Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00814

 

   О.Гантөмөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/02201 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 344 дугаар магадлалтай,

О.Гантөмөрийн нэхэмжлэлтэй,

Практикал даатгал ХХК, Практикал даатгал ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд тус тус холбогдох

ТУЗ-ийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2019/13 тоот ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Гантөмөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Гантөмөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2012 оноос тус компанид актуарчаар ажиллаж эхлээд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс ТУЗ-ийн тогтоолоор Практикал даатгал ХХК-д гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа компанийн нийт борлуулалт, үр ашгийн үзүүлэлт, бизнес төлөвлөгөөгөөр тавигдсан зорилго, зорилтоо тасралтгүй давуулан биелүүлж байсныг үнэлэн 2017 онд Очир-Ундраа группийн хэмжээнд шилдэг гүйцэтгэх захиралд олгодог Манлайлан удирдагч шагнал авч байсан, ТУЗ-өөс үр дүнгийн гэрээг дүгнэн 2017 онд 89,6 хувиар, 2018 онд 81,93 хувиар тус тус ажлын үр дүнг хангалттай гэж үнэлэн 3 жил дараалан урамшууллыг олгож байсан. Гэтэл ТУЗ-ийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2019/13 тоот тогтоолоор огт үндэслэлгүй, надад урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. ТУЗ-ийн 2019/13 тогтоолоор намайг 3 үндэслэл зааж ажлаас чөлөөлсөн. БДО аудит ХХК-ийн шалгалтын тайлангаар ноцтой зөрчил гаргасан гэсэн бөгөөд миний бие ажлаас халагдах хүртэл хугацаанд тус БДО аудит ХХК-иас Практикал даатгал ХХК-д хийсэн шалгалтын тайлангийн дүгнэлт эцэслэн ирээгүй байхад энэ аудитын дүгнэлтийг үндэслэж ажлаас халж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ шалгалтаар 2018 оны 12 дугаар сарын 31-нээр тасалбар болгон компанийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн, дүгнэлтээ 2019 оны 04 дүгээр сарын 15-нд гаргасан, гэтэл үүний дараа 04 дүгээр сарын 25-нд надад үр дүнгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Тиймээс уг шалгалтаар намайг буруутгаж зөрчилтэй гарсан гэж үзэхгүй юм. ТУЗ-ийн 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн №20170629-1/АЗ-6 тоот "Үр дүнгийн гэрээг дүгнэж, урамшуулал олгох тухай" тогтоол, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №20180524-2/А5-9 тоот "Үр дүнгийн урамшуулал олгох тухай" тогтоолын биелэлтийг хэрэгжүүлж ажиллаагүй гэсэн. Гэтэл 2018 онд нийгмийн даатгалын байгууллагаас Практикал даатгал ХХК-д шалгалт орохдоо дээр дурдсан тогтоолыг хэрэгжүүлээгүй талаар ямар нэг зөрчил илэрсэн тухай дурдаагүй байхад уг тогтоолуудыг хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь огт үндэслэлгүй. 2017, 2018 онд олгосон урамшууллаас тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэсэн нь үндэслэлгүй. Компани нь ажил олгогчийн хувьд 12 хувиар шимтгэл төлөх үүрэгтэй, энэ нь ажилтанд хамаарахгүй. ТАI 360 үнэлгээний дүгнэлтээр хангалтгүй гэж үзсэн. Гэтэл ТУЗ-өөс уг үнэлгээг хийхдээ хэн, хэрхэн яаж хийсэн, ажиллагсдаас хэдэн хүнийг асуулганд хамруулсан, тэдгээр хүмүүсийг хэрхэн яаж сонгосон, ямар үр дүн гарсан талаар ямар ч мэдээлэл өгөхгүйгээр дээрх үнэлгээний тайланг үндэслэн ажлаас чөлөөлж байгааг ойлгохгүй байна. Гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдаж байсан, өөрсдөө албан тушаалаа дэвшүүлж ажиллахыг хүссэн хүсэлтийг нь зөвшөөрөөгүй байсан хүмүүс ихэвчлэн уг үнэлгээний асуулгад оролцсон байгаа нь эргэлзээтэй юм. ТАI 360 үнэлгээ нь гүйцэтгэх захирлыг манлайллын чадвараа хаана алдаж байгаад зөвлөмж өгөхөд чиглэсэн ажилтнууд бие биенээ тойрч үнэлсэн арга болохоос ажлаас халах үнэлгээ болохгүй, үйл ажиллагаанд бодит үнэлгээ хийсэн гэж үзэх боломжгүй. Энэ дүгнэлт нь албан ёсоор эх хувиар компанид ирээгүй байна. Тодорхойлолт нь бүр сүүлд ажлаас халснаас хойш ирсэн байна. ТУЗ-ийн ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн. Миний бие Практикал даатгал ХХК-тай Хөлсөөр ажиллуулах гэрээ, Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээг байгуулан ажилладаг бөгөөд ТУЗ-ийн бүрэлдэхүүнд ордоггүй. Өөрөөр хэлбэл ТУЗ-ийн үйл ажиллагааны журмыг мөрдөж ажиллах үүрэг хүлээгээгүй байтал тус үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна. Ажилтан Л.Цогт-Очир нь 2013 онд тус компанид ажилд орсон байдаг ба 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 18-02Б/129 тоот тушаалаар түүнийг Бизнес хөгжлийн газрын захирлаар томилохдоо ТУЗ-д мэдэгдээгүй гэдэг нь үндэслэлгүй, тухайн үед ТУЗ-ийн бичиг хэргээр дамжин мэдэгдэж байсан. Энэ хүнд мөн л ажлыг нь дүгнэн, 2018 онд үр дүнгийн урамшуулал олгосон байдаг. Мөн компанийн Комплаенсын газрын дотоод аудитын шалгалтыг 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 12 дугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд явуулж, даатгалын үйл ажиллагаа, нөхөн төлбөртэй холбоотойгоор өмнөх аудитын дүгнэлтийг хэрэгжүүлсэн эсэхийг шалгаж, намайг ямар зөрчлийг гаргасан гэж үзээд байгааг нь ойлгохгүй байна. Гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолт гэж байдаггүй, ёс зүйн дүрэм зөрчсөн, шалгалтуудад хангалтгүй бол үр дүнгийн гэрээний үнэлгээг бууруулдаг. Гэтэл миний 2018 оны ажлын үнэлгээг ч мөн хангалттай гэж үнэлэн 2019 оын 4 дүгээр сарын 29-ний өдрийн ТУЗ-ийн тогтоолоор үр дүнгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. 2019 оны 5 дугаар сарын 14-нд ТУЗ-ийн өргөтгөсөн хуралдаан болж, ажлын үр дүн урамшууллыг олгож, 2019 оны төслийг хэлэлцэн батлахаар шийдвэрлэж, 05 дугаар сарын 15-нд нь надад миний и-мэйл хаягаар 2019 оны Гүйцэтгэх захирлын үр дүнийн гэрээ-ний төслийг эцсийн хувилбараар явуулж, гэрээг сунгахаар шийдвэрлэсэн. Гэтэл 10 хоногийн дараа ТУЗ-ийн хороодуудад үүрэг өгч хяналт шалгалт зохион байгуулахыг даалгаж, шалгалт явуулсан. Тэдгээр шалгалтуудаар тогтоосон зөрчил гээд байгаа зүйлүүд нь 2017, 2018 оны үйлдлүүд байна. Миний бие нь Хөлсөөр ажиллуулах гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, сахилгын зөрчил гаргаагүй тул ТУЗ-ийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2019/13 тоот ажлаас чөлөөлөх түхай тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоохыг ТУЗ-д даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг өнөөдрийг хүртэл хугацаагаар тооцон олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулж өгөхийг хариуцагч Практикал даатгал ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Гүйцэтгэх захирал О.Гантөмөрийг Практикал даатгал ХХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2019/13 тоот тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлсөн. Уг ТУЗ-ийн тогтоол нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8.-д Компанийн удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох гэсэн, Практикал даатгал ХХК-ийн дүрмийн 6.3, 7.5-д заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан бөгөөд түүнийг ажлаас нь чөлөөлөхөөс өмнө Практикал даатгал ХХК-ийн 2018 оны санхүүгийн тайланд аудит хийсэн БДО аудит ХХК-ийн тайлан, зөвлөмжид дурдсан алдаа зөрчил, 2018 онд ОЧУН ХХК-ийн Комплаенсын газраас хийсэн дотоод аудитын тайлан, зөвлөмжийг үндэслэн, ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын хэрэгжилтийг хангах, Практикал даатгал ХХК-ийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжилд үнэлэлт, дүгнэлт өгөх гүйцэтгэх захирлын 360 үнэлгээг хийх зорилгоор компанийн үйл ажиллагаанд холбогдох хяналт шалгалтыг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд зохион байгуулах үүргийг ТУЗ-ийн даргад даалгасан ТУЗ-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 19/11 тоот тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу хяналт шалгалтыг ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хороо, Аудитын хороо, Стратегийн хорооноос явуулж, уг 3 хорооны дүгнэлтүүдээр гүйцэтгэх захирал О.Гантөмөр нь ТУЗ-ийн үйл ажиллагааны журам, ТУЗ-өөс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, Очир-Ундраа групп компанийн нэгдсэн журмын хэрэгжилт хангалтгүй, даатгалын санхүүгийн үйл ажиллагаа хангалтгүй, ажлын гүйцэтгэл хангалтгүй алдаа дутагдалтай ажиллаж байна гэж дүгнэгдсэн. ТУЗ-ийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар ТУЗ-ийн 3 хорооны дүгнэлтийг хэлэлцэн, 19/12 тоот тогтоол гарч О.Гантөмөрт хариуцлага тооцож, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг чиг үүргийг хороодод үүрэг болгосон. ТУЗ-ийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар 2019/13 тоот тогтоол гарч гүйцэтгэх захирал О.Гантөмөрийг үүрэгт ажлаас чөлөөлсөн. О.Гантөмөр нь Практикал даатгал ХХК-ийг удирдан ажиллаж байх хугацаанд компанийн хэвийн үйл ажиллагааг хэрхэн алдагдуулж, компанийн дотоод уур амьсгалд бүлгийн эрх ашиг сонирхол давамгайлж байгааг хөхүүлэн дэмжиж, компанид шударга бус байдал газар авах байдалтай болсон нь холбогдох байгууллагуудын хяналт шалтгалтын дүгнэлтээр нотлогдсон гэж үзсэн. Дээрх ТУЗ-ийн тогтоол шийдвэрүүд, хяналт шалгалтын дүгнэлтүүд нь нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүйгээр гэнэт ажлаас халсан гэсэн тайлбарыг үгүйсгэж байна. Харин ч нэхэмжлэгчид энэхүү шалгалт явуулж буйг танилцуулан, ялангуяа гүйцэтгэх захирлын удирдлагын үйл ажиллагаанд 360 үнэлгээ хийсэн судалгааны ажлын хүрээнд нэхэмжлэгчийг өөрийг нь болон шат шатны ажилтан, хамтран ажиллагч байгууллагыг оролцуулан хараат бусаар гаргасан дүгнэлтийг ажлаас чөлөөлөх нэг үндэслэл болгон тогтоолд заасан. БДО аудит ХХК-ийн тайлан, зөвлөмжийг танилцуулаагүй, ажлаас чөлөөлсөн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд уг тайлан нь 2019 оны 4 дүгээр сарын 25-нд гарсан, нэхэмжлэгч тайлантай танилцсанаас хойш 2 сар гаруй хугацааны дараа түүнийг ажлаас чөлөөлсөн. Мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан хөдөлмөрийн маргаан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. О.Гантөмөрийг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 16/01 дугаартай ТУЗ-ийн даргын шийдвэрээр туршилтын хугацаагаар гүйцэтгэх захирлын ажилд томилсон бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 16/03 дугаартай шийдвэрээр гүйцэтгэх захирлаар жинхлүүлэн томилсон. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.9., 83 дугаар зүйлийн 83.1., Иргэний хуулийн 359-368 дугаар зүйл, Практикал даатгал ХХК-ийн дүрмийн 8.2, 2017 онд батлагдсан ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 2.4.1.8-т зааснаар О.Гантөмөртэй Хөлсөөр ажиллах гэрээг байгуулж, ТУЗ-ийг ажиллуулагч, О.Гантөмөрийг ажиллагчаар тодорхойлж зохицуулах харилцаа, талуудын эрх, үүрэг, ажлын хөлс, урамшуулал, хариуцлага зэргийг тодорхой тусгаж, гэрээний хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 3 жилээр байгуулсан юм. Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэж, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Иргэний хуулийн 359-368 дугаар зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр ажлын хөлсийг сар бүр тогтмол хэмжээгээр олгохоор, хугацааг 3 жилээр тодорхойлж заасан. Харин хөлсөөр ажиллах гэрээг байгуулан ажилласнаас хойш түүний гаргасан алдаа зөрчлийг үндэслэн Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2., Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8., 2017 оны ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 2.4.19, 2019 оны ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 2.2.2-т заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх бүрэн эрх нь Практикал даатгал ХХК-ийн ТУЗ-ийн бүрэн эрхэд хадгалагдаж байгаа. Иймд ТУЗ нь Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллуулах гэрээг хууль журмын дагуу цуцалсан байхад Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар маргаан үүсгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь ТУЗ-ийн үйл ажиллагааны журмыг зөрчөөгүй гэсэн нь үндэслэлгүй. 2017 оны ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 2.4.1.10-т зааснаар Гүйцэтгэх захирал нь ТУЗ-өөс баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу ерөнхий нягтлан бодогчоос бусад ажиллах эрх бүхий албан тушаалтныг сонгон шалгаруулах бөгөөд томилох эсэх шийдвэрийг ТУЗ-тай зөвшилцөн гаргана гэснийг зөрчин Бизнес хөгжлийн газрын захирлаар Л.Цогт-Очирыг томилсон гэх мэт зөрчлүүд гаргасан. Мөн ТУЗ-ийн тогтоолоор О.Гантөмөрийн үр дүнгийн гэрээг дүгнэж 2016, 2017, 2018 оны үр дүнгийн гэрээний урамшуулал болгож 20-35 сая төгрөг өгсөн бөгөөд Нийгмийн даатгын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлд 2017 онд 3.720.000 төгрөгийг, 2018 онд 4.006.720 төгрөгийг заавал төлөх үүргээ биелүүлээгүй. Хөлсөөр ажиллагчтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний эх сурвалж нь Иргэний хууль, Компаний тухай хууль, Практикал даатгал ХХК-ийн дүрэм, Практикал даатгал ХХК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааны журмаар тус тус зохицуулагдахаар гэрээнд заасан тул дээрх хууль, журмаар хоорондох харилцааг зохицуулах нь зүйтэй юм. Нэхэмжлэгчтэй Хөлсөөр ажиллуулах гэрээг 3 жилээр, түүнийг хэрэгжүүлэхийн тулд Үр дүнгийн гэрээг жил бүр байгуулсан, хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдвал үр дүнгийн гэрээ цуцлагдахаар заасан учир 2019 онд үр дүнгийн гэрээг байгуулаагүй. ТУЗ нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, иргэний эрх зүйн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний талуудын хэн нь ч хугацаанаас өмнө гэрээг цуцлах эрхтэй, гэрээний үүрэг зөрчсөн нь хангалттай нотлогдсон учир нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/02201 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Гантөмөрийг урьд эрхэлж байсан Практикал даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 28 839 389 төгрөгийг хариуцагч Практикал даатгал ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Практикал даатгал ХХК-ийн ТУЗ-д холбогдох 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2019/13 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татвар, хураамжийг тооцон нэхэмжлэгч О.Гантөмөрийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч Практикал даатгал ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 302 147 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 344 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/02201 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 302 147 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболдын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.1, 172.2.1-т заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул доорхи үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна. Практикал даатгал ХХК-ийн ТУЗ-ийн 2019.07.02-ны өдрийн 2019/13 дугаартай тогтоолоор Компанийн тухай хуулийн 76.1.8-т компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох бүрэн эрхийн хүрээнд, Практикал даатгал ХХК-ийн дүрмийн 6.3, 7.5-т заасныг тус тус үндэслэсэн О.Гантөмөрийг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь Практикал даатгал ХХК-ийн 2018 оны санхүүгийн тайланд аудит хийсэн БДО аудит тайлан, зөвлөмжид дурдсан алдаа зөрчил, 2018 оны 11-р сард группын толгой компани болох ОЧУН ХХК-ийн Комплаенсын газраас хийсэн дотоод аудитын тайлан, зөвлөмж, Практикал даатгал ХХК-ийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжилд үнэлэлт, дүгнэлт өгөх Гүйцэтгэх захирлын 360 үнэлгээг 2019.06.17-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл гүйцэтгэсэн ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хороо, Аудитын хороо, Стратегийн хороо тус тус явуулж 3 хорооны дүгнэлтээр ажпын гүйцэтгэл хангалтгүй, алдаа дутагдалтай ажиллаж байна гэж тодорхойлсон байна. Улмаар ТУЗ-ийн 2019.07.01-ний өдрийн хуралдаанаар ТУЗ-ийн 3 хорооны хяналт шалгалтын үр дүнг хэлэлцэж, 19/12 дугаартай тогтоолоор хяналт шалгалтын тайлангаар гүйцэтгэх захирал О.Гантөмөрт хариуцлага тооцож, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг чиг үүргийн хороодод үүрэг болгосон ба ТУЗ-ийн 2019.07.02-ны өдрийн хуралдаанаар 2019/13 дугаартай тогтоол гарган гүйцэтгэх захирал О.Гантөмөрийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Компанийн тухай хуулийн 76.1.8, Практикал даатгал ХХК-ийн дүрмийн 6.3, 7.5, Практикал даатгал ХХК-ийн ТУЗ-ын үйл ажиллагааны журмын 2.2.2, 2.2.5, 2.2.6-т зааснаар тус тус Гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх эрх нь Практикал даатгал ХХК- ийн ТУЗ-ын бүрэн эрхэд хадгалагдаж байгаа бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлж, алдаа дутагдалтай ажилласан О.Гантөмөрийг ТУЗ-ын хуралдаанаар ажлаас нь чөлөөлөхдөө хууль зөрчөөгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх Практикал даатгал ХХК-ийн ТУЗ-өөс О.Гантөмөртэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25-р зүйлд зааснаар контракт гэрээ байгуулсан гэж дүгнэсэн атлаа мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан хариуцлагыг тодорхой зааж өгсөн гэрээний 4.4.3, 4.4.7, 4.4.8, 4.4.9, 4.4.10, 4.4.11, 4.4.12, 4.4.13, 4.4.15, 4.4.16, 4.4.17, 4.4.18, заасан ажил, үүргийг бүрэн гүйцэтгэж чадаагүй, мөн гэрээний 6.4.1-т Итгэл даах, 6.4.2-т Үнэнчээр ажиллах, 6.4.3-т Өөрийн туршлага, мэдлэгээ дайчлан хийх, хайнга ажлаас хөндий байдал үл гаргах, 6.4.6-т Олгогдсон урамшууллаас хуульд заасан татвар, хураамж, тэдгээртэй адилтгах хэсгийг төлөх, 6.4.7-т Ёс суртахууны үүргүүд гүйцэтгэх захирлын ажлыг хийхдээ биелүүлэх үүргийг ТУЗ-ын өмнө хүлээж ажиллаагүй нь түүнтэй байгуулсан гэрээг зөрчсөн гэрээний зөрчил бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 10.2, 12.1.2, 12.6.3, 12.6.4-т заасны дагуу ТУЗ-аас БДО аудит тайлан, зөвлөмжид дурдсан алдаа зөрчил, 2018 оны 11-р сард группын толгой компани болох ОЧУН ХХК-ийн Комплаенсын газраас хийсэн дотоод аудитын тайлан, зөвлөмж, Практикал даатгал ХХК-ийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжилд үнэлэлт, дүгнэлт өгөх Гүйцэтгэх захирлын 360 үнэлгээг 2019.06.17-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл гүйцэтгэсэн ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх, цалин Ф- урамшууллын хороо, Аудитын хороо, Стратегийн хороо тус тус явуулж 3 хорооны дүгнэлтээр ажлын гүйцэтгэл хангалтгүй, алдаа дутагдалтай ажиллаж байна гэсэнд дүгнэлт өгч түүнийг ажлаас чөлөөлсөн. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлд заасан сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг ажлаас халсан үндэслэлгүй гэж шийдвэрээ тайлбарласан. Практикал даатгал ХХК-ийн ТУЗ-өөс БДО аудит тайлан, зөвлөмжид дурдсан алдаа зөрчил, 2018 оны 11-р сард группын толгой компани болох ОЧУН ХХК-ийн Комплаенсын газраас хийсэн дотоод аудитын тайлан, зөвлөмжид дурьдсан алдаа зөрчлийг давхар тогтоохоор Практикал даатгал ХХК-ийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжилд үнэлэлт, дүгнэлт өгөх Гүйцэтгэх захирлын 360 үнэлгээг 2019.06.17-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл гүйцэтгэсэн ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хороо, Аудитын хороо, Стратегийн хороо тус тус явуулж 3 хорооны хяналт шалгалтыг зохион байгуулж, түүнтэй байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хариуцлагагүй ажиллаж байгаа тул ТУЗ-өөс түүнд итгэл үзүүлж цаашид ажиллах нь компанийн ирээдүйн үйл ажиллагаа, компанийн засаглалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг тодорхойлж ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь ТУЗ-ийн үйл ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд 2017 оны ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 2.4.1.10-т зааснаар гүйцэтгэх захирал нь ТУЗ-с баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу Ерөнхий нягтлан бодогчоос бусад ажиллах эрх бүхий албан тушаалтныг сонгон шалгаруулах бөгөөд томилох эсэх шийдвэрийг ТУЗ-тай зөвшилцөн гаргана гэснийг зөрчин Бизнес хөгжлийн газрын захирлаар Цогт-Очирыг томилсон байдаг. Мөн ТУЗ-ийн тогтоолоор О.Гантөмөрийн үр дүнгийн гэрээг дүгнэж 2016, 2017, 2018 оны үр дүнгийн гэрээний урамшуулал болгож 20-35 сая төгрөг өгсөн бөгөөд тэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 17.1.1-т заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нь гүйцэтгэх удирдлага буюу ажил олгогчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх атал хууль зөрчсөн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд О.Гантөмөр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.1-т заасан үндэслэл тогтоогдсон, гэрээнд заасан үүргээ 2 ба түүнээс дээш биелүүлээгүй болох нь хөндлөнгийн болон ТУЗ-ийн 3 хорооны эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.Гантөмөр нь хариуцагч Практикал даатгал ХХК-ийн ТУЗ-д  холбогдуулан ажлаас чөлөөлсөн 2019/13 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, хариуцагч Практикал даатгал ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх, хариуцагч Практикал даатгал ХХК-ийн ТУЗ-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Практикал даатгал ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин хоёр шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоохдоо зохигчийн хооронд гэрээний хугацаа дуусгавар болсныг анхаараагүй нь учир дутагдалтай болсон байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Практикал даатгал ХХК-ийн ТУЗ-ийн 2019/13 тоот тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох шаардлагын үндэслэл гэж хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Нэхэмжлэгч О.Гантөмөр нь хөлсөөр ажиллах гэж нэрлэсэн гэрээний үндсэн дээр Практикал даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад тус компанийн ТУЗ-ын 2019/13 тоот тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

Уг гэрээ нь хөлсөөр ажиллах гэж нэрлэгдсэн хэдий ч гэрээний агуулга, зорилго, гэрээнд тусгагдсан талуудын эрх, үүрэг, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, эзэмших ашиглах захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хөнгөлөлт гэрээг дүгнэх журам, хүлээх хариуцлагын зохицуулалтыг хоёр шатны шүүх харьцуулан тайлбарлаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 25.3-т заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан контрактын гэрээ гэж үзсэн нь хуульд нийцжээ.

Шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т заасан гэрээг тайлбарлах журмыг баримталсан нь үндэслэл бүхий байх бөгөөд зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээний үүргээ нэхэмжлэгч ноцтой зөрчснөөс мөн хуулийн 367 дугаар зүйлийн 367.2-т зааснаар гэрээг цуцалсан гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгджээ.

Контрактын гэрээ хөдөлмөрийн гэрээний нэг төрөл болохын хувьд тухайн гэрээг ажил олгогч санаачилж цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээс гадна мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан нөхцөл, журам хамаардаг байна. Практикал даатгал ХХК-ийн ТУЗ-ын 2019/13 тоот тогтоолд О.Гантөмөрийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль үндэслэлээр ажлаас чөлөөлж буйгаа тодорхой заагаагүй байна.

ТУЗ-ын 2019/13 тоот тогтоолд нэхэмжлэгч О.Гантөмөрийг аудитын шалгалтын тайлангаар ноцтой зөрчил гаргасан, ТУЗ-ын тогтоолын биелэлтийг хэрэгжүүлж ажиллаагүй, ТУЗ-ын үйл ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэл заасан боловч хариуцагчийн гаргаж, хэрэгт авагдсан нотлох баримтаар эдгээр зөрчил контрактын гэрээгээр хүлээсэн гүйцэтгэх ёстой чиг үүргээ нэхэмжлэгч хэзээ, хэрхэн зөрчснийг болон зөрчил нь ноцтойд тооцогдож гэрээг цуцлах үндэслэл болсныг бүрэн нотлоогүй байна.

Контрактын гэрээний 12 дугаар хэсгийн 12.6-д ТУЗ-ын санаачилгаар гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлүүдийг нэрлэн тусгасан байх бөгөөд ТУЗ-ын 2019/13 тоот тогтоолд гэрээний 12.6.3, 12.6.4-т заасныг баримталсан, эдгээр заалтад гүйцэтгэх захирал нь хууль, тогтоомж болон компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ТУЗ-ын шийдвэрийг биелүүлээгүй гэх нөхцөлүүд байна.

Дээрх 2019/13 тоот тогтоолоос үзвэл, ТУЗ-ын шийдвэрийг биелүүлээгүй үйлдэлд  гүйцэтгэх захиралд 2016, 2017, 2018 онуудад олгосон үр дүнгийн урамшуулалд ногдох нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйг хамааруулсан ба энэ зөрчлийн тухайд хоёр шатны шүүх дүгнэхдээ, хуульд заасан албан татвар, шимтгэл тооцож олгохыг тус компанийн Санхүү, бүртгэлийн албанд хариуцуулж үүрэг болгосноос гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан зөрчил үйлдэгдсэнээс хойш 6 сарын дотор буюу 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор илрүүлж, түүнээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин ТУЗ-өөс баталсан үйл ажиллагааны журмыг зөрчиж хэрэгжүүлээгүй гэдэгт бизнесийн хөгжлийн газрын захирлаар н.Цогт-Очирыг томилохдоо ТУЗ-тэй зөвшилцөөгүйг дурдсан нь цаг хугацааны хувьд шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа өнгөрчээ. БДО аудит ХХК-ийн шалгалтын тайлангаар нэхэмжлэгч нь компанид мөрдөж хэрэгжүүлэх ямар дүрэм, журмыг хэрхэн зөрчсөн, үүнтэй холбоотой гэрээнд заасан аль зөрчлийг гаргасан нь нотлогдоогүй байна.

Дээрх байдлаар хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, нэхэмжлэгчийг ажлаас халах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн нь хуульд нийцжээ.

О.Гантөмөртэй байгуулсан контрактын гэрээний хугацаа 3 жил бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу 2019.12.31-ний өдрөөр хугацаа нь дуусгавар болсон тул нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй юм.

Практикал даатгал ХХК нь О.Гантөмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад хууль зүйн үндэслэлгүйгээр гэрээг цуцалсан тул нэхэмжлэгч гэрээний хугацаа дуустал ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шаардах эрхтэй. Иймээс ажлаас халагдсан 2019.07.02-ны өдрөөс 2019.12.31-ний өдөр хүртэл 5 сар, 20 хоногт сарын дундаж хөлс 5.794.833 төгрөгөөр тооцон /үүнээс нэг хоногийн 269.527 төгрөг/ нийт 34.364.707 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 344 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/02201 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Практикал даатгал ХХК-иас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 34.364.707 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Гантөмөрт олгож, тус компанид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл, хариуцагч Практикал даатгал ХХК-ийн ТУЗ-д холбогдох 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2019/13 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтад 302.147 төгрөг гэснийг 329.774 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Хариуцагч Практикал даатгал ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 302.150 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ