын 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаартай “Аймгийн ЗДТГ-ын дарга Т.М танаа” гэх хариу хүргүүлсэн албан бичиг, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4/177 дугаартай “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” аймгийн музейн захирал А.А-д гэж хаяглан хувийг Өлгий сумын 1-р багийн иргэн Ч.К-т гэсэн албан бичигт: “...өргөдөлд тусгасан орон тоонд хүн авч ажиллуулах асуудлууд тухайн байгууллагын дотоод асуудал учраас Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмаар, өөрсдөө зохицуулах нь зүйтэй” гэсэн хариу өгч байсан байна. 

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн аймгийн музейд шалгалт хийсэн тухай 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Т.М-н 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3-02/2105 дугаартай албан бичиг, Монгол улсын Соёл, Спорт, Аялал жуучлалын яамны 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/4457 дугаартай албан бичиг, Баян-Өлгий аймгийн музейн захирлын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 79 дугаартай 2013 оны 09 сарын 20-ний өдрийн 3-02/2324 дугаартай албан бичигт хариу өгсөн талаарх албан бичгүүд нь нэхэмжлэгч Ч.К-ыг ажилд томилоогүй байхад уламжилж байсан албан бичгүүд байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт нь Монголын үндэсний Музей болон Ш.Ц нарын баталсан ажлын байрны тодорхойлолтууд байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ. 

Иймд нэхэмжлэгч Ч.К-ийн Баян-Өлгий аймгийн Музейн захирлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, арга зүйчээр ажиллуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Ч.К-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар нэхэмжлэгч Ч.К-ийн Баян-Өлгий аймгийн Музейн захирлын 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 05 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, арга зүйчээр ажиллуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч Ч.К-т буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          К.Б