| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/03830/и |
| Дугаар | 03403 |
| Огноо | 2017-12-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 03403
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2017/03403
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Д.З-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Г.А-т холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.З, хариуцагч Г.А, нарийн бичгийн дарга н.Цээрүүгүндүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Д.З нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2006 онд Г.А-тэй танилцан, 2006 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулж, биднийг хамтран амьдрах хугацаанд 2006 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин З.Н, 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүү З.М нар төрж, хүүхдүүд маань миний асрамжинд өсөн торниж байгаа болно.
Сүүлийн үед бид зан харилцааны таарамжгүй харилцаанаас болж хоорондоо маргалдан, бие биенээ үл хүндэтгэх болсон тул 2016 оны 8 дугаар сараас эхлэн тусдаа амьдарсан.
Иймд цаашид хамт амьдрах боломжгүй, эд хөрөнгийн маргаангүй тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.З, хариуцагч Г.А холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.З , хариуцагч Г.А нар 2006 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2006 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин З.Н, 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүү З.М нар төрсөн болох нь Г-1584,1830 дугаарын төрсний гэрчилгээ, 0045253-1127 дугаарын гэрлэлтийн баталгааны хуулбаруудаар тогтоогдож байна.
Зохигчид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлээ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Д.З, Г.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Сүхбаатар дүүргийн бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Одончимэгт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА