Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 03367

 

2017 оны 12 сарын 12 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/03367

 

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэгч Э.Э-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Э.Б-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.760.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хариуцагч Э.Б-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан, гэрч Г.Дөлгөөнбаяр, Б.Мөнхзул, нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

 

 

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Б-ын хүсэлтээр 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 6.000.000 төгрөгийг, 10 сарын хугацаатай, хүүгүй, сар бүрийн 22-ны өдөр 600.000 төгрөгийг төлөх нөхцөлтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор Зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан.

 

Зээлийн гэрээний хугацаа болж мөнгөө шаардахад ирэх сараас нийлүүлээд өгье гээд өгөхгүй намайг хохироож байгаа бөгөөд өөртэй нь уулзах гэхээр бүлэг танхайн хэргээр Улаанбаатар хотын Сонсголонд байрлах 461 дүгээр цагдан хорих ангид ял эдэлж байна.

 

Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу Э.Б-аас зээл болон зээлийн гэрээний дагуу төлөх алданги нийлээд, нийт 8.670.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү, гэжээ.

 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.Б 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Э.Э-той харилцан тохиролцож, 6.000.000 төгрөгийг, 10 сарын хугацаатай, хүүгүйгээр сар бүрийн 22-ны өдөр 600.000 төгрөг төлөх нөхцөлтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор Зээлийн гэрээ-г байгуулж нотариатаар баталгаажуулсан.

 

Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч үндсэн зээл болон зээлийн хүүгээ төлөөгүй бөгөөд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж мөнгөө төл гэж удаа дараа амаар болон утсаар шаардахад өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн.

 

Зээлийн гэрээнд зээлдэгч хугацаандаа зээлээ төлж чадаагүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж зааснаар Э.Б-аас үндсэн зээл 6.000.000 төгрөг, алданги 2.670.000 төгрөг, нийт 8.670.000 төгрөг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

 

 

Хариуцагч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э-оос 6.000.000 төгрөг зээлж аваагүй намайг цагдаагаар дарамтлуулж 6.000.000 төгрөг надад өгсөн гэж Зээлийн гэрээ хийсэн. Би зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй. 0.5 хувийн алданги тооцон, 8.670.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, гэжээ.

 

Хариуцагч Э.Б сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оноос хойш Э.Э-той хамтарч ажиллаж ирсэн. Хамтарч ажиллах хугацаанд бие биедээ ямар нэг өр зээлгүй байсан.

 

Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 196 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон 3 жил, 5 сарын хорих ялаар шийтгэгдсэн.

 

Тус эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд Э.Э 6.000.000 төгрөгийн өр үүсгэн намайг болон эхнэр Б.Мөнхзулаар дамжуулан хэрэв надтай зээлийн гэрээ байгуулахгүй бол цагдаад өгнө. Тэгэх юм бол чиний хэрэг дээр чинь нэмэгдээд залилангийн хэрэг үүсэж, авах ял чинь нэмэгдэнэ мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч н.Ууганбаяраар дамжуулан энэ мэт байдлаар дарамтлуулсаны улмаас дээрх гэрээг байгуулсан.

 

Э.Э бид хоёрын хооронд ямар нэг өглөг, авлага байхгүй, гэрээнд заасан 6.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар аваагүй. Энэ бүхнээс харахад 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү, гэжээ.

 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Э.Быг дарамтлан гэрээ байгуулсан зүйлгүй. Тухайн үед Э.Бд хэдийнээ мөнгө зээлүүлсэн байсан бөгөөд эдгээр зээлсэн мөнгөө нэхэмжлэхэд бидний хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй тул зээлсэн мөнгөө одоо өгөх боломжгүй, боломжтой болохоороо өгнө гэж ярьдаг байсан.

 

Иймд Э.Б-тай ярилцан, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нөхөн гэрээ байгуулсан. Сөрөг нэхэмжлэлдээ бидний хооронд өглөг авлага байхгүй гэсэн худал тайлбар бичсэн байна. Миний хувьд Э.Б-д байнга мөнгө зээлүүлж, буцаан авдаг байсан. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

 

 

Нэхэмжлэгч Э.Э, хариуцагч Э.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.760.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б-ын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч 8.760.000 төгрөгийг төлөхгүй, хамтарч зогсоол ажиллуулж байснаас 3.000.000 төгрөгийг өгсөн, одоо үлдсэн 1.400.000 төгрөгийг төлнө, гэрээний дагуу 6.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар аваагүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э.Э, хариуцагч Э.Б нар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 6.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хүүгүйгээр эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр, Зээлийн гэрээ байгуулсан нь зохигчдын хооронд хийгдсэн Зээлийн гэрээ, шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч шүүх хуралдаанд намайг тухайн үед хэрэгт холбогдоход Э.Э мөрдөн байцаагчтай нийлэн, айлган сүрдүүлж, хэрвээ энэ мөнгийг авсан гэж гэрээ хийхгүй бол ял чинь нэмэгдэнэ гэж дарамталсан учир байгуулсан, гэрээнд гарын үсгээ зураагүй гэх тайлбарыг гаргасан боловч энэ талаараа гомдол гаргаж, цагдаагийн байгууллагад хандаагүй мөн нотлох баримтаар нотлож чадаагүй учраас Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болох нь нотлогдож байна.

 

Хэдийгээр дээрх гэрээ хүчин төгөлдөр гэрээ боловч зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад талууд хамтран зогсоол ажиллуулж байсан нь тогтоогдон, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ мөн хуулийн 476.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж зааснаар амаар байгуулсан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хийгдсэн Зээлийн гэрээ байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 218 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчид 6.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн өгөөгүй өмнөх тооцооны үлдэгдэл мөнгөн дээр байгуулсан гэрээ гэж тайлбарласнаас үзэхэд, анхаасаа талуудын хүсэл зориг бодитоор гэрээний дагуу зээлээр мөнгө өгч аваагүй, нэхэмжлэгч авах мөнгөө баталгаажуулах зорилгоор гэрээг байгуулсан нь нотлогдож байна.

 

Иймд хуулиар баталгаажсан гэрээний эрх чөлөөт байдлын зарчмын дагуу иргэн бүр хамтран ажиллах гэрээ байгуулах боломжтой ба мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэснээр тус хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй тул түүнийг дагаж байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээ-нд нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхгүй учраас үндсэн зээл 6.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

 

Хариуцагч Э.Б 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Нэхэмжлэгч Э.Э, хариуцагч Э.Б нарын хооронд байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээ-н дээр хариуцагч миний гарын үсэг зураадаагүй, намайг дарамталж зуруулсан гэх тайлбарыг өгсөн хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж зааснаар нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй ба талууд тус гэрээг хүсэл зоригоо ирэлхийлэн байгуулсан нь тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 153.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 110.950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 110.950 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

 

115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага

 

болгон ТОГТООХ нь:

 

 

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Ж овогт Э Б 6.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.670.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хариуцагч Э.Б-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 153.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 110.950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 110.950 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

 

4.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15692 дугаартай шүүгчийн захирамж хэвээр болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА