Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/30

 

 

 

 

 

 

                                   2022/ШЦТ/30

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат

Шүүгдэгч: А.Бэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Аийн Бэд холбогдох эрүүгийн 2212000000004 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын .................. оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Аийн Бэ/РД:АД................/

 

                             Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч А.Бэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын .............. газар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Аллион” маркийн 65-10 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, мөн дүрмийн 11.3-д Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчиж Приус 20 маркийн 89-89 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан М.О, Л.У нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2212000000004 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч М.Оын өгсөн:

“...Би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн Сонгино сумаас Улаанбаатар хот руу нөхөр С.М зээ охин Г.Бэ нарын хамтаар орой 18 цагийн үед гараад явж байгаад Архангай аймгийн нутаг дэвсгэр дээр явж байгаад зам тээврийн осолд орсон. Манай нөхөр С.М жолоодож явсан. Би хэдэн км цагийн хурдтай явж байсанг мэдэхгүй байна. Миний зүүн хөлийн түнх мултарсан. Би дахин дүгнэлт гаргуулахгүй. Одоо эмчилгээний зардалд 5.400.000 төгрөгийг дансаар авсан эмчилгээнд гарсан зардал болон тээврийн хэрэгсэлд учирсан нийт зардал болох 15.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлоо бүрэн авах юм бол гомдолгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 141 дүгээр тал/

 

            *Хохирогч М.Оын дахин өгсөн:

            “...Би хохирлоо бүрэн барагдуулж авсан, хохирлыг дансаар над руу шилжүүлсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 174 дүгээр тал/

 

           *Хохирогч Л.Уын өгсөн:

           “...Би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би гэртээ байж байгаад өдөр 15 цагийн үед А.Б, манай эхнэр Б.Б, А.Бын эхнэр Д бид нар Донгой багийн төв ороод манай эхнэр 1 шил Болор авсан. А.Б 1 том пиво аваад эргээд гэр рүүгээ явах замдаа нэг пивыг А.Б бид 2 хувааж уугаад үлдсэн нэг шил архиа А.Бын очиж А.Бэ, А.Б бид гурав хувааж уугаад гэр гэртээ харьсан. Тэгээд үхрээ хураагаад 21 цагийн үед А.Бийн гэрийн гадна өөрийн Аллион маркийн машинтай ганцаараа очсон. Тэгээд А.Бийн гэрийн гаднаас миний машиныг унаад Донгой баг руу явсан. Баг дээр очоод 1 шил 0.5 гр Соёрхол архи 2 том пиво аваад Чулуут сум руу салдаг самбарын хажууд 1 шил архи 1 том пивийг уугаад гэртээ харихаар хөдөлсөн. Тэгээд цаашид юу болсон талаар мэдэхгүй байна. Машиныг А.Бэ жолоодож явсан. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. Би хэдэн км цагийн хурдтай явж байсанг мэдэхгүй байна. Миний зүүн хөлийн дунд чөмөг хугарсан. Би дахин дүгнэлт гаргуулахгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 166 дугаар тал/

 

           *Гэрч Б.Бийн өгсөн:

           “...Нөхөр Л.У 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 18 цагийн үед багийн төв орохоор ганцаараа явсан. Уг машин нь манай нөхрийн өөрийнх нь машин. Манай нөхөр сүүлийн 1 жил архи уугаагүй. Төрсөн өдөр нь байсан болохоор архи уусан байх. Надад багийн төв ороод бензин аваад ирнэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр тал/

 

           *Гэрч А.Бын өгсөн:

           “...Би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байхад 18 цагийн үед Л.У эхнэр Б.Бийн хамтаар манайд орж ирээд миний төрсөн өдөр найздаа юм авч өгөхгүй юм уу гэхээр нь одоо баг орж бензин авахдаа авч өгье гэж хэлээд баг руу А.Бэ, Б.Б, Л.У бид нар баг ороод бензинээ аваад би нэг том пиво, том ундаа, шоколад авч өгсөн. Дэлгүүрээс Б.Б нэг шил Болор архи, нэг хиам авч гарч ирсэн. Тэгээд замдаа нэг том пивыг А.Бэ, Л.У нартай хувааж уугаад Б.Бийн авсан архийг манайд бид 3 хувааж уугаад би гэртээ үлдээд Л.У, Б.Б нар гэр рүүгээ явсан. Л.У өөрөө машинаа унаад явсан. Л.У дээр очиход мань хэрэг тарьчих шиг боллоо, хүн амьтан алаагүй биздээ үнэн зөвөөр хэлээрэй гээд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр тал/

 

           *Гэрч С.Мын өгсөн:

           “...Би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой 18 цагийн үед Сонгино сумаас эхнэр М.О, зээ охин Бэ нарын хамтаар Улаанбаатар хот руу явж байгаад урдаас хурц гэрэлтэй машин гэрлээ шилжүүлэхгүй зарахад ард нь явж байсан машин миний унаж явсан машины зүүн тал руу цагаан зураас давж ирээд мөргөсөн, би өндөр далантай байсан болохоор тоормосоо гишгээд зогссон. Миний охин Мөнхжаргалын машин байгаа юм. Би урдаас ирж яваа машин гэрлээ шилжүүлэхгүй болохоор хурдаа хасаж 50-60 км/ц хурдтай явж байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/

 

            *Гэрч Д.Болормаагийн өгсөн:

            “...Манайх унтаж байхад хаалга нүдээд хөлдөж үхлээ А.Бэ байна гэхээр нь үүдээ онгойлгож өгсөн. Тэгсэн орж ирээд утсаараа яриулаач гэхээр нь утсаар яриулсан. Утсаар А.Быг хүрээд ир гэж хэлээд өгөөч гээд утсаар яриад байсан. Тэгээд манай баруун талын орон дээр унтсан. Тэгээд 08 цаг өнгөрч байхад байхад А.Б ирээд А.Бийг аваад явсан. Надад хэлэхдээ Л.У бид хоёр явж байгаад машинтай мөргөлдчихлөө гэхээр нь би эмчийг аваад яв гэж хэлсэн. Архи уусан байсан, явган алхаж ирлээ гээд саарал цамцтай орж ирсэн. Баруун шанаа хэсэгтээ халцарсан цус гарсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал/

 

          *Яллагдагч А.Бийн өгсөн:

“...Би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А.Б ахын гэрт байж байхад Л.Уын эхнэр Б.Б нар А.Бын ирээд баг явж бензин авах гэж байна гэхэд А.Бын эхнэр Д нар Донгой баг руу машинаар явсан. Тэгээд удалгүй 1 шил Болор архи том ундаатай авч ирсэн. Тэр архийг нь А.Б Л.У бид 3 хувааж уугаад байж байтал Л.У манай эхнэрийг ахдаа төрсөн өдрийн юм авч өгөхгүй гэхээр нь А.Б Д, Оюунсүрэн, Л.У, Б.Б бид нар баг орж 1 шил 0,7 гр Болор нэртэй архи нэг том пивыг би дэлгүүрээс мөнгөөр аваад замдаа 1 том пивыг уугаад үлдсэн нэг шил архийг А.Бын гэрт ирээд бид гурав хувааж уусан эхнэрүүд ганц нэг л татсан. Үүний дараа малдаа явахаар бүгд тарсан. Тэгээд малаа хурааж ирээд гэртээ байж байхад Л.У машинтайгаа ганцаараа манайд ирээд баг хамт яваад ирье гэхээр би машиныг нь бариад баг ороод дэлгүүрээс 1 шил Соёрхол нэртэй 0,5 гр архи, 2 ширхэг Нийслэл нэртэй пивыг аваад багийн төвийн салдаг самбарын хажууд замаас гараад 1 шил архи, 1 ширхэг 2 литрийн нийслэл пивыг 2-уулаа хувааж ууж дуусаад би Л.Уыг машинаа барь гэж хэлэхэд би их согтсон байна чи миний машиныг барьчих гэхээр нь би машиныг бариад харихаар засмал зам дээр явж байтал би замаа онохгүй мурилзаж яваад байсан юм. Тэгсэн урдаас машин ирж явахаар нь гэрлээ шилжүүлэхэд л цагаан зураас давж машинтай мөргөлдсөн. Тэгээд машинаас буугаад баг руу явган гүйгээд хэл өгөхөөр явсан. Баг ороод байгаль хамгаалагч Эрдэнэхүү гэрт очиход хаалга нь түгжээтэй байхаар нь нүдэхэд Болормаа эгч онгойлгож өгөөд гэрт орж утсаар нь Нааяа ахынх руу залгаж А.Б ахыг баг дээр хүрээд ирээч Л.У бид 2 аваар хийчихлээ гэж хэлсэн. Тэгээд хүлээх зуураа Эрдэнэхүү ахын баруун талын орон дээр хэвтэж байтал унтчихсан байсан тэгсэн Б ах 08 цагийн үед ирээд намайг аваад гэрт хүргэж өгөөд сумын төв рүү явсан. Би тухайн үед 80 км цагийн хурдтай явж байсан. Л.У бид 2 явж байсан өөр хүн яваагүй. Би жолоодож явж байсан. Би хэрэглэсэн нэлээд согтуу байсан. Би жолоодох эрхийн В ангиллын үнэмлэхтэй. Би хохирогч М.От учирсан хохирол болох 15.000.000 төгрөгийг М.Оын дансанд бүрэн шилжүүлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 162-163 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны  өдрийн 442 дугаартай“...Л.Уын биед зүүн дунд чөмөг яс дунд 1/3-ээр уртааш цуурч сэлтэрсэн спираль хэлбэрийн хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн дунд чөмөг яс дунд 1/3-ээр уртааш цуурч сэлтэрсэн спираль хэлбэрийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 108-109 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны  өдрийн 443 дугаартай“...М.Оын биед зүүн дунд чөмөг ясны толгой урагш дээш хагас мултарсан, тархи доргилт, баруун хацар, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн дунд чөмөг чөмөг ясны толгой урагш дээш хагас мултарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун хацар, шанаанд зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 129-130 дугаар тал/

 

*Дамно ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №АА-21-02 дугаартай:

“...2004 онд үйлдвэрлэгдэж 2013 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Монгол улсад орж ирсэн Аллион маркийн 65-10 АРА улсын дугаартай автомашины техникийн эвдрэлийн үнэлгээг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 3.956.400/гурван сая есөн зуун тавин зургаан мянга дөрвөн зуу/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 67-71 дүгээр тал/

 

*Дамно ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №АА-21-01 дугаартай:

“...2004 онд үйлдвэрлэгдэж 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсад орж ирсэн Приус-20 маркийн 80-89 УБЧ улсын дугаартай автомашины техникийн эвдрэлийн үнэлгээг 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 5.481.400/таван сая дөрвөн зуун наян нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 79-85 дугаар тал/

 

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, ослын газрын схем зураг/хх-ийн 2-8 дугаар тал/

*Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 177-178 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр А.Бэ нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэр ........ газар “Аллион” маркийн 65-10 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан М.О, Л.У нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч А.Бэ үйлдсэн болох нь хохирогч М.Оын”...Би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн Сонгино сумаас Улаанбаатар хот руу нөхөр С.М зээ охин Г.Бэ нарын хамтаар орой 18 цагийн үед гараад явж байгаад Архангай аймгийн нутаг дэвсгэр дээр явж байгаад зам тээврийн осолд орсон. Манай нөхөр С.М жолоодож явсан. Би хэдэн км цагийн хурдтай явж байсанг мэдэхгүй байна. Миний зүүн хөлийн түнх мултарсан...” гэх мэдүүлэг, хохирогч Л.Уын”...Тэгээд А.Бийн гэрийн гаднаас миний машиныг унаад Донгой баг руу явсан. Баг дээр очоод 1 шил 0.5 гр Соёрхол архи 2 том пиво аваад Чулуут сум руу салдаг самбарын хажууд 1 шил архи 1 том пивийг уугаад гэртээ харихаар хөдөлсөн. Тэгээд цаашид юу болсон талаар мэдэхгүй байна. Машиныг А.Бэ жолоодож явсан. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. Би хэдэн км цагийн хурдтай явж байсанг мэдэхгүй байна. Миний зүүн хөлийн дунд чөмөг хугарсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн”...Нөхөр Л.У 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 18 цагийн үед багийн төв орохоор ганцаараа явсан. Уг машин нь манай нөхрийн өөрийнх нь машин...” гэх мэдүүлэг, гэрч А.Бын”...Тэгээд замдаа нэг том пивыг А.Бэ, Л.У нартай хувааж уугаад Б.Бийн авсан архийг манайд бид 3 хувааж уугаад би гэртээ үлдээд Л.У, Б.Б нар гэр рүүгээ явсан. Л.У өөрөө машинаа унаад явсан. Л.У дээр очиход мань хэрэг тарьчих шиг боллоо, хүн амьтан алаагүй биздээ үнэн зөвөөр хэлээрэй гээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Мын”...Би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой 18 цагийн үед Сонгино сумаас эхнэр М.О, зээ охин Бэ нарын хамтаар Улаанбаатар хот руу явж байгаад урдаас хурц гэрэлтэй машин гэрлээ шилжүүлэхгүй зарахад ард нь явж байсан машин миний унаж явсан машины зүүн тал руу цагаан зураас давж ирээд мөргөсөн, би өндөр далантай байсан болохоор тоормосоо гишгээд зогссон...” гэх мэдүүлэг, гэрч Д.Болормаагийн”...Надад хэлэхдээ Л.У бид хоёр явж байгаад машинтай мөргөлдчихлөө гэхээр нь би эмчийг аваад яв гэж хэлсэн. Архи уусан байсан, явган алхаж ирлээ гээд саарал цамцтай орж ирсэн. Баруун шанаа хэсэгтээ халцарсан цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, хохирогч М.Оын биед зүүн дунд чөмөг ясны толгой урагш дээш хагас мултарсан, тархи доргилт, баруун хацар, шанаанд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны  өдрийн 443 дугаартай дүгнэлт, хохирогч Л.Уын биед зүүн дунд чөмөг яс дунд 1/3-ээр уртааш цуурч сэлтэрсэн спираль хэлбэрийн хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны  өдрийн 442 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Бэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл  болон уг үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч А.Бийг согтуурсан үедээ, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй юм.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Бийг  согтуурсан үедээ, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Бэ нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч А.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан, энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.О, Л.У нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Шүүгдэгч нь хохирогч М.Оын хохиролд 15.000.000 төгрөг төлсөн талаар баримтыг ирүүлсэн, хохирогч М.О нь гомдол санал, нэхэмжлэх байхгүй гэсэн, мөн хохирогч Л.У нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч А.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Бэ нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан  эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч А.Бэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор мөн шүүгдэгч нь Архангай аймгийн Өндөр-Улаан суманд оршин суудаг болох нь түүний мэдүүлэг, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Бэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт хураагдсан шүүгдэгч А.Бийн 1067361 дугаар бүхий жолооны үнэмлэхийг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Аийн Бийг согтуурсан үедээ, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бэд тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бэ нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

            6. Шүүгдэгч А.Бэд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            7. Шүүгдэгч А.Бэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч А.Бийн 1067361 дугаар бүхий жолооны үнэмлэхийг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР