Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/198

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Энхмаа Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар Нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.

Нийслэлийн Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсээс Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох 1802003780253 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн 1971 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 4.2 аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарь, фризерчин мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт, ******* Уул аймаг ******* сумын 14-р баг 2-р хороолол 47-71 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******ийн ******* РД:*******,

Шүүгдэгч С.******* нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Могойн гол” гэх газарт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсны улмаас байгаль экологид 10.761.827 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч С.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 01-нд яллагдагчаар өгсөн: ...Би 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж уурхайн үйл ажиллагаа явуулах зорилгоор Дуламсүрэнтэй уулзаж тохирч техник хэрэгсэл түрээслэхээр болж 08 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” гэх газарт 3 ширхэг монгол гэрийг барьж анх удаа алт олборлож ажиллахаар гарсан. Манай уурхай дээр 1 ковш, 2 экскаватор ажиллаж байсан хажууд нь ажиллахгүй байсан 2 экскаватор байсан. Тэр ажиллаж байсан 1 ковш, 1 экскаваторыг Дуламсүрэн гэдэг хүнээс 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр түрээсэлж авсан. Гэхдээ Дуламсүрэнтэй түрээсийн гэрээ хийгээгүй амаар ярилцаж тохирсон. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр л Хүрлээ гэж дууддаг хүнээс өдрөөр нь 1 экскаваторыг түрээсэлж авсан чинь ажиллахгүй болохоор нь Хүрлээгээс ахиад нөгөө экскаваторыг нь түрээсэлж аваад ажиллуулж байсан. Хүрлээ гэдэг хүнтэй түрээсийн гэрээ бол байгуулаагүй “өдрийн 300,000 төгрөгөөр түрээсэлье” гэж ярилцаж тохирсон. Би Хүрлээг сайн мэдэхгүй утасны дугаар болон гэр нь хаана байдаг хаана амьдардаг талаар нь мэдэхгүй байна. “Могойн гол” гэдэг газарт уурхай ажиллуулдаг. Ажиллахгүй зогсож байсан экскаватор нь манайх очихоос өмнө Дуламсүрэн хүнд түрээсэлж байгаад эвдэрчхээр нь тэнд нь хаячихсан байсан гэсэн. Нөгөө ажиллахгүй байсан экскаватор нь Хүрлээгээс түрээслээд эвдрээд ажиллахгүй байсан экскаватор. Би “Могойн гол” гэх газарт бэлтгэл ажил хангаж байгаад 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн өглөө усан буугаа ажиллуулж шороо угааж байсан чинь өдөр 16 цагийн үед цагдаа нар үйл ажиллагааг зогсоосон. Урьд нь шороо угааж алт олборлож байгаагүй. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шороо угаасан чинь 10.8 грамм гарсан. Тэр алтаа цагдаад хураалгасан байгаа. Урьд нь ашиглаж байсан газар болохоор нөхөн сэргээлт явуулахад сумаас зөвшөөрөх байх гэж бодоод үйл ажиллагаа явуулсан. Миний хариуцаж байсан уурхайд ямар нэгэн бичиг баримт холбогдох зөвшөөрөл байхгүй. Ерөө сумаас зөвшөөрөл олгохоор нөхөрлөл байгуулж зөвшөөрөл авах тухай бодож байсан юм. Харин бүрдүүлсэн бичиг баримт байхгүй. Манай уурхай дээр Мөнх-Оргил, Отгонжаргал, Дамдинсүрэн, тогооч Аяаа гэдэг дууддаг хүүхэн бид 5 ажиллаж байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 155-157-р ху/, 2.Шүүгдэгч С.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 26-нд яллагдагчаар дахин өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж уурхайн үйл ажиллагаа явуулах зорилгоор Дуламсүрэнтэй уулзаж тохирч техник хэрэгсэл түрээслэхээр болсон. Манай уурхай дээр Дуламсүрэнгээс 1 ковш, 1 экскаватор түрээслэн ажиллуулж байсан. Мөн 1 усан буу буюу скруберийг Оюунчимэг гэдэг хүнээс авна гээд зээлээр авч ажиллуулж байсан. Оюунчимэг цагдаад шалгагдаж эхлэнгүүт “усан буугаа авна” гэсэн. Тийм учраас мөнгийг нь төлж чадахгүй болохоор нь буцааж өгөхөөр болсон. Ковшийн арлын дугаар 12040333, улсын 21-42 УН дугаартай Дуламсүрэнгийн нэртэй гэрчилгээг хэрэгт хуулбарлан хийсэн байсан. Надад ямар нэгэн техник байхгүй. Хүний техникүүдийг гуйж ажиллуулж байгаад буцааж өгсөн. Усан буу нь гараар угсарч хийсэн шороо угаадаг төхөөрөмж байдаг тул ямар нэгэн бичиг баримт байдаггүй. ...гэх мэдүүлэг, /1-р ххийн 174-176-р ху/, 3.Шүүгдэгч С.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 26-нд яллагдагчаар дахин өгсөн: ...Би 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж уурхайн үйл ажиллагаа явуулахдаа уурхай дээр Дуламсүрэнгээс 1 ковш, 1 экскаватор /арлын дугаар N80510198 30001.С/ түрээслэн ажиллуулж байсан. Мөн 1 усан буу буюу скруберийг Оюунчимэг гэдэг хүнээс авна гээд зээлээр авч ажиллуулж байсан. Оюунчимэгт мөнгийг нь төлж чадахгүй болохоор нь буцааж өгөхөөр болсон. Буцааж өгөхдөө усан бууг ашигласан хөлсөнд урьдчилгаа болгон өгсөн. 10.000.000 төгрөгөө өгөөд тооцоо дуусгасан. Мөн Хүрлээ гэх залуугаас “Hyundai 2900 LС7” экскаватор түрээслүүлэн ажиллуулах гэтэл ирээд ажиллуулж болохгүй эвдэрсэн байхаар нь Хүрлээд хэлэхэд “Hyundai 4500 LС7” маркийн экскаватор авч ирж өгсөн. Цагдаа ирж шалгахад Хүрлээ эвдэрсэн байсан экскаватораа аваагүй байсан. Мөн “Hyundai 2900 LС7” экскаватор эвдэрчихсэн хажуу талд тонуулсан моторгүй байсан, ойр орчмын хүмүүсээс сурахад Дуламсүрэнгийнх байж магадгүй эсвэл Дуламсүрэнтэй холбоотой хүнийх байх гэж байсан. Надтай холбоотой яг үйл ажиллагаанд ашигласан 2 экскаватор, 1 ковш, 1 усан буу байсан бусад нь надад хамаагүй. 2 эвдэрхий экскаватор, 1 цоожтой байсан усан буу надад хамаагүй усан буу буюу скубер нь хэнийх гэдгийг мэдэхгүй тэнд орхигдсон тоногдсон эд байсан. Тухайн үе 60.000.000 төгрөгөөр авах гэж ярьсан байсан мөнгийг нь өгч чадахгүй байсан болохоор түрээсэнд 10.000.000 төгрөг өгөөд Оюунчимэг 8 сард усан буугаа очиж үзээд буцааж авах болсон. Одоо усан буугаа авчихсан. Оюунчимэгтэй худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. Хүрлээд би экскаватор түрээсэлсэн түрээсийн мөнгө өгөөгүй. Уг нь өдрийн 400.000 төгрөгөөр түрээсэлье гэж ярьсан байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 213-215-р ху/, 4.Шүүгдэгч С.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 13-нд яллагдагчаар дахин өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” гэх газарт бичил уурхай ажиллуулах зорилгоор Б.Дуламсүрэн гэдэг хүнтэй 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулж 08 дугаар сарын 12-ны өдөр хөх өнгийн ковш буюу өөрөө ачигчийг “Могойн гол” гэдэг газарт аваачсан. Тэгээд 5-6 хоногийн дараа бас Б.Дуламсүрэнгээс N80510198 сериал дугаартай Hyundai 3000 LС7 маркийн экскаватор түрээсэлж аваачаад 08 дугаар сарын 24-ний өдөр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэхдээ Б.Дуламсүрэнтэй түрээсийн гэрээ байгуулаагүй зүгээр амаар сардаа ковш дээр 8.000.000, экскаватор дээр 15.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Харин саарал өнгийн скубер буюу усан бууг Оюунчимэг гэдэг хүнээс худалдаж аваад мөнгийг нь төлж чадахгүй болохоор буцаагаад өгчихсөн. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр л Хүрлээ гэж дууддаг хүнээс Е904GJ1310 сериал дугаартай “Hyudnai 2900 LС7” маркийн экскаватор өдрөөр нь түрээсэлж авсан чинь ажиллахгүй болохоор нь Хүрлээд ахиж хэлээд ИВO110383 сериал дугаартай “Hyundai 4500 LС7” маркийн экскаватор нь түрээсэлж аваад ажиллуулж байсан. Хүрлээ гэдэг хүнийг талаар сайн мэдэхгүй утасны дугаарыг нь мэдэхгүй байна. Ерөө сумын “Могойн гол” гэдэг газарт манай уурхай дээд талд уурхай ажиллуулж байсан. Тэгээд цагдаа нар ирж шалгаснаас 2 хоногийн дараа “Hyundai 2900 LС7”, “Hyundai 4500 LС7” экскаваторуудаа аваад явчихсан байсан. Харин Е904GE11224 сериал дугаартай “Hyundai 2900 LC7” маркийн экскаваторыг бол би мэдэхгүй манайхыг анх нүүж очих үед тэнд эвдэрчихсэн зогсож байсан. Тэнд байсан хүмүүсээс асуусан чинь Дуламсүрэнгийн экскаватор байж магадгүй гэж байсан. Миний уурхайд улсын дугааргүй хөх өнгийн ковш буюу өөрөө ачигч, N80510198 сериал дугаартай “Hyundai 3000 LС7” маркийн экскаватор нь бол Б.Дуламсүрэн гэдэг хүнийх би түрээсэлж байсан юм. Энэ техникүүдээ Б.Дуламсүрэн өөрөө аваад явчихсан. Одоо хаана байгааг бол мэдэхгүй. 1. Шороо угаах зориулалттай саарал өнгийн скубер буюу усан бууг Оюунчимэг гэдэг хүнээс худалдаж аваад мөнгийг нь төлж чадахгүй болохоор буцаагаад өгчихсөн. Одоо Оюунчимэгт өөрт нь байгаа. 2. Е904GJ1310 сериал дугаартай “Hyundai 2900 LС7” маркийн экскаваторыг эхлээд авсан чинь болохгүй болохоор нь хэлээд ахиад ИВO110383 сериал дугаартай “Hyundai 4500 LС7” маркийн экскаваторыг манай уурхайн дээд талд уурхай ажиллуулж байсан Хүрлээ гэж дууддаг залуугаас өдрөөр нь түрээсэлж байгаад буцаагаад өөрсдөө ирээд аваад явчихсан. 3. Е904GE11224 сериал дугаартай “Hyundai 2900 LС7” маркийн экскаваторыг бол би мэдэхгүй тэнд эвдэрчихсэн зогсож байсан. Тэр хавийн хүмүүс Дуламсүрэнгийн экскаватор байж магадгүй гэж байсан. 4. Бас манай ашиглаж байсан усан бууны хажуу талд цэнхэр өнгийн скубер буюу 1 ширхэг усан буу байсан. Тэр усан буун анх очих үед цоожтой эвдэрчихсэн, орхигдоод удсан бололтой байсан. Би тэр усан бууны эзэн нь ямар хүн байдаг гэдгийг мэдэхгүй. ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 249-250-ру ху/, 5.Шүүгдэгч С.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 12-нд яллагдагчаар дахин өгсөн: ...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэг нь хэвээр байгааг ойлголоо. Энэ зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. Харин намайг эвдэгдсэн газар дээр үйл ажиллагаа явуулсан байхад эрүүл газар дээр үйл ажиллагаа явуулсан мэтээр ойлгож шинжээчийн дүгнэлтийг өндөр гарсан явдлыг л хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаар дахин шинжилгээ хийлгэж үнэн бодитой дүгнэлт гаргуулах гэсэн юм. “Ойт бүс” ХХКны шинжээчийн дүгнэлт нь эрүүл газар ухсан мэтээр өндөр үнэлгээтэй гарсан учраас хохирлыг төлөхөд боломж муутай болчхоод байгаа юм. Миний үйл ажиллагаа явуулж байсан газар нь өмнө нь олборлолт явуулж байсан эвдэгдсэн газар байсан тул энэ байдлыг нь зөвөөр тооцож бодитой дүгнэлт гарсан тохиолдолд миний бие байгаль экологид учирсан хохирлыг төлж барагдуулна. Нутгийн улсууд хэлэхдээ 1800 гаад оны үед хятадууд ажиллаж байсан, 1990-ээд оны үед бол Оросууд үйл ажиллагаа явуулж байсан гэдэг юм байна лээ, 2000 он гарсаар монгол компаниуд ажиллаж байсан гэдэг юм байна лээ лиценз байсан гэсэн шүүхээр хүчинтэй хүчингүй болоод яваад байсан сурагтай байдаг юм. Яг 2016, 2017 оны үед ямар хүн, ямар компани ажиллаж байсныг мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /2-р хх-ийн 112-113-р ху/, 6.Шүүгдэгч С.Бат-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Өөрийн гэм бурууг ухамсарлаж байна. Хамгийн бага ялаар шийтгэж өгнө үү. Хохирол төлбөрийг сарын дотор төлнө. Нөхөн сэргээлтийн төлбөрийг сум орон нутагт нь хүлээлгэн өгнө. ...гэх мэдүүлэг, 7.Хохирогч иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант сумын 3-р багийн засаг даргаар 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 2 дахь жилдээ ажиллаж байна. Манай сумын “Могойн гол” гэх газар С.******* гэх иргэн 2018 оны 08 дугаар сард хувиараа хууль бусаар алт олборлож байгаад танай хэлтсээс хэрэг үүсгэж шалгасан хэрэгт хохирогчоор оролцож байсан. сумын засаг даргын орлогч Х.Батцэнгэл 2019 оны 06 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан тул сумын удирдлагууд намайг энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилсны дагуу энэ хэрэгт оролцож байна. ...Тэр “Могойн гол” гэх газар урьд нь бүүр дээр үеэс Хятадууд, Оросууд алт олборлож байсан эвдэгдсэн газар байсан юм. Ашиглалтын болон хайгуулын хүчинтэй лиценз байсан байх. Тухайн газрыг 2005-2006 оны үед эвдэгдсэн гэж ярьдаг юм байна лээ. Бараг түүнээс өмнө ч эвдэгдсэн байж магадгүй, би сайн мэдэхгүй байна. Ашигт малтмалын нөөц тогтоосон эсэхийг бас мэдэхгүй байна. Манай сумтай алт олборлох, нөхөн сэргээлт хийх чиглэлээр иргэн С.БатЭрдэнэ нь ямар нэгэн гэрээ байгуулаагүй, зөвшөөрөл аваагүй.”Могойн гол” гэх газар 2018 онд Ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт гараагүй, бичил уурхайгаар ашиглахыг зөвшөөрөөгүй газар байсан. Харин энэ жил бол гарсан. Хэргийн улмаас учирсан хохирлыг шинжээчийн гаргасан дүгнэлтээс олж танилцлаа, хохирол бага гарсан талаар ямар нэгэн санал гомдол байхгүй. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 110-111- р ху/, 8.Гэрч П.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ...Би зарын дагуу энэ уурхайд ирж ажиллаад 10 хонож байна. Цалин 1 сая төгрөг гэсэн боловч одоогоор цалингаа аваагүй байна. Би зөвшөөрлийн бичиг баримт яагаад байхгүй талаар мэдэхгүй, одоо мэдэж байна. Зар дээр ажил байна. цалин найдвартай өгнө гэсэн байсан болохоор ирсэн. Би өмнө нь ийм ажил хийж үзээгүй. Ахлагч надад үүрэг өгч би экскаватороор шороо хутгаж алт угаагч руу хийж дөнгөж угааж эхэлж байтал цагдаа нар ирсэн. Анхны удаа угааж байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 30-р ху/, 9.Гэрч Б.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: ...Би С.******* гэдэг хүнтэй 2015 онд *******-Уул аймагт өөрийн найзаар дамжуулан танилцаж байсан. С.*******тэй анх танилцаж байх үед хувиараа ажил эрхэлдэг гэж байсан. Тэрнээс хойш мэндийн зөрүүтэй л байдаг байсан. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 20-ны үед надруу С.******* өөрөө залгаж “Экскаватораа сарын хугацаатай түрээслүүлчих” гэхээр нь би зөвшөөрсөн. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр С.******* өөрөө ирж Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байдаг Алтай гэж дууддаг ахын хашаанд байсан шар өнгийн Hyundai 3000 маркийн экскаваторыг зориулалтын ачааны машинд ачаад аваад явсан. Тэр үед бид хоёр техник түрээслэх гэрээ хийгээгүй. Би араас нь очиж уулзах байсан болохоор гэрээ хийгээгүй. Би очиж амжихгүй байж байсан чинь 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдөр надруу залгаж “Шалгалт ирээд экскаваторын компьютерийг хурааж аваад явсан” талаар хэлсэн. С.******* 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ирээд экскаваторыг ачиж аваад явсан. Тэр өдрөөс эхэлж түрээсийн хоног тоолж эхэлсэн. Ямар ч байсан эхлээд сарын хугацаатай гэж байсан. Цаашаа сунгах байсан эсэхийг нь бол мэдэхгүй байсан. Би 2011 онд манай талийгаач нөхөр /Уламбаяр/ амьд байх үедээ худалдаж авч байсан. Яг хэдэн төгрөгөөр, хэзээнээс худалдаж авч байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Би тэр үед нялх хүүхэдтэй байсан болохоор нөхрийнхөө ажилд оролцоод байдаггүй байсан. Манай нөхөр Өвөрхангай аймгийн Уянга суманд уурхай ажиллуулдаг байсан юм. Манай нөхөр нас бараад би ашиглаж байсан зарим техник хэрэгслийг нь өөр нэр дээр шилжүүлж авсан. ...С.******* бид хоёр зүгээр л найз нөхдийн л холбоотой. Би бас сайн дэлгэрэнгүй мэдэхгүй байна. 2018 оны 07 дугаар сарын сүүлээр 29-ний үед надаас бас цэнхэр өнгийн шороог түр ачих зориулалттай ковшийг бас түрээсэлж авч явсан. Энэ дээр бас бичгээр гэрээ байгуулаагүй зүгээр л амаар яриад тохирчихсон. Сарын 6,000,000 төгрөгөөр түрээсэлж байсан. Тэр ковш уг нь улсын дугаартай гэхдээ би санахгүй байна. Харин бичиг баримтыг нь хуулбарлаад авчирж өгч болно. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 31-33-р ху/, 10.Гэрч Т.Даваабаярын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: ...С.Бат-Эрдэнийг 1979 оноос хойш танина 10 жилийн сургууль хамт төгссөн юм. С.******* “найз нь нэг уурхай ажиллуулах гэж байгаа. Чи тогоочоор явах уу” гэсэн тэгээд хэлснээс нь хойш 2 хоногийн дараа болох 2018 оны 08-р сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сум гэх газар очсон. Би газар нутгийг нь сайн мэдэхгүй ерөөсөө очиж байгаагүй. Очоод 14 хоног ажилласан. 14 дэх хоногийн дараа цагдаа нар ирж шалгаад ажиллахаа больж бууцгаасан. 14 хоног ажиллахад тэд нар олборлолт хийгээгүй машин техникээ засаж янзлаад байсан. Би гэрээс хол явдаггүй байсан болохоор сайн мэдэхгүй. Надад 800.000 төгрөгний цалин 1 сар ажиллуулаад өгнө гэхээр нь би тэнд очиж ажилласан. Тухайн үед надтай нийлээд 7 хүний хоол хийж ажилладаг байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 139-141-р ху/, 11.Гэрч Б.Жаргалтэгшийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: ...Би Бат-Эрдэнийг сайн танихгүй ээ. Дуламсүрэн гэдэг хүний ковшны оператор ажилд авна гэсэн зарын дагуу Дуламсүрэн гэдэг хүнтэй 2018 оны 09-р сарын 16-нд Улаанбаатар хотод ирж уулзан ажил хийж 1 сая төгрөгний цалин авч ажиллахаар болсон. Тэгээд Сэлэнгэ аймгийн “Могойт” гэх газар луу 2018 оны 09-р сарын 17-ны өдөр очиж ажиллахаар болсон. Дуламсүрэн нь ковшоо ******* гэдэг хүнд түрээсэлж би жолоочоор нь ажиллах болсон. Очсоноосоо хойш олборлолт хийгээгүй засвар үйлчилгээ хийж байгаад анх удаа дөнгөж ажил эхэлж байхад цагдаа нар ирж шалгаж ажил зогссон. Дуламсүрэн ******* гэдэг хүнд хэдэн төгрөгөөр ковшоо түрээсэлсэн болохыг би мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 142-143-р ху/, 12.Гэрч Х.Алтынтасын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: ...Сэлэнгэ аймгийн Ерөө сум 2 дугаар баг “Могойн гол”-д үйл ажиллагаа явуулсан гэх С.******* нь сумын засаг даргатай хийсэн ямар нэгэн гэрээ байхгүй. 2018 оны 09 сарын 03-ны өдрөөс өмнө бичил уурхайтай холбоотой ямар нэгэн гэрээ хийгдээгүй. Тухайн газар нь нилээн эрт ухагдаж байсан гэсэн. Хамгийн сүүлд 2009 онд урт нэртэй хууль гарахаас өмнө үйл ажиллагаа явагдаж байсан. Ерөнхийдөө 1700 оноос хойш тэр хэсгийн талбайд бүр өмнө нь хятадууд дараа нь оросууд үйл ажиллагаа явуулж байсан гэдэг. Яг энэ С.Бат-Эрдэний ухсан газар өмнө нь ухагдсан байсан гэхдээ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан учраас хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 144-145-р ху/, 13.Гэрч Ч.Даваапагмын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...С.******* бид хоёр 1993 онд гэр бүл болсон. Түүнээс хойш манай нөхөр Орос руу ахуйн хэрэглээ зарж борлуулж наймаа хийдэг байсан. 2001 оноос Солонгос улсад ажиллаж байгаад 2008 онд Монголд ирж газар тариалан эрхэлсэн. Энэ ажлаа одоо ч эрхэлж байгаа. Энэ хавар найз нөхөдтэйгөө нийлээд хийх ажил юу байна боломжийн ажил олж хийнэ гээд хөдөө явсан. Тэгтэл ийм асуудалд орсон байсан. Олборлолт манай нөхөр ******* өмнө нь хийж байгаагүй. Энэ удаа л хийсэн байх. Ер нь бол газар тариалангийн ажил л хийдэг байсан. Хэнийг нь гэж мэдэхгүй байна. Манай нөхөр уг нь төлөв даруу ер нь их номхон хүн. Ээж, найз нөхөд, ах дүү, гэр бүлдээ их түшигтэй халамжтай амьдралынхаа төлөө зүтгэдэг муу зуршилгүй л хүн. Ийм хэрэгт холбогдсонд гайхаж байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 146-147-р ху/, 14.Гэрч Ж.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ...С.******* 2016 оны 08 дугаар сараас таньдаг болсон сайн танихгүй. Усан буу болох скубер зарна гэж зар тавьсны дагуу утсаар надтай холбогдон. 60.000.000 төгрөгөөр зарна гэж тохироод надад урьдчилгаа 10,000,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь өгөхгүй 1 жил гаран болж байна. Мөнгөө өгөхгүй болохоор 2018 оны 08 дугаар сарын дундуур усан буугаа очиж үзээд буцааж авахаар болсон. Одоо *******д өгсөн усан буу Шарын голд байгаа. ******* усан буу авахдаа алт угаах гэж авсан байх тухайн үед юу хаана хийнэ гэдгээ надад яриагүй. Надад мөнгө хэрэгтэй байсан болохоор 10,000,000 төгрөг өгөхөөр нь өгчихсөн. Нэг сарын дотор мөнгийг нь гүйцээж өгнө гэсэн боловч юу ч хийж чадахгүй байна юу ч хийгээгүй гээд нэг ч төгрөг нэмж өгөөгүй. Тэгэхээр нь өгсөн 10,000,000 төгрөгийг түрээсэнд нь авч усан буугаа авахаар болоод авч байгаа. ******* ямар ажил эрхэлдэг хүнийг нь би сайн мэдэхгүй. Ямар нэгэн бүртгэл болон улсын дугаар байдаггүй. Хувь хүмүүс өөрсдөө хийдэг. *******д зарах гэж байсан усан бууг манай нөхөр Даваадорж бид 2 хийсэн юм. Энэ усан буу нь миний өөрийн өмч байгаа юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 168-169-р ху/, 15.Гэрч Б.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дахин өгсөн: ...2018оны 08 дугаар сарын 20-ны үед надруу С.******* өөрөө залгаж “Экскаватораа болон ковш /авто ачигч/ сарын хугацаатай түрээслүүлчих” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр С.******* өөрөө ирж Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байдаг Алтай гэж дууддаг ахын хашаанд байсан шар өнгийн Hyundai 3000 маркын экскаваторыг ковштой хамт зориулалтын ачааны машинд ачаад аваад явсан. Тэр үед бид хоёр техник түрээслэх гэрээ хийгээгүй. 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдөр надруу залгаж “Шалгалт ирээд экскаваторын компьютерийг хурааж аваад явсан” талаар хэлсэн. С.******* 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ирээд экскаватор, ковш ачиж аваад явсан өдрөөс эхэлж түрээсийн хоног тоолж эхэлсэн. Ямар ч байсан эхлээд сарын хугацаатай гэж байсан. Надад түрээсийн мөнгө төгрөг өгч амжаагүй байж байгаад цагдаад баригдсан байсан. Энэ техникүүдийг 2011 онд манай талийгаач нөхөр Уламбаяр амьд байх үедээ худалдаж авч байсан. Яг хэдэн төгрөгөөр, хэзээнээс худалдаж авч байсан гэдгийг нь мэдэхгүй тийм учраас эдгээр техникүүд зах зээлд ямар үнэтэйг нь би мэдэхгүй байна. Манай нөхөр нас бараад би ашиглаж байсан зарим техник хэрэгслийг нь өөр нэр дээр шилжүүлж авсан. Экскаваторыг 20,000,000, ковшийг 6,000,000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж ярьсан. Гэхдээ одоо надад мөнгө өгөөгүй байгаа. Ковш нь улсын дугаартай. Харин бичиг баримтыг нь хуулбарлаад хэрэгт хавсаргуулая. С.Бат-Эрдэнийг олборлолт хийх зөвшөөрөлтэй л гэж бодсон гэхдээ зөвшөөрөлтэй эсэх талаар нь огт ярилцаагүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 170-171-р ху/, 16.Гэрч Б.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн: ...Би 2018 оны 07 дугаар сарын сүүлээр өөрийн нөхөр Уламбаярын нэр дээр бүртгэлтэй байсан Е904GE11224 сериал дугаартай Hyundai 2900 LC7 маркийн экскаваторыг хүнд зарах гээд Сэлэнгэ аймгийн Ерөө сумруу зарын дагуу ярьж байгаад трейлер олж ачаад явуулсан юм. Тэгсэн чинь Ерөө сумын “Могойн гол” гэдэг газарт явж байгаад мотор нь бүрэн эвдэрчхээд цаашаа явах боломжгүй болоод тэнд зогсоогоод тавьчихсан байсан. Тэр экскаваторыг манайд зарын дагуу ирж түр ажилласан байсан жолооч авч яваад эвдчихээд тэнд хаячихсан байсан. Би одоо тэр жолоочийн нэрийг нь ч санахгүй байна. Хаана амьдардаг болон утас дугаарыг нь ч мэдэхгүй. Манай нөхөр Уламбаяр нь 2011 онд нас барсан. Е904GE11224 сериал дугаартай Hyundai 2900 LC7 маркийн экскаваторыг С.******* өөрийн уурхайн үйл ажиллагаандаа ашиглаж байгаагүй ямар ч хамаагүй юм. Би зарах гээд явуулсан чинь эвдэрчхээд тэнд зогсож байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 246-247-р ху/, 17.Гэрч Б.Батболдын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дахин өгсөн: ...ИВ0110383 сериал дугаартай Hyundai 4500 LС7 маркийн экскаваторыг 2011 оны 07 дугаар сард Соронзонболд гэдэг хүн Солонгос улсаас Монгол улсад оруулж ирж байсан юм аа. Би 2011 онд Солонгос улсруу явах визэнд орох зорилгоор хилээр оруулж ирсэн экскаваторыг нь өөрийнхөө нэр дээр бүртгүүлж хилээр оруулж ирж байсан. Тухайн үед виз авахдаа Солонгос улсруу наймаа хийдэг гэсэн материал бүрдүүлэх гээд нэр дээрээ гаалийн бүрдүүлэлтийг хийж байсан. Тэрнээс биш би өөрөө худалдаж аваад хилээр оруулж ирсэн юм биш. Соронзонболд “Буян соёон” гэдэг уул уурхайн хүнд машин механизмын сэлбэг оруулж ирээд зарах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай байсан. Тухайн үед би тэр компанид нь засварчин хийдэг байсан. Одоо тэр компани нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 22 товчооны тэнд байдаг. Харин захирал Соронзонболд нь нойр булчирхайн хорт хавдар гэдэг өвчний улмаас 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нас барсан. Соронзонболд нь Hyundai 4500 LС7 маркийн экскаваторыг *******-Уул аймгийн Шарын гол, Сэлэнгэ аймагруу хүмүүст зарчихсан гэж байсан. Яг ямар хүмүүс зарсан гэдгийг нь бол би мэдэхгүй, одоо хаана байгааг ч мэдэхгүй байна. Би 3 жилийн өмнө “Буян соёон” компанид ажиллахаа болиод гарчихсан юм аа. Надтай цуг засвар хийж байсан хүмүүс л мэдэх байх аа. Өөр хүмүүс мэдэхгүй. Харин “Буян соёон” компани нь зарсан техник хэрэгслийн бүртгэл, гэрээний үлдсэн хувь зэрэг нь байдаг эсэхийг би сайн мэдэхгүй байна. Соронзонболдын эхнэр нь Буянтогтох гэдэг хүн байдаг тэр мэдэж магадгүй. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 201-203-р ху/, 18.Гэрч Я.Жамба-нинжийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ... Е904GJ1310 сериал дугаартай Hyundai 2900 LС7 маркийн экскаваторыг би 2016 оны 5 дугаар сард “Дарь-Эх”-ийн тэнд байдаг Баянаа гэж дууддаг хүнээс 45.000.000 /дөчин таван сая/ төгрөгөөр уурхай ажиллуулах гээд худалдаж авсан. Би өөрийн найз Баяндуулдах гэдэг хүнтэй хамтарч уурхай ажиллуулах гээд ажлаасаа гараад Hyundai 2900 LС7 маркийн экскаваторыг худалдаж аваад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон дээр очоод тэр хавьд “Сансар” гэдэг газарт уурхай ажиллуулж байгаад алт олохгүй ашиггүй зардал их гараад байхаар нь би болиод Hyundai 2900 LС7 маркийн экскаваторыг аваад явах гэсэн чинь Баяндуулдах надаас “Би их өртэй байгаа. Экскаватораа үлдээчих” гээд гуйгаад байхаар нь “намар Улаанбаатар хотод хүргэж өгөөрэй” гээд би Hyundai 2900 LС7 маркийн экскаватораа үлдээсэн юм. Тэгээд Баяндуулдах миний экскаваторыг буцааж өгөхгүй зугтаад алга болчихсон. Би хайж байгаад 2017 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их алт” гэдэг газарт очиход Баяндуулдах миний экскаваторыг ашиглаад газар ухаж байхаар нь би буцаж яваад ачих трейлер аваад очсон чинь айлын гадаа тавиад Баяндуулдах өөрөө зугтаад алга болчихсон тэр айлд байсан хүмүүс нь экскаваторыг өгөхгүй байсан. Тэгээд авч чадахгүй буцаад хотод ирсэн. Баяндуулдахыг миний экскаваторыг буцаагаад өгчих байх гэж хүлээж байгаад өгөхгүй зугтаад алга болохоор нь 2017 оны 07 дугаар сард Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргаж шалгуулж байгаа. Би баяндуулдахыг одоо хаана юу хийж байгааг мэдэхгүй байна. 2017 оны өвөл Баянзүрх дүүргийн 2-р хэлтсээс эрэн сурвалжилж байгаад олж авсан чинь өмгөөлөгч авч байгаад байцаалт өгнө гэж хэлээд зугтаачихсан байсан. Hyundai 2900 LС7 маркийн экскаваторыг одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. Баяндуулдах надаас залилж аваад өгөхгүй алга болсон. Хамгийн сүүлд 2017 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ялбаг” гэх газарт Энхтайван гэх хүн ажиллуулж байгаа гэж тэр хавийн хүмүүс ярьж байсан. Тэгээд би хоёр сарын дараа авах гээд очиход байхгүй байсан. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 4-6-р ху/, 19.Гэрч М.Наранбаярын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: ...” “Буян соёон” ХХК-нийг манай хадам аав Соронзонболд ажиллуулдаг байж байгаад 2019 оны 03 сард нас барсан. 2011 онд “Буян соёон” ХХК экскаватор оруулж ирж зардаг байх үед би ажилладаггүй байсан болохоор мэдэхгүй байна. Манай компани тэр экскаваторыг хэнд зарсан талаар баримт байхгүй. ...гэх мэлдүүлэг, /2-р хх-ийн 07-09-р ху/, 20.Гэрч Д.Алтанхуягийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: ...Би 2018 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө суманд техник хэрэгслээ түрээслүүлэх гээд 1 ширхэг усан буу, шар өнгийн хуучин ковшийг ачаад явсан боловч машин эвдэрчхээд явж болохгүй болохоор нь зүс таних ******* гэдэг залуугийн гэрийн үүдэнд буулгаж орхиод явсан юм аа. Тэгээд авах боломж гарахгүй байсаар байгаад одоо тэндээ тоногдоод дуусаж байгаа юм шиг байна лээ. Зураг дээр байгаа 3 гэрийн хажуу талд байрлуулсан зэвэрсэн усан буу, шар өнгийн ковш хоёр мөн байна. ******* гэдэг залуу ийм гурван гэртээ байсан. Сүүлд дараа нь очиж харах үед гэрийнхэн цаад талд байрлуулсан байсан. Би ******* гэдэг залууг зүс танина. *******ы залуу гэж байсан. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” гэх газарт байж байхдаа танилцаж байсан. Би ******* гэдэг залууг тэр уурхайн дарга л юм байна гэж ойлгосон. Харин ******* миний усан буу, ковшийг бол ашиглаагүй. Ашиглах ч боломжгүй юм нь дутуу байсан юм аа. Ямар нэгэн бүртгэл байхгүй. Гараараа угсарч босгосон болохоор бүртгэлд оруулаагүй. Ер нь бол миний л эзэмшлийн техник хэрэгсэл байгаа юм. Би ямар нэгэн уурхайн үйл ажиллагаа явуулаагүй. Түрээслэх гээд зөөвөрлөж байсан чинь машин эвдрээд ******* гэдэг айлын үүдэнд буулгасан. Би 2006 онд Төв аймгийн Заамар сумын уурхай ажиллуулах гээд үзсэн боловч болохгүй болохоор нь больсон. Тэрнээс хойш уурхай ажиллуулаагүй. Шар өнгийн ковшинд ямар нэгэн бүртгэл, бичиг баримт байхгүй. БНХАУ-д үйлдвэрлэсэн 50 маркийн жижиг ковш байгаа. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 09-11-р ху/, 21.Байгаль орчны судалгаа үнэлгээний “Ойт бүс” ХХК-ны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №18/14 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Могойн голын аманд алт олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас 0.2 га буюу 1869.4м2, 0.3 га буюу 2525.3 м2 нийт 0.439 га 4394.7м2 хоёр ухаш үүсгэн газрыг эвдсэн байна. Ухашийн дундын гүн 4 метр ёроолд нүүр үүссэн байдалтай. 1-р ухашийн дундаж урт нь 50м, дундаж өргөн нь 38 метр, 2-р ухашийн дундаж урт нь 68м, дундаж өргөн нь 47м байна. 2.Ашиглалтын улмаас газрын хэвлийд 5.024.607 төгрөг эдэлбэр газарт 11.600 төгрөг усан санд 18.874.214 төгрөг, хөрсөн бүрхэвчинд 10.203.900 төгрөг, нийт 34.114.321/гучин сая нэг зуун арван дөрвөн мянга гурван зуун хорин нэг/ төгрөгийн хохирол учруулсан байна. 3.Тус талбай өмнө уурхайн үйл ажиллагаа явагдаж байсан хуучин газар байна. 4.Хуучин газар гэдэг нь хөрсний өнгө нягтаршил, ургамалшилт, агаарын зурган дээрээс харагдах байдал зэргээс тогтоогдоно. 5.Тус талбайд нийт 0.439 га, 8502м3 эзлэхүүн бүхий газарт техникийн нөхөн сэргээлт хийхэд 4.473.730 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 630.300 төгрөг, хяналт, мониторингийн зардалд 357.300 төгрөг, нийт 5.461.330 /таван сая дөрвөн зуун жаран нэгэн мянга гурван зуун гучин/ төгрөг зарцуулагдах тооцоо гарсан болно. 6.Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Буурагчин 2-р багийн нутаг Могойн гол гэх нэртэй газар иргэн Б.*******д хамаарна. 7.Ойн сан бүхий газарт хамаарах боловч, ойд хохирол учруулаагүй байна. гэх дүгнэлт, /1-р ххийн 41-63-р ху/, 22.Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11247 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл зүйлийн гол элементийн найрлагад алт, төмөр, цайр зэрэг элементүүд илэрч байна. ...гэх дүгнэлт, /1-р хх-ийн 148-р ху/, 23.Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэлгээний үнэ цэнэ нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 17.000.000 /арван долоон сая/ төгрөг байна. № Эд хөрөнгийн нэр х/н Нэг бүрийн үнэ Тоо хэмжээ Бүгд 1 “Hyundai ROBEX3000 LC7” маркийн экскаватор (Солонгос улсад 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн, ашиглалтын хугацаа дууссан, өнгө үзэмж, чанар байдал муудсан) Ш 8000000 1 8000000 2 Цэнхэр өнгийн ковш (2012 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол улсад орж ирсэн, өнгө үзэмж, чанар байдал муудсан) Ш 5500000 1 5500000 3 Алт угаах зориулалттай гар аргаар хийсэн скрубер (3 жил ашиглагдсан, хуучин, чанар байдал муудсан) Ш 3500000 1 3500000 4 Нийт дүн 17000000 ...гэх дүгнэлт /1-р хх-ийн 209-210-р ху/, 24.Бүх төрлийн даатгал хохирлын үнэлгээний “Арвижих эстимейт” ХХК-ны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/034 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Тухайн тогтоолд дурьдагдсан үнэлгээний зүйл болох БНСУ-д үйлдвэрлэгдсэн үйдвэрлэгдсэн он тодорхойгүй, шар өнгөтэй ИВO110383 сериал дугаартай 2011 онд Монгол Улсад орж ирсэн Hyundai 4500 LС7 маркийн экскаватор нь хураагдаж журамлагдсан байгаа бөгөөд тухайн эд зүйлийн холбогдох материалд үндэслэн дүгнэлтийг гаргав. Шинжээчид бид экскаватор өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдал, цаашид ашиглагдах боломж зэргийг харгалзаж үзэж өнөөгийн зах зээлийн дундаж ханшийг тодорхойлон хүргүүлж байна.Үүнд: № Эд зүйлийн нэр Чанар байдлын тодорхойлолт Зах зээлийн дундаж үнэ /төгрөг/ Нэмэлт тайлбар 1 БНСУ-д үйлдвэрлэгдсэн, шар өнгөтэй ИВО110383 сериал дугаартай 2011 онд МУ-д орж ирсэн Hyundai 4500 LС7 маркийн экскаватор Хуучин 20.000.000 /хорин сая/ ...гэх дүгнэлт, /2-р хх-ийн 15-р ху/, 25.Байгаль орчны зөвлөх “Тост Элс” ХХК-ны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.“Ойт бүс” ХХК-ийн шинжээчид тус газрын байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тооцохоор 2018 оны 09 сарын 19-ний өдөр газар дээр нь очиж талбайн байдалтай танилцан, эвдэрсэн газруудын зураг авч, хэмжилт хийж, газрын эвдрэлийн хэмжээг тогтоосон байна. Энэхүү хэмжилт судалгааны ажлыг холбогдох аргачлал стандартын дагуу хийж, хэмжилт зураглалын ажилдаа GPS болон phantom-4 маркийн дрон /нисгэгчгүй онгоц/ ашиглаж, боловсруулалтыг ArcGIS програм ашиглан хийсэн тул эвдэрсэн газрын хэмжээ, зураглалын ажилд алдаа гараагүй гэж үзэж байна. Харин байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тооцох явцад хөрс, газрын хэвлий болон усан орчинд үзүүлсэн хохирлын хэмжээний хувьд манай байгууллага арай өөрөөр бодож гаргалаа. Энэ тухай асуулт 4-д бодолт, тайлбарыг орууллаа. 2.“Ойт бүс” ХХК-ийн шинжээчид тус газрын байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тооцохоор 2018 оны 09 сарын 19-ний өдөр газар дээр нь очиж талбайн байдалтай танилцан эвдэрсэн газруудын зураг авч, хэмжилт хийж, газрын эвдрэлийн хэмжээг тогтоосон байна. Хэмжилт судалгаагаар Е-106 48 30.1 N-49 19 26.4 болон Е-106 48 29.8 N-49 19 28.3 солбицол бүхий цэгүүдийн орчимд 2ш карьер үүссэнийг хэмжиж эвдрэлийг нь тогтоожээ. Эхний карьерын хувьд: 1869.4м2 буюу 0.19га талбайтай, дундаж гүн 4м, дундаж урт нь 50м, дундаж өргөн нь 38м байна. 2-р карьерын хувьд: 2525.Зм2 буюу 0.25га талбайтай, дундаж гүн 4м, дундаж урт нь 68м, дундаж өргөн нь 47м байна.Манай шинжээчид яг газар дээр нь очоогүй тул үүнийг дахин гаргах боломжгүй байна. Иймд хавтаст хэргээс “Ойт бүс” ХХК-ийн шинжээчид гаргасан мэдээллийг ашиглав. 3.Тус эвдэгдсэн талбай нь Ойн сан бүхий газар бөгөөд эргэн тойрон ой модоор хүрээлэгдсэн байгаа нь анх битүү модтой газар байсан байж болзошгүй юм. Иргэн С.******* тэнд үйл ажиллагаа явуулахаас өмнөх буюу Сентинел-2 хиймэл дагуулын 2018 оны 6 сарын 19-ний өдрөөс 2018 оны 07 сарын 03-ны хооронд шинэчлэгдсэн агаарын зургаас харахад тус талбай орчмын газар нь ой модгүй, ургамлын бүрхэвчгүй, урд нь ашиглагдсан газар байсан, мөн 2017 оны 07 дугаар сарын зургаас харахад тус талбай орчимд мөн ашиглалт явуулсан байсан. Харин 2015 оны зургаас харахад тус газар нь эрүүл хэв маягтай, ургамлан бүрхэвч сайн байсан байна. Эдгээрээс үзэхэд иргэн С.Бат-Эрдэнийн хууль бусаар үйл ажиллагаа явуулсан талбай нь урд нь ашиглалтанд өртөж эвдэрсэн газар байсан гэдэг нь нотлогдож байна. /Зургуудийг хавсаргав/ 4.Эвдэгдсэн талбайн хэмжээг Хариулт 2-д тодорхой тусгасан. Экологи эдийн засгийн үнэлгээний хувьд: а.Газрын гадарга, хэвлийд үзүүлсэн хохирол: “Ойт бүс” ХХК-ийн хувьд газрын хэвлийд үзүүлсэн хохирлын хэмжээг тооцохдоо газрын хэвлийд үүссэн ухашийн эзлэхүүнээр тооцож 5024.6 мянган төгрөгийн хохирол гаргажээ. Үүнийг үүссэн ухашийн хэмжээгээр биш урьд нь эвдэгдсэн газар байсан, мөн олборлосон ашигт малтмалын хэмжээ нь мэдэгдэж байгаа учир Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал’'-аар олборлосон ашигт малтмалын үнэлгээгээр тооцож гаргалаа. Иргэн С.******* нь 2018 оны 08 сарын 24-нд олборлож эхэлсэн гэх бөгөөд тэр өдөр Цагдаагийн ажилтнууд очиж үйл ажиллагааг нь зогсоож 10.8 грам шар өнгийн металл зүйлийг хураан авсан байдаг. Үүнийг цэвэршүүлээгүй алт гэж үзээд зах зээлийн ханшийг тооцвол 864000 төгрөг болж байна. Иймд газрын гадарга, хэвлийд үзүүлсэн хохирлыг 864000 төгрөгөөр тооцлоо. б.Усан орчинд үзүүлсэн хохирол: “Ойт бүс” ХХК-ийн хувьд нийт 9766.0м3 хөрс хуулсан, хөрс хуулалтын коэффициент 3.5 гэж үзвэл нийт 2790.2 м3 эзлэхүүн бүхий хурдас угааж 18.874 сая төгрөгийн хохирол гаргажээ. Уг хурдсыг угаахдаа гол горхины ус ашиглаагүй, шүүрлийн уснаас үүссэн цөөрмийн ус ашигласан бөгөөд эргэлтээр авах усны хэмжээ 90 хувь, 10 хувийн усаар сэлбэгддэг, нийт ашигласан ус нь -11160.8м3, гадаргын усны суурь үнэ нь 1424 төгрөг, гадаргын усны экологийн итгэлцүүр 1.3, инфляци тооцох итгэлцүүр 1.74, дахин ашигласан усны итгэлцүүр 0.15, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах усны тооцвол: Уус=Эүгу*Кгад*ки- итгэлцүүр 1.14 гэж (к3*Vус*0,1+к4*Vус*0,9)=1424*1.3*1.74*(1.4*11160.8*0.1+0.15*11160.8*0.9) =9,886,227.0 төгрөг болно. в.хөрсөн бүрхэвчинд үзүүлсэн хохирол “Ойт бүс” ХХК-ний хувьд нөлөөлөлд өртөж эвдрэлд орсон нийт 0.439 га талбайн хэмжээнд 10.203.9 мянган төгрөгийн хохирол гаргажээ. Гэтэл иргэн С.Бат-Эрдэнийн олборлолт явуулсан талбай нь өмнө нь ашиглалт олборлолтын үйл ажиллагаанд өртөж эвдэгдсэн газар байсан тул хөрсөн бүрхэвчинд үзүүлсэн хохирлын үнэлгээг бодох шаардлагагүй гэж үзэж байна. г.“Ойт Бүс” ХХК-ийн, ургамлан нөмрөгт учруулсан хохирол бодох боломжгүй, эдэлбэр газарт учруулсан хохирол 11600 төгрөг гэсэн дүгнэлт зөв байна. д.Байгаль орчинд үзүүлсэн хохирлын нийт дүн: Хийгдэх ажлууд Нэгж Үнэ мянган төгрөг Техникийн нөхөн сэргээлтийн ажлын дүн Төг 4,473.73 Биологийн нөхөн сэргээлтийн ажлын дүн Төг 630.3 Цаащдын хяналт, мониторинг хийх зардал Төг 357.3 Нөхөн сэргээлтийн ажлын нийт зардлын дүн Төг 5,461.33 Тус газарт хууль бусаар үйл ажиллагааны нөлөөгөөр эвдрэлд орсон 0.439 га талбайн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал нь 5.461.330.0 төгрөг болж байна. ..гэх дүгнэлт, /2-р хх-ийн 98-103-р ху/, 26.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 01-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх 91-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 04-17-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 07-17-р ху/ шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 148-149, 209-210-р ху, 2-р хх-ийн 13, 98-104-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 67, 152, 2-р хх-ийн 16, 114-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 68, 151 2-р хх-ийн 115, 116-р ху/, Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны лавлагаа,/1-р хх-ийн 78-79-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд, /1-р хх-ийн 95-125-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 25-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 26-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч С.******* нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Могойн гол” гэх газарт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 10.761.827 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны лавлагаа, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл,, хууль сануулан мэдүүлэг авсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Бат-Эрдэнийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байгаа ба шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч С.Бат-Эрдэнийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 10.761.827 төгрөгийн, нөхөн сэргээлтэнд 5.461.827 төгрөгний хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов. Шүүгдэгч С.******* нь хууль бусаар мод бэлтгэсний улмаас байгаль экологид 10.761.827 төгрөгийн бодит хохирол учруулснаас 8.000.000 төгрөгийг нь төлж барагдуулсан, үлдэх 2.761.827 төгрөгийг болон нөхөн сэргээлтийн 5.461.330 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурьдах нь зүйтэй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ноогдуулна” гэж хуульчилсан байна. Гэтэл дээрх хуульд заасны дагуу Байгаль орчны хяналтын улсын байцаагч усны нөөцөд мөн хөрсөнд, газрын хэвлийд учирсан хохирлыг ойн тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж нөхөн төлбөр ноогдуулсан акт гаргаагүй, энэ талаархи баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж хавтаст хэрэгт хавсаргаагүй байх тул шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлын асуудлыг шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч С.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон уг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлоос 8.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх 2.761.827 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч С.БатЭрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг *******-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгох нь зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.БатЭрдэнэд ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг 2/хоёр/ жилийн хугацаанд хориглох хязгаарлалт тогтоож, тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С.*******д мэдэгдэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн7.2-р зүйлийн 1.3,7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бат-Эрдэнийн хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai 4500 LC7” маркийн экскаватор, /20.000.000 төгрөгний үнэтэй/, Цэнхэр өнгийн ковш, /5.500.000 төгрөгний үнэтэй/ нь Б.Дуламсүрэнгийн эзэмшлийнх, “Hyundai ровеx 3000LC-7” маркийн экскаватор, /8.000.000 төгрөгний үнэтэй/, нь иргэн Хүрлээгийн эзэмшлийнх, алт угаах зориулалттай гар аргаар хийсэн скубер, /3.500.000 төгрөгний үнэтэй/, нь Ж.Оюунчимэгийн эзэмшлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа болон зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч С.*******эс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслүүдийн үнэ нийт 37.000.000 /гучин долоон сая/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алт /Au-74.4%/, төмөр /Fe—13.4%/, цайр /Zn-6.6%/ элементүүдтэй 10.8 грамм алтыг улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн шүүхийг шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлж, хэргийн газрын үзлэгээр хураан авсан “ROBEXR3900LC-7” маркийн экскаваторын 21NB-32204 дугаар бүхий нэг ширхэг комьпютерийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч *******ийн *******эс экологийн хохиролд 2.761.827 төгрөг болон нөхөн сэргээлтийн 5.461.330 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. 3.Шүүгдэгч С.******* нь дээрхи төлбөрийг 2019 оны 12-р сарын 25-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурьдсугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч С.БатЭрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг *******-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.БатЭрдэнэд ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг 2/хоёр/ жилийн хугацаанд хориглох хязгаарлалт тогтоосугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С.*******д мэдэгдсүгэй. 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч С.*******эс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникүүдийн үнэ 37.000.000 /гучин долоон сая/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай. 8.Эд мөрийн баримтаар хураагдсан алт /Au-74.4%/, төмөр /Fe—13.4%/, цайр /Zn-6.6%/ элементүүдтэй 10.8 грамм алтыг улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлсүгэй. 9.Мөн хэргийн газрын үзлэгээр хураан авсан “ROBEXR3900LC-7” маркийн экскаваторын 21NB-32204 дугаар бүхий нэг ширхэг комьпютерийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай. 10.Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай. 11.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй. 12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг улсын яллагч, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 16.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН