Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2018/00071

Улаанбаатар хот

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, А.Амарын гудамж, өөрийн байранд байрлах Трын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон, Б хэсгийн задгайд байрлах “Е”ХХК /РД: 2018578/-нд холбогдох

          үйлчилгээний төлбөр 321.820 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ариунаа, харицагч “Е”ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Самбууням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Трын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Их тэнгэр цогцолборыг шилжүүлэх тухай Засгийн газрын 2002 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 106 дугаар тогтоолоор тус цогцолборыг Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газраас Трын мэдэлд бүхэлд нь балансаас балансад шилжүүлсэн. Их тэнгэр цогцолбор нь ийнхүү шилжин ирэхдээ өмнөх харилцагч нараас авах авлагын хамт шилжиж ирсэний дотор “Е”ХХК үйлчилгээ авсаны төлбөр 321.820 төгрөгийн өртэй байгаад өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Иймд “Е”ХХК-иас үйлчилгээний төлбөр 321.820 төгрөгийг гаргуулж өгнө үү. Их тэнгэр цогцолбор нь  зочид буудал болон рестораны үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэхүү өр нь 2002 оноос өмнө үүссэн өр байгаа юм. Санхүүгийн анхан шатны баримт нь шилжиж ирээгүй гэв.

            Хариуцагч “Е”ХХК шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Тус компани нь байгуулагдсан цагаасаа одоог хүртэл газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Тар, Их тэнгэр цогцолбортой хамтран ажиллаж байгаагүй тул компанийн нэр андуурагдсан эсэх талаар нягтлан шалгахыг, мөн их тэнгэр цогцолбор нь манай компаниас нэхэмжилсэн мөнгөн дүнг ямар тооцоо  баримт үндэслэн нэхэмжилж байгаа талаарх баримтыг хуулбарлан авч танилцахыг тус тус хүсэж байна. 2002 онд манай ээж захирлаар ажиллаж байсан бөгөөд өөрөө үйлчилгээ аваагүй гэж байгаа. Тэгэхээр ямар үйлчилгээ авсан талаарх баримтыг хармаар байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

        Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Тар нь хариуцагч “Е”ХХК-нд холбогдуулан үйлчилгээний төлбөр 321.820 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Нэхэмжлэгч Тарт “Их тэнгэр” цогцолборыг Засгийн газрын 2002 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 106 дугаар тогтоолоор Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газраас балансаас балансад шилжүүлжээ.

            “Их тэнгэр” цогцолбор нь ийнхүү Тарт  шилжин ирэхдээ “Е”ХХК-иас 321.820 төгрөгийг авлагатай хэмээн бүртгэгдсэн байсан болох нь 2002 оны 4 дүгээр улирлын тайлан тэнцэлийн өглөг, авлагын үлдэгдэлийн тайланд дурдагдсан байна.

            Нэхэмжлэгч Тар нь дээрх өглөг, авлагын тайланг үндэслэн хариуцагч “Е”ХХК-иас үйлчилгээний төлбөр 321.820 төгрөг шаардсан бол хариуцагч “Е”ХХК-иас “Их тэнгэр” цогцолбортой ямарваа нэгэн харилцаанд оролцож, үйлчилгээ аваагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Учир нь нэхэмжлэгч байгууллагын өглөг, авлагын тайланд хариуцагч “Е”ХХК нь 321.820 төгрөгийг өглөгтэй гэж бүртгэгдсэн нь хариуцагчийн  төлбөр төлөх үндэслэл болохгүй юм.

            Хариуцагч “Е”ХХК нь “Их тэнгэр” цогцолбортой хэзээ, ямар гэрээ хэлцэлийн үндсэн дээр эрх зүйн харилцаанд орсон болох нь тодорхойгүй, нэхэмжлээд буй 321.820 төгрөгийн төлбөр нь хэзээний, чухам ямар үйлчилгээний төлбөр болох нь нотлогдохгүй байна.

            Иймд хариуцагч “Е”ХХК-иас дээрх 321.820 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэггүй байна.

            Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 72.1-д зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил, мөн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг бөгөөд нэхэмжлэгч байгууллагын шаардах эрх үүссэн 2002 оноос хойш тооцоход хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

          Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

          Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгч байгууллагын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Е”ХХК-иас үйлчилгээний төлбөр 321.820 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Трын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР