Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Батсайхан

Шүүгдэгч: Д.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дийн Мд холбогдох 1812002500199 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Анод худалдааны төвийн арын хашаанд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Дийн М /РД:../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн эхнэр Э.Дгийн бие махбодид халдан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 1812002500199 дугаартай эрүүгийн хэргээс:

Хохирогч Э.Дгийн мэдүүлсэн: ...2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр намайг ажлаасаа гэртээ ирэхэд манай нөхөр Д.М надад хандаж чи ажпынхандаа намайг муулж ярьсан байна, хүн болгон над руу муухай харж байна гэж надтай хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд байж байтал Д.М уурлаад миний шанаа руу нэг удаа алгадаж баруун нүдний дээд хэсэгт 2 удаа гараа цохиж зодсон. Намайг өөрийг нь ажлынханд муулж ярьсан гэж худлаа бодож надад уурлаад намайг зодсон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Д.М тухайн үед эрүүл байсан. Би нэгдагавар хүүхэдтэй юм. Үүнээс болжхэрүүл маргаан их гардаг. Д.М намайг өмнө нь хэд хэдэн удаа зодож байсан. Би он сарыг нь санахгүй байна. Миний санаж байгаагаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний орой гэрт манай нөхөр Д.М айлаас согтуу ирээд надад уурлаад намайг гараараа нүд рүү цохиж миний нүдийг хөхрүүлсэн. Үе үе уурлаад ганц нэг гар хүрч байсан асуудлууд болдог. Гэхдээ гэмтэл бэртэл учруулахаар зодож байгаагүй. 2016 онд зодуулах үед миний баруун талын нүд хөхөрч хавдсан байсан. Сая 2018 оны 04 дүгээр сард зодуулах үед бас нүд шанаа орчмоор хөхөрч гэмтсэн. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Д.М учруулсан. 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр намайг цохиход би 8 сартай жирэмсэн байсан. Би 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт эрүүл саруул хүүхэд төрүүлсэн. Би 2017 оны 11 сарын 26-ны өдөр өрхийн эмнэлэг дээр хяналтандаа орж байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл алга. Нөхөр бид хоёр сайн дураараа зүгээ олж эвлэрсэн байгаа. Д.М архи дарс нэг их хэрэглээд байдаггүй. Сүүлийн үед зан араншин нь эвдрээд байгаа юм...гэх мэдүүлэг/хх-ийн 13-15 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 199 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Э.Дгийн биед тархи доргилт, баруун чамархайн зөөлөн эдэд няцралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн улмаас гавлын дотоод даралт их хэмжээгээр ихэссэн байна. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Э.Дгийн биед учирсан гэмтэл нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Тархи доргилт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 5. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 6. 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 18 хуу/

Яллагдагч Д.Мын мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Би өөрийн эхнэр Э.Дгийн хамтаар Анод худалдааны төвд хамт ажилладаг. Манай эхнэр 2 давхарт нь бэлэн хувцас зардаг юм. Тэгээд тэр өдөр манай цэцэрлэгийн хүүхдийн мөнгө нэхэгдээд байсан юм. Тэгэхээр нь би Э.Дд хандаж хүүхдийн цэцэрлэгийн мөнгө нэхэгдээд байна шүү, чи мөнгө олоод өгчихөөрэй гэж хэлсэн чинь Э.Д чадахгүй гээд ярзаганаад байсан. Тухайн үед ажил дээр байсан учир нэг их юм яриагүй дуугүй орхисон. Тэгээд орой ажил тараад гэртээ орж ирээд би Э.Дд хандаж чи намайг ажлынханд муулж ярьдаг юм байна бас өдөр аятайхан ярьж чадахгүй ажил дээр хэрүүл хийлээ гэж уурлаад Э.Дг гараараа баруун чамархай шанаа орчимд нэг удаа цохисон. Тэгсэн манай эхнэр Э.Д орилоод эхэлсэн. Тэгээд маргааш нь цагдаад мэдэгдсэн байсан. Би Э.Дг намайг ажпынханд муулж ярьсан мөн ажил дээр хүмүүсийн дэргэд хэрүүл маргаан хийлээ гэх шалтгааны улмаас зодсон. Би гараараа нэг л удаа баруун чамархай шанаа орчимд нь цохисон. Өөр байдлаар гар хүрч цохиж зодоогүй.

Тухайн үед манай гэрт эхнэр бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Би хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Э.Дгийн биед учирсан хөнгөн гэмтлийг би зодож учруулсан. Тухайн үед өөрийн эхнэр Э.Дг жирэмсэн гэдгийг мэдэж байсан. Тухайн үед манай эхнэр 6-7 сартай жирэмсэн байсан. Өмнө нь би зодож байсан. 2016 оны 12 сарын 31-ний орой би нар айлд очиж нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэр үедээ согтуу байхдаа маргалдаж улмаар өөрийн эхнэр Э.Дг нэг удаа нүд рүү цохиж байсан. Маргааш нь нүд нь хөхөрсөн байсан. Аль нүд нь хөхөрсөн байсныг одоо санахгүй байна. Би өөр байдлаар гар хүрч байгаагүй. Би эхнэр Э.Дг 2016 оны 12 сарын 31-ний өдөр нэг удаа, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэг удаа, нийт 2 удаа гар хүрч цохиж зодож байсан. Би өөрийн дагавар хүү Хотолбаярыг цохиж зодож гадуурхаж байсан зүйл огт байхгүй. Би өөрийн 2 хүүхэд, эхнэрийн дагавар 1, нийт 3 хүүхэдтэй. Э.Д бид хоёр гэр бүлээ батлуулж байгаагүй. Гэр бүлийн батлах байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 22-23 хуу/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон Д.М нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Анод худалдааны төвийн арын хашаанд өөрийн эхнэр Э.Дг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв.

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Анод худалдааны төвийн арын хашаанд өөрийн эхнэр Э.Дг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Э.Дгийн мэдүүлсэн “2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр намайг ажлаасаа гэртээ ирэхэд манай нөхөр Д.М надад хандаж чи ажлынхандаа намайг муулж ярьсан байна, хүн болгон над руу муухай харж байна гэж надтай хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд байж байтал Д.М уурлаад миний шанаа руу нэг удаа алгадаж баруун нүдний дээд хэсэгт 2 удаа гараа цохиж зодсон. Намайг өөрийг нь ажлынханд муулж ярьсан гэж худлаа бодож надад уурлаад намайг зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/

Д.Мын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би тогтоолтой танилцлаа. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Би өөрийн эхнэр Э.Дгийн хамтаар Анод худалдааны төвд хамт ажилладаг. Манай эхнэр 2 давхарт нь бэлэн хувцас зардаг юм. Тэгээд тэр өдөр манай цэцэрлэгийн хүүхдийн мөнгө нэхэгдээд байсан юм. Тэгэхээр нь би Э.Дд хандаж хүүхдийн цэцэрлэгийн мөнгө нэхэгдээд байна шүү, чи мөнгө олоод өгчихөөрэй гэж хэлсэн чинь Э.Д чадахгүй гээд ярзаганаад байсан. Тухайн үед ажил дээр байсан учир нэг их юм яриагүй дуугүй орхисон. Тэгээд орой ажил тараад гэртээ орж ирээд би

Э.Дд хандаж чи намайг ажлынханд муулж ярьдаг юм байна бас өдөр аятайхан ярьж чадахгүй ажил дээр хэрүүл хийлээ гэж уурлаад Э.Дг гараараа баруун чамархай шанаа орчимд нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/

хохирогч Э.Дгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 199 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б овогт Дийн Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Дийн Мыг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш сард 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөс доошгүй төгрөгөөр тооцож 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Р.АЛТАНЦЭЦЭГ