Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2442

 

    “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01882 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Э-д холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 29 642,21 ам.доллар гаргуулах тухай иргэний хэргийг  хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч П.Э 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Г-тай 11/01 дугаартай картын зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 10 000 ам.долларын эрхтэй, олон улсын Платинум кредит карт эзэмших эрхийг 2 жилийн хугацаатайгаар нээлгэсэн, уг карт 2015 оны 01 дүгээр сар хүртэл хугацаатай байсан. Картын зээлийн эрх нээх гэрээний дагуу бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгөний хүү 2.5 хувь, хугацаа хэтрүүлсэн торгууль 1 хувь гэсэн гэрээний гол нөхцлийг тохирч, гэрээ байгуулж зээл авсан. 2014 оны 11 дүгээр сараас хойш картандаа нэг ч удаа орлого хийгээгүй. Картын үндсэн төлбөрт 10 887,49 ам.доллар, үндсэн хүү 8 630,49 ам.доллар, хугацаа хэтрүүлсэн торгууль 5 088,97 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсэний хүү 5 035,26 ам.доллар буюу 18 754,72 ам.доллар нийт 29 642,21 ам.доллар болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Э-аас 29 642 ам.доллар гаргуулж, “Г“ ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 506 747 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 506 747 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж нотлох баримтуудыг дутуу бүрдүүлж, буруу үнэлж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

1. Миний бие 20 000 ам.долларын хадгаламж нээлгэн түүндээ олон улсын гүйлгээний эрхтэй карт авсан. Түүнээс биш ямар нэг зээл аваагүй, зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээг үзээгүй мөн гарын үсэг зурж баталгаажуулсан зүйлгүй. Уг олон улсын карттай холбоотой хадгаламжаа 2015 оны 3 дугаар сард хааж дуусгавар болгосон.

2. Би уг картыг ашиглаж байгаад хэрэглэх шаардлагагүй болсон тул 2015 оны 3 дугаар сард Голомт банкинд очиж 20 000 ам.долларын хадгаламжаа хааж, ашигласан мөнгийг хасч тооцоог хийгээд үлдэгдэл ам.доллараа хүлээн авсан. Ямар нэг тооцооны үлдэгдэлгүй байсан тул хадгаламжаа хаалгасан. Тэгтэл үүнээс хойш 2 жилийн дараа 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй төдийгүй миний хэзээ 20 000 ам.долларын хадгаламж нээлгэсэн, дуусгавар болгосон тухай санхүүгийн баримтууд нэхэмжлэгч талд байхад зээл аваад ор сураггүй алга болсон мэтээр худал нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийх” мөн гарын үсгээр баталгаажуулж хүчин төгөлдөр болох байтал уг зээлийн гэрээ гэх зүйл нь хуулийн шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт өгч үндэслэлгүй үндсэн төлбөр, хүү тооцож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.

3. Шүүх нэхэмжлэлийг гадаад вальютаар тооцож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т "банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах, гэрээ түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно" гэж заасан байх тул нэхэмжлэгч ам.доллараар тооцож нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчихгүй гэжээ. Энэ заалт гэрээний эрх зүйн харилцааг гадаад вальютаар хийж болно гэсэн заалт болохоос шүүхэд хандаж нэхэмжлэлийн үнийг дүнг тодорхойлох заалт биш бөгөөд Иргэний хэрэг шүухэд хянан шийдвэрлзх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Уг хэрэгт Монголбанкнаас зарласан гадаад вальютын талаарх ямар нэг албан ёсны ханшийн шаардлага хангасан лавлагаа, тодорхойлолт бүхий баримт байхгүй байхад нэхэмжлэгчээс 506 747 төгрөг төлсөн байна. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж шийдвэрлэхдээ гадаад вальютаар шийдэж, харин уг гадаад вальюттай холбоотой шүүхийн зардлыг үндэсний мөнгөн тэмдэгтээр төлөх зэргээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцож хуульд заасан эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч П.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29 642,21 ам.доллар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зээлийн гэрээ, кредит картын дансны хуулга зэргийг үндэслэн зохигчдын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2015 оны 01 дүгээр сар хүртэлхи хугацаатай, 10 000 ам.долларын эрхтэй, олон улс болон дотоодод хэрэглэгдэх эрхтэй олон улсын Платинум кредит картын зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан, гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагч П.Э-аас 29 642 ам.доллар гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч П.Э нь 20 000 ам.долларын хадгаламж нээлгэн түүндээ олон улсын гүйлгээний эрхтэй карт авч, олон улсын карттай холбоотой зардал болон хадгаламжаа 2015 оны 3 дугаар сард хааж дуусгавар болгосон, ямар нэгэн зээлийн гэрээ байгуулж, зээл аваагүй гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэж үзэж, шийдвэрийнхээ үндэслэл болгосон нотлох баримт болох карт эзэмшигч П.Э-ны кредит картны хуулга гэсэн 6 хуудас баримт /хх-7-13/ гүйлгээний утгууд англи хэл дээр бичигдсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна” гэж заасны дагуу гадаад хэл дээр үйлдэгдсэн баримтыг орчуулуулсан байх шаардлагатай.

Дээрх баримтууд монгол хэл дээр орчуулагдаагүй байгаа учраас эдгээр баримтад үндэслэн гэрээний үүрэгт хэдэн төгрөг үүссэн, гэрээний үүрэг биелүүлээгүйтэй холбоотой торгууль болон бусад хүүг шаардах эрх үүссэн эсэх талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй юм.

         Гадаад валютын ханшийг Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар хэрхэн тооцсон нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамжийг  хуваарилан хариуцуулсан нь үндэслэлгүй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн  168.1.1-т зааснаар шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх  үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгт авагдсан баримтын хэмжээнд үнэлгээ хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01882 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 506 747 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол  гаргах  хугацааг  тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                            Т.ТУЯА

                                                                                                             Д.БАЙГАЛМАА