Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/113

 

 

 

 

 

                                  2022/ШЦТ/48

 

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Бы Эд холбогдох 1812005740293 тоот эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ............... оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Бы Э/РД:АР......./

 

                              Холбогдсон хэргийн талаар:  

 

Шүүгдэгч Б.Э нь бусадтай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Монгол улсын засгийн газрын тогтоолоор “Монгол улсын Түүх-соёлын дурсгалт газар” гэж улсын хамгаалалтад орсон Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг дэвсгэрт Согоотын гол Гол мод-2 гэх газар байх МЭӨ-4 дүгээр зуунаас МЭ-3 дугаар зууны буюу 2300 жилийн өмнөх, эртний Хүннү улсын үеийн түүхэнд холыбогдох жирийн иргэдийн түүх соёлын үл хөдлөх дурсгалт газар болох булшийг эвдэж, устгасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 1812005740293 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Д.Эын өгсөн:  

“...2013 оны Засгийн газрын тогтоолоор Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт байрлах Гол мод гэх газрыг Хүннүгийн язгууртны булшнуудыг улсын хамгаалалттай түүх соёлын дурсгалт газар болгосон. Гэтэл 2018 оны 04 дүгээр сард намайг Улаанбаатар хотод байхад Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас над руу залгаж Гол модны орчим хүмүүс булш ухаад байна гэж хэлсэн. Тухайн мэдээллийн дагуу тус цагдаагийн газрын 102 дугаарын гар утсанд дуудлага өгч шалгуулах болсон. Би булш ухаад байна гэх мэдээллийн дагуу шалгаж үзэхэд Б овогтой Э гэх залуу хэсэг хүмүүсийн хамтаар Гол мод гэх газарт булш ухсан байсан. Энэ тухайн мэдээллийг би нутгийн хүмүүсээс авсан. Дээрх хүмүүс булш ухаад машин унаа хөлсөлсөн асуудал байдаг гэж нутгийн хүмүүс надад ярьсан. Миний  мэдэх ийм л зүйл байна.  Эртний хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан ваар сав, хүн малын яс, гоёл чимэглэлийн зүйлс байдаг. Ер нь  бол хоосон байна гэж байхгүй. Эд зүйлсгүй газрыг улсын хамгаалалттай түүх соёлын дурсгалт газар гэж авахгүй. Эртний хүмүүсийн хэрэглэж байсан эд зүйлс болохоор үнэлэгдэхэд хэцүү яг тогтсон үнэлгээ гэж байхгүй. Ер нь бол хосгүй үнэт зүйл гэж явдаг. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 189-190 дүгээр тал/

 

          *Гэрч С.Эын өгсөн:

          “...2018 оны 04 сарын 16-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газар Гол мод гэх газар руу эвэрт яваад бууж явтал 2 мотоцикльтой 3 хүн байхаар нь очиход Хүннүгийн үеийн булш ухаж байхаар нь за дүү нар хаанаас хаа хүрч явна гэж асуутал Азарга багаас явж байна гээд байсан. Би нэг их юм дуугараагүй айгаад уг булшаа 4-5 метр орчим ухчихсан байсан. та нар хэзээ ирсэн юм бэ гэхэд өчигдөр орой ирээд ийм болтол ухчихлаа гэсэн. Би шууд мордоод явчхаж болохгүй жаахан хараад зогсож байтал нэг залуу нь та аймагт таксинд явдаг ах байна ш дээ гээд таниад байсан, намайг та жаахан байж л байхгүй юу юм гарвал ёндоорно ш дээ гээд байсан. Намайг байхад хуучин ваарын хэлтэрхийнүүд гаргачихсан байсан. Тэр нь хумсны толионы дайтай жижигхэн байсан. Би тэр 3 залууд та нар үүнийг ухаж болохгүй урьд хүн ухаад эрүү үүсэж байсан гэж хэлсэн чинь булшаа ухаж байгаад 2 залуу нь мотоцикь руугаа явсанаа эргэж ирээд хүрзнийхээ 2 ишийг сугалж ухсан нүх рүүгээ шидчихээд явъя гээд байхаар нь би мориндоо мордоод Батболд гэдэг найзындаа очсон. 2 хоногийн дараа Э.Д гээд байгаль хамгаалагч ирэхээр нь хэлээд хамт очиж үзсэн. Дараа нь Б.Э гэдэг залуу руу яриад ухсан газраа булаарай гэсэн чинь намайг та ч гэсэн ёндооръё гээд байсан биздээ гээд гүтгээд байсан юм. Хануй багийн байгаль хамгаалагч Э.Д сайн мэдэж байгаа. Бусад нь бол сонссон. Би булш ухсан 3 залуугаас нэгийг нь сайн танина. Б.Э гэдэг залуу байгаа. Хүннүгийн үеийн чулуу тойруулчихсан булш байдаг газрыг ухчихсан байсан. Д.Э гэдэг хүн ирж хүмүүс ажиллуулж тусгай зөвшөөрөлтэй ухаж байгаа хүннүгийн үеийн гол мод 2 гэх газар байгаа юм. Уг газар нь хамгаалалтад байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 9 дүгээр тал/

 

           *Гэрч Э.Дын өгсөн:

           “...2018 оны 04 сарын 18-нд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багаар айлуудаар гоожин хурааж явтал С.Э гэдэг залуу Хануй багийн Согоот гэх газар хүннүгийн үеийн Гол мод-2 гэх газар булш ухсан байна гэж хэлсэн. Тэр даруйд нь С.Эыг дагуулаад хаана ухсан газрыг нь заалгуулаад газар дээр нь очиж зургийг нь дарсан. Намайг очиход Гол мод-2 гэх газар 1.5x1.5 хэмжээтэй гүн нь 2 метр орчим булш ухагдсан байсан.  Очоод зургийг нь дарчихаад буцаад харьсан. Тэр ухагдсан газар бол Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Гол мод-2 гэдэг Хүннүгийн үеийн олон жил болсон булшнууд байдаг. Түүнийг Улаанбаатар хотоос хүртэл хүмүүс ирж булш ухаж хамгаалалтанд байлгадаг газар юм. Тийм болохоор булш гэдэг нь тодорхой байсан. үүнийг тусгай зөвшөөрлийн дагуу ухдаг.  2018 оны 04 сарын 16-нд 2 мотоциклтой 3 залуу ухсаныг нь С.Э харсан байсан. С.Э яг ухаж байхад нь очсон юм байна лээ. Хэн гэдэг залуучууд ухсаныг бол мэдэхгүй. Д.Э гэдэг хүн тусгай зөвшөөрөлтэй Гол мод-2-г хариуцаж хайгуул хийж булш ухдаг. Одоо үйл ажиллагаа явуүлаагүй харуул манаачтай хүмүүс нь хараад байж байдаг. Ямар нэгэн эд зүйл гаргасан үгүйг мэдэхгүй. Пивоны савнууд гадуур нь байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр тал/

 

             *Гэрч С.Тын өгсөн:

     “...Би Д.Э гэдэг хүнийг танина. Улаанбаатар их сургуулийн археологийн багш хийдэг. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Гол мод-2 гэх газар тусгай зөвшөөрлийн дагуу 2012 оноос хойш булш хиригсүр хаадын балгасанд археологийн судалгаа хийдэг. Тухайн үед Гол мод-2 ухагдсан талаар мэдээгүй. 2018 оны 09 сарын үед мэдсэн. Гол мод-2 гэх ухагдсан газар нь Д.Эын тусгай зөвшөөрөлтэй хайгуул хийж байгаа булш мөн. Надад тусгай зөвшөөрөлтэй газрын координаттай зураг нь байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар тал/

 

      *Яллагдагч Б.Эийн өгсөн:

            “...Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 149-150 дугаар тал/

            

            * Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 26-30, 67-69 дүгээр тал/

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 153 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

   Гэм буруугийн талаар:

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Монгол улсын засгийн газрын тогтоолоор “Монгол улсын Түүх-соёлын дурсгалт газар” гэж улсын хамгаалалтад орсон Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг дэвсгэрт Согоотын гол, Гол мод-2 гэх газраас шүүгдэгч Б.Э нь бусадтай бүлэглэн МЭӨ-4 дүгээр зуунаас МЭ-3 дугаар зууны буюу 2300 жилийн өмнөх, эртний Хүннү улсын үеийн түүхэнд холбогдох жирийн иргэдийн түүх соёлын үл хөдлөх дурсгалт газар болох булшийг эвдэж, устгасан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эийг бусадтай бүлэглэн МЭӨ-4 дүгээр зуунаас МЭ-3 дугаар зууны буюу 2300 жилийн өмнөх, эртний Хүннү улсын үеийн түүхэнд холбогдох жирийн иргэдийн түүх соёлын үл хөдлөх дурсгалт газар болох булшийг эвдэж, устгасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

 Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.Э гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Д.Эын”...2013 оны Засгийн газрын тогтоолоор Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт байрлах Гол мод гэх газрыг Хүннүгийн язгууртны булшнуудыг улсын хамгаалалттай түүх соёлын дурсгалт газар болгосон. Гэтэл 2018 оны 04 дүгээр сард намайг Улаанбаатар хотод байхад Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас над руу залгаж Гол модны орчим хүмүүс булш ухаад байна гэж хэлсэн. Тухайн мэдээллийн дагуу тус цагдаагийн газрын 102 дугаарын гар утсанд дуудлага өгч шалгуулах болсон. Би булш ухаад байна гэх мэдээллийн дагуу шалгаж үзэхэд Б овогтой Э гэх залуу хэсэг хүмүүсийн хамтаар Гол мод гэх газарт булш ухсан байсан. Энэ тухайн мэдээллийг би нутгийн хүмүүсээс авсан. Дээрх хүмүүс булш ухаад машин унаа хөлсөлсөн асуудал байдаг гэж нутгийн хүмүүс надад ярьсан. Миний  мэдэх ийм л зүйл байна.  Эртний хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан ваар сав, хүн малын яс, гоёл чимэглэлийн зүйлс байдаг...” гэх мэдүүлэг, гэрч С.Эын”...2018 оны 04 сарын 16-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газар Гол мод гэх газар руу эвэрт яваад бууж явтал 2 мотоцикльтой 3 хүн байхаар нь очиход Хүннүгийн үеийн булш ухаж байхаар нь за дүү нар хаанаас хаа хүрч явна гэж асуутал Азарга багаас явж байна гээд байсан. Би нэг их юм дуугараагүй айгаад уг булшаа 4-5 метр орчим ухчихсан байсан. Та нар хэзээ ирсэн юм бэ гэхэд өчигдөр орой ирээд ийм болтол ухчихлаа гэсэн. Би шууд мордоод явчхаж болохгүй жаахан хараад зогсож байтал нэг залуу нь та аймагт таксинд явдаг ах байна ш дээ гээд таниад байсан, намайг та жаахан байж л байхгүй юу юм гарвал ёндоорно ш дээ гээд байсан. Намайг байхад хуучин ваарын хэлтэрхийнүүд гаргачихсан байсан. Тэр нь хумсны толионы дайтай жижигхэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Дын”...2018 оны 04 сарын 18-нд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багаар айлуудаар гоожин хурааж явтал С.Э гэдэг залуу Хануй багийн Согоот гэх газар хүннүгийн үеийн Гол мод-2 гэх газар булш ухсан байна гэж хэлсэн. Тэр даруйд нь С.Эыг дагуулаад хаана ухсан газрыг нь заалгуулаад газар дээр нь очиж зургийг нь дарсан. Намайг очиход Гол мод-2 гэх газар 1.5x1.5 хэмжээтэй гүн нь 2 метр орчим булш ухагдсан байсан.  Очоод зургийг нь дарчихаад буцаад харьсан. Тэр ухагдсан газар бол Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Гол мод-2 гэдэг Хүннүгийн үеийн олон жил болсон булшнууд байдаг...” гэх мэдүүлэг, гэрч С.Тын”...Би Д.Э гэдэг хүнийг танина. Улаанбаатар их сургуулийн археологийн багш хийдэг. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Гол мод-2 гэх газар тусгай зөвшөөрлийн дагуу 2012 оноос хойш булш хиригсүр хаадын балгасанд археологийн судалгаа хийдэг. Тухайн үед Гол мод-2 ухагдсан талаар мэдээгүй. 2018 оны 09 сарын үед мэдсэн. Гол мод-2 гэх ухагдсан газар нь Д.Эын тусгай зөвшөөрөлтэй хайгуул хийж байгаа булш мөн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Эийн бусадтай бүлэглэн, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Монгол улсын засгийн газрын тогтоолоор “Монгол улсын Түүх-соёлын дурсгалт газар” гэж улсын хамгаалалтад орсон Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг дэвсгэрт Согоотын гол, Гол мод-2 гэх газраас МЭӨ-4 дүгээр зуунаас МЭ-3 дугаар зууны буюу 2300 жилийн өмнөх, эртний Хүннү улсын үеийн түүхэнд холбогдох жирийн иргэдийн түүх соёлын үл хөдлөх дурсгалт газар болох булшийг эвдэж, устгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.Эийг бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан улс, орон нутгийн хамгаалалтад авсан түүх соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, устгасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Хохирол хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Д.Э нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ тогтоосон зүйл байхгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч Б.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Б.Э нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал шүүгдэгч Б.Эийн хувьд  тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурортой Эрүүгийн хуулийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял тохиролцосон байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч М овогт Бы Эийг бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан улс, орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдэж, устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 5.500/таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000/таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан 5.500/таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000/таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2/хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч  нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР