| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/03813/и |
| Дугаар | 03476 |
| Огноо | 2017-12-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 03476
2017 оны 12 сарын 21 өдөр Дугаар 102/ШШ2017/03476 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч ША СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч Н.Ё-д холбогдох дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 2.913.732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нэмэхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ША СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус холбоо Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Шинэ-Алтай нэртэйгээр, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Алтай хотхоны 8, 10, 12, 14 дүгээр байрны оршин суугчдын 91.3 хувийн санал, шийдвэрээр үүсгэн байгуулагдсан.
Тэрээр 2013 оны 02 дугаар сараас эхлэн Баянгол дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоо, татварын албанд бүртгүүлж гэрчилгээ, тамга, харилцах дансаа нээлгэн, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд сууц өмчлөгчдын холбооны эрх зүйн дээд зөвлөлийн тогтоол, бүх гишүүдийн хурлаар сууц өмчлөгчдийн төлөх төлбөрийг тогтоосон байдаг.
Гэтэл тус СӨХ-нд харьяалагддаг 14 дүгээр байрны оршин суугч Н.Ё 2013 оны 10 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарыг хүртэл сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүй, 8, 10, 12, 14 дүгээр байрны нийт 628 өрхийн эрх ашгийг хөндөж байна. Өөрөөр хэлбэл:
Хариуцагч төлбөрөө төлөхгүй байгаагаас үүдэн сууц өмчлөгчдийн холбоо хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүрч төлбөрөө төлсөн оршин суугч нар хохирч байна.
Иймд хуульд заасны дагуу 14 дүгээр байрны 45 тоотын оршин суугч М.Ё-аас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний төлбөр 2.913.732 төгрөг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нэмэхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж оролцоно. Бид эвлэрэх боломжтой гээд хариуцагчтай уулзахад зөвшөөрөөгүй тул эвлэрч чадаагүй. Тус Сууц өмчлөгчдийн холбоонд харъяалагддаг 14 дүгээр байрны оршин суугч Н.Ё Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу СӨХ-ны төлбөрөө төлөхгүй, төлөхийг удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнөөдрийг хүрсэн тул 2013 оны 10 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөр 2.913.732 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ША СӨХ, хариуцагч Н.Ё-аас дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 2.913.732 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагч Н.Ё-д шүүх хуралдааны товыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр түүний 99090172 дугаарын утсанд залган мэдэгдэж мөн Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай баримтыг шуудангаар хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
ША СӨХ 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн, 175 дугаартай гэрчилгээ олгож, тус Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Хурлын шийдвэрээр Ц.Батбаатарыг гүйцэтгэх захирлаар томилсон нь нотлогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал Ц.Батбаатар холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Хариуцагч ША СӨХ-нд харъяалагддаг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 14 дүгээр байрны 45 тоотод оршин суудаг болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэл гардан авсан баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй мөн хуулийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлээ гардан аваад, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд хариу тайлбараа ирүүлэх үүрэгтэй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тайлбараа ирүүлээгүй, шүүгчийн туслахад хурлын товыг мэдлээ гэх тайлбарыг өгсөн боловч шүүх хуралдаанд ирээгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж зааснаар хариуцагч 14 дүгээр байрны 45 тоотын СӨХ-ийн төлбөрөө төлөөгүй болох нь Төрийн банкны хэрэглэгчийн дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх тул Н.Ёаас дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 61750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Н.Ё дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 2.913.732 төгрөгийг гаргуулан, ША сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61750 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 61750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА